"Эрхэт Тэгри Шагай" баг чухал тоглолтод хожил байгууллаа

МСБХ-ны М Хөгжлийн Лигийн эмэгтэй шигшээ цувралд улиралд хүснэгтийг тэргүүлсэн "Эрхэт Тэгри Шагай" болон хүснэгтийн хоёр дугаар байраар шалгарсан "Старс" багуудын хооронд явагдаж байгаа билээ.
"Эрхэт Тэгри Шагай" баг плей-оффын эхний шатанд "Ондилт Шутис Шаркс" багтай хүнд тоглолтууд хийж 3-2 харьцаатай буулган авсан бол "Старс" баг мөн адил эхний шатанд "Хөвсгөл Капитан" багтай таван тоглолтыг хийж 3-2 харьцаатай хожил байгуулснаар шигшээ цувралд шалгарсан юм.
Шигшээ цувралын эхний тоглолтод "Старс" баг багаараа маш жигд тоглолтыг үзүүлж, багийн тоглогч А.Хонгорзул багтаа онооны тэргүүллийг авчирсан чухал холын зайн шидэлтийг амжилттай болгосноор эцсийн мөчид 68-63 харьцаатай Старс баг ялалт байгуулсан юм. Тус тоглолтод "Старс" багаас М.Анужин 21 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол багийн хамтрагч А.Хонгорзул 17 оноо 10 самбар авч Дабл Дабл гүйцэтгэж том тус хүргэсэн. Цувралын хоёр дахь тоглолтод "Старс" баг тоглолтын эхнээс онооны илүүтэй багаараа сайн тоглолтыг үзүүлж онооны зөрүүг ойртуулахгүй явсаар 71-51 харьцаатай хожил байгуулж цувралыг 2-0 болгон тэргүүлж эхэлсэн юм. Энэхүү тоглолтод "Старс" багаас Н.Намуундарь 26 оноо 4 самбар бүх тоглогчдыг оноогоор тэргүүлсэн ба багийн хамтрагч болох М.Анужин 20 оноо 11 самбартай Дабл Дабл гүйцэтгэсэн билээ.
Харин цувралын гурав дахь тоглолт "Эрхэт Тэгри Шагай" багийн хувьд хожигдох эрхгүй тоглолт байсан. Тиймдээ ч тоглолтыг маш сайн эхлүүлж эхний хагас 10 оноо илүү дуусгаж чадсан. Тоглолтын гуравдугаар үеэс эхлэн "Старс" багийн тоглолт сэргэж онооны зөрүүг ойртуулан дөрөвдүгээр үе тэнцүү эхэлж маш ширүүн өрсөлдөөний эцэст "Эрхэт Тэгри Шагай" баг сайн хамгаалалт гүйцэтгэсний үр дүнд цувралын харьцааг 2-1 болгон ойртуулж чадсан юм.
Тус тоглолтод "Эрхэт Тэгри Шагай" багаас багийн ахлагч Д.Үүрийнтуяа 21 оноо авч багаа тэргүүлэн хожилд хөтөлсөн. М Хөгжлийн лигийн эмэгтэй шигшээ цувралын тоглолтууд нэгдүгээр сарын 27-ноос Спортын Төв Ордонд үргэлжлэн явагдана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.