Дээд лиг: ДеМаркус Казинсын эсрэг хүчээ зузаатгав

Дээд лигийн нээлтийн тоглолтууд нэлээн ширүүн өрсөлдөөнтэй өрнөж байна. Энэ үеэр Би Си Эйч Найтс болон Эс Жи Эйпс багийнхан легионер тоглогчоо танилцууллаа. Сагсанбөмбөгийн үнэнч фанатууд тэднийг ДеМаркус Казинсын эсрэг хүчтэй өрсөлдөнө гэж буй.
Эс Жи Эйпс багийн хувьд Thomas Earl Robinson-ыг багтаа нэгтгэжээ. Тэрбээр 2012 оны NBA-гийн драфтад нэгдүгээр тойргийн тавдугаар сонголтоор "Sacramento Kings" багт элссэн. NBA-д ороод удаагүй байхад нь Kings баг түүнийг улирлын дундуур "Houston Rockets" руу наймаалцсан. Дараа нь "Portland Trail Blazers", "Philadelphia 76ers", "Brooklyn Nets", "Los Angeles Lakers" зэрэг хэд хэдэн багт богино хугацаанд тоглож байсан. Түүний НБА дахь нийт үзүүлэлт дунджаар 4.9 оноо, 4.8 самбар байсан.
2017 онд Оросын "BC Khimki" багтай гэрээ байгуулж, Европын дээд түвшний Евролигт хүч сорьсон. Түүнчлэн Турк, Өмнөд Солонгос, Пуэрто-Рико зэрэг оронд тоглож байсан. Тухайлбал, 2020 онд БНСУ-ын KBL лигийн баг болох "Seoul Samsung Thunders"-т багтсан бөгөөд тэнд дундаж 18 оноо, 13 самбарын үзүүлэлттэй тоглож байв. Түүний хувьд олон улсын түвшинд тоглох үедээ илүү онцгойрч олны анхаарлын төвд орсон юм.
Харин Би Си Эйч Найтс багийн легионер тоглогч Harsh Dagar нь Энэтхэгийн ирээдүйтэй залуу сагсан бөмбөгчин бөгөөд 2005 оны 2-р сарын 23-нд Харьяна мужийн Гургаон дүүргийн Балиявас хэмээх тосгонд төрсөн. Тэрбээр, NBA Academy India тэтгэлэгт хөтөлбөрт сонгон авч, 2018 оноос хойш тус академид сургалтад хамрагдсан. Энэ үеэс түүний карьер эрчимтэй өсч эхэлсэн. Тэрбээр дотоодын олон тэмцээнд амжилттай оролцож, Энэтхэгийн насны ангиллын шигшээ багт багтах болсон. Дараа нь үндэсний хэмжээний шигшээ багийн нэгэн хэсэг болж, олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөх эрхтэй болсон.
2025 оны гуравдугаар сард болсон FIBA Asia Cup 2025 урьдчилсан шатны тэмцээнд Энэтхэгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд орж, Бахрейны багийг 81-77 оноогоор ялсан тоглолтод 28 оноо авч, 3 самбар, 3 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслалт хийсэн нь түүнийг олон нийтэд илүү таниулсан.
Өнгөрсөн жил Сэлэнгэ Бодонс багийнхан ДеМаркус Казинсыг нэгтгэж, нэлээн хүчтэй сонирхолтой өрсөлдөөнүүдийг үзэгчдэд үзүүлсэн. Тэр ч утгаараа спортын ордон дүүрч, фанатуудын уухайн түрлэгэ, халуун алга ташилтан дунд хэд хэдэн гал дүрэлзсэн тоглолтуудыг үзсэн. Тэгвэл энэ улирал урьдын адил бүхий л багууд хүчтэй, тэнцвэртэй тамирчидтай байгаа бөгөөд финалын тоглолтууд урьдахаасаа илүү өрсөлдөөнтэй байх нь тодорхой.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.