М.Дэлгэржав: Олон орны соёл, үнэт зүйл Монголд "чихэлдэж", бид өөрийн үндсэн уламжлалаа алдсан

Монголчуудын өнөөгийн сэтгэл зүй, мэдээллийн манипуляц, нийгмийн итгэлцлийн талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Сэтгэл судлалын тэнхимийн профессор М.Дэлгэржавтай ярилцлаа.
-Та нийгмийн сэтгэл судлал, боловсролын сэтгэл судлал гэсэн хоёр чиглэлээр судалгаа хийж, судлаачийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн хүн. Судлаачийн үүднээс харвал өнөөгийн Монголын нийгмийн сэтгэл зүй ямар байна вэ?
-Энэ асуултад бүрэн хариулъя гэвэл хэдэн цаг ярих хэрэгтэй болно. Учир нь нийгмийн сэтгэл зүй гэдэг цаг үе, нөхцөл байдал, амьдралын чанар, хэв маягаас эхлээд хүрээлэн буй орчин, төрийн бодлого шийдвэр зэргээс шалтгаалж хүмүүс амьдралдаа сэтгэл хангалуун байгаа, эсэх гээд олон хүчин зүйлээс хамаардаг. Ялангуяа хэт их мэдээллийн урсгал дунд хүмүүс алийг нь үнэн, алийг нь худал гэж итгэхээ мэдэхгүй төөрөлдөх, тавгүйтэх, бухимдах явдал дийлэнх олонход нь түгээмэл ажиглагдаж байгаа. Ерөнхийд нь дүгнээд хэлбэл, манай нийгмийн сэтгэл зүй тогтворгүй байна.
-Энэ байдал зөвхөн Монголд ажиглагдаж байна уу, эсвэл дэлхий нийтийн хандлага уу. Сүүлийн үеийн судалгаанууд юу харуулж байна вэ?
-Хүнд эерэг, сөрөг сэтгэл хөдлөл аль аль нь илэрч байдаг учраас стресс бол хэвийн үзэгдэл. Яагаад гэхээр хүн эргэн тойрныхоо таагүй орчин нөхцөлөөс өөрийгөө хамгаалах гэж оролдохдоо айдас, стресс мэдэрдэг. Энэ бол байх ёстой хариу үйлдэл. Харин байх ёстой хэм хэмжээнээсээ хэт давсан бухимдал нь бие биеэ шууд буруутгах, буруу зөрүү мэдээлэлд автах, нэг зүйлийн араас хэт хошуурч, бусдыгаа уриалах, даган дуурайх хандлагаас харагддаг.
Гаднын орнуудад ч энэ асуудал бий. Тухайлбал, Америкийн Сэтгэл судлалын холбооноос явуулсан судалгаагаар нийгмийн сэтгэл зүйн үзэгдлүүд болох бухимдах, түгших, бусдыгаа даган дуурайх, халдварлах үзэгдлүүд байдаг. Гэхдээ амьдралын чанар, сэтгэл ханамж талаасаа бол харьцангуй тогтвортой гэсэн дүгнэлт гардаг.
Монголд нийгмийн сэтгэл зүйг бүхэлд нь тодорхойлсон суурь судалгаа хараахан хийгдээгүй. Доктор, магистр, бакалаврын оюутнууд болоод судлаач багш нарын хийсэн тус тусын судалгаанууд бол бий. Жишээ нь, МУИС-ийн сэтгэл судлалын чиглэлээр хийсэн судалгаануудаас харахад монголчуудын амьдралын чанар, сэтгэл ханамжтай холбоотой стрессийн түвшин ер нь өндөр.
Мөн мэдээллийн хэт их урсгал дунд биеэ зөв авч явж чадахгүйгээс үүдэлтэй сэтгэл тавгүйтэх, түгших байдал түгээмэл. Сэтгэл хөдлөл, амьдралын чанар, материаллаг хэрэгцээ хангагдахгүй байдал, эсвэл насны тодорхой үеүдээс шалтгаалан хүмүүс нийгэмд өөр өөрөөр хандаж байдаг.
Мэдээллийн хомсдолд байсан хүмүүст өнөөдөр аль ч сувгаар янз бүрийн мэдээллийг чөлөөтэй авдаг нь сонирхолтой санагдаад хошуурдаг
-Нийгмийн сэтгэл зүй, уур амьсгал бухимдалтай байгааг ашиглан мэдээллийн манипуляц хийдэг үзэгдэл газар авлаа. Хүмүүс эерэг мэдээллээс илүү сөрөг, хэн нэгнийг буруутгасан зүйлд автан хошуурах хандлагатай байгааг ч та хэллээ шүү дээ.
-Нийгмийн сэтгэл судлалд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нөлөө, түүнээс үүдэх сэтгэл зүйн үзэгдлийн талаар их ярьдаг. Харилцааны сэтгэл судлалд манипуляцыг хүн олон янзын нөхцөл байдалд хувирч, дасан зохицох чадвар гэж ойлгодог. Манипуляц сайтай хүн гэвэл олны дунд эв эеэ олоод явчихдаг гэсэн утгатай буюу эерэг талаас нь авч үздэг. Харин өнөөгийн нөхцөлд бол мэдээллийн манипуляц гэдэг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүмүүсийн сэтгэл зүйг удирдах, өөрчлөх, нөлөөлөх гэж ойлгогдож байна.
Сэтгэл судлаач бидний хувьд бол хүн бүр өөрийн гэсэн сэтгэл хөдлөл, үзэл бодол, итгэл үнэмшил, үнэт зүйлтэй болж төлөвшихөд хувь нэмрээ оруулах нь ажлын маань нэг чиглэл. Социалист системийн үед нийтийн сэтгэл зүйг тодорхой бодлогоор удирддаг байсан шүү дээ. Ерээд оноос хойш ардчилсан нийгэмд шилжихдээ бид нийтийн сэтгэл зүйг яаж удирдах, залуу үеэ хэрхэн хүмүүжүүлэх, түүх, соёл, уламжлалаа яаж өвлүүлэх зэргийг орхигдуулсан. Тиймээс өнөөдөр монголчуудын олонх нь юунд итгэх, ямар үзэл хандлага, итгэл үнэмшилтэй байх вэ гэдэг асуудал учир дутагдалтай байна.
Нийгмийн сүлжээний давлагаа, мэдээллийн энэ их шуурган дунд биеэ хэрхэн авч явах тухай ойлголт манайханд алга. Залуу үеийнхэн харьцангуй олон талын эх сурвалжаас мэдээлэл хүлээн авч сурсан. Харин дундаас дээш үеийнхэн, ахмад настнуудын хувьд аль ч сувгаар янз бүрийн мэдээлэл чөлөөтэй орж ирэх нь сонирхолтой, магадгүй амьдралыг нь чимж өгдөг зүйл болжээ. Учир нь хаалттай нийгэмд мэдээллийн хомсдолд байсан хүмүүс одоо олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан болгоныг үнэн гэж бодоод, нэгэндээ шууд дамжуулах, уриалах үзэгдэл түгээмэл.
-Манайхны онцлог мөн үү?
-Нүүдэлчин монголчуудад нэг онцлог бий. Бид мэдээллийг амнаас ам дамжуулан түгээж, амьдрал ахуйдаа хэрэгжүүлж ирсэн ард түмэн. Айл саахалтаас эхлээд нутаг хошуу дамжин нэг нь нөгөөгийндөө морьтой давхиад очихдоо "Тэнд тийм юм болж байна гэнэ, тэднийх тэгсэн байна шүү" гэж ам дамжин өртөөчилдөг тэр хэв маягаа одоо ч орхиогүй. Гэтэл суурин соёл иргэншилтэй ард түмнүүд бол олон зууны турш янз бүрийн шугамаар орж ирсэн мэдээллүүдийг шүүж, авахаа аваад хаяхаа хаяж сурсан байдаг.
Тэгэхээр энэ хэв маягт хамтдаа суралцахын тулд сэтгүүлчид ч, сэтгэл судлаачид ч боломжийнхоо хэрээр олон нийтэд, ялангуяа дундаас дээш үеийнхэн, ахмадуудад ямар эх сурвалжууд найдвартайгаас эхлээд мэдээлэлтэй хэрхэн харилцах, үнэн зөв мэдээллийг яаж ялгах, баталгаажуулахыг заах хэрэгтэй гэж боддог.

-Мэдээлэлд яаж хандах нь боловсролын түвшингээс бас хамаарна биз?
-Тэгэлгүй яах вэ. Америкийн Сэтгэл судлалын нийгэмлэгээс хийсэн сонирхолтой судалгаа байдаг. Хүмүүс ямар үед ятгагддаг, ямар үед бусдыг даган дуурайдаг вэ гэдгийг судлахын тулд "Марс гарагаас хүмүүс ирсэн" гэдэг мэдээлэл түгээгээд туршилт хийж.
Тэгэхэд нэг хэсэг нь "шинжлэх ухааны үүднээс энэ нь ямар ч боломжгүй мэдээлэл" гэж үзсэн, тэд бүгд өндөр боловсролтой хүмүүс байж. Гэтэл зарим нь "Одоо яана аа, харь гаргийнханд эзлэгдэх нь" гэж хамгийн их тэвдэж, сандарсан нь хамгийн боловсрол муутай хүмүүс буюу итгэмтгий бүлэг байсан.
Харин өөр нэг хэсэг нь үүнийг сонсоод эргэн тойрныхоо хүмүүсээс лавлаж, баталгаажуулах гэж оролдон, эх сурвалжийг хайж олсны дараа тайвширчээ. Тэгэхээр боловсрол багатай байх тусмаа хүмүүс юунд ч хамаагүй амархан итгэдэг. Харин боловсролын түвшин нэмэгдэх тусам мэдээллийг нягталж, ялгаж салгах хандлага бий болдог гэдгийг энэ туршилт харуулсан. Аливаа мэдээллийг хаанаас, хэрхэн хүлээж авах, түүнд ямар шүүлтүүртэй хандах, эсэх нь эцсийн дүндээ боловсролоос л шалтгаална.
-Сүүлийн жилүүдэд оюуны чадамжаас гадна EQ буюу сэтгэл хөдлөлийн чадамжийн талаар их ярих болсон. Энэ чадамжийг бүх нийтэд суулгаж хөгжүүлэхэд хэн юу хийх ёстой вэ?
-Хүнийг судлаад байхаар олон талын чадварууд байдаг. Тэднээс хоёр нь хамгийн түгээмэл судлагдаж буй. 19 дүгээр зууны эхнээс оюун ухааны чадамжийг судалж эхэлсэн бол сүүлийн жилүүдэд сэтгэл хөдлөлийн чадамжийг түлхүү авч үзэх болсон. Бид бие биеэ ойлгож, сэтгэл хөдлөлөө хуваалцаж, хамтарч ажиллахад сэтгэл хөдлөлийн чадамж чухал. Сүүлийн үед Монголд энэ чиглэлээр Энхбаяр, Нямжав тэргүүтэй 4-5 хүн докторын зэрэг хамгааллаа. Түүнээс өмнө монгол хүний сэтгэл хөдлөлийн чадамж ямар түвшинд байгаа, бид аль нөхцөл байдалд ямар хариу үйлдэл гаргадаг талаар нарийн судалгаа хийгдээгүй байсан. Энэ бол маш чухал судалгааны сэдэв.
Сэтгэл хөдлөлийн чадамжийг хөгжүүлэхэд бага наснаас нь эхэлбэл илүү үр дүнтэй. Хоёр настай хүүхэд ярьж эхлэнгүүтээ л ээж, аавынхаа царай руу хараад, хариу үйлдэл хүлээж байдаг. Тэр үед эцэг, эх, гэр бүл, багш нар нь хүүхдийг ойлгож, сэтгэл хөдлөлийг нь хуваалцаж, мэдрэмжтэйгээр хариу өгдөг байвал тухайн хүүхдэд сэтгэл хөдлөлийн чадамж сайн хөгжинө. Тиймээс сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас эхлүүлээд бүх шатны сургалтын хөтөлбөрт хүртэл энэ чиглэлийг суулгах хэрэгтэй гэж боддог. Нас насны зорилтот бүлгүүдэд чиглэсэн бодлогын нөлөөллийг тэдний үздэг идэвхтэй ашигладаг мэдээллийн сувгуудаар нь дамжуулаад хийвэл үр дүн гарна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч үүнд их үүрэгтэй.
-Боловсролын сайд сэтгэлийн боловсролыг дуу хөгжмөөр дамжуулан олгох ёстой гэж хэлсэн нь нийгэмд шүүмжлэл дагуулсан. Сэтгэлийн боловсролыг бид хэрхэн ойлгох ёстой юм бэ?
-Аливаа зүйлийг зөвхөн нэг талаас нь барьж аваад ярих нь учир дутагдалтай. Боловсролын сайдын хэлсэн дуу хөгжмөөр дамжуулан сэтгэлийн боловсрол олгох санаа бол сэтгэл ханамж, таашаал, мэдрэмжийн тухай асуудал гэж харж байна. Гэтэл сэтгэлийн боловсрол гэдэг үүнээс хамаагүй өргөн утгатай, маш олон зүйлийг багтаадаг.
Сэтгэлийн боловсрол олгоё гэвэл бага наснаас нь, бүр эцэг эх хүүхдээ гар дээрээ тосож авсан цагаас эхлэх ёстой. Хүүхэдтэйгээ яаж харьцах, ярилцах, сэтгэлээ илэрхийлэх, хамтарч ойлголцож амьдрахаас эхэлнэ. Сургууль, цэцэрлэгийн хөтөлбөрт бүхэлд нь суулгах шаардлагатай. Нэг жилийн, нэг үзэгдлийн, нэг төслийн компанит ажлаар сэтгэлийн боловсрол бий болохгүй.
-Хүмүүс сөрөг, бухимдмаар мэдээллийг байнга хараад, сонсоод байхаар юунд ч итгэлгүй болдог гэдэг дээ. Итгэл алдарсан, цөхөрсөн хүмүүсийг хүссэнээрээ удирдахад амархан ч гэдэг. Та энэ тал дээр юу хэлэх вэ?
-Аливаа нийгэмд туйлын үнэт зүйл гэж бий. Жишээ нь, барууны орнуудын судалгаанаас харахад, улс төрийн боловсрол өндөр байх тусам хүмүүс өөрийн гэсэн чиг баримжаа, тодорхой хариулттай явдаг. Аль намыг дэмжих, аль нь сонгуульд ялахаас үл хамааран "Би өөрөө хөдөлмөрлөөд амьдарна" гээд хэнээс ч хараат бус, өөрийн тогтсон хэв маягаар амьдардаг. Манайд бол улс төрийн боловсрол тааруугаас гадна амьдралын боломж нөхцөл хүндхэн байгаа учраас тэнцвэргүй хандлага их.

Сэтгэл судлаачид ч, эдийн засагчид ч Маслоугийн хэрэгцээний шатлалын тухай их ярьдаг. Хүний хэрэгцээнүүдийн хамгийн доод түвшинд буюу заавал хангагдах ёстой амьдралын анхан шатны хэрэгцээ гэж бий. Идэх уух, өмсөх зүүхээс эхлээд ахуйн наад захын хэрэгцээ нь дутмаг хүн бусдад хайрлуулах, хүндлүүлэх, өөрийгөө илэрхийлэх, оюун санааны үнэт зүйлээ хамгаалах гэх мэт дараа дараагийн түвшний хэрэгцээний тухай боддоггүй. Зөвхөн өнөөдрийн ахуйгаа л анхаарна. Өнөөдөр гэхэд монголчууд бид яаж махаа боломжийн үнээр авах вэ, машиндаа яаж бензин олж хийх вэ гээд бухимдаж байна.
Ингэж ахуйтайгаа зууралдсан хүмүүсийг удирдах, аль нэг тал руу чиглүүлэх, урвуулах амархан. Юу ч амлаж, юу ч санал болгосон итгэж, дагахад бэлэн байдаг. Тиймээс ахуйн хэрэгцээг нь бага багаар шийдээд, оюун санаа, үнэт зүйлийн өндөрлөг рүү цааш ахихын төлөө хаана хаанаа анхаарахаас өөр аргагүй.
Монголчууд хөдөө байгальд, уужим орон зайд байхдаа тайвширч, амьдралдаа сэтгэл ханамжтай болдог нь судалгаагаар тод харагддаг
-Сүүлийн хэдэн жилд нийгмийн сүлжээнд янз бүрийн хүмүүс од болж, сонин содон, гаж зүйлээр олны анхаарлыг татах, хандалт авах нь ихэссэн. 90-ээд оны дунд үед нийгмийн сэтгэл зүй доройтоход байсан энэ үзэгдэл дахиж байгааг гэдэгтэй та санал нийлэх үү?
-Нийгмийн сэтгэл зүй тогтворгүй, улс орны хөгжил сул дорой, хүн ам нь ядуу, бухимдалтай байх тусмаа иймэрхүү онцгой зүйлд автдаг. Ерээд оны үед гэнэт харь гарагийнхантай уулзлаа, нисдэг таваг харлаа, гал гаргадаг хүн гэх мэт цуу яриа гарч, хүмүүс түүнд автаж байсан. 2000-аад оны дундаас нийгмийн сэтгэл зүй тогтворжоод ирэхэд энэ нь гайгүй болсон. Харин сүүлийн хэдэн жилд эргээд сошиалд дамжуулан янз бүрийн онцгой хүмүүс гарч ирж, тэднийг хэдэн мянгаараа дагадаг, үздэг, хошуурдаг боллоо. Үүнийг буруу ч, зөв ч гэж хэлэх аргагүй. Энэ бол нийгмийн үзэгдэл. Амьдралын чанар тааруу, хүмүүсийн сэтгэл зүй эмзэг, нийгэм тогтворгүй байх тусмаа ийм зүйлс их гарч ирдэг.
Хүмүүс өөрсдөдөө огт хэрэггүй зүйл үзэхийн төлөө цагаа үрж, бодит бус зүйлд итгэж эхэлдэг. Нийгмийн ийм хэлбэлзэл долгион маягаар хэсэг үргэлжилсний дараа намждаг. Дээрээс нь монголчууд угаасаа шинэ зүйл гарч ирэнгүүт бүгдээрээ сонирхож, шуурдаг ард түмэн. Хэсэг хугацааны мөн чанарыг нь ялгаж эхэлдэг онцлогтой.
-Монголчуудын үнэт зүйл, эрхэмлэл, аз жаргалын үндэс нь юу вэ?
-Аз жаргалын индексээр монголчууд тийм ч өндөр гардаггүй. Гэхдээ дэлхийн жишгээс тийм сүүлд ч ордоггүй. Нүүдэлчин монголчууд хэзээнээсээ тайван, амгалан байдлыг эрхэмлэж ирсэн. Хөдөө байгальд, уужим орон зайд байхдаа бид тайвширч, амьдралдаа сэтгэл ханамжтай болдог нь судалгаануудад тод харагддаг. Гэтэл суурин соёл, хэт бөөгнөрөл дунд шахцалдан суурьшихаараа бид юунд бухимдаж байгаагаа ч мэдэхгүй стресстэй болдог. Уг чанараараа байгальтайгаа ойр байж, тайван, уужуу сэтгэлээр алсыг харж амьдармаар байхад амьдралын эрхээр суурин газарт чихцэлдэж яваадаа бухимдана. Эндээс сэтгэл ханамжгүй байдал ихээр үүсэж буй хардаг.
Үнэт зүйлийн тухайд бол ихээхэн учир дутагдалтай байна уу даа гэж би боддог. Усыг нь уувал ёсыг нь дага гэдгийн жишгээр манайхан дэлхийн өнцөг булан бүрээр явж, боловсрол эзэмшээд ирэхдээ тэндхийн ёс журмаар эх орондоо амьдрах гэж оролддог. Ингэснээр олон орны соёл, үнэт зүйл, амьдралын хэв маяг Монголд чихэлдэж, бид өөрийн үндсэн соёл, уламжлалаа шахаж гаргачхаад, яаж амьдрахаа мэдэхээ больсон мэт санагддаг.
Уг нь бидний эх оронч үзэл, үнэт зүйл, бахархал, монгол хүний мөн чанар алга болоогүй. Өдөр тутмын ахуйн асуудалд дарагдаад нуугдаж байгаа хэрэг. Тиймээс нийгмийн сэтгэл зүйн суурь судалгаа хийж, монголчуудын үнэт зүйлийг тодруулаад, бахархаж омогших зүйлсийг нь сэргээн бадрааж өгвөл нийтээр нь зангидах хамгийн гол түлхүүр болно би харж байна.
Төрийн тэргүүнүүд уламжлалт ёс заншлыг дэмжсэн ажил хийж байгаа нь зөв. Гэхдээ энэ нь хэлбэрийн төдий үйлдэл болчхоод байна. Монгол хүний эрхэмлэх үнэт зүйлсийг тодруулж, дэмжиж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нөлөөлөх ажил маш чухал.

-Тайван, чөлөөтэй, уужуу амьсгалж, ажиллаж, амьдрах хүсэл хотод суурьшсан олон хүнд бий. Үүнийг орчин нь бүрдүүлэх ёстой юу, эсвэл хүн дотроо өөртэйгөө ажиллах ёстой юу?
-Хүний сэтгэл зүй гэдэг өөр. Миний сэтгэлд байгаа айдас, гуниг, зовлонг хөндлөнгийн хүн өөрчилж чадахгүй. Тиймээс олон нийтийн сэтгэл зүйн боловсрол маш чухал. Энэ эрэлтэд дөрөөлсөн олон көүч, амьдралын багш нар гарч ирлээ. Тэд хүмүүсийн амьдралыг өөрийнхөөрөө зурах гэж оролдож байна.
Үүнтэй зэрэгцээд мэргэжлийн судлаачдын олон нийтэд чиглэсэн, хүн өөрийгөө удирдаж, зөв залахад нь туслах судалгаа, ном хэрэглэгдэхүүн дутагдаж эхэлсэн. Тэдгээрийг гаргаж, олон нийтэд түгээх шаардлагатай байгаа.
Би урьд нь эхлээд шинжлэх ухаанаа хөгжүүлье, мэргэжлийн чадварлаг сэтгэл судлаачдыг бэлдье, дараа нь тэд гарч ирээд нийгэмд үйлчилнэ гэж боддог байсан. Гэтэл нийгмийн хөгжил, нийгмийн сэтгэл зүй тэрийг хүлээхгүй, бүхий л асуудал дотроо живж байна. Тиймээс судлаачид бид ч олон нийт рүү чиглэсэн ажлаа түлхүү хийх хэрэгтэй юм гэсэн бодол төрөх болсон.
Хурдацтай өөрчлөгдөж буй нийгмийн сэтгэл зүйг ойлгоход шаардлагатай олон өвөрмөц үзэгдэл гарч ирж байгаа
-Та их сургуульд олон жил багшилж байна. Оюутнуудынхаа хийж буй сүүлийн үеийн сонирхолтой судалгаанаас эш татаж, дурдахгүй биз?
-Манай сэтгэл судлалын тэнхим олон оюутантай. Оюутнууд дөрөвдүгээр курсээ төгсөхдөө судалгаа хийдэг. Тэд өөрсдийн сонирхсон сэдвийг сонгож, багш нар нь дэмждэг зарчимтай. Оюутнууд маань тодорхой бүлгийн хүмүүсээс эхлээд гэр бүл салсан, гэмт хэрэгт өртсөн хүмүүсийн сэтгэл зүйд ямар өөрчлөлт гарсныг судлах гэх мэт сонирхолтой ажил их хийдэг. Жишээ нь, бид хүйсийг хоёр л гэж ойлгодог байсан бол одооны хүүхдүүд зургаа хүртэл хүйсийн тухай ярьдаг болжээ. Ийм хурдацтай өөрчлөгдөж буй нийгмийн сэтгэл зүйг ойлгоход шаардлагатай олон өвөрмөц үзэгдэл сүүлийн үед гарч ирж байгаа учраас тэдгээрийг тал бүрээс нь судлахаас аргагүй юм. Мансууруулах бодис, донтох эмгэг, цахим тоглоом, нийгмийн сүлжээний хэрэглээнд хэт донтох хандлагыг ч янз бүрээр манайхан судалж байна.
Нэг оюутан маань богино бичлэг буюу рийл үздэг оюутнуудын хичээлд хандах хандлагыг харьцуулан судалсан. Бичлэгийг маш хурдан үздэг байх тусам мэдээллийг хурдан задлан шинжлэх чадвар гарч ирж байгаа нь харагдсан. Нөгөө талаар багшийн нэг цаг 30 минутын лекц тэдэнд хэтэрхий урт санагдаж, хичээл сонирхолгүй болж, анхаарлаа төвлөрүүлэх хугацаа нь богиносож байна. Энэ мэтчилэн нийгмийн сэтгэл зүйн өөрчлөлтийг сонирхож байгаа хүмүүс МУИС-ийн номын сангаас эдгээр судалгааг уншвал их сонирхолтой шүү.
-Эцэг, эхчүүдэд хандаж юу зөвлөх вэ?
-Хүүхэд, өсвөр насныхан хамт олон, найзуудынхаа дунд нэр хүндтэй байх хүсэлдээ маш их автдаг. Найзууд нь "энэ үйлдлийг хийвэл чамайг хүрээлэлдээ багтаана" гэвэл ганцаараа гадуурхагдахгүйн тулд тэр зүйлийг бодохгүйгээр хийчихдэг. Өсвөр насныханд "Сайн хүүхэд" гэж багшдаа магтуулах, найз нөхдөдөө хүлээн зөвшөөрөгдөхөөс эхлээд сэтгэл зүйн олон хэрэгцээ байдаг. Өөрийгөө олж чадахгүй, хаана ч бүдэрч болох эмзэг үе учраас эцэг, эхчүүд хүүхдээ сонсож, найзуудыг нь ч хамт анхаарах хэрэгтэй. Хааяа хүүхдийнхээ найзуудыг цуглуулаад хамт хооллож, тайван суулгаж ярилцах зэргээр хүүхдэдээ нөлөөлж болно. Товчоор хэлбэл, өөрийн хообий, хамт олон, карьертаа анхаарч сонирхдог шигээ хүүхдээ бас сонирхох хэрэгтэй.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog
Nigdlen Mongolchuud maani olon soyol dund chihdelzeed uuriin ulamjlalaa aldaj bna gsn n unen
Уלс орны нийгмийн сэтгэл зүй ийм бухимдалтай байхад дарга нар болохоор шоудаад л явж байх юм
Medeeleliin ih ursgal dund irged yaj zuv songolt hihee medehgui, buh yum n tsuuraalt boljee
Хүний амьдралын анхан шатны хэрэгцээ нь хангагдаагүй байхад оюун санааны үнэт зүйл ярих утгагүй
M.Delgerjav professoriin helsen ug bolgohun zver l uneneer ni haruulsan mash goy yрилцлага болжээ
Нийгмийн сүлжээнд манипуляци хийгээд л ард түмний тархийг угааж байгаа энэ хүмүүсийг яах вэ
Ene 90-eed onii uеэс хойш бид нийтийн сэтгэл зүйгээ хаячихсанаас болоод л ийм боллоо доо
Боловсролгүй, мэдээлэл багатай байх тусмаа л хүмүүс хуурамч мэдээлэлд маш амархан итгэдэг шүү дээ
Nigdelchin udam zuitei geed l yariad baidag, odoo bol suurin soyold chihceldeed l buh yum n budeg
Улс төрчид болон бизнесийнхэн яг энэ бухимдлыг нь ашиглаад л ард түмнийг удирдаад байна
Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd
Монголчууд бид чинь улам л олон зүйлд төөрөлдөөд, өөрийнхөө үндсэн үнэт зүйлийг алдаж байна
Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд амьдарч байгаа болохоор хүмүүс бухимдаж тархи нь ажиллахаа больсон
Oyuuse, delxiin banknii uulzaltr orolcooj bgaa gsn ch hohirch uldej bgaa ni ard tumen
Улаанбаатар хотод шахцалдан амьдарч байгаа болохоор хүмүүс өөрсдөө мэдэлгүй стресст ороод байна