Гэмт хэрэг

Согтуурсан үедээ төрсөн дүүгээ галт зэвсгээр хөнөөж, эхнэрийг нь зодож гэмтээжээ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт О гэх эрэгтэй архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн дүүгээ галт зэвсгээр хөнөөж, гэр бүлийн гишүүдийнх нь биед халдаж гэмтэл учруулсан хэрэг гарсан байна.

Эл төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс болсон процесс, шүүхийн дүгнэлт зэргийг тоймлон хүргэж байна.

Онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулж болох аргаар амь насыг хохироож, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан энэ хэрэг энэ оны нэгдүгээр сарын 22-ны 23.00 цагийн үед болжээ.

Шүүгдэгч буюу уг хэргийг үйлдсэн этгээд шүүхэд мэдүүлэхдээ "Дүүтэйгээ нэг хашаанд амьдардаг байсан. Эхнэртэйгээ маргалдаад байхаар нь унтаж чадалгүй гэрт нь ороод "больцгоо" гэж хэлсэн ч намайг зайл гээд түлхсэн. Буцаад гэрт ороход араас "гараад ир" гээд дуудахад гэрийн хоймроос буугаа авч гараад хөл хэсэгт нь буудсан ч дээшээ буудагдсан байсан. Тэгсэн чинь Н.Г шууд хойшоо эргээд гэр дотроо орныхоо хажууд унасан. Би түүнийг баашлаад байгаарай, чи хүн зодохдоо сайн юм байна лээ гээд түүний толгой дээр нь хөлөөрөө нэг удаа дэвссэн. ... Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүгийнхээ амь насыг хөнөөсөндөө маш их гэмшиж, харамсаж байна...” хэмээжээ.

О гэгч этгээд тухайн шөнө хэргийн газар нийт гурван удаа буудлага хийжээ. Шүүхэд өгсөн мэдүүлэгт байгаачлан амь хохирогчийг гадна зогсож байхад нь нэг удаа, гэртээ ороод хаалгаа цоожилсны дараа гэрийн тооноор нь шагайж хоёр удаа буудсан байна. Дараа нь гэрийн хаалганы цоожийг тайлсны дараа амь хохирогчийн толгойг бууныхаа ар хэсгээр цохиж, мөн хөлөөрөө дэвссэн тухай гэрчүүд мэдүүлжээ.

Улмаар төд удалгүй хашааны гадна талд автомашины чимээ сонсогдсонд хоёр буугаа үүрч, амь хохирогчийн мотоциклийг унаад зугтсан байна.

Тус гэмт хэргийг шүүхээс "Шүүгдэгч О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүнийг алсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэжээ.

Нийт эдлэх ялыг 13 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, хаалттай хорих ангид эдлүүлэхээр" тогтоожээ.

Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалт

  • 11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах: 1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Галч
Галч
5 сар 26, 2025 07:55

Цаазын ялаа сэргээ

Зочин
Зочин
5 сар 26, 2025 09:00

Oron nutgiinhan duraaraa tsengetsgee heleh ug bhgui gadaa irsen mashiniig buudahgui de zugtaj baihaar gal neehgui

Зочин
Зочин
5 сар 26, 2025 10:04

Монгол харчууд ийм зэрлэг юмуу ерөөсөө бүх харчууд ийм харгис юмуу охид минь нөхрийнхөө ахаас ч холхон байх нь нөхөр гээчийг харгис хэрцгий биш гэдгийг нотолж нотриатаар оруулж байж гэрэл

Холбоотой мэдээ

Back to top button