ЭДИЙН ЗАСАГ

Сангийн яам: НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг ирэх долоо хоногт олгоно

2018 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ буцаан олголтыг Сар шинийн баяраас өмнө олгох уу гэх хүлээлт иргэдэд бий. Энэ талаар Сангийн яамнаас тодруулахад “НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтын мөнгийг ирэх долоо хоногийн эхээр иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ” гэж мэдэгдлээ.

Тодруулбал, Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч н.Дуламсүрэн энэ талаар “Татварын Ерөнхий газраас энэ долоо хоногтоо багтан НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн мэдээллийг нягталж, шалгаад бүх тооцооллоо цэгцэлж Сангийн яаманд ирүүлнэ. Үүний дараа буюу ирэх долоо хоногийн эхнээс НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлэхээр ажиллаж байна” гэлээ.

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг банкуудын ачааллаас хамааран хоёроос гурав хоногт багтаан иргэдийн данс руу шилжүүлж дуусдаг билээ.

Энэ жил нийт 808000 /найман зуун найман мянга/ иргэнд 121 орчим тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгох юм. Энэ нь өнгөрсөн оноос 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм.

Ц.УНДАРМАА: ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЭНЭ САРЫН 25-НЫ ДОТОР
САНГИЙН ЯАМ РУУ ХҮРГҮҮЛНЭ

НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн мэдээлэл болон бусад холбогдох судалгааг энэ долоо хоногтоо багтаан судалж, нягталж дуусах эсэхийг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын Татварын улсын байцаагч Ц.Ундармаагаас тодрууллаа.

-Татварын ерөнхий газраас НӨАТын буцаан олголт авах иргэдийн мэдээллийг нягталж Сангийн яам руу хүргүүлэх ёстой. Үүний дараа иргэдийн дансанд мөнгө нь ордог. Та бүхэн иргэдийн мэдээллийг нягтлах болон бусад холбогдох судалгааг хийх ажлаа хэзээ дуусгахаар ажиллаж байна вэ?

-НӨАТын баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа өнгөрснөөс хойш Татварын ерөнхий газар мэдээлэл, судалгаагаа нэгтгээд нэгдүгээр сарын 25-ны дотор Сангийн яаманд хүргүүлдэг. Сангийн яам санхүүжилтээ шийдээд Монгол банкинд шилжүүлснээр НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлнэ.

-Энэ сарын 25ны дотор буюу баасан гаригт Сангийн яаманд холбогдох мэдээллийг хүргүүлэхээр ажиллаж байна гэж ойлголоо?

-Тийм. Энэ сарын 25ны дотор мэдээллээ Сангийн яаманд хүргүүлэхээр ажиллаж байна.

-Зарим иргэний дансанд НӨАТын буцаан олголтын мөнгө нь ордоггүй.

Хувь иргэний мэдээлэл нь дансны мэдээлэлтэй зөрснөөс үүдэн мөнгө нь орохгүй байх тохиолдолд бий. Бүртгэлийн мэдээлэл нь алдаатай иргэдийн дансанд мөнгө нь оролгүй буцаагддаг. Ялангуяа тухайн иргэний нэр, данс зөрсөн шалтгаанаар Монгол банкнаас буцаагддаг тохиолдолд их бий. Тиймээс бүртгэлийн мэдээллээ шалгаж үзэхийг иргэдэд анхааруулж байна. Мөн нэг иргэн хоёр ч хаягийн бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл регистрийн дугаараараа хоёроос дээш бүртгэл үүсчихээд байгаа бол засварлах шаардлагатай.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button