Судлаачдын байр суурь | Баавгай элбэгшсэн нь гэнэт өнөөдөр гараад ирсэн асуудал биш
Биологич, экологич, агнуур зүйч С.Пүрэвдорж, биологич, амьтан судлаач Д.Энхбилэг, биологич, амьтан судлаач, сурган хүмүүжүүлэгч Х.Тунгалагтуяа нар бидний урилгыг хүлээн авч манай редакцаар зочлон сүүлийн үед олноор үзэгдэж, амьтан хүн айлгаж ичээх болсон хүрэн баавгайн тухай шинжлэх ухааны баримт бүхий дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хууч яриа дэлгэн, болзошгүй эрсдэлийг сануулж, баавгайн аюулаас зайлхийх арга замыг ч хэлж сануулав.
-Манай завгүй хотод цаг зав гарган бидэнтэй ярилцаж буй та бүхэнд их баярлалаа. Та бүхэн өөрсдийгөө танилцуулахгүй юү?
С.Пүрэвдорж: -Би биологич, экологич, агнуур зүйч. Амьдралаа ер нь хээр л өнгөрөөсөн хүн дээ. 50 жил би говь, тал хээрээр явсан. Би бас улсын тэргүүний анчин хүн. Гэхдээ өөрийн сонирхлоор бус. Хавтгай өсгөх гэж л анчин болсон түүхтэй. Тухайн үед Алтайн өвөр говийн баянбүрдүүд чонын дарамтанд орчихсон байсан. Чоно элбэг тохиолдох зүйл, хавтгай нэн ховор зүйл амьтан шүү дээ. Хавтгайн ботго чононд хамгийн өртөмхий, хавтгай өөрөө ч биеэ хамгаалах чадвар муутай амьтан. Тэгээд л хавтгайг хамгаалж би чоно агнаж, бэлтрэг суйлж яваад анчин болох замналаа эхэлсэн дээ. Дараа нь бол агнасаан агнасан. Чонотой нэлээд хөөцөлдсөн, судалсан. Тэгж яваад чонондоо хайртай болчихдог юм билээ. Чоныг би одоо хамгийн их хүндэтгэж явдаг. Чоно судалсан, чоно дагасан, чонотой хөөцөлдсөн хүн наад зах нь л эрт босдог, их сэргэлэн цовоо тийм болчихдог юм даа. Одоо бол би чонотой гүнзгий найз. Ер нь ан амьтны төрөл зүйлүүдэд гүнзгийрч орохын хирээр юм юм л болдог доо, хүн ер нь. Амьдрал ахуйд ч их нөлөөлдөг. Их тэнэмхий, юмыг ажихдаа сайн, соргог болдог. Чоно бол судлахад бэрх амьтан. Биднээс өмнө биднийг мэдчихдэг, байгалийн агуу их чадвартай амьтан. Би 80-аад онд Софийн их сургуулийн Биологийн факультетэд сурч байхдаа экологийн бүрэн курс дүүргэсэн. МУИС-ийг агнуур зүйч, биологийн багш мэргэжлээр төгссөн.
Хавтгай өсгөх гэж л анчин болсон түүхтэй
-Нэгэнт чонын тухай ярьсных, өнгөрсөн хоёр жил зарим аймгуудад зохион байгуулалттай явагдсан чоныг компаничилсан ангийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
С.Пүрэвдорж: - Агналт бол заавал судалгаанд үндэслэгдэх ёстой. Манайх бол нийгмээрээ шуугиж байгаад л хийдэг болж. Малчид бол шуугихаас өөр арга байхгүй л дээ. Малын ганц дайсан гэж үзээд. Гэхдээ судалгаа дутуу хийснээс болоод нийтлэг хоморголсон юм хийгээд байдаг. Жишээ нь, зээрийн цагаан чоно бол сөнөх хэмжээнд оччихсон. Бид хамгаалах гээд чадахгүй байна.

Тэр тансаг, гоё, хурдан шаламгай, зээрээр хооллодог чононуудыг тал дээр машинаар хөөж алсаар байгаад ясан овоо хүртэл бий болсон байсан, Дорнод, Сүхбаатар, Хэнтийн тал нутагт. Харин Хангай болон Алтайд чонын тоо толгой өссөн. Хангай хөвчийн чоно бол мал бүү хэл хүн барьж идэхээр болсон, барьж идэж ч байсан. Сэлэнгэд тээр жил галт тэрэгнээс буугаад явж байсан жирэмсэн эмэгтэйг чоно барьсан тохиолдол бий. Хэвлий дэх хүүхдийг бүтнээр нь гаргаад тавьчихсан, огт хөндөөгүй байсан гэдэг. Их нандин амьтан шүү дээ, чоно гэдэг чинь. Тэгэхээр манайд зэрлэг амьтны тоо толгойн судалгаа дутаад байна. Хаана, ямар хэмжээнд байна вэ? Хамгаалах гэж буй газар олон байна. Гэвч чоно нь байхгүй болчихсон. Задгай тал нутагт захын хүн чоно харахтайгаа зэрэг л хийморьтойгоо таарлаа гээд машинаар, жийптэй хөөгөөд л, буудаад буудаад унагаачихдаг. Тэгсэн атлаа хөвчийн хорь, гучаараа явж буй чоныг яаж ч чаддаггүй. Хэн ч тэнд хүрч агнаж чаддаггүй. Нарийн тоо толгой, амьдрах орчин, амьдралын нөхцөлийг нь тогтоосон судалгаа л дутаад байна даа. Энэ хэд маань бүгдээрээ л биологич, Тунгаа бол насаараа чоно судалсан ганц эмэгтэй биологич өөр олон зүйл хэлэх байх аа.
-Чоно судлаач ганц эмэгтэй биологич гэснээс салбартаа “Чонын Тунгаа” нэрээрээ танигдсан та өөрийгөө бас танилуулахгүй юу?
Х.Тунгалагтуяа: -Би амьтан судлаач, биологич, бас олон нийтэд байгаль орчны боловсрол олгодог сурган хүмүүжүүлэгч хүн. 1994 онд МУИС-ийн биологийн ангийг төгссөн. Төгсөнгүүтээ тахь сэргээн нутагшуулж буй Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд зэрлэг амьтны биологич болсон. Тэр үед тахь адуу Европ тивээс эх орондоо эргэж ирээд удаагүй байлаа. Амьтны хүрээлэнгээс ирсэн тахиуд чононоос сүргээ хамгаалах зөн суугаагүй, унага, даага, сарваагаа яаж хамгаалах талаар ямар ч туршлагаггүй байсан л даа. Эхний хэдэн жил олон унага даага чононд бариулсан. Тиймээс захиргаанаас намайг очингуут чоно судлах, ялангуяа чоно дан гэрийн малаар хооллодог уу, эсхүл зэрлэг амьтнаар хооллодог уу, ер нь тахь чоно хоёрын харилцааг тодорхой болгох үүрэг даалгавар өгсөн. Тэгэж анх Хустайн нуруунд чоно судалж эхэлсэн. Тэндээ зургаан жил ажилласан. Тэндээсээ явсан ч Богд уул, Хэнтий, Өмнөговь, Говь гурван сайхны байгалийн цогцолборт газарт чоныг судалгаагаа хийсээр л байсан. Тэгээд л салбартаа “Чонын Тунгаа” нэр авсан байх даа (инээв).
-За одоо Энхбилэг та өөрийгөө танилцуулна уу.
Д.Энхбилэг: -Би ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, биологич, амьтан судлаач хүн. МУИС-ийн биологийн факультетийг 1997 онд төгсөөд Өмнөговь аймагт “илгээлтээр” очиж ажиллаж байлаа. Тэр цагаас хойш тасралтгүй энэ мэргэжлээрээ ажиллаж байна. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор мэргэжлийн хүмүүсийг энд урьж авчраад олон нийтэд зориулан ярилцлага хийж буй Эгүүр сайтын хамт олонд талархал илэрхийлье, нэгдүгээрт. Хоёрдугаарт, манай ард иргэд энд тэнд баавгай харангуутаа зураг аваад, нийгмийн сүлжээнд тавиад, түүн дээр нь хүмүүс эерэг, сөрөг янз бүрийн коммент бичиж байна. Энэ бол манай монголчууд байгалийн төлөө санаа зовж буй илрэл гэж харж байна. Энэ бол сайн чанар. Нөгөө талаас энэ бол шинжлэх ухаанд маш чухал мэдээллийн эх үүсвэр, бүртгэл болох ач холбогдолтой.
Гуравдугаарт, манай хоёр өөрсдийгөө маш даруухан танилцууллаа. Би давхар танилцуулах нь зүйтэй байх. Пүүжээ ах бол тухайн үедээ Монгол улсаас анх удаа экологич мэргэжлээр Болгар улсад суралцаж төгссөн, жинхэнэ байгаль дээр энэ мэргэжлээ бататгаж, агнуур зүйч мэргэжилтэй хоршуулсан жинхэнэ мэргэжилтэн хүн. Мөн Монгол улсын хамгийн том нутаг дэвсгэр бүхий тусгай хамгаалалттай газар Говийн ДЦГ-т олон жил ажилласан. Хавтгай, мазаалай тэргүүтэй Алтайн өвөр говийн эмзэг сайхан амьтдын талаарх энэ хүний мэдлэг, туршлага яндашгүй бөгөөд энэ хүний амьдралын түүх тэр чигтээ Их говь нутагтай холбоотой. Түүнчлэн манай дэлхийн хамгийн анхны тусгай хамгаалалттай газар гэгддэг Богд Хан Уулын ДЦГ-ын даргаар олон жил ажилласан, Хан уулын талаар өргөн мэдлэгтэй.
Тунгаа эгч бол Монголд анх удаа чонын идэш тэжээлийг задалж судалсан судлаач бөгөөд дараагийн судлаачдад жишиж харьцуулах эталон бий болгож өгсөн ачтай хүн. Энэ ташрамд нэгэн хөгжилтэй түүх сонирхуулахад 90-ээд оны дундуур үед шар сонинд “Чонотой нөхцсөн бүсгүй” гэж аймаар нэртэй нийтлэл гарлаа. Хүмүүс бужигнаад л тэр сонинг авч уншаад байсан чинь Тунгаа эгчийн ярилцлага байж билээ. Ажлынх нь тухай яриа авсан ч амьтны анхаарал татах гээд сонин нь тэгээд нэрлэчихсэн байж. Үнэндээ чоно судална гэдэг бол чанга ажил, өөрөө яг чоно шиг болж байж л хийдэг. Яг л тэгэж баймаажин чоныг судалсан хүн бол манай эмэгтэй биологичдоос Тунгаа эгч маань юм. Ийм бахдам сайхан хүмүүстэй эн зэрэгцэн сууж ярилцлага өгч буйдаа их баяртай байна.
Х.Тунгалагтуяа: -Чоно шиг эртэч болдог гээд ярьсан шүү дээ, түрүүнд. Нээрээ л бидний ажил шөнийн гурван цагаас эхэлдэг байсан.
Д.Энхбилэг: -Чоно бол нуугдмал, анир чимээ гаргалгүй явдаг. Хүний нүдэнд үзэгдэх нь бага, эрэмгий дайчин, айхавтар ухаантай тэр махчин амьтныг олж үзнэ гэдэг нь ховор, хэцүү учраас л хийморьтой холбож үздэг.
Чоно судална гэдэг бол яг чоно шиг болж байж л хийдэг ажил
-Манайд чоно судалдаг судлаачид цөөн боловч бий юм байна. Харин өнөөдөр дуулиан шуугиан тариад буй баавгайг судалж буй судлаач байна уу? Ялангуяа баавгайн идэш тэжээлийг судалдаг судлаач бий юу? Ер нь баавгай гэдэг ямар онцлогтой амьтан бэ?
Д.Энхбилэг: - Манай улсад баавгай судалдаг мэргэжлийн судлаач яг одоогоор алга байна. Ер нь амьтан судлаачид маань их цөөхөн л дөө. ШУА-ийн Биологийн хүрээлэн өөрийн зорилго, ажил үүргийн хүрээнд баавгайн судалгаа өмнө нь хийж байсан. Манай хүрээлэнгийн Хөхтөний экологийн лаборатороос 1986 онд тухайн үеийн засгийн газарт баавгайн тоо толгойг гаргаж өгсөн байдаг. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй, тодорхой газар нутагт агнуур зүйн арга зүйн дагуу судалгаа хийж нягтлаж гаргасан тоо юм. Монгол улсад одоогоор 140 гаруй зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэн байна. Үүний 60 хувь нь мэрэгчид амьтан, харин 23 зүйл нь мах идэшт амьтан. Тэрхүү мах идэшт амьтдын хамгийн том нь хүрэн баавгай юм. Дэлхий дээр 8 зүйл баавгай бий. Энэ найман зүйлээс Монгол улсад нэг зүйлийн баавгай бүртгэгдсэн нь хүрэн баавгай юм. Шинжлэх ухаанд амьтдыг юугаар нь мах идэшт гэдэг вэ гэхээр махчин шүд буюу араа шүдтэй нь холбож тэгэж нэрлэдэг. Тэр араагаараа барьсан амьтнаа тасчиж зулгааж иддэг. Ийм араатай бүх амьтдыг махчин амьтан гэж гэнэ.
С.Пүрэвдорж: - Амандаа аймаар хурц зэвсэгтэй гэсэн үг.
Д.Энхбилэг: -Баавгай элдэв идэшт амьтан гэж хэлдэг. Тийм ээ, тухайн зүйл баавгай дэлхийн бөмбөрцөгийн хаана тархаж буйгаасаа хамаарч идэш тэжээлийнх нь 6-90 хувийг мах эзэлдэг. Манай улсад тархсан баавгайн хувьд идэш тэжээлийнх нь 60 хүртэлх хувийг ургамал. Гэхдээ яг өдийд, ичихээсээ өмнө өөхөн давхрагаа хангалттай хуримтлуулахын тулд мах иддэг. Ийм үедээ буга, гэрийн мал барьсан тохиолдол бүртгэгдэж байсан. Жимс их иддэг гэдэг. Намрын улиралд самар идэш тэжээлийнх нь 20 хүртэлх хувийг эзэлдэг.
Манайд улсад шинжлэх ухаанд бүртгэгдсэн ойн хүрэн баавгай, мазаалай баавгай гэдэг хоёр баавгай бий. Говийн баавгай мазаалайн ангилал зүйн асуудал одоо хир нь эрдэмтэдийн дунд яригдаж байна. Албан ёсны шинжлэх ухааны бичиглэлээр бол манай оронд хоёр зүйл баавгай байна. Нэг нь говь цөлийн мазаалай, нөгөө нь манай орны ойтой хэсэгт Хөвсгөл, Хэнтий орчмын умард нутгаар тархан амьдарч байна.

Хамгийн анх 1954 онд Монгол орны баавгайн тархацыг Оросын эрдэмтэн Банников зурагласан байдаг. Тэр эрдэмтэний араас миний аав, доктор, профессор С.Дуламцэрэн 1970 онд өөрийн боловсруулсан тодорхойлох бичигт баавгайн тархацыг зурагласан байдаг. Үүний дараа Оросын эрдэмтэд 1980 онд зурагласан байна. Хамгийн сүүлд манай Үндэсний Атласт хүрэн баавгайн тархацын зургийг хэвлэсэн байдаг. Энэ бүх зураглалуудыг нийлүүлээд харвал энэ шараар тэмдэглэсэн хэсэг бол хүрэн баавгайн тархац нутаг нутаг юм. Нийт талбайн хэмжээ нь 240 орчим км.кв байжээ. Одоо бол багассан, Хөвсгөл, Хэнтий, Булган аймгийн хойгуур байна. Сая үүссэн нөхцөл байдлыг олон нийтийн сошиалд оруулж буй мэдээлэлд үндэслэн 2026 онд бүртгэгдсэн баавгайн байршлыг мөн энэ зурагт тэмдэглэсэн. Мөн 1988 болон 2019 онд тохиолдсон баавгайн өлсгөлөнгийн үеийн тархацыг зурагласан. Ингээд харахад манай орны хүрэн баавгай ойтой бүс нутагт, хамгийн багадаа 70 000 орчим км.кв талбайд одоогоор тархсан байна.
-Зан төрхийн хувьд баавгай ер нь ямар амьтан бэ. Кинонд, ялангуяа хүүхэлдэйн кинон дээр баавгай ихэвчлэн номхон дөлгөөн, эерэг талын баатраар дүрслэгдсэн байдаг. Яг үнэндээ баавгай тийм үү?
Х.Тунгалагтуяа: - Манайхан бол “Маша, баавгай хоёр” гэж хүүхэлдэйн киногоор баавгайн маш сайн мэднэ. Баавгайг ухаалаг, тайван, хөөрхөн байдлаар өгүүлсэн домог, үлгэр, өгүүллэг их бий л дээ. Ер нь бол араатан амьтан шүү дээ. Юмыг яаж мэдэх вэ, одооны хүүхэд залуус ойд явж байгаад бамбарууштай таарвал илэх гэж, тэврэх гэж ойртож магад шүү. Хөдөө явж байгаад бамбарууштай таараад хоол хүнс өгөх гэж, эвийлж хөөрхийлөх гэж ойртвол эх баавгай хаа нэгтэйгээс гарч ирээд үр төлөө хамгаалах зөнгөөр шууд тасар татна. Үүнийг ард иргэдэд зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Байгаль орчны боловсрол гэдэг маш чухал. Хүүхдүүдэд бага наснаас нь байгаль, зэрлэг амьтдын тухай бодит мэдлэг олгох хэрэгтэй. Одоо бол манай хүүхдүүд үлгэр, хүүхэлдэйн киноны төсөөллөөр яваад байна. Бамбарууш бол мэдээж хүн руу дайрахгүй, харин цаана нь эх нь гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй.
С.Пүрэвдорж: -Хөвчийн том анчид ярьдаг байхгүй юу. Баавгай яах вэ, шүдлэн баавгай хэцүү гэж. Эхийгээ өмөөрнө гэж жигтэйхэн. Эхийг нь буудчихвал шүдлэн баавгай бол давхиж ирээд сүйд хийнэ шүү. Бамбрууштай эх баавгай бол их догшин, бамбруушаа маш их харамладаг.
-Шүдлэн гэж хэдэн настай баавгай вэ?
-Хоёр настай баавгайг хэлж байгаа юм, нэлээд бяр тэнхээ суучихсан. Ихэвчлэн хоёр хоёроороо байдаг. Би баавгайн анд нилээд явж байсан л даа. Агнахад их хэцүү амьтан. Дуртай хүн агнадаг ан биш. Манай нэг анчин баавгайд бариулаад бурхан болж байсан. Хашир анчид хүртэл баавгайн зан төрх хэцүү гэдэг юм. Таарвал өөрөөсөө айсан, зугтаасан хүнийг андахгүй. Маш мэдрэмжтэй. Ер нь араатан амьтны мэдрэмж өндөр хөгжсөн байдаг.
Д.Энхбилэг: -Араатан амьтан өөрөөсөө зугтаж буй амьтныг миний иддэг амьтан гэж хардаг. Монголчууд хэлдэг шүү дээ, нохой боргоод давхиад ирвэл доошоо суу гээд. Тэгээд тулчихаар зог тусаж энэ миний иддэг амьтан мөн үү гэсэн араншинт төлөв үүсдэг байх нь. Араатан амьтнаас зугтвал тэгээд гүйцээ. 2018-2023 оны хооронд Европт, Оросыг хамруулан хийсэн судалгаагаар 300 гаруй баавгай тохиолдсоны дийлэнх нь бамбрууштай баавгай байжээ. Хамгийн их довтолгоонд өртсөн нь мөн л бамбрууштай баавгай. Эндээс юу харагдаж байна гэхээр үр төлөө хамгаалах гэсэн эх амьтны зөнгөөр баавгай хүн руу шууд дайрч буудуулсан байна. Араатан амьтантай хэрхэн харилцах талаар гадныхан хүүхдүүддээ багаас нь зааж сургадаг. Жишээ нь намар болгон 10-11 сард Хойд Америкийн Аляскат Fat Bear гэдэг компанит ажил баавгайг ичтэл нь өрнүүлдэг. Мөн үеэр баавгай үзэгдвэл зургийг нь аваад толгой байгууллагат илгээдэг. Хамгийн бүдүүн тарган баавгайн зургийг шалгаруулдаг байна. Уран сайхны болон хүүхэлдэйн киногоор амьтныг төсөөлөх нь та өөрийгөө шууд эрсдэлд хийж буй үйлдэл юм.
С.Пүрэвдорж: -Баавгайтай шууд харилцах буруу.
Д.Энхбилэг: -Дийлэнх баавгай ихэр бамбрууш төрүүлдэг. Хүрэн баавгайн популяцид ихэр бамбрууштай эвшийн эзлэх хувь 55 буюу дийлэнх олонхийг эзэлдэг. Хүйсийн харьцаа нь 1:1 буюу 100 эвшид 1.25 шармаахай ноогдоно. Өөрөөр хэлбэл 50 эвшний цаана 50 шармаахай байх нь ээ. Гэхдээ эр баавгайнууд тэмцэлддэг учраас арай их байдаг байх нь.
-Мазаалайн хувьд хүйсийн харьцаа ямар байдаг вэ?
С.Пүрэвдорж: -Ер нь ялгаагүй дээ. Маш дөхүү байдаг. Мазаалай бол говь цөлийн тусгаарлагдсан, хязгаарлагдмал орчинд, яг таг тоотой оршдог амьтан. Манай Тулгат гэж биологич нилээд олон жил судалсан. Ороо хөөцөөний үед тэмцэл их явагддаг. Хоёр эр мазаалай тулалдаад нэгнээ тасчаад хаячихсан нэг тохиолдол бүртгэгдсэн. Ер нь ороо хөөцөөний үедээ ямар ч амьтан ширүүн дориун болж, амьдралын төлөөх тэмцэл өрнөж буй нь тод томруун харагддаг. Анчин хүн бол тэр үзэгдлийг маш сайн мэдэж, мэдэрч байдаг. Жишээ нь намар буга шуугиад л, тэмцэл их ширүүн болдог. Ганцаараа үлдчихсэн бугын дуудлага аймаар, орилоод л энд тэнд яваад байна. Сүрэгтэй болчихоороо таг чиг болоод л, нэг уулын мухарт ороод нам болчихдог. Буга орилоод л байвал ижилээ хайгаад л явна гэсэн үг.
-Сүүлийн үед баавгай суурин газар үзэгдэх нь их боллоо гэж сошиалаар нэг шуугиж байна. Үүний үндсэн шалтгаан нь юу гэж та бүхэн үзэж байна вэ?
С.Пүрэвдорж: -Амьдрах орчин, хэвийн таатай нөхцөл нь алдагдсан, зөрчигдсөн учраас л ийм байдал үүсдэг. Олон хүчин зүйлээс үүддэг ч бараг 90 хувь нь идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалдаг. Мөн тоо толгой олширсон байж болно. Ер нь л тухайн амьтны хэвийн амьдрах нөхцөл ямар нэг хэлбэрээр өөрчлөгдсөний улмаас ийм асуудал үүсдэг. Зарим нутагт ийм үзэгдлийг баавгай “цагаална” гэдэг, зарим газар “хорхойтно” гэж ярьдаг. “Хорхойтно” гэдгийг дээр үеийн анчдын тайлбарласнаар намар ичих дөхөөд ирэх үест баавгай ичих нөхцөлөө бүрдүүлэх тарга тэвээрэг авах гэж идэш тэжээлд их шунанги болж буй үзэгдэл юм. Одоо бол тэр нь бүрдэхгүй байхгүй юу, хоол тэжээл нь дутмагшаад.
Манайх шиг дөрвөн улиралтай, сэрүүн бүсийн оронд маш олон амьтан өвлийг ичээнд өнгөрүүлдэг. Биеийн гадар болон дотор өөх хуримтлуулж, хангалттай таргалж аваад, дулаан үүр ноохойд ороод идэр есын тэсгим хүйтнийг ичиж өнгөрүүлдэг. Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд ичих бол тэр амьтдын хувьд байгаль цаг уурын гарцаагүй нөхцөл юм. Тарга тэвээрэг хангалттай авч ичсэн амьтны зүрхний цохилт сонсогдох төдий, хагас амьсгаатай, бараг үхсэн мэт болж өвлийг өнгөрүүлдэг. Энэ хугацаанд гадар өөх нь нүүрс хүчил болон задарч биеэн тэжээж байдаг. Тэр нөхцөл нь бүрдэхгүй байвал баавгай “цагаалж” хоол хайж хол явна. Их давхина. Одоо үзэгдэж буй нь нүсэр том бус багавтархан шиг, бамбруушаа дагуулчихсан баавгай голдуу харагдах юм. Энэ нь тэнд мөн идэш тэжээлийн тэмцэл явагджээ гэсэн үг.
Х.Тунгалагтуяа: -Яг ичихийн өмнө л ийм үзэгдэл болоод байна. Би саяхан хөдөө ажлаар яваад ирлээ. Тэнд хоёр бамбрууш “баригдаад” иржээ. Торонд хийчихсэн байна. Өнөө маргаашгүй суллаж тавина л гэнэ. Дахиад гурван бамбрууш араас нь “ачигдаад” ирж яваа гэнэ. Зочид ирж байгаа юм шиг хүлээж аваад л, үдэж явуулаад л.(хөхрөлдөв). Ингэж болохгүй л дээ. Манайханд байгаль орчны боловсрол гээч юм үнэхээр хэрэгтэй байна аа. Тэр бамбруушыг барьж авчирсан улс үнэндээ эх үр хоёрыг салгачихснаа мэдэхгүй байна. Зэрлэг амьтан зэрлэг байгальд үрээсээ төөрнө гэж хэзээ ч үгүй, баримжаагаа алдах ч үгүй. Хүн биш шүү дээ, тэд чинь. Хүн гээч амьтан бол хотжоод, соёлжиж иргэншээд, суурин амьдралтай болчихсон учраас төөрнө.

Эх баавгай хоёр бамбаруушаа хаячихаад төөрдөг юм гэж байхгүй. Машин мотоциклтой баахан хүн хүрээд очихтой зэрэг мөр буруулах гээд явсан байх магадлалтай. Манайхан яах вэ дээ, бие биенээсээ өрсөөд л зураг дарж сошиалд тавих гээд зэрлэг амьтан руу хамаагүй давхиж очоод үр төлийг нь авчихдаг. Дээх нь үед бугын илийг айл авч тэжээгээд Борхүү гээд нэрлэчихсэн байсан. Сэтгүүлчид очиж сурвалжлаад л, зурагтаар сурталчилаад л, бараг л “баатар айл” болох шахсан. Гэтэл бодит байдал дээр бол эсрэгээрээ, тэр айл бол эх үр хоёрыг салгасан “нүгэлтэн” болчихож байгаа юм. Тэр бол их том нүгэл шүү. Хүмүүст хэзээ ч зэрлэг амьтны үр төлийг авч болохгүй гэдгийг ой тойнд нь ортол ойлгуулмаар байна.
С.Пүрэвдорж: -Ойн түймэр, самрын гарц бас нөлөөлдөг. Хушны самар таван жилд нэг удаа их ургац өгдөг. Зарим жил байгалиасаа ургалт нь их мууддаг. Сайн гарсан жил уулын ам болгонд машинтай хүмүүс очиж отголоод түүгээд авчих нь бий. Энэ бүхэн баавгайн идэш тэжээлд нөлөөлөөд буй хэрэг л дээ. Одоо энэ болж буй үзэгдлийг зөвхөн тэрнээс, энэнээс болчлоо гэж хэлэхэд хэцүү. Олон юм давхцсан байж магад. Тал талын дүгнэлт судалгаа хэрэгтэй л дээ.
Х.Тунгалагтуяа: -Судалгаа маш чухал болчихоод байна. Бидний үзэж буйгаар хоол тэжээлийн хомсдол, амьдрах орчны хомсдол, түймэр зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн байж болно. Гэхдээ яагаад ой хөвчөөс тал хээрийн бүс руу олноороо бууж ирээд байгаа нь сонин. Яагаад ойгоос гарч тэнүүчлэх болов? Судлах л хэрэгтэй байна.
-Биологийн хүрээлэнгийн Хөхтөн судлалын лаборатороос энэ талаар судалгаа эхлүүлсэн үү? Зам дагуу баавгай гүйж яваа иргэний бичлэг сошиалаар явж буй харагдсан тэр хаанаас бууж ирэв? Богд уулнаас уу?
Д.Энхбилэг: -Богд хан уул бол 1920-иод онд баавгай, хандгайтай байсан нь Оросын эрдэмтэдийн тэмдэглэлд бичигдэн үлдсэн байдаг. Хэнтийн нурууны хамгийн баруун өмнөд хязгаар ар, өвөргүй битүү ойтой, ан амьтантай ноёлог сайхан уул олны анхаарлын төвд байсан. Хүний сууршлаас болоод одоо бол баавгай алга болсон. Ер нь бид яагаад 1986 оноос хойш баавгайн тоогүй сууж байна вэ? Түүнээс хойш нийгэм шилжлээ, хүн болгон зах зээл руу орлоо. Шилжилтийн эхэн үед баавгай ч ихээр агнагдсан. Тоо толгой нь буурсан. Тэгээд засгийн газраас хамгаалж эхэлсэн. Хамгааллын арга хэмжээний үр дүн бас харагдаж буйн нэг илрэл нь энэ үзэгдэл байж болно. Манай хүрээлэнгээс өнгөрсөн жилүүдэд баавгайн судалгаа хийгдээгүй. Алаг цоог, хэсэгчилсэн судалгаа бол бий. Одоо харин энэ баавгай хээрээр гүйлдээд буй үзэгдлийг ажиглахад нийтдээ 240 орчим баавгай бүртгэгдсэн байна. Бичлэг зургаас харахад 60-70 орчим хувь нь залуу бодгаль байна. Хамгийн дээд тал нь 4 орчим настай болов уу гэмээр.
Хамгийн сүүлд Туулын Хар усан тохойд харагдсан нь л арай томдуу баавгай санагдсан. Энэ үзэгдэл дараах үндсэн шалтгаантай байж болно. Эх баавгай ихэвчлэн 2-3 бамбарууш төрүүлж эхний хоёр жил хамт байгаад гурван нас хүрмэгц нь “одоо чи ингээд тусдаа гар” гээд хөөж явуулдаг. Шармаахай өөрийн төл биш бамбруушийг хөнөөдөг. Эвш шинэ “хамтрагчаасаа” үр төлөө хамгаалахын тулд зодолдож ноцолдоход зарим залуу баавгай зугтаасан байж болно. Үүнийг бүл салах үйл явц гэнэ.
Өөр нэг шалтгаан нь эзэмшил нутгийн зөрчилдөөн байж болно. Бие гүйцсэн том баавгайнууд жимс гарсан багахан газрыг эзэмшчихээр амьтан барих туршлагаггүй, голдуу жимс, самар иддэг залуу баавгай өлсөөд ирсэн байж болно. Тэдний иддэг самар, жимсийг бид яадаг билээ дээ. Ингээд жимс, самаргүй ойгоос залуу баавгай гарч гүйлдэж эхэлнэ. Нэгэнт тэгээд ойгоос тал газар гарчихаар тогтох орон зайгүй болж зүг чиггүй гүйчихдэг. Ичээндээ орох гээд байдаг, өөхөн тарга бүрэн аваагүй байдаг. Сэг зэм, хог хаягдал гээд аль таарснаа идэж эхэлдэг. Голдуу энэ шалтгаануудын улмаас залуу баавгайнууд ойгоос гарч гүйлдэж байна гэж үзэж байна. Ингээд нэгтгээд харахаар баавгайг “хорхойссон” гэхээргүй байна. 2022-2024 онд манай лаборатороос нийслэл орчимд автомат камер байршуулж судалгаа хийсэн. Тус судалгаагаар Сэлбийн хиймэл нуурын цаахна талд болон Улиастайн голын эхэнд бамбрууштай эвш хэд хэдэн удаа бүртгэгдсэн. Энэ бол хамгааллын ажлын үр дүнд баавгай түүхэн тархац нутагтаа түрж орж ирж буйн дохио юм. Тухайн үед нь бид баавгайтай таарч болзошгүй газруудыг зураглаад, нийслэлийн байгаль орчны газрын сошиал шугмаар ард олонд сэрэмжлүүлж байсан. Тэгэхээр энэ баавгайн үзэгдэл бол гэв гэнэт өнөөдөр гараад ирсэн асуудал биш юм. Ер нь бол ийм байдал үүсэх нь тодорхой байсан. Одоо голдуу ичих учраа олохгүй залуу баавгайнууд гүйлдээд байна.
-Баавгай яг хэдэн сард ичиж гүйцдэг вэ?
С.Пүрэвдорж: - Хамгийн сүүлийн баавгай 11 сарын 10 гэхэд л ичээндээ орсон байдаг.
-Тэгэхээр одоо бас хэсэг хугацаа байгаа юм байна?
Д.Энхбилэг: -Нэг хэсэг яриатай л байна байх. 1980аад оны баавгайн өлсгөлөнгөөр 10 том баавгай хамт тэнэж явсаар тал үүр ноохой засаж ичсэн, тал нь яасныг мэдэхгүй гэж тэмдэглэсэн байдаг. Одоо энэ тэнээд яваа, ичих учраа олохгүй 3-4 настай баавгайнууд 11 сарын дунд гэхэд ичилгүй түйвээгээд яваад байж магад байна.
С.Пүрэвдорж: - Сэрүүсэх тусам зан ааш нь улам бүр ширүүснэ. Баавгай чинь ер нь элдэв идэшт араатан амьтан. Их иднэ. 20 кг тэжээл энэ тэр бол юу ч биш. Тэжээнэ гэж лав байхгүй. Нэг газар хоёр шуудай тэжээл тавьчихаар идчихээд л давхиад ороод ирнэ. Тэжээх юм яриад байна билээ. Тэр бол бүтэхгүй ээ.
Д.Энхбилэг: -Хамгийн энгийн тооцооллоор нөгөө 240 баавгайны 180 орчим нь 4 хүртлэх насны залуу баавгай гэж бодоход тал нь нэг хэсэг бужигнуулна гэсэн үг.
-Тэгэхээр баавгайн үзэгдэл нэг хэсэг үргэлжилэх нь ээ. Шинжлэх ухаанд суурилсан, шуурхай, дорвитой арга хэмжээ авах вэ? Яамнаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа хир оновчтой гэж бодож байна вэ?
Х.Тунгалагтуяа: -Энэ асуудалд анхаарч улсын төсвөөс хөрөнгө шийдэж буй нь сайшаалтай. Гэхдээ бүх арга хэмжээ судалгаа тооцоонд суурилсан байх ёстой. Одоо авч хэрэгжүүлэх гэж буй үйл ажиллагаа үнэхээр оновчтой юу гэдэг нь бүрхэг байна. Санаагаар болдог бол хүнээ ч, баавгайгаа ч зэрэг хамгаалмаар байна. Өнөөгийн дэлхийн хандлага бол хүн төрөлхтөн бусад биологийн төрөл зүйлүүдтэй шүтэлцэн амьдрахад суралцаж байна. Нийгмийн дийлэнх хандлага бол хүнээ аврахын тулд баавгайг буудан хорооё гэх маягтай л байгаа шүү дээ. Үнэндээ хүн эрхшээж бус, байгальтайгаа зохицож амьдрах ёстой юм. Хүн ч бай, баавгай ч бай амьдрах эрхтэй. Бид хоолгүй болбол юу ч хийхээс буцахгүй шүү дээ, ер нь. Тийм биз дээ? Бид яг адилхан, амьд бодгалийн хувьд зэрлэг амьтадтай зэрэгцэн оршиход суралцах хэрэгтэй байна. Уур амьсгал, экосистемийн өөрчлөлтийн эрин үед амьдарч буй бид ч бас өөрчлөгдөх хэрэгтэй байна. Биеэ, орон гэрээ яаж хамгаалах вэ? Баавгай өмнө нь орж ирж л байсан. Голын дагуу явж байна гэнэ, анхны цаснаар айлын байшингийн үүдээр зөндөө чийрлэсэн байна гээд дуулддаг л байсан. Гэнэт гараад ирсэн асуудал биш шүү дээ. Хүмүүс унаа тэрэгтэй болсон, сошиал мэдээ мэдээлэл их хөгжсөн болохоор дуулиан шуугиан болоод байх шиг байна. Энэ үзэгдэл бол зогсохгүй. Ичихийн өмнөх саруудад цаашид ч ийм байх магадлалтай. Тиймээс бид болзошгүй аюулаас өөрийгөө яаж хамгаалахад суралцах нь эн тэргүүнд тавигдах асуудал.
С.Пүрэвдорж: -Бүх асуудал амьдралаас урган гардаг болохоор энэ асуудлыг шийдэхдээ шинжлэх ухаан яриад ч хэрэг байхгүй. Явж явж амьдралаас шинжлэх ухаан ургаж байгаа юм. Тэгэхээр хамгаалалтаа сайн хий, аваар ослоос сэргийл. Засгийн газрын унтуулгын буу авсаныг буруутгахгүй. Зүйтэй шийдэл. Угаасаа улсад байж байх ёстой юм. Шаардлагатай үед авран хамгаалах, хөдөлгөөнт бүлэг бий болгох хэрэгтэй. Баавгай үзэгдсэн газар очиж мэргэжлийн арга хэмжээ авдаг, отолт хийдэг. Хүний ам нас үнэтэй. Бүхий л боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
Х.Тунгалагтуяа: -Ганц хоёроороо байдаг хөдөөний малчин айлууд маш их түгшүүртэй байна гэж байсан. Тэгэхээр одоо тийм айлууд биеэ хамгаалахын тулд яах ёстой вэ гээд шийдэх олон зүйл байна. Унтуулгын буунаас өөр засгийн газрын авч хэрэгжүүлэх арга хэмжээ тодорхойгүй л байна л даа.
С.Пүрэвдорж: -Баавгай бүхий газруудад хөдөлгөөнт эрүүл ажиллуулах ёстой. Бүх зүйл болоод өнгөрсөн хойно араас нь арга хэмжээ авдаг байж болохгүй. Баавгайд бариулж байхдаа алах минь яав гэж харуусдаг хүн гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр амьдралаас ургасан шийдвэр гаргах нь чухал. Гэр бол найдвартай сууц биш. Тээр жил аав, хүү хоёрыг бариад идчихсэн шүү дээ. Тиймээс засгийн газар, яам авч хэрэгжүүлж болох бүхий л арга хэмжээг авмаар байна. Баавгайг чинь тэгээд дуртай хүн агнадаг амьтан биш. Манай зоригтой залуус барьж аваад хүлж харагдана билээ. Тэр бол хүний үйлдэх үйлдэл биш шүү. Тэр чинь хүчирхэг махчин амьтан. Цочролоос гараад хүлээгээ зад татаад, алгадаж самардвал яана. Тэр бол магтууштай юм биш. Уршиг ихтэй. Амиа хорлож буйгаас ялгаагүй.
Х.Тунгалагтуяа: -Урьдчилан сэргийлэх арга хэмжээ их чухал байна. Гэр орон, хашаа хороогоо бэхлэх хэрэгтэй байх. Мөн баавгайн цацлага гэж байдаг. Эрсдэлийн бүсэд амьдарч буй хүмүүст тарааж өгөх хэрэгтэй юм. Гэхдээ аюулгүй ажиллагааны дүрмийг сайтар баримтлах хэрэгтэй. Баавгай ирвэл салхин талд нь гараад цацлагаа цацах нь амиа хамгаалах анхан шатны арга хэмжээ.
Д.Энхбилэг: -Баавгайг барьж хүлж, айлгаж, догшруулж буй явдал бол цаашид сөрөг үр дагавартай. Яагаад судлаачид амьтдыг унтуулаад хамгийн түрүүнд нүдийг нь тагалдаг вэ? Ингэж таглаагүйгээс болоод дараа нь тэр махчин амьтан хүн таарвал шууд дайрах үндсэн нөхцөлийг үүсгэж байна. Тийм учраас ийм ажилд мэргэшсэн тусгай баг ажиллахыг баавгай бүхий орнуудын хуульд зааж өгсөн байдаг. Дэлхий дээр ер нь зэрлэг амьтантай шууд харилцаж, боов боорцог өгч, нэр хоч өгдөг улс ганц Монгол улс л байдаг, яг үнэндээ. Эцсийн эцэст “баавгайг бүү хороо, хамгаал” гэж буй нь хүн таны төлөө л юм. Баавгай бол ойд хамгийн хэрэгтэй амьтан. Ойн экосистемд баавгайн оролцоо маш өндөр. Нарс, хуш, шинэс, жимсний үрийг тараана, хөрсийг сийрэгжүүлнэ, бодисын эргэлтийг идэвхижүүлнэ. Хүмүүс байгаль хамгаалагч, судлаач биднийг хүнээ бодсонгүй гэдэг. Үнэндээ бид хүнээ бодоод зэрлэг амьтан хамгаалдаг шүү. Тиймээс дараагийн эрсдэл руу өөрсдийгөө бүү түлхээч ээ. Манай оронд баавгайтай хамгийн ойр ажилладаг, баавгайг хамгийн сайн мэддэг баг бол Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын Төмөрсүх ах ба түүний нөхөд юм. Тэд өдөр бүр шахам баавгайтай таардаг. Баавгай тэжээж үзсэн хүн бол Төмөрсүх ах. Манай лаборторийнхон яамтай энэ асуудлаар хэд хэд уулзаж зөвлөлдсөн. Хөдөлгөөнт баг байх нь зүйн хэрэг. Байх ч ёстой. Очоод тусгай буугаар буудаж унтуулаад, нүдийг нь таглаад, зөөвөрлөөд, идэш тэжээл тавьж өгөх арга хэмжээ бол бий.
Х.Тунгалагтуяа: -Тэгэхдээ зүгээр явж байхад нь буудах юм уу, отож байгаад буудах юм уу? Тэр бас тодорхойгүй байна.
Д.Энхбилэг: -Төмөрсүх ах бичсэн байсан. Баавгайн та зүгээр хараад өнгөрөөх, өөрөө очиж зургийг нь авч үймүүлэх хоёрын ялгаа асар их. Бамбрууштай эвшид машинтайгаа тулж очоод цонхоороо бичлэг хийгээд буй хосын үйлдлийг бид бултаараа харсан. Эвш машиныг тойрч явж байснаа гэнэт дайрч байгаа биз дээ. Зүгээр алсаас хараад, зургийг нь аваад, мэдээлээд явсан бол тийм дайралт болох байсан уу? Тэгэхээр баавгайтай улс орнууд иргэддээ нэг л юм заадаг. Та тайван бай, бүү ойрт, мэдээл. Гэр орон руу нь дайрсан асуудлын тухайтад бол малчид өөрсдөө ч ярьдаг. Баавгайн голомтот нутаг руу хэт ойртож буудаг. Наанаас нь мал, малчин хоёр, цаанаас нь самар, жимснийхэн хоёр талаас нь шахахаар бидэн руу орж ирэхээс өөр замгүй болно. Мөн ойд бэлчээрлэх малын тоо өссөний улмаас ойн захын хамгаалалт болдог торлог алга болсон зэрэг шалтгаан ч нөлөөлж буйг үгүйсгэхгүй. Гэхдээ шинжлэх ухаан бүхний хариултыг өгч чадахгүй тохиолдол гардаг. Тиймээс бид ахмад үеийн практик сайтай, байгалийн хэлд нэвтэрсэн хүмүүсээс, нутгийн иргэдээс байнга суралцаж байх хэрэгтэй.
Та өөрийгөө хамгаалъя гэж байгаа бол
- Та баавгайтай газар руу бүү яв
- Яг ийм онцлог үед нь баавгай руу бүү ойрт
- Баавгайн амьдрах орчинд бүү аяла, амар, зугаал
- Баавгай харсан бол мэдээл, дуудлага өг
- Эцсийн арга хэмжээ бол буудах.
С.Пүрэвдорж: -Болж өгвөл баавгайтай харьцахгүй л байх хэрэгтэй.
-Баавгайн хоолны цэсэнд хүн бий юу?
Д.Энхбилэг: -Баавгай амьдрах орчиндоо, хэвийн төлөвт байх үедээ хүнд халдахгүй. Ямар нэг дайсагнах үйдэл хийсэн, үр төлийг нь оролдсон тохиолдолд л араатан хүн руу дайрдаг.

-С.Пүрэвдорж: - Гэхдээ одоогийн энэ баавгайн түрлэг бол өөр л дөө. Олон баавгайтай газар бол тооцоо судалгаанд үндэслэн тоо толгойг зохицуулах арга хэмжээ авдаг.
Д.Энхбилэг: -Хүрэн баавгай бол Монгол улсын улаан номонд орсон, ховор зүйл амьтан. Агнахын тулд хүндэтгэх шалтгаан хэрэгтэй.
Х.Тунгалагтуяа: -Энэ асуудал цаашид ч үргэлжлэх тул бүх насныханд зориулсан сурталчилгаа, урьдчилан сэргийлэх арга хэмжээний сургалт хийх хэрэгтэй. Айл болгон хөдөө гадаа их аяладаг болсон одоо үед энэ амьтны талаар хүн бүр заавал мэдсэн байх ёстой. Яаж аялах ёстой юм, аюул тулгарсан үед яах ёстой юм гээд олон зүйлд суралцах хэрэгтэй байна даа.
-С.Пүрэвдорж: - Эцэст нь хэлэхэд баавгайнаас айж явах хэрэгтэй. Аюу гэдэг юм шүү дээ, баавгайг. Айж яв гэсэн утгатай үг. Хөвчийн анчид хүртэл золтой л идүүлчихсэнгүй гэдэг. Амьд үлдсэндээ залбирч явдаг.
Эцэст нь асуухад, эхээсээ салаад удаагүй, ичих учраа олохгүй, өөрийн гэсэн эзэмшил нутаггүй, өлөн зэлмэн залуухан баавгайтай таарвал та буудах уу?
-С.Пүрэвдорж: -Анчин хүн гэдэг алуурчин биш. Жинхэнэ байгаль хамгаалагч, судлаач, байгалийг хамгийн их мэдэрдэг, энэрэнгүй хүн байдаг. Бие гүйцсэн том маахай агнахыг л бодно уу гэхээс би баавгай алдаг, би алчихна гэж лав хэлэхгүй. Тэгэж ам гардаг ч ан биш. Цайрчихсан том хөвчийн анчдын хийдэг онцгой ан. Тэгээд ч монголчуудын ав, ан агнуур гэдэг бол маш их учир жанцантай өв их соёл. Орчин цагт барагтай анд буугаа хараалдаггүй, ёс уламжлалт анчин хүн улам бүр цөөрсөөр буйд харамсаж явдаг.
Ярилцлагаа энд хүрээд жаргаая. Та бүхэндээ дахин талархал илэрхийлье.
Р.БОЛОР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1986 оноос хойш баавгайн тоо толгойн судалгаа хийгээгүй гэж ямар ичдэггүй юм бэ. Шинжлэх ухааны байгууллага, яам хоёр юу хийж цалин авдаг юм?
saamar jimsig ni humuus bultyg ni tuugeed avchihsaar baigaad zarluulj bn shd. Baavgai telseed baigaa ni bidnii uursdiin l buruu.
Самарт явсан хүмүүс баавгайн идэш тэжээлийг хамаад дуусгачихсан, одоо баавгай хүн рүү орохоос өөр сонголт үлдээгүй.
sutand gej uursdiigee baigali hamgaalagch geed baidag humuus zual bolood uzegdel bolood bhad odoo l neg yariltslaga uguud hotsorch yvah ym.
Хүүхдүүд Маша баавгай үзээд баавгайг хөөрхөн амьтан гэж боддог болчихсон. Бодит аюулыг сургууль, цэцэрлэгт нь ойлгуулах хэрэгтэй шүү.
yamnaas ulnii ulsad untuulagchiin buu l avchihval buh ym bolchihij байгаа юм шиг санаад байна. Судалгаагаа эхлээч ээ!
Баамбарууш хархаараа барьж аваад торонд хийгээд суулчихдаг хүмүүсийг яалтай вэ. Жинхэнэ эх үрийг нь салгаж нүгэл хийж байна.
baavgai orj irlee geed uhehes hutelee sootialaar zurag darchih geed davhina, uuriihiihuu amii erseelt hiij baigaagaa oilgodoggui ym uu
Сэлэнгэ, Төв аймагт баавгай айлын үүдээр эргэлдээд байхад хөдөөний малчдад ядаж баавгайн цацлага тарааж өгөөч.
Ойн за захын торлогийг мал бэлчээрлүүлж идэж дуусгаснаас болоод баавгай шууд тал руу бууж ирж байна. Малын бэлчээрийг зохицуул!
Байгаль орчны яам баавгайн асуудал дээр огт бэлтгэлгүй байснаа харууллаа. Мэргэжлийн хүмүүсийн үгийг эртнээс сонсохгүй яасан юм.
ter Tumuursuh ahas busad ni baavgai gej ymar amitan baidgiig ch medehgui ym bshd, baigali hamgaalagchidaa sn surgaach
Хүнээ ч хамгаалъя, баавгайгаа ч хамгаалъя гээд хоосон уриа ярихаар яг ямар арга хэмжээ авах гэж байгаагаа тодорхой хэлээч.
Залуу баавгайнууд өлсөөд ойгоос гарч ирж байгааг мэдэж байгаа юм бол идэш тэжээлийн цэгүүд ойн захаар яаралтай байгуулж өгөөч.
Баавгайн сураг гарахаар л буудах тухай ярих юм. Байгалийн экосистемд ямар чухал амьтан бэ гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар байтал.
hulid barij bgaa zaluus bol uurtuu ch busadd ch mash tom ayul tarjaagaa oilgodoggui tenegvvvd bn.
Wooow. Ямар гоё ярилцлага вэ?! Энэ сайтад баярлалаа. Зочдод баярлалаа