Аялал жуулчлалын салбарынхан: Яам "Айлтгүй, хангалттай шатахуун бий гэсэн". Гэтэл 1.2 их наядын хохирол амсахдаа туллаа

Өнөөдөр Аялал жуулчлалын Мэргэжлийн холбоо болон тус салбарын бизнес эрхлэгч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
"Шатахууны хомсдлоос үүдэж аялал жуулчлалын салбарынхан 0 зогсолт хийхдээ тулж, энэ салбарын бизнес эрхлэгчдэд хүндхэн нөхцөл байдал тулгарч байна. Өнөөдөр 105 мянга орчим жуулчин дотоодын компаниудаар дамжуулан Монголд ирэхээр төлөвлөөд буй. Гэтэл эдгээр жуулчин зөвхөн Улаанбаатар хотод байрлахгүй, Монголын өнцөг булан бүр рүү аялах хүсэл эрмэлзэлтэй ирж байгаа. Гэтэл аймаг орон нутаг болон нийслэлийн хэмжээнд шатахууны хомсдлоос шалтгаалан дугаарлах нөхцөл байдал үүсэх нь жуулчдыг дараагийн маршрут, аяллаа цуцлахад хүргэх юм. Ойролцоогоор 15 мянган жолооч дээрх жуулчдад үйлчилнэ гэж тооцвол, жуулчид аяллаа цуцалснаар эдийн засгийн алдагдал хүлээхээс аргагүй болно.
6000 орчим тонн шатахуун аялал жуулчлалын салбарынханд шаардагдах учраас, тасалдуулахгүй байх тал дээр анхаарал тавьж өгөөч гэж салбар яаманд хандсан. Ингэхдээ бүр наадмын өмнө хандахад, "Айх аюулгүй. Хангалттай шатахуун нөөцөлсөн" гэж хэлсэн. Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан сайдад хандаж албан бичиг хүргүүлэхэд ямар ч хариу байхгүй. Бидний албан бичиг агаарт замхарсан юм шиг таг чиг.
Цаашид нөхцөл байдал ямар байх талаар бодитой мэдээллийг салбар яам, сайд нар нь мэдээлэл өгмөөр байна. 9,10-р сарын аялал яах вэ.
Дээрээс нь онгоцны шатахууны нөөц багассан гэдэг мэдээлэл байна. Ингэхээр Монгол руу нислэг ч байхгүй болчихвол аялал жуулчлалын салбарт дунджаар 1.2 их наяд төгрөгийн шууд хохирол учрахаар байна. Энэ салбараар орлого олж, ковидын дараагаас асар их хөрөнгө оруулалт хийсэн хувийн хэвшлүүдийн ажил яах болж байна вэ. Дайны нөхцөл байдлаас болж байна гэдэг хариулт л хэлээд байх юм. Аль 3-р сард эхэлсэн биз дээ. Гэтэл энэ үеэс мэдээлэл өг гэхэд "ямар ч асуудалгүй" гэсэн. Ерөөсөө бодит байдлыг үнэнээр нь хэлэхгүй байна. Хэрвээ бодит нөхцөл байдлаа үнэнээр нь хэлвэл бид ч бас ирэх жуулчдадаа нөхцөл байдлыг ойлгуулна. Монголын сонгоод ирснийх нь дараа та говьд ч юм уу явж байхад шатахуун чинь дуусч магадгүй шүү гэдэг эрсдэлтэй нөхцлөөр авчирч, амь нас, эрүүл мэндэд нь аюул учруулж болохгүй биз дээ" гэв.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.