БЗС: “Ерөнхийлөгчийн илгээлт”-ийн оюутнууд дүнгийн мэдээллээ ирүүлээгүйгээс санхүүжилт удааширдаг

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөр орон даяар хэрэгжиж байгаа. Уг тэтгэлгийн болзол хангасан хүүхдүүд АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш зэрэг 15 улсын их, дээд суралцах эрхтэй болох бөгөөд өнөөдрийн байдлаар 400 орчим оюутан дээрх улсуудад суралцахаар эх орноосоо мордоод байгаа юм.
Тус хөтөлбөрт тэнцсэн оюутнууд Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулсан. Сургалтын төлбөр, байр, хоолны зардал зэргийг БЗС-гаас гаргахаар болсон. Гэвч хүүхдүүдийн тэтгэлгийг хугацаандаа шилжүүлэхгүй удаж байгаагаас учир зарим сургуулиуд гэрээгээ цуцлах, мөн байрнаасаа гарах шаардлагыг тавьж байгаа талаар оюутнууд хэлж байгаа юм.
Үүсээд байгаа асуудлын талаар БЗС-ын ажлын албаны дарга О.Сийлэгмаа "Зарим оюутнууд өмнөх улирлын дүнгийн мэдээллээ ирүүлээгүй байж, дараагийн улирлын төлбөрөө нэхэх тохиолдол гарч байна. Татварын мөнгөөр суралцаж байгаа учир амжилттай, чанартай суралцах шаардлагатай. Мөн тухайн жил судалгаа авч Боловсролын сайдын тушаалаар зардлын хэмжээг тогтоодог. Оюутнаас ирсэн нэхэмжлэлээс зөвхөн сургалтын төлбөрийг олгодог. Бусад зардлыг судалгааны үндсэн дээр сайдын тушаалаар шилжүүлдэг. Гэрээний үүргээр оюутны дүнг харгалзан үзэж санхүүжилт олгоно. Тиймээс зарим оюутнууд дүнгийн мэдээллээ хугацаанд нь ирүүлэхгүй байгаагаас бусад оюутнуудын төлбөр удаарширч байгаа. Мөн оюутнууд хэрэглэж байсан дансаа солих шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь ирүүлээгүй зэргээс шалтгаалж бусад оюутнууд хохирох эрсдэлтэй" гэсэн тайлбарыг өгсөн юм.
Ташрамд, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн оюутнуудын амьжиргааны зардлыг улирал тутамд олгодог бөгөөд энэ долоо хоногоос эхлэн олгож эхлэх аж.











