Гал түймрийн 63 хувь нь иргэдийн санамсар, болгоомжгүй байдлаас үүсжээ

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн галлагааны аюулгүй байдлыг хангуулах, гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрсдэлийг бууруулъя- Аюулгүй байдлыг хангая” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ. Тус арга хэмжээ арваннэгдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж.
Өнгөрсөн 2025 онд Улаанбаатар хотод 2,500 орчим гал түймрийн хэрэг бүртгэгджээ. Шалтгааныг авч үзвэл урьдчилан сэргийлэх боломжтой буюу 27% нь цахилгааны монтажаас, 63% нь иргэдийн санамсар, болгоомжгүй байдлаас гал түймэр гарсан. 10 гал түймэр тутмын ес нь иргэн, ААН, байгууллагууд цахилгааны аюулгүй байдлаа хангачихвал гал түймэр гарахгүй байх боломжтой байна.
Энэ жилийн галлагааны улиралд 5000 өрхийн 20 мянга орчим иргэн газан хийн халаагуурт шилжиж байгаа учраас илүү их сонор сэрэмжтэй, болгоомжтой байх шаардлага тулгарч байгаа аж.
Сүүлийн өдрүүдэд хогийн цэгт гал түймэр гарах нь ихсэж байна. Тамхины ишээ унтраахгүй хаях, цогтой үнс, нурмаа ил задгай газар хаях зэрэг шалтгаанаас гал түймэр гарч байна. Цахилгааны аюулгүй байдлыг хангах тухайд нэг залгуурт олон зүйл залгахгүй байх, цахилгаан халаагуур хэрэглэхдээ хэт ачаалал үүсгэхгүй байхыг холбогдох албаныхан анхааруулж байна.
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд суурилуулсан бөгөөд алслагдсан Багахангай, Багануур, Налайх дүүрэг багтжээ.
Өндрийн камер нь хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар галын дөл, утааг алсын зайнаас бодит цагийн горимоор илрүүлж, 10 километр хүртэлх радиуст гал түймрийн аюулыг мэдрэх боломжтой байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.