Сурвалжилга: Улирлын амралтаараа Б.Төгөлдөрчимэг, Б.Ганболд илгээлтийн эзэд болон гэртээ иржээ
Өндөр барилгууд хойно хоцорч, өргөн тал өмнөөс тосохтой зэрэгцэн гүнзгий гэгч амьсгалмаар тэнүүн мэдрэмж цээж түрэн догдлуулна. Алсад хүрэн уулс зэрэглээтэж, энүүхэнд Туул гол зайртан цавцайх агаад бүүдгэр тэнгэрийг зүсэн үе үе шувууд нисэн өнгөрөх нь үзэмжтэй. Тэртээх уулын энгэрт адуун сүрэг налайж, зам дагуух толгодын энгэр ээвэр газраар хонь, ямаан сүрэг тааваар бэлчинэ. Голын хөндий дагуу үхэр голцуу мал идээшилж, үе үе босох шороон шуургыг үл ажран нүдээ анин хивэх нь урин цаг хэдийн айлчлан ирснийг тодотгоно. Одоо нэг л бороо шиврэхэд дүнхийсэн хүрэн уулсад ногоон туяа татаж, хөндий талд нэлэнхийдээ хөх ногооны униар суунаглахад бэлэн болжээ. Манай сурвалжлах баг Төв аймгийн Алтанбулаг сумыг зорьж яваа нь энэ. Нялх төлийн дуу хамгийг уяраан цангинадаг хаврын улиралд хичээл сургууль нь амарч, ижий аавдаа ирэн хань дэм болж буй "хэнз малчид"-ын тухай сурвалжлан хүргэх юм.
Бид уулын бэл, хөндий хоолойгоорх хайрга чулуутай, энхэл донхол замаар явсаар намсхийсэн хийсэн зөөлөн, элсэрхэг хөрстэй газартай золгов. Гүвээ давмагц уртаа гэгч элсэн толгодын зүүн үзүүрт гурван гэр үзэгдэнэ. Элсэн нам хэмээх өвөрмөц тогтоц бүхий энэ газар Б.Батчулууных хаваржиж буй. Давхраатан дүнхийх мөлгөр хүрэн уулс дунд говь нутгийг санагдуулам бут, сөөг бүхий элсэн манхан байх нь тун ч содон. Ийм нэгэн байгалийн үзэсгэлэн дунд, малчны хотонд Б.Ганболд, Б.Төгөлдөрчимэг гэх хэрсүү ах дүүс өсөн торниж байна. Тэд сумын төвд садныдаа суудаг бөгөөд улирлын амралт эхэлж, сургууль нь амарснаар гэртээ ирээд буй.
Тоонд дуртай, ишгэнд хайртай Б.Төгөлдөрчимэг
Б.Төгөлдөрчимэг багахан ичингүйрч ээжийгээ хормойдовч бидэнд хийж буй ажлаа танилцуулан “Хашаан дотор барьсан гэрийг онгойлгон бусдаасаа биеэр хавьгүй жижиг хэдэн ишиг тэвэрч ирээд “Энэ манай борлонгийн ишигнүүд. Жижигхэн болохоор дулаан гэрт хийдэг юм” гэв. Борлон гэдэг нь юу билээ хэмээн лавлавал “Хоёр настай ямаа” гэж хэлээд ээж рүүгээ зөв биз дээ гэсэн шиг харна. Сэрүүхэн өдөр таарсан тул ээж нь охиноо гэртээ орж хичээлээ хий гэснээр бид дотогш оров. Энэ хооронд Б.Ганболд даагаа унаад хойд гүвээ давж яваа харагдлаа.

Охин ердөө есөн настай хэдий ч гэрийн ажилд чамбай гэдэг нь орж ирсэн хүнд хэнээр ч хэлүүлэлтгүй цай аягалж, идээ амсуулж буйгаас илт. Харин ээж, ах нараа харааддуу нь намсаад, нүд нь тормолзоод ирдэг нь эрхийн шинж гэлтэй. Б.Төгөлдөрчимэг ширээгээ арччихаад монгол хэлний хичээлийн даалгавраа хийхээр суув. Учир нь, тэр математикийн даалгавраа бараг хийгээд дуусаж байгаа аж. Тоо яримагц нүд нь сэргэж ирээд л “Би тооны хичээлдээ илүү дуртай. Тоо бодох гоё. Би математикийн давтлагад явдаг. Дөрөв дэх өдөр бүр IQ -ний хүүхдүүд ирдэг. Би бас үеэл дүү нараа хардаг. Чингүүн одоо 11 сартай. Том болохоороо эмч болж, хүмүүст тусална” гээд л тасралтгүй хууч хөөрөв.

Б.Төгөлдөрчимэг таван хошуу малын төлөөс ишгэнд илүү дуртай бөгөөд өөрийнх хоёр ямаа хоёул ишиглэсэн тухай ярих нь өхөөрдөм. Тэр өглөө босоод аяга таваг угааж, гэрээ цэвэрлэж ээждээ тусалдаг байна. Галдаа аргал, түлээ нэмж, гэрээ дулаан байлгана. Данхтай цайгаа ойр ойр халааж, гадуур ажиллаж байгаа ах нартаа ундыг бэлдэнэ. Ерөөс гуравдугаар ангийн энэ жаахан гэрийнхнийхээ арын албыг маш сайн даагч ажээ.
Б.Ганболд: Даагаа унаад хонинд явах хамгийн гоё
Б.Ганболдын ажил огт дундрахгүй, өөрөө ч тогтож сууна гэж үгүй. Нэг мэдэхэд ямаагаа услаад ирлээ гэсээр гэрт орж ирэн халуун цай оочилно. Төд удалгүй бага адуунууддаа тэжээл зуурч өгнө гээд гараад явчихна. Эргээд харах зуурт л даагаа унаад давхичих маягтай. Тэр дундуур тэрсхэн ах дүү болсон хойно дүүгээ өдөж, шоглохоо ч орхихгүй юм. Түүнийг хургатай хонио ялгахаар бэлчээрт ирээд байхад нь тогтож таван үг хөөрөлдсөн юм.

Эзэн даага хоёр наадмын өглөө барианаас гарах гэж буй морьд мэт дүүхэлзэх нь хачин гэгээн. Унаж яваа хүрэн даага нь түүний дотнын найз. Даагатайгаа бол хаа ч хүрч чадмаар холын зорилго цээжинд нь багтаж яддаг болов уу гэмээр мордоод, гуядаад давхичихна даа. Тэрбээр “Энэ даага Д.Бүтэмж ахын хонго цагааны гүүний төл. Би өөрөө сургасан юм. Хааяа их мордож буугаад байвал хазаж тангардаг ааштай. Морь унаад хонинд явах дуртай. Хонинд явж байхад хонь, ямаа хургалж, ишиглэх гоё. Шинэ төлөө хурганы уутанд хийгээд дүүрээд явдаг. Олон хурга, ишиг гарвал машинаар ирж авдаг” хэмээн хуучлав.
“Би дөрвөн настайдаа морь унаж сурсан. Одоо III багийн дарга Олиго гуайн хурдан морийг унаж байгаа. Энэ жил 90 жилтэй, морио айрагдуулах зорилготой. Цаашдаа сайн уяач болохыг хүсдэг” гэж ярихдаа бэлчээр дэх хонио үе үе ажиглаж, уулсын орой тийш харах нь хэвлүүхэн гэж жигтэйхэн. Б.Ганболд тавдугаар ангид сурдаг, 11 настай. Гэхдээ мал ахуйн ажилд хэнээс ч дутахгүй эрмэг, гэрээсээ хол сургуульд сурахдаа дүүдээ түшиг болдог том ах нь юм. Ээж нь ч түүнийг малд нүдтэй, ажилд хөнгөн хэмээн магтах юм билээ.

Ээж Ч.Мөнхтуяа: Хүүхдүүд ирэхээр хүн бүлтэй, гэр дулаахан болчихдог
Ерөөс хаврын урт өдрүүдэд малчны хотонд шинэ төлийн цангинаа, сурагч хүүхдүүдийн инээд өнгө гэрэл нэмдэг ажээ. Хүн бүлээр цөөн өвөлждөг малчдад сургууль амарч, хүүхдүүд ирэх нь илгээлтийн эзэд ирсэн мэт тус дэм болдог талаар Б.Ганболд, Б.Төгөлдөрчимэг нарын ээж Ч.Мөнхтуяа хуучилсан юм.

Тэрбээр “Манайх таван хүүхэдтэй, хоёр багыгаа эрдэм номтой, сургууль соёлтой болгох гээд зүтгэж байна. Юм юмандаа арай ойр гээд Өвөрхангай аймгийн Баянголоос шилжиж ирсэн. Манай хүн сумын төвд галч хийдэг, өнөөдөр ээлжтэй таарлаа. Туслах малчин хийдэг, өөрсдийн цөөвтөр малтай. Гэр бүлийн хоёр нэг нь, хөдөө нэг төвд байхаар зутраад байдаг талтай. Ялангуяа, хавар мал төллөлт, ямаа самнах гээд ажил дуусахгүй. Хүүхдүүд ирчихээр хүн бүлтэй, гаднаас орж ирж ирэхэд гэр дулаахан байдаг юм” гэв. Хүүхдүүдийн том нь эхнээсээ тусдаа гарсан, зарим нь морь уядаг, нөхөр нь ээлжийн ажилтай тул тэрсхэн хоёр үр нь нас бага гэлтгүй ээждээ, ахдаа нэмэр болдог ажээ.
Үдийн хойно Б.Ганболд ажлаа хариуцсан дуусгачхаад найзуудтайгаа уулзахаар саахалт айл руугаа даагаа унаад давхичхав. Б.Төгөлдөрчимэг харин ээж, том ахтайгаа хамт машинаар явав. Саахалт нь Б.Ганболдын ярианд гарсан Д.Бүтэмжийн гуайн хот айл бөгөөд Б.Төгөлдөрчимэгийн хайртай үеэлүүд нь тэнд бий. Томчууд нь ямаа самналцах, багачууд нь үеийнхэнтэй уулзаж хөгжилдөхөөр ийн хөдөлцгөөлөө.
Ерөөс энэ багачуудад өнөөгийн эцэг эхчүүдийн толгойны өвчин болсон дэлгэцийн хэрэглээ алга. Ийм нэгэн ажилсаг хэрсүү хүүхдүүд саахалт айлдаа тус дэмтэй, нүүдэл тосож цайлдаг заншлыг залгамжлан сайхан монгол ахуйд ухаан саруул, бие чийрэг өсөн торниж байна.






















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм хүүхдүүдийг харахаар монгол ахуй үнэхээр сайхан санагддаг
ene huuhduud uneheer ajilsag yum aa hotiin huuhduudtei haritsuulbal asar yalgaatai sanagdlaa
Жаахан хэрнээ гэрийн ажилд ингэж сайн оролцож байгаа нь үнэхээр бахархмаар
huuhduud iim orchind ossonoor amidrald iluu beltgeltei bolдог baih daa
Хөдөөний амьдрал хэцүү ч гэсэн хүүхдүүдийг их хүмүүжүүлдэг юм байна
ene ohin mash huurhun yrij bn emch bolno gdg ni bas goy zorilgo
Ийм багаасаа хөдөлмөрлөж өссөн хүүхэд ирээдүйд ямар ч бэрхшээлийг давна даа
hotiin huuhduud iim amidral uzeesei gej bodogdoh yum
Морь унаад хонинд явна гэдэг жинхэнэ монгол хүүхдийн дүр зураг байна
huuhduud ni eejdee tusalj bgaa ni uneheer setgel hudulgum
Ийм амьдралд өссөн хүүхдүүд сэтгэл сайтай, тэвчээртэй болдог байх
ene bichlegiig unshaad l setgel neg l duulaj bn
Малчны хүүхдүүдийн амьдрал үнэхээр хөдөлмөр дээр тогтдог юм байна
huuhduud iim bagaasaa ajil hiij surah ni mash zuv
Ийм хүүхдүүд л эх орныхоо ирээдүй юм даа
Монгол ахуйгаа ингэж авч яваа хүмүүсдээ баярлалаа
П.Даваажаргал уг нь гайгүй сурвалжилга бэлджээ. Даан ч үг үсэг, утгын алдаа нэлээд байна. Бичиж буй зүйлээ хянаж нягталж уншдаггүйн харгай байхдаа. "Харин ээж ах нараа ...? дуу нь намсаад, нүд нь тормолзоод ирдэг нь ИРЭХИЙН шинж гэлтэй" гэснийг ээж ах нараа ХАРААД ... ЭРХИЙН шинж" гэж уншиж ойлгов. "Түүнийг хургатай ХОНИНДОО ялгахаар хонины бэлчээрт ирээд байхад нь тогтож таван үг хөөрөлдөсөн юм" гэжээ. ХОНИДОО ялгана гэж бичих байх аа? Дараагийн сурвалжилга, нийтлэлээ алдаа мадаггүй бичихийг хүсье.
Хэлээд юүхэв. Бичсэн юмаа эргэж нягталж уншиж сурмаар байна, хүмүүст зориулж юм бичиж байгаа бол.
Хөдөө очоод ирсэн мэт л боллоо, сайхан сурвалжлага хийжээ.
Танай нийтлэл дотороос хамгийн супер нь энэ байлаа. Жинхэн монгол ахуй үнэртээд сайхан байна. Хүүхдийн тус шиг хэрэгтэй зүйл байхгүй. Эцэг эхдээ мөнч их ажил амжуулж өгдөг бяцхан “амьтад” шүү дээ. Хөөрхөн байгаа биз.
Хөдөөний хүүхдүүд хотын хүүхдүүдийг бодвол ажилсан, хүмүүжилтэй, сэтгэлийн хат сайтай, эрүүл өсөж байгаа юм даа
Хүүхэд насандаа очсон мэт боллоо. Хавар жаахан салхи шуургатай ч нялх төлийн дуу цангинаад л сайхан шүү. Монгол эх орны минь бүх улирал сайхан да. Хөөрхөн хөвгүүн охин 2 аав ээждээ туслаад ажил сураад сн байна шүү. Сурлагын өндөр амжилт хүсье.
Маш сайхан сэтгэл хөдөлгөм сурвалжилга болжээ. Ийм сайхан "амьтай" судалгаа, хүний түүх хоёрыг маш гоё хослуулсан сугрвалжлага олон хүргэж байгаарай