Чанаргүй зээл зургаан тэрбум төгрөгт хүрчээ

Санхүүгийн зохицуулах хорооноос улирал тутам хийдэг үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны зах зээлийн 2018 оны жилийн эцсийн үзүүлэлтийн мэдээллийг сэтгүүлчдэд танилцууллаа.
2018 оны жилийн эцсийн байдлаар даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж зээлийн хоршооны салбарын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 33.5 хувиар өсч, 1.8 их наяд төгрөгт хүрсэн үзүүлэлт гарсан тухай албаныхан онцоллоо.
Харин үнэт цаасны зах зээлийн хэмжээг илэрхийлэгч гол үзүүлэлт болох зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар буюу 2.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна.
Өнгөрөгч 2018 оны жилийн эцсийн байдлаар Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаасны арилжаа эрхлэх хоёр, төлбөр тооцооны нэг, төвлөрсөн хадгаламжийн нэг байгууллага, хөрөнгө оруулалтын менежментийн 17 компани, 12 хувийн хөрөнгө оруулалтын сан, гурван кастодиан банк, 54 үнэт цаасны компани үйл ажиллагаа явуулж байна.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар “Монголын хөрөнгийн бирж” компани болон “Монголын үнэт цаасны бирж” компаниар дамжуулан нийт 245.4 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь түүхэн дэх хамгийн өндөр дүн бүхий арилжаа болсон гэдгийг мэргэжидтнүүд хэлж байв.
Нийт арилжааг задлавал, Монголын хөрөнгийн биржийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 31.4 тэрбум төгрөгийн хувьцаа, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 178.6 тэрбум төгрөгийн хувьцаа, 33.5 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас, 631.6 сая төгрөгийн компанийн бонд, Монголын үнэт цаасны биржийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт нэг тэрбум төгрөгийн компанийн бонд, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 292.1 сая төгрөгийн хувьцааг тус тус арилжаалжээ.
Даатгалын зах зээлийн гол үзүүлэлтүүдийн нэг болох нийт хөрөнгийн хэмжээ 2018 онд өмнөх оноосоо 39.4 хувиар өсч, 341.3 тэрбум төгрөгт хүрчээ. Тус салбарт давхар даатгалын нэг компани нэмэгдсэнтэй холбоотойгоор даатгалын салбарын хөрөнгийн бүтцэд өөрчлөлт гарсан байна. Салбарын нийт хөрөнгийн 76.9 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 2.6 хувийг урт хугацааны даатгалын компанийн хөрөнгө эзэлж байна. Харин нийт хураамжийн орлого өмнөх оноос 24.3 хувиар өсч, 179.4 тэрбум төгрөг болжээ.
Даатгалын компаниуд өөрийн хүлээж авсан эрсдэлээ шилжүүлэх зорилгоор өөр нэгэн даатгалын компаниас давхар даатгалын үйлчилгээ авдаг. Манай орны хувьд дийлэнх даатгалын компаниуд гаднын давхар даатгалын компанид эрсдлээ даатгадаг. Өнгөрсөн онд л гэхэд жилд нийт 56 тэрбум төгрөгийн давхар даатгалын хураамжийг шилжүүлээд байна. Энэ үзүүлэлт нь өмнөх оноосоо 20.2 хувиар өссөн үзүүлэлт гэнэ.
Санхүүгийн зах зээлд 2018 оны эцсийн байдлаар нийт 539 банк бус, санхүүгийн байгууллага үйл ажиллагааявуулжээ. Эдгээр байгууллагын дийлэнх нь буюу 91.1. хувь нь зээлийн үйл ажиллагааг дагнан болон хавсран эрхэлж байгаа бол 8.9 хувь нь зөвхөн гадаад валют арилжааны үйлчилгээг дагнан эрхэлж байна.
Мөн өнгөрсөн оны эцсийн байдлаар банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оноос 36.1 хувиар өсч, 868.5 тэрбум төгрөгт хүрснийг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Нийт зээлийн үлдэгдлийн 96.5 хувийг төгрөгийн, 3.5 хувийг валютын зээл эзэлж байгаа бол 9.6 хувийг чанаргүй зээл эзэлж байгаа ажээ. Чанаргүй зээлийн хэмжээ нь өмнөх онд 12.7 байсан бол 2018 онд 3.1 нэгжээр буурсан байна. Түүнчлэн зээлдэгчийн тоо өмнөх оноос 2.1 дахин нэмэгдэж, 233.8 мянгад, харин харилцагчдын тоо 1.6 саяд хүрсэн. Энэ өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтэрсэнтэй холбоотой” гэв.
Хадгаламж зээлийн хоршооны салбарын нийт цэвэр ашиг 2018 онд 5.4 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн онтой харьцуулахад 0.1 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Нийт орлого нь 41.2 тэрбум төгрөг буюу өнгөрсөн оны мөн үеэс 9.4 хувиар өссөн гэнэ. Харин зарлага нь 35.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн улирлаас 9.5 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Салбарын хувьд 3.6 тэрбум төгрөгийн зээлийн эрсдэлийн сан байгуулж, нийт 130.2 тэрбум төгрөгийн цэвэр зээлтэй байна. Нийт зээл өнгөрсөн оны мөн үеэс 27.1 хувиар өсч, 133.7 тэрбум төгрөгт хүрчээ. Харин чанаргүй зээлийн эзлэх хувь нь 4.5 хувь буюу зургаан тэрбум төгрөг хүрчээ.
Г.ҮҮЛТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Viagra Purchase In Nz Acheter Priligy Uk viagra Viagra Non Generique Priligy For Sale Uk Will Cephalexin Treat A Sinus Infection