Нийгэм ярилцлага

Д.Жанчив агсны гэргий Б.Ганцэцэг: Хүний мөн чанар хаана дуусдагийг, хайр хаана байдгийг ч ойлгож мэдэрсэн

Одоогоос яг 499 хоногийн өмнө "Миний дэлгүүр"-т гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж, харамсалтайгаар амиа алдсан Д.Жанчив агсны гэргий Б.Ганцэцэгтэй ярилцлаа. Нөхрийнхөө тухай хүнд мэдээг олон нийтийн сүлжээнээс харж, нүдэндээ итгэлгүй явсаар мөр зэрэгцэн ажиллаж байсан хамт олноос нь чихээрээ сонсож, нөхрийнхөө аврагчийн хувцсыг аваад үлджээ. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нөхөртэйгөө хамт Хятад явж, дэлгүүрээ хүүхэлдэйн киноны байшин шиг болгохоор төлөвлөж байсан юм. Энэ нь бидний таван жилийн турш мөрөөдсөн мөрөөдөл байсан. Гэнэтийн хүнд явдлын дараа хүнд хагалгаанд орсон тухайгаа, хэд хэдэн удаа "унтуулах" тариа хийлгэх сэн гэж бодож, шаналж байснаа нуулгүйгээр хэвлэлд ам нээв.

Тэрбээр, "Өвөр дээр минь үлдсэн таван хүүхэд, өрж босгосон амьдралаа бодож, сайн сайхан хүмүүсийн хайр энэрэлээс сэтгэлийн хүч авсаар өнөөдөрт ирсэн. Мөн нөхөртэйгөө мөрөөдөж байсан бүхнээ биелүүлэхээр "Бяцхан Бумбардай" дэлгүүрээ засаж, янзалсан тухайгаа ярилаа.

-Олны хүчээр хүнд хагалгаа, сэтгэлийн өвдөлт хоёроо давсан гэж боддог-

-Харамсалтай хэрэг гарснаас хойш нэг жил гарангийн хугацаа өнгөрчээ. Ярилцахад хүнд байж мэднэ. Хэрэг явдал болсноос хойш юу туулав?

-Ер нь л нэлээн хүнд цаг хугацааг өнгөрүүллээ. Хүний мөн чанар хаана дуусдагийг, хайр хаана байдгийг гээд их л зүйлийг энэ хугацаанд ойлгож, мэдэрлээ. Одоо нэг нэгэнгүй ам нээх хэрэгтэй байх. Нийгэмд сайн нэр ч зүүлээ бас муу нэр ч их зүүлээ. Аль нь ч байсан хамаагүй. Би өөрийнхөө чадах бүхнийг л хийсэн. Ханьтайгаа өнгөрсөн дөрвөн сард Хятад явж, дэлгүүрээ гоё болгох гэж байсан юм. Би уг нь тэр харамсалтай хэрэг гардаг өдөр банкнаас зээл авах гээд байж байсан. Фейсбүүкээс "Миний дэлгүүр"-ийн галыг харчхаад "нэлээн хар утаатай, хүнд гал байна. Сүү авъя" гэж бодсон. Гэтэл удаагүй "амиа алдсан" гэх мэдээлэл гарсан. Нүдэндээ ч итгээгүй. 25 жилийн турш тасралтгүй ажилласан туршлагатай хүн жижиг алдаа гаргана гэж бодоогүй. Тэгээд л энэ мэдээг худлаа байгаасай гэж ихэд хүссэн. Гэхдээ миний хүслээр байгаагүй ээ. Би ханийнхаа аврагчийн хувцсыг таван хүүхэдтэйгээ хамт аваад үлдсэн. Ханийнхаа ажил явдал болохоос өмнөхөн би хагалгаанаас гарч, мэдээ алдаагүйжүүлэлт гарахтай зэрэгцэн өвчин намдаагч ууж байгаад л эцсийн замд нь үдсэн.

-Түүнээс хойш та нэлээн хэд хэдэн удаа хагалгаанд орсон санагдаж байна?

-Тэгсэн. Хүнд хагалгаанд орсон. Хүний нутагт 90 хоног хэвтэхэд энэ амьдралаас ихэд шантарсан. Амиа бодсон муу муухай бодол ч бодсон үе бий. Тэр хүнд өдрүүдэд таван хүүхэд минь нүдэнд их харагдсан. Хагалгааны дараа Монголд ирсэн чинь байрныхан маань намайг өдөр өдрөөр эргэх эргэлтийн хуваарь гаргачихсан байсан. Даваа гарагт 78 тоот долоон банштай цай хийх, орой нь 80 тоот хуушуур хийх гэх мэтээр нарийн хуваарь гаргасан байсан. Бас ханьтай маань хамт ажилладаг алба хаагч нар надад их дэмтэй байдаг байсан. Тэдний хүчээр хагалгааны хүнд, сэтгэлийн өвдөлт хоёроо давсан байх.

-ЧД-ийн гал унтраах X ангид Д.Жанчив агсны хөшөөг урлуулж, байрлуулсан шүү дээ. Яагаад тийм шийдвэр гаргасан бэ?

-Нэг л өдөр дансанд маань ханийн минь овог нэртэй, "амь насны даатгал" гэх утгатай мөнгө орж ирсэн. Тийм гүйлгээний утга уншчихаад би чихэр авах уу, талх авах уу. Тэр данс руугаа ч орж зүрхлэхгүй байсан. Миний хань олон мянган хүний амийг өөрийн биеэрээ аварсан хүн. Олон ч гал дээр ажиллаж байсан. Энэ улсдаа хийх юмаа хийсэн хүн. Тийм болохоор хийсэн бүтээсэн юмтай хүнийг хүндэтгээд, хөшөө урлуулсан. Азаар их богино хугацаанд сайн хүн таарч, сайхан урлаж өгсөн. Жанрайсэг бурхныг урласан барималч урласан. Ихэд сайхан болсон. НОБГ-аас тус хөшөөг хүндэтгэлийн өрөөнд байрлуулж өгсөн. Үе үеийн аврагчид миний ханиар бахархах байх. Хүү маань хүртэл аавынхаа гэрэлт хөшөөг харж, тайтгарах байх. Гэхдээ хөшөө босгосны дараа хүмүүс намайг цахим сүлжээнд ихэд муулсан. Хэн ч нөхрийнхөө нэртэй, амь насны даатгалын мөнгөөр хоол авч идэж чадахгүй байх. Угтаа бол энэ нь миний ханьдаа зориулж байгаа өчүүхэн сэтгэл юм шүү дээ. Жаахан ч болтугай зүйлийг түүнийхээ гэгээн дурсгалд зориулахгүй байхын аргагүй.

-Таны бие ч сайнгүй байсан. Гэхдээ энэ бүхнийг амжуулж чаджээ?…

-Ханийнхаа 21 дэх хоногоор нь мод тарих шийдвэр гаргасан байсан. Гэтэл яг тэр өдөр монгол улс албан ёсоор анх удаа мод тарих өдөртэй болсон. Сонин хувь тохиол шүү. Тэгээд л хүүхэд, дүү нартайгаа нийлээд нэг цэцэрлэгт 300 гаруй мод тарьсан. Жил болгон мод нэмж тариад, 1000 болгох зорилготой. Миний байхгүйд ч үр хүүхэд минь дурсан, санаж, сайхан цэцэрлэгээр зугаалаасай гэж хүсэж байна. Яваандаа ногоон төгөл болгож тохижуулна аа.

-Энэ талаар ярилцахгүй байхын аргагүй. Хэвлэлийн бага хурал хийж, ордны баруун хаалганы урд өвлийн жавар тачигнасан хүйтнээр суулт зарласан. Энэ шийдвэрийг гаргахад юу нөлөөлөв?

-Би 22 жил ханилсан ханийнхаа төлөө төрийн гурван өндөрлөгөөс хариуцлага л нэхсэн. Юмс маш удаан болж өнгөрсөн. Тиймдээ ч тэвчээрийн утас тасарсан. Гэхдээ би хэн нэгэнтэй барьцаагүй. Олон нийт над руу их дайрсан. "Дүнжингаравын осолд амиа алдсан алба хаагч нарын гэр бүлтэй барьцлаа" гэсэн сэтгэгдэл их ирсэн. Таван хүүхэдтэйгээ өнчирч үлдсэн бие муутай эмэгтэй өөр юу хийж чадах билээ дээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан буцалтгүй тусламжийг л би нэхсэн. Тавын таван хүүхдийнхээ ирээдүйг би бодно шүү дээ. Гэвч нэг хоног суугаад л бие минь хүндэрч эмнэлэгт хүргэгдсэн. Угтаа бол ерөнхийлөгчийг хариу өгөх хүртэл суултаа үргэлжлүүлэх байсан.

Тэр үед ерөнхийлөгчийн ажлын албанаас нэг хүн гарч ирэхэд нь "асуудал шийдэгдлээ" гэж бодсон. Гэтэл миний ярихыг сонсож байснаа "маргаашаас хүйтрэх юм билээ. Та сайн дулаалаарай" гэсэн. Одоо бодоход хэдий алба хаагч ч гэсэн намайг хувь хүнийхээ хүрээнд их л дэмжиж байгаа нь тэр юм уу даа. Ер нь нэлээн олон хүмүүс ирж, сэтгэлийн дэм өгсөн. Сэтгэлийн дэм өгсөн хүмүүс дунд олон ч танихгүй хүмүүс байсан. Тэр дунд байсан хоёр эмэгтэйг хэзээ ч мартдаггүй юм. Нэг нь зүгээр л намайг тэврэх гэж ирсэн. Нөгөөх нь над руу үзэсгэлэнтэй цэцгийн баглаа явуулсан. Нэгнийхээ нэрийг ч мэдэхгүй хэр нь тийм их сэтгэл гаргахад нь их баярласан.

-Ерөнхийлөгч хариу өгч, асуудал шийдэгдсэн үү?

-Шийдэгдсэн. Угтаа бол ингэж нэхүүлэлгүйгээр журмынхаа дагуу асуудлыг шийдэж болох байсан. Хувьдаа хүмүүсийн сэтгэл дутлаа л гэж харж байгаа.

-Хань нь тэр ажилдаа гарахдаа юу гэж хэлээд гарсан бэ?

-Манай гэр бүлд нэг уламжлал байдаг. Хавар дулаан орохтой зэрэгцээд хүүхдийн тоглоомын талбайг цэмбийтэл нь угаадаг. Тэр гал руу явахын өмнөх өдөр бид хүүхдийн тоглоомын талбайг угаасан. Тоглоомын талбайгаа угааж дуусчхаад “хүмүүс хог, шүлсээ хаяад байдаг хэсэгт байшин хэлбэртэй хогийн сав хийлгэе” гэж ярилцаад хүн дуудаж, хэмжээ авхуулсан. Тэгээд гэрийнхээ тагтан дээр байдаг ногоон зүлгийг байрныхаа үүдэнд дэвсэхээр ярилцаж байлаа. Одоо бодохоор хань минь гэртээ орж ирэхдээ яг л явах гэж байгаа юм шиг мэдрэмж надад төрүүлж байжээ. Өмнө нь хүүхдүүдийнхээ гутал, хувцсыг угаадаг байсан ч тэр орой таван хүүхдийнхээ гутлыг өөрсдийнхөө гуталтай угаагаад эгнүүлж тавьчхаад унтсан байсан.

Д.Жанчив агсны гэр бүлээрээ нийлж зурсан зураг. Жил бүр угаадаг байсан тоглоомын талбай.

-22 жилийн хамтын амьдрал гэдэг баялаг сайхан дурсамж бий. Та заримаас нь уншигчидтай маань хуваалцаж болох уу?

-Хань минь 16 настайдаа ээжийгээ, 17 настайдаа аавыгаа алдаж, гурван дүүтэйгээ өнчирч байсан. Багасаа дүү нарыгаа өсгөх үүрэгтэй болсон болохоор ажил хийхээс өөр арга байгаагүй. Тэгээд аравдугаар ангиа төгсөөд Хан-Уул дүүргийн 14 дүгээр ангид дадлагажигчаар ажилд ороод 2002 онд НОБГ-ын Гал сөнөөх, аврах 10 дугаар ангид гал сөнөөгчөөр ажилд орж байсан. Нөгөөтээгүүр аавынхаа ажил, үүргийг өвлөсөн. Тийм болохоор аврагч болох хүсэл мөрөөдөлтэй, сонирхолтой байсан гэсэн үг. Хадам аав хуучны нэршлээр Гал түймэртэй тэмцэх хэлтэст хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан юм. Том хүү минь “Гурав дахь үеэ бүтээнэ” гэж ярьдаг. Зургаадугаар ангид байхаасаа бие дааж сунайж, гүйж, бэлтгэлээ хийсээр байгаад “Тэмүүжин өрлөг” сургуульд шилжиж ирсэн. Уг нь манайх Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг байсан юм. Хүүгээ дагаад Улаанхуаранд нүүгээд ирчихсэн.

Сургуулиа төгсчхөөд "Онцгой байдлын албанд орж, аав, өвөө хоёрынхоо мэргэжлийг өвлөнө" гэж ярьдаг. Харамсалтай явдал болсны дараа бид дахин ярилцаж үзсэн. Хүүгийн минь бодол өөрчлөгдөөгүй ээ.

-Та хүүгийнхээ шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Хүний л ээж болсон хойно тийм гашуудлын араас хүүгээ дэмжээгүй ээ. Үнэхээр дэмжээгүй. Дотооддоо бол их л айдастай байсан. Харин хүү минь яг таг шийдчихсэн байгаа юм чинь. Тийм байдлыг нь хараад хорих зориг ч хүрсэнгүй.

-Хань нь бусдыг аврахаар өглөө бүр ажилдаа гарахад сэтгэл зовнидог л байсан байх даа?

-Нөхрөө гал унтраахаар явахад нь цай сүүнийхээ дээжийг өргөдөггүй юм аа гэхэд залбирдаггүй ээж, эхнэр гэж лав байхгүй байх. Ээлжээсээ буугаад ороод ирэхэд нь ямар сайхан байдаг гэж санана. Гэр дүүрээд л би ч хүүхдүүдээсээ дутахгүй баярладаг байсан. Гэртээ орж ирэх нь миний болон хүүхдүүдийн минь хамгийн жаргалтай агшин. Ээлжтэй үед нь ханийгаа утсаар ярихыг нь хүлээнэ. Тэр минь галд гарах болгоныхоо өмнө бичлэг явуулдаг байсан. Хамгийн сүүлд ч гэсэн бичлэгээ явуулсан. Ганц бие ээж юм шиг амьдрах үе олон байсан. Жилийн дөрвөн улирлын бүхий л цаг үед бусдын амь нас, аюулгүй байдлын төлөө явдаг хүний ар талыг хариуцаж амьдарна гэдэг амаргүй ээ. Хэрвээ хань минь байсан бол өдийд ажлаасаа буугаад хүүхдүүдтэйгээ инээлдээд тоглоод суух байсан байх.

Ийнхүү тэрбээр нулимсаа арчихад, бид ярилцлагаа түр зогсоож, хэсэг тайвширсан юм. Харин үргэлжлүүлэн "Бяцхан Бумбардай" дэлгүүрийн талаар ярилцаж эхэллээ.

-Одоо надад хийх ажил их бий. Биднийг шүүх хурал хүлээж байгаа. Түүнээс өмнө бие, сэтгэлээ илүү тэнхрүүлэх хэрэгтэй-

-"Бяцхан Бумбардай" дэлгүүрийг нээх болсон түүхээсээ хуваалцвал?

-Манай гэрт нэг Бяцхан Бумбардай бий. Яг үүнтэй ижил айл болгонд хөөрхөн жижигхэн Бумбардай байгаа гэж бодсон. Бумбардай нарын алба бол ерөөсөө л цэцэрлэг шүү дээ.Тэгээд л хүүхдэд зориулсан дэлгүүр нээхээр шийдсэн. Дэлгүүрийнхээ нэрийг өгөхөд нөхөр маань намайг ихэд шоолсон. Гэхдээ л "хөөрхөн нэр байна" гэж эрхлүүлж байсан сан.

Цаг багатай, ажил ихтэй энэ үед хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлтгэнэ гэдэг хэзээнээсээ л асуудал болж ирсэн. Тиймээс хүүхдийнхээ бэлтгэлийг нэг дороос хангаж болохоор иж, бүрэн юмстай дэлгүүр нээсэн маань энэ. Уг нь ханьтайгаа нийлээд их л олон юм төлөвлөсөн байсан. Амьдралд сөхрөөд шантрахдаа "Ядахдаа хамтдаа эхлүүлсэн бүхнээ орхихгүй" байхаар шийдсэн. Тэгээд л дэлгүүрээ улам гоё болгоод, ханийнхаа мөрөөдлийг биелүүлчхээд сууж байна.

-Хүүхдийн унтлагын даавуу, аяга тавгийн уут гээд олон зүйл байна. Өөрөө оёдог уу?

-Анхандаа ч бүгдийг нь өөрөө оёдог байлаа. Одоо биеийн байдал маань хүнд учир гурван оёдолчинтой. Жижигхэн оёдлын цехтэй шүү дээ. Нийтдээ 12 ажилтантай. Хамаатны ах дүү нар маань ажиллаж, хань бараа болдог.

-Танай дэлгүүр юугаараа илүү онцлог вэ?

-Их гоё асуулт байна. Онцлог хэд хэдэн зүйл бий. Нэгдүгээрт бүх зүйл хайраар бүтсэн. Бяцхан хүүхдүүдийн хэрэглээ цөм бүрэн. АЦХ, орны цагаан хэрэглэл, хичээлийн хэрэгслийг тал талаас хайх шаардлагагүй. Манайхаас бүгдийг нь бэлдэх боломжтой. Хоёрдугаарт, цагаан хэрэглэлүүд дундаж үнэтэй, чанартай материалтай. Гуравдугаарт хүмүүс ажлаа тараад л юм бэлдэх завтай болдог. Манай худалдагч нар хоёр ээлжээр ажилладаг болохоор орой хаадаг.

-Хамтдаа мөрөөддөг байсан шигээ дэлгүүрээ тохижууллаа, ханьдаа зориулж, мод тарьж, гэрэлт хөшөө босгожээ. Мөрөөдлүүдээ биелүүлсээр явааг тань харах сайхан санагдлаа?

-Хүнд биелдэггүй мөрөөдөл гэж байдаг юм билээ. Хагацлын дараа дахиж уулзахыг мөрөөдөх нь хэзээ ч биелшгүй. Тиймдээ ч би "Биелшгүй мөрөөдөл" гэх дуу бичүүлсэн. Одоо жаахан ажиллаж, засах юмс бий. Тэгчхээд цацна. Над шиг хэзээ ч биелэхгүй мөрөөдөлтэй хэдэн мянган хүн бий. Тэр бүхэнд сэтгэлээ шингээж, зохиолгосон. Үр хүүхдүүд минь, хүүхдүүдийн минь хүүхдүүд "аавыгаа, өвөөгөө" үргэлж дурсан санаж яваасай гэсэндээ л энэ бүгдийг хийж байна.

Харин дараад нь нэг том ажил бий. Бидэнд шүүх хурал үлдсэн. Энэ талаар илүү дэлгэрэнгүй ам нээж болохгүй. Тиймээс цухас дурдаад өнгөрье. Тэр болтол биеэ тэнхрүүлж, сэтгэл зүрхээрээ илүү хүчтэй болох хэрэгтэй байна.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
8 сар 19, 2025 11:17

ХӨДӨЛМӨРЧ ЗӨВ ГЭР БҮЛД САЙН САЙХНЫГ ХҮСЬE.

Сайшаалт Ерөөлт
Сайшаалт Ерөөлт
8 сар 19, 2025 15:56

..мундаг эмэгтэй бна..

Холбоотой мэдээ

Back to top button