Монголын 12 тамирчин олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцоно

“Парис-2024” зуны олимпын наадамд буудлагын төрлийн эрх олгох Дэлхийн цомын тэмцээн маргааш Бразилын Рио де Жанейро хотод эхэлнэ.
Тус тэмцээн 10 өдөр үргэлжлэх бөгөөд манай улсаас дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нараар ахлуулсан 12 тамирчин цэц сорих юм.
Гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, олон улсын хэмжээний мастер Ц.Анударь, Т.Баярцэцэг, Т.Баярмаа, Э.Бадамгарав, Ш.Буянзаяа, урт бууны дасгалд Б.Эрхэмбаяр, Э.Сайнхүү, Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Ч.Нарантуяа, О.Мөнхзул нар өрсөлдөнө. Монголын буудлага спортын баг тамирчид олимпын наадмаас нийт хоёр медаль хүртэхдээ 16 жилийн зайтай авсан бөгөөд “Барселона-1992”-оос Д.Мөнхбаяр хүрэл, “Бээжин-2008”-аас О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртжээ.
Тэгвэл Бээжингийн олимпын наадмаас хойших 16 жилийн дараа болж буй олимпын наадамд Монгол Улсаас одоогоор О.Есүгэн, Э.Даваахүү, Н.Баяраа нар оролцох эрхээ аваад байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.