Хаврын чуулган хаасан ч хаагдаж болохгүй ДӨРВӨН СЭДЭВ

УИХ-ын хаврын ээлжит чуулган энэ долоо хоногт хаах гэж байна.
Шинэ парламент ийнхүү намар, хаврын чуулганы турш ажиллаж, туршлага ч хуримтлуулж, нэг Засгийн газар солиод авлаа. Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаад удалгүй төсөв тодотгох асуудал бужигнасан. Иймд хаврын чуулган хаах дөхөхөд УИХ-ын ажил ундарсан.
Түүнээс өмнө улс төр илүү сонин байж, Л.Оюун-Эрдэнийн ЗГ огцрох эсэхээс дараа дараагийн өрнөл шалтгаалах тул ерөнхийдөө ажил хийгээгүй, хийгдээгүй. УИХ-ын чуулганы ирц муу, байнгын хорооноос бэлтгэн оруулж ирж буй хуулийн төсөл цөөн, зарим өдөр 1-2 төсөл хэлэлцэх нь ч байлаа. Дагаад төрийн байгууллагын ажил ч царцаж, нэлээд хүлээлт үүсгэж амжсан.
Мэдээж Г.Занданшатар Ерөнхий сайд болсноор оройхон гарч, ширүүхэн дайрна гэгчээр ажиллах гэж үзлээ. УИХ-ын гишүүн биш хэдий ч түүнийг, түүний танхимыг парламент энэ хугацаанд чамгүй дэмжиж байна.
Энэ долоо хоногийн мягмар, лхагва гарагт чуулган хуралдана. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудаа тогтоож, төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж батална. Ингээд л наадамтай, наадмын дараа намар гэдэгтэй золгоцгоох нь ээ.
Харин Засгийн газарт амрах цаг зав байхгүй. ТЭЦ-3-ын асуудлаас эхлээд шийдэх, мухарлах асуудал зөндөө. Ерөнхийлөгч нь гадаад валютын нөөцөө хоёр дахин бууруулж, андуурч хэлдэг Монголбанканд ч инфляцыг бууруулж, төгрөгийн ханшаа тогтоон барих чухал үүрэг тавигдсаар байна. Нөгөө талд Нийслэл өвөлдөө бэлдэнэ, хэл ам дагуулсан шинэ түлшний асуудлаа ч одоо хэр ойлголцолд оруулж чадсангүй. Нэг ёсондоо түлэх түлшгүй долдугаар сарыг дундалж байна.
Тэгэхээр, УИХ-ын хаврын чуулган хаасан ч анхаарал татсаар, тасралтгүй төвлөрч ажилласаар байх хэд хэдэн сэдэв байна.
Нэгдүгээрт, “Оюу толгой”-н хэлэлцээ буюу “Онтрэ”-гийн асуудал. Лиценз шилжүүлэх процесс нэгэнт саатсан учир далд уурхайн бүтээн байгуулалт, олцорлолт саатчихаад байгаа. Монголын ЗГ-ын шийдийг хүлээж буй нь зөв ч угаас тэгэх хуультай юм. Харин энэ хооронд ажлыг яаравчилъя гээд О.Батнайрамдал гишүүнээс өөр энэ чухал сэдвийг хөндөж, ярьсан нь цөөн байв.
Одоо үүн дээр Г.Занданшатарын Засгийн газар яг ямар үзэл санаа барих юм, хэрхэн “Рио тинто” болон “Онтрэ ресурс”-тэй ажиллах юм гэдэг төдийлөн тодорхой биш байна. Шийдэлгүй хаврын чуулганыг хаасан бол зундаа амжиж хөдлөх л шаардлагатай.
Хоёрдугаарт, алтны үнэ өндөр байгаа цаг үеийг ашиглая гэж өмнөх Засгийн газар “Алт-3” аяныг санаачилсан. АҮЭБ-ийн сайдаар Г.Дамдинням ирж, ирсэн дороо аяны тогтоолын төсөлд анхаарсан ч хэлэлцэгдэхгүй байна. Уг нь тогтоолын төсөлдөө алтны үндсэн ордуудыг эргэлтэд оруулах, үүний тулд ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгох агуулга тусгаж чадсан. Гэхдээ хэлэлцэхгүй байсаар чуулган хаах болов. Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад ч багтаагүй байна. Цаг алдахгүй хөдлөх ёстой санаачилга бас ингэж торойн үлдэв.
Гуравдугаарт, нүүрсний үнэ унасан хэвээр байгаа. Төсвийн орлого энэ чигээр тасарвал, намар дахиад төсөв тодотгохдоо тулна гэдгийг Б.Жавхлан сайд өөрийн амаар мэдэгдсэн. Нөгөө талаас инфляц өндөр явсаар, иргэдийн амьдралын чанарт сөрөг өөрчлөлт орсоор байна. Энэ шууд бодитоор мэдрэгдэж эхэлсэн. Өмнө нь хүрдэг байсан цалин зургаа, долдугаар сараас эхлэн илт хүрэхээ байж байгаа. Үүн дээр Сангийн яам иргэддээ чиглэсэн бодлого барих юм уу. Монголбанк дэндүү оройтож өр орлогын харьцааг бууруулсан нь мөн л иргэдийн нуруун дээр хүнд туссан. Эхнээсээ тэтгэврийн зээл асуудал дагуулж эхэлсн. Одоо Сангийн яам, Монголбанк хоёр нийлж нэгдэн эдийн засгаа, инфляцаа яаж тогтоон барих вэ гэдэг л маш их тулгамдаж байна.
Дөрөвдүгээрт, Нийслэлийн хамгийн хүнд цаг хугацаа ирж байна. Замаа засаж болно. Харин энэ жил сайжруулсан шахмал түлш гэж байхгүй. Тодорхой бүсийн айлуудыг анх удаа хийн зуухаар халаах ёстой байгаа. Мэдээ шинэ түлшээ түлж эхлэх учиртай. Үүнийг БНХАУ-аас хямд үнээр импортолж, энэ өвлөө давъя гэсэн ч улстөржөөд болсонгүй. Ерөнхий сайд Г.Занданшатар дотоодын үйлдвэрлэлээс хангах чиглэл өгчихсөн. Түүхий эд нь хөх нүүрс буюу хагас коксжуулсан байх юм. Манайд нүүрс коксжуулдаг үйлдвэр байхгүй. Хагас коксжуулсан нүүрсээр л түлшээ хийхгүй бол агаарын бохирдол өмнөхөөс буурахгүй гэдгийг эрдэмтэд тохирсон, С.Одонтуяа сайдын үед ингээд тохирчихсон. Одоо шийдэл нь анхаарал татсаар.
Мэдээж өвөл гэхээр ТЭЦ-3 яригдах хэрэгтэй болно. Б.Чойжилсүрэн сайдын амнаас яг тодорхой точный мэдээлэл хүлээж байгаа ч аваагүй хэвээр байна. Одоогийн байдлаар үйлдвэрээ засна гэж биш, дутагдсан эрчим хүчийг импортолж авах шийдлийг л ярилцаж байна. Хэрэв нарийн гярхай амжиж хандахгүй бол өвөл Хан-Уул дүүрэг “хөлдөх” бодит эрсдэл бий болсон юм.
Хаврын чуулган хаасан ч намар хүртэл шийдчих ёстой ажил дээрхээс авхуулаад олон. Өөрөөр хэлбэл Засгийн газар, Монголбанк, Нийслэл гурав бол илүү идэвхтэй ажиллах нь. Харин УИХ-ын гишүүдийн санаачлах шинэ хуулиудын ихэнх нь намрын чуулганаар хэлэлцэгдэх төлөвтэй бөгөөд, шинэ ба залуу мэргэжилтэн гишүүдийн чансаа одоо л харагдах юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чойжилсүрэнг �######�уулаачээ . Энэ өвөл зутруухан өвөлжинө. Яана даа. Ямар нэгэн арга хэмжээ авч чадах хугацаа ч �##�га.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
Хагас коксын тухай бид олон жил ярьж байгаа ч хоосон ярианаас хэтрээгүй. Гэтэл энэ асуудлыг энэ оноос эхлэээд дотооддоо шийд гэдэг ойлгомжгүй л байна. Ингэж байгаад өвөл тулхаар яах болж байна. Эхний удаа Хятадаас авах зөөвч гэлээ дагаад зуухны асууд�##� яригдана. Хятадын төмрөөр хийсэн зуух яндангууд лав тохирорхгүйдээ.