Нийгэм ярилцлагаЯрилцлага

Хүүхдийн эмч А.Оюунчимэг: Халуунтай хүүхдэд шингэн уух зүйлийг маш сайн өгч, хучлагыг нь нимгэлэх хэрэгтэй

Томуу, томуу төст өвчний улирал эхэлж, улмаар дэгдэлт өндөр байгаа юм. Энэ жил дэгдэж буй томуугийн "А" хүрээний H3N2 гэх вирусын халдвар аж. Тус вирус нь амьсгалын замын цочмог өвчин бөгөөд 0-5 насны хүүхдүүд өвчлөх нь түгээмэл байна. Тус вирусээр өвчилсөн хүүхэд уушгины хатгалгаа болж хүндрэх эрсдэлтэй байгаа юм.

Томуугийн "А" хүрээний тус вирус нь "B" хүрээний вирусийг бодвол хүнд төрлийн өвчлөлдөө ордог байна. "B" хүрээний вирус нь хаврын улирал тархдаг бол "А" хүрээний вирус нь өвлийн улирал тархдаг, өндөр халуурах анхан шатны шинж тэмдэг илэрдэг ажээ. Тус вирусийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болон хэрхэн эмчлэх талаар Эх хүүхдийн, эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмч А.Оюунчимэгтэй ярилцлаа.

Томуугийн "А"-ын хүрээний H3N2 вирус нь уушгины хатгалгаагаар хүндэрдэг

-Томуугийн улирал эхэлж, халдварын тархалт өндөр байна. Ямар төрлийн вирус тархаж байна, цаашлаад хэрхэн хүндэрч байна вэ?

-Манай улсад хүйтэн сэрүүний улиралд томуу томуу төст өвчний дэгдэлт өндөр байдаг. Одоо бол томуугийн "А" хүрээний  H3N2 гэдэг вирус дэгдэж байгаа. Энэ вирус нь "B"-ын хүрээний вирусийг бодвол нэлээн хүндрэлтэй явагддаг. Томуу төст өвчин нь хүүхдийн хамар битүүрдэг, хоолой боогддог, гуурсан хоолой агшдаг, нүд нь өвдөх зэрэг янз бүрийн шинж илэрдэг. Харин энэ жил тархаад байгаа томуугийн "А"-ын хүрээний H3N2 вирус нь уушгины хатгалгаагаар хүндэрдэг. Мөн уушгины хатгалгаагаар хүндрүүлэхээс гадна суулгалт өгдөг. Суулгалт өгч бөөлжих үед хүүхэд шингэн алдаж эхэлдэг. Дээрээс нь тархинд нөлөөлж ухаан алдахад хүргэдэг.

-Халдварын тархалт хэр байна. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Томуугийн А хүрээний H3N2 гэх вирусийн дамжих үндэс нь агаар дуслын зам. Тиймээс амны хаалт хэрэглэж мөн ариун цэвэр сайн сахих хэрэгтэй. Томуугийн халдварыг хүндрүүлэхгүй байхад тухайн хүүхдийн биеийн эсэргүүцэл маш чухал. Хүүхэд бол суурь өвчингүй байх ёстой. Суурь өвчин гэхээр цус багадалт, жингийн илүүдэл болон дутагдал, сульдааг хэлдэг. Дээрх шинж тэмдэгтэй хүүхдүүд хүндрэх эрсдэл өндөр байна. Түүнчлэн томуугийн халдвараар өвчилсөн тохиолдолд гэрийн асаргаа маш чухал. Айл болгон халуун үздэг шилтэй байх ёстой. Халуун шил 38.5 ба түүнээс дээшээ зааж байвал өндөр халууралт буюу татах, чичрэх гэх мэтчилэн хүндрэл өгнө. Тиймээс эхний ээлжид халууныг буулгах арга хэмжээ авна. Халууныг буулгахдаа крантны хүйтэн усанд алчуураа мушгиад дух хэсэгт нь тавина. Харин гэр хорооллын нөхцөлд тасалгааны хэмд хадгалагдаж байгаа усаар хүйтэн жин тавьж болно. Түүнчлэн хучлагыг нь аль болох нимгэлэх шаардлагатай.Түүний дараагаар парацетмолыг өгөхийг зөвлөх байна. Харин бусад халуун буруулах эмийг аль болох хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд буюу парацетмол эмээс харшилтай, элэг муу, шарлалтай хүүхдүүд хэрэглэж болно. Харин 38.5 дээш халуурч халууныг буруулсан ч хүүхэд амьсгаадах, сонин дуу хоолой гарах, амьсгал нь олон болох, унтуурах зэрэг шинэ тэмдэг илэрвэл өөрт хамгийн ойр эмнэлэг рүү явах шаардлагатай. Хүүхдэд хамгийн ойр эмнэлэг бол өдрийн цагаар өрхийн эмч, орой цагаар харьяа дүүргийн эмнэлэг байгаа.

-Ханиад дөнгөж хүрч буй болон хүндэрч байгаа хүүхдэд ямар шинж тэмдэг түгээмэл илэрч байна?

-Хүүхдүүдэд ерөнхий хордлогын шинж илэрч байна. Ханиалгаж эхэлсэн ч сэргэлэн цовоо хөдөлгөөнтэй, хоолондоо сайн, халуураагүй бол хүндрээгүй байгаагийн шинж. Биеийн халуун хэвийн мөртлөө орчны сонирхолгүй, унжийж нозоороод байвал хүндрэх гэж байна гэсэн үг. Нялх, нярай хүүхэд халуураагүй хэр нь үргэлж уйлж, унтуураад эхлэх нь хүндэрч байгаа хэлбэр. Хүүхэд халуураагүй байхдаа хоолондоо дургүй байвал хүндрэх гэж байна гэсэн үг. Халуурсан үедээ хоолондоо дургүй байвал хүндэрсний шинж. Эцэг эхчүүд ажлаа тарж ирээд хүүхдийнхээ хоолны дуршил, орчны сонирхол зэрэг нь хэр байгааг анзаарах хэрэгтэй. Тиймээс хүүхдийн эмч нар халуурсан хүүхдэд хоол сайн өгөхийг зөвлөдөг. Халуун хүүхдэд энгийн үедээ иддэг байсан хэмжээгээр нь хоол өг гэдэг ганц л дүрэмтэй. Идэхийг хүсэхгүй байсан ч ямар нэг аргаар өгөх хэрэгтэй. Хоол идэхгүй байх нь биеийн эсэргүүцлийг улам муу болгоно.

Ханиадны халдвартай үед вакцин хийж болохгүй, хүндрэх эрсдэлтэй

-Аль насны хүүдүүд түлхүү өвчилж байна, нярай хүүхдэд хүндрэх эрсдэл байгаа юу?-

-0-5 насны хүүхдүүд илүү их өндөр халуурах, хордлогод орох, хатгаа болж хүндрэх нь түгээмэл байна. Вирусийн халдвар бактерийн халдвар хавсарч өндөр халуурдаг. Цаашлаад уушгины хатгалгаа болох юм бол асуудал хүндэрнэ. Насанд хүрсэн хүмүүс биеийн дархлаа сайн учир хүндрэх эрсдэл бага. Тиймээс бага насны хүүхдийнхээ дархлаа биеийн эсэргүүцлийг сайжруулах шаардлагатай байна.

-Томуугаар өвчилсөн хүүхдийн хүндрэл хэрхэн явагдаж байна. Цаашлаад уушгинд үлдэх хор хөнөөл нь юу вэ?

-Хүндрэл бол хатгалгаа. Амьсгалын дутагдалд нэгэнд орчихвол тархи гэмтэнэ. Түүнээс цаашлах юм бол тун аюултай хэмжээнд хүрнэ. Уушгины хатгалгаа үүсэж хүндрэх юм бол уушги сорвижих зэрэг асуудлууд гарч ирнэ. "А" хүрээний томуугийн вирусийн хүндрэл аюултай учраас хүүхдийн эмч нар вакцинжуулалт дээр онцгой анхаардаг.

-Томуугийн эсрэг вакциныг 30 хоногийн өмнө хийж байж дархлаа нь суудаг шүү дээ. Одоо хүүхдэдээ вакцин хийлгэх хүсэлтэй эцэг эхчүүд байх шиг байна?

-Вакциныг тухайн өвчин гарахаас урьдаж 30 хоногийн өмнө хийх ёстой. Хэрэв одоо вакциныг хийвэл ханиадны эхлэл болон, эд үе нь дууссан төгсгөл хэсэгтээ явж буй хүүхдэд хийж болно. Эсвэл ханиад огт хүрээгүй эрүүл хүүхдэд хийх боломжтой. Ханиадны халдвар авсан үед нь хийж болохгүй, хүндрэх эрсдэлтэй. Уушгины хатгалгаагаар өвдөх эрсдэлээс вакцин л хамгаална. Харин ханиад хүрэхээс нь хамгаалахгүй. Амьсгалын замын өвчин учраас вакцин хийлгэсэн ч ханиад хүрнэ. Гэхдээ вакцин хийлгэсэн хүүхэд томуугийн вирусийн эсрэг үзүүлэх биеийн эсэргүүцэл, дархлаа сайн байдаг учраас уушгины хатгалгаа хүрч хүндрэхгүй.

Халуунтай хүүдэд усан суурьтай, маш шингэн уух зүйлийг сайн өг

-Томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эхний ээлжид гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ?

-38.5 хэмээс дээш халуунтай хүүхдээ эмнэлэг рүү тээвэрлэх үед хугацаа их шаардагдаг тул, хүүхдийг хүндрүүлдэг. Тиймээс хүүхдийн эмч нар "эхлээд хүүхдийн биеийн халууныг 38 хэмээс доош буулга" гэж зөвлөдөг. Ингэхдээ өндөр халууралт буюу 38.5 хэмээс дээш халуурсан тохиолдолд эцэг эхчүүд хүүхдэдээ эм өгөх зэрэг халуун бууруулах арга хэмжээг авна. Харин өндөр халууралт биш буюу 36, 37 хэм байх юм бол халууныг бууруулах гэж яарах хэрэггүй. Зарим тохиолдолд бага зэргийн халуун нь хүний биеийн эсэргүүцлийг сайжруулдаг.

-Биеийн эсэргүүцэл сайжруулах халууралт болон хүндэрсэн хэлбэрийн халууралтыг хэрхэн ялгах вэ?

-Халууралт нь дотроо цагаан, улаан гэж хоёр төрөл байдаг. Улаан халуун нь нүүр хэсэг улаан, гар нь дулаахан, хөл нь дулаахан байх нь биеийн эсэргүүцлийг сайжруулах халууралт гэж үздэг. Энэ халууралт нь сайн зүйл байх нь. Харин царай нь цонхигор, гар хөл нь хүйтэн, арьс нь эрээн, чичирч даарч халуурах юм бол хоруу чанар ихтэй эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн үг. Бид нар биеийн халуун 38.5 хэмээс дээш байвал хамгийн түрүүнд халуун буулгах арга хэмжээ авахыг зөвлөж байгаа. Мөн парацетмолыг өгөх нь хамгийн зөв сонголт. Өөр эм өгч болохгүй. Халуун буурсны дараагаар харьяа дүүргийнхээ эмчид үзүүлнэ. Эмч үзээд "парацетмолыг хэдэн цагийн зайтай ямар хэмжээгээр өгөх болон өөр эм өгөх шаардлагатай" зэргийг нь шийднэ.

-Ханиад хүрсэн хүндрээгүй тохиолдолд гэрийн нөхцөлд хэрхэн асрах вэ?

-Хүүхдийг дулаан байлгах нь хамгийн чухал. Хүүхдийн биеийн халуун 36-38 хооронд байдаг. Хүүхэд даарахаараа өвчин тусаад байгаа гэж ойлгож болохгүй. Даарахаараа биеийн эсэргүүцэл сулраад байгаа гэсэн үг. Биеийн эсэргүүцэл сулрахаар ханиад хүрэх эрсдэл нэмэгдэнэ. Түүнчлэн хүүхдийг хангалттай хооллох хэрэгтэй. Мөн энгийн үедээ уудаг байсан шингэнийг хоёр дахин нэмэгдүүлж уулга. Томуугаар хүндэрч байгаа хүүхдүүдийн хэл нь "муурын хэл" шиг хуурай болчихсон байдаг. Вирусийн хорыг шингэн зүйл ууж байж гадагшлуулна. Уух зүйлсийг усан суурьтай маш шингэн, сүү тусаасан хярам зэргийг өгнө. Харин газтай ундаа, өтгөрүүлсэн жүүс зэргийг огт уулгаж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button