Тэс суманд орж ирсэн баавгайг Хан хэнтийн тусгай хамгаалалттай газарт шилжүүлжээ
Увс аймгийн Тэс суманд орж ирсэн хүрэн баавгайг тухайн сумын удирдлага, албан хаагчид, мэргэжлийн байгууллагууд тууштай 20 гаруй хоног ажиллаж амьдаар нь барьсан байна. Ажлын хэсэг нутгийн иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг шуурхай хүргэх, өдөр бүр эргүүл хяналт хийх, урхи буюу амьд баригч торыг тогтсон байршилд байрлуулах, хоол хүнсийг нь амьтны тогтмол ирж байгаа байршилд хүргэж тавих зэргээр ажилласан байна. Улмаар өнгөрсөн 11-р сарын 29-ний өдөр Тэс сумын төвийн дэргэд "Тооромт" хэмээх газар байршуулсан амьд баригч торонд хүрэн баавгай орсон байжээ.
Түүнчлэн 11-р сарын 30-ны өдөр ажлын хэсэг амьд баригчинд орсон баавгайг унтуулан, зарим төрлийн шинжилгээ авч, хэмжилт хийн, дата мэдээлэл цуглуулсан байна. Улмаар хүрэн баавгайг Хан хэнтийн тусгай хамгаалалттай газар нутагт шилжүүлжээ.
Тус баавгай нь өнгөрсөн 10-р сарын 22-ны өдөр Тэс сумын "Ханжит" багийн нутагт баавгай харсан талаар иргэний мэдээллийн дагуу Тэс сумын удирдлага, албан хаагчид, байгаль орчны тасаг болон Увс аймгийн Байгаль орчны газар, Зэрлэг амьтан хамгаалах Цэгц төв, Хилийн цэргийн 0311 дүгээр анги, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа зэрэг мэргэжлийн байгууллагууд ажлын хэсэг байгуулан ажилласан байна. Хүрэн баавгайг орж ирснийг тодруулж, авран хамгаалах ажлыг зохион байгуулж эхэлсэн аж.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.