Сурвалжилга: Сурагчдын бие даалтын долоо хоногоор музейн ачаалал нэмэгдэж, хөл хөдөлгөөн ихтэй байна

Өнгөрсөн даваа гарагаас /2024.10.28/ эхлэн ЕБС-ийн сурагчдын бие даалтын хоног эхэлсэн. Өнөөдөр гурав дахь өдөр нь. Сурагчид эдгээр өдрүүдэд багш нарынхаа өгсөн гэрийн даалгавруудыг хийж байгаа бөгөөд музейнүүд хөл хөдөлгөөн ихтэй байгаа аж.
Иймд Eguur News агентлаг энэ удаад бие даалтын долоо хоногоороо музей үзэхээр зорьж очсон хүүхдүүдийг сурвалжлахаар Чингис хаан Үндэсний музейг зорилоо.
Өдрийн 13.30 цаг /Чингис хаан музей Үндэсний музей/
Музейн урд талын явган хүний гарц дээр бага, дунд, ахлах ангийн сурагчид аав, ээж, багш нартайгаа зогсож байгаа харагдана. Музейн хаалгыг нээвэл танхим дүүрэн уламжлалт хувцсаар гоёсон багачууд бужигналдаж байх нь тэр. Сурагчид видео тоглоом, гар утсыг л чухалчлах болсон энэ үед нээлттэй бие даалтын өдрийн тохиолдуулан үндэсний өв соёлоо мэдэхээр ирсэн сониучхан багачууд музей тайлбарлагчийн үгийг анхааралтай бас дуулгавартай нь аргагүй сонсож байлаа.
Музей үзсэн сурагчид сэтгэгдлээ хуваалцлаа.
-Бие даалтын долоо хоногоор сурагчдаа олон төрлийн хэрэгтэй даалгавар өгч байгаа нь их гоё-
82 дугаар сургуулийн 6г ангийн сурагч Баянтөгөлдөр
Миний хувьд бие даалтын долоо хоног эхэлснээс хойш түүх, нийгэм судлал, эрүүл мэнд, монгол хэлийн хичээлийн бие даалтуудаа хийгээд явж байна. Үлдсэнийг нь өнгөрсөн өдрүүдэд хийж дуусгана даа. Энэ удаагийн бие даалтын долоо хоног өнгөрсөн жилүүдээс маш шинэлэг, бас их сайхан болж өнгөрч байна. Яагаад гэвэл өмнө нь орж амжаагүй байсан музейгээ үзэж, гэр бүлдээ тусалж, илүү ярилцах цагтай болсон гэж бодож байна.
84 дүгээр сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Галсанжамц, 2 дугаар ангийн сурагч Оюунбилэг
Бид хоёр эдгээр өдрүүдэд англи хэлний хичээлээ хийж, гэр бүлдээ тусалж байгаа. Манай багш нар гэр бүлдээ туслаад, музей үзээрэй гэж хэлсэн юм. Музейн үзвэрүүд их гоё санагдаж байна. Бидний өвөө эмээгийн үеэс ч дээр үед байсан эд хогшил, зэвсгүүд хадгалагдан үлдсэн нь үнэхээр сонирхолтой санагдлаа. Манай үеийн хүүхдүүд өнөөдөр маш ихээр ирсэн байна. Бүгд л их сонирхож үзэж байгаа харагдлаа. Дараа дахин ирж тухтай үзье гэсэн бодолтой байна. Музей үзээгүй хүүхэд байвал ирж үзэхийг уриалж байна.
Бие даалтын долоо хоногийн маргааш нь л гэхэд эл музейг 1200 гаруй хүн үзсэн байдаг. Зарим өдрүүдэд 2 мянга гаруй хүн үзсэн ч тохиолдол бий. Харин өнөөдрийн байдлаар тус музейгээр өдөрт дунджаар 1000-1200 орчим хүн үйлчлүүлж байгаа аж. Энэ талаар музейн тайлбарлагчаас тодруулга мэдээлэл авлаа.
-Өчигдрийн байдлаар 1425 хүүхэд анги хамт олноороо үйлчлүүлсэн-
Чингис хаан Үндэсний музейн тайлбарлагч: Ерөнхий боловсролын сургуулиудын "Бие даалтын 7 хоног" эхэлсэнтэй холбогдуулан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн сургуулиудын сурагчид түүх-нийгмийн багштайгаа ирж хичээлээ бататган үзэж, Чингис хаан үндэсний музейгээр үйлчлүүлж байгаа нь сайшаалтай.
Гэсэн хэдий ч нэг дор олон хүүхэд цугларч байгаа нь хүүхдийн анхаарлыг сарниулахаас гадна музейд хэт их ачаалал үүсгэж байна.Зөвхөн өчигдрийн /2024.10.29/ байдлаар 1425 хүүхэд анги хамт олноорооо ирж үйлчлүүлсэн байна.
Иймд "Музейн тухай хуулийн 9.1. Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлнэ" гэж заасан байдаг тул, хэдийд ч Чингис хаан үндэсний музейгээр үйлчлүүлэх боломжтой гэдгийг дашрамд хэлмээр байна.




Сурагчдад хичээлийн жилийн бие даалтын долоо хоногт суралцагчдад бие даан суралцах, хувь хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн үйл ажиллагаа, соёл урлаг спортын чөлөөт арга хэмжээ болон төсөлт ажлыг танхимын ба танхимын бус хосолсон хэлбэрээр багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн хамтын ажиллагаанд тулгуурлан гаргасан билээ.
Бие даалтын долоо хоногт ямар чадварт суралцах вэ:
- Нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах
- Зөөлөн ур чадвар
Ямар чиглэлийн үйл ажиллагаа төлөвлөх вэ:
- Төсөлт ажил Соёл,урлаг, спортын арга хэмжээ
- Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох
Ямар хэлбэрээр зохион байгуулах вэ:
- Танхим Номын сан
- Музей Үйлдвэрийн газар
- Малчны хотонд
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Т�##� нь Эрээнээр зуга�##�ж толгойгоо амрааж байна.