Дата: Б.Пүрэвдагва шөнийн марафоноор ₮725 саяыг олох боломжийг нэг хүний 2 компанид олгожээ
9000 хүнийг шөнийн марафонд гүйлгэхийн тулд 1.6 сая хүн амтай Нийслэлийг тэг зогсоож, ₮725 саяыг олсон байна. Мэдээж холбогдох бүх зөвшөөрлийг хотоос өгсөн. Цааш хөвөрдвөл,
Сар хүрэхгүй хугацааны өмнө буюу |2026.08.31|-нд байгуулагдсан "Шөнийн марафон" ХХК, тасалбар борлуулсан Portal.mn |Энтертайнмент технологи адвенсмент портал|-ийг хоёуланг нь А.Цэрэнпунцаг гэх хүн удирддаг байна.
Марафонд оролцсон 9000 хүн гүйх зайнаас хамаарч 29, 79, 100 мянган төгрөгийг төлөв. Нийт орлого нь ₮725 сая. Зохион байгуулалтын зардлыг хасаж тооцвол цэвэр ашиг нь ₮270 сая орчим гэж тооцоолж болохоор.
#1
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестивалийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Шөнийн марафон” ХХК, Portal.mn хамтран Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулсан. Нийт 9 мянга орчим хүн оролцож байгаагаас 5 км-ийн зайд 1694, 10 км-ийн зайд 1794, 21 км-ийн зайд 5349 хүн тус тус бүртгүүлэн гүйв.
Марафонд оролцогчид зайнаас хамаарч,
- 5 км - ₮29000
- 10 км - ₮79000
- 21 км - ₮100000 төлжээ.
Тэгэхээр 5 км зайд гүйсэн оролцогчдоос ₮49,126,000, 10 км зайд гүйсэн оролцогчдоос ₮141,726,000, 21 км зайд гүйсэн оролцогчдоос ₮534,900,000-г бүртгэлийн хураамжаар цуглуулжээ. Нийт орлого нь ₮725,752,000. Эндээс футболк, цүнх, медаль, дугаар, тайз, зам хаалт, ус, хамгаалалт, эмнэлгийн үйлчилгээ, сурталчилгаа, ажиллах хүч зэрэг зардлуудыг гаргасан тухайгаа мэдээлжээ.
Үүнийг зах зээлийн ханшаар тооцоолж үзье.
Нэг оролцогчид зарцуулсан өртөг ₮33 мянга | Футболк ₮15000, цүнх ₮8000, медаль ₮7000, дугаар (bib) + чип ₮3000м -Нийт ₮297 сая
Тайз, дуу хөгжим, тоног төхөөрөмж ₮40 сая,
Ус, спортын ундаа (замын дагуу) ₮20 сая,
Хамгаалалт, эмнэлгийн үйлчилгээ, сурталчилгаа, ажиллах хүч ₮100 сая
Ингэж тооцоолоход нийт ₮457 сая болж байна. Нийт орлогоос нь хасаж тооцвол ₮268 саяыг нэг оройны арга хэмжээгээр олчихсон болж таарч байна.
Хотынхны зүгээс "Хувийн хэвшлийн санаачилсан үйл ажиллагааг бодлогын хувьд дэмжсэн ч төсвөөс ямар нэгэн зардал гаргаагүй, орлогын төвлөрөлдөө ч ашиг олохоор тусгаагүй" гэх тайлбарыг хийж буй.
#2

Дээр дурдсанчлан Шөнийн марафоныг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Шөнийн марафон” ХХК, Portal.mn хамтран зохион байгуулсан. Нээлттэй дата мэдээллээр нягталж үзвэл Хотын дарга Б.Пүрэвдагва А.Цэрэнпунцаг гэх хүнтэй гар нийлж, хоёр компанитай нь хамжиж марафон хийжээ.
Нэг. Сар хүрэхгүй хугацааны өмнө | 2026-08-31| үүсгэн байгуулагдсан “Шөнийн марафон” ХХК. Аюуш Цэрэнпунцаг гэх хүн удирддаг, мөн эцсийн өмчлөгч нь гэж бүртгүүлжээ. Үйл ажиллагааны чиглэл нь Соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах, Онлайн худалдаа, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Спорт зөвлөгөө өгөх, Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх.
Хоёр. Тасалбар борлуулсан Portal.mn |Энтертайнмент технологи адвенсмент портал компани|. Мөн л Аюуш Цэрэнпунцаг гэх хүний хамаарал бүхий, |2024-06-20|-нд үүсгэн байгуулагдсан компани аж. Нээлттэй мэдээллийн санд, Мултимедиа Энтертайнмэнт Платформ-ийн хувь эзэмшлийн, Аюуш Цэрэнпунцаг гэх хүн удирдах албан тушаалтан гэх бүртгэлтэй байна. Харин эцсийн өмчлөгч нь Баянсан Адъяа. Үйл ажиллагааны чиглэл нь "төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, зар, сурталчилгааны ажил, онлайн худалдаа" гэжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шинэ захирагч маань их л яаравчлан “хоолондоо” орж байгаа залуу байна. Хотыг ч амархан “хуурайлж” дуусан нь ээ?