Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Налайхын автобус цөөн, эрт буудаг тул оройтсон иргэд танилындаа хонодог гэв

Налайхын иргэд  дунд оврын "Асиа" автобусыг рэйлбус хэмээн ярьж заншжээ. Тус "Асиа" автобус нь орой 22 цагаас зогсдог бөгөөд нэг цаг 30 минутын зайтай явдаг байна. "Асиа" автобус цөөхөн суудалтай тул олон хүн багтдаггүй, зам тоос шороо ихтэй, оройдоо жижиг унаа үнэтэй явдаг гэх мэт иргэдийн дунд тулгамдсан асуудлууд цөөнгүй. Тиймээс бид иргэдийн сэтгэгдэл болоод тулгамдаж буй асуудал, Налайх чиглэлийн тээврийн хэрэгслийн үнэ тарифын талаар сурвалжиллаа.

-ӨРТӨӨ НЬ ХОЛ УЧРААС ИРГЭД ЗОРЧДОГГҮЙ БАЙСАН РЭЙЛБУСЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООСОН-

Улаанбаатар-Налайхын чиглэлийн 20.9 км авто замыг өргөтгөл, шинэчлэлтийн төсвийн хүрээнд хоёр урсгал, дөрвөн эгнээ бүхий бүрэн гэрэлтүүлэгтэй, явган хүний болон дугуйн замтай олон улсын стандартын хоёрдугаар зэрэглэлийн зам барихаар болсон. Зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан уг замыг хааж, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өөрчилсөн. Зам хаасан ч иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс Улаанбаатар-Баян чиглэлд рэйлбус явуулж эхэлсэн юм. Уг рэйлбус нь Улаанбаатар өртөөнөөс “Нарантуул” зах, Амгалан өртөө, Туул зөрлөг, Хонхор өртөө, Бумбатаар дайран Баян зөрлөгт хүрдэг. Улаанбаатараас Баян хүртэл 2500 төгрөг, Хонхор хүрвэл 1500 төгрөг, хүүхэд Нарантуул хүртэл 200 төгрөг гэх тарифтай байжээ. Гэвч хол өртөөтэй байсан учраас хүмүүс тэр бүр үйлчлүүлэлгүй алдангид орж үйл ажиллагаагаа зогсоожээ.

-АСИА АВТОБУС НЭГ ХҮНИЙ 1000 ТӨГРӨГ ГЭДЭГ БОЛ ХӨЛСНИЙ УНАА ӨДӨРТӨӨ 2000 ШӨНӨДӨӨ 3000-5000 ТӨГРӨГИЙН ТАРИФТАЙ-

Дунд оврын асиа автобус нэг хүний 1000 төгрөгийн тарифаар үйлчилдэг байна. Гэвч автобус хоорондын зай удаан учраас цаг хугацаагаа хэмнэхийн тулд зарим хүмүүс унаанд суудаг аж. Жижиг унаа налайх хүртэл өдөртөө 2000 төгрөг, оройдоо 3000-5000 төгрөгөөр үйлчилдэг байна. Харин Налайхаас цаашаа километрээр явдаг гэнэ. Тэрэлж хүртэл 5000 төгрөг, Городок хүртэл 3000 төгрөг гэх мэт янз бүрийн ханштай ажээ. Асуй автобус оройн 22:00 цагаас зогсдог бол хувийн таксинууд шөнийн 2-3 цагт зогсдог байна. Том Налайхын автобус байдаг боловч Төв аймгаараа тойрч явдаг учраас эрхтэн харихыг хүссэн хүмүүс тэр бүр үйлчлүүлэлгүй Офицеруудын ордны автобусны буудлыг зорьдог гэнэ.

-АВТОБУС ЗОГСООД ТАКСИ ОЛДОХГҮЙ БОЛ АЙЛД ХОНОХООС ӨӨР АРГАГҮЙ-

Ийнхүү Офицеруудын ордны автобусны буудал дээр Налайх явахаар хүлээн зогсож буй иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

-Өчигдөр налайхын автобус хүлээж ажил тарсны дараа буудал дээр хоёр цаг гаруй зогссон. Нэг автобус ирсэн нь хөл тавих аргагүй дүүрэн. Зам бол сэгсчээд үнэхээр хэцүү.

-Ах нь жолооч хүн. Хонхороос Баянзүрхийн товчоо хүртэлх зам бол "аймар". Уг нь Налайхад гэр маань бий. Гэхдээ машинаа хайрлаад тийшээ халтуур хийхээ больсон. Өдөр бүр тэр замаар явдаг машин бол эвдэрч дуусаж байгаа.

-Цөөхөн суудалтай жижигхэн автобус шүүдээ. Хүмүүс суудал дээр сууж явахын тулд барааг нь хараад л хаа холоос гүйцгээдэг. Тэгэхгүй бол зам нь хол бас хэцүү байдаг. Эндээс бол Налайх орох унаа олдоно, Налайхаас Улаанбаатар ороход заримдаа унаа олдохгүй төвөгтэй.

-Орой болохоор дүүрэн хүнтэй явдаг. Таксинууд үнээ нэмээд өдөр 2000 төгрөг байсан унаа оройдоо 5000 төгрөг болдог. Оройн 10 цагаас автобус нь зогсоод дээрээс нь такси олдохгүй бол таньдаг айлдаа л хонодог байхдаа гэлээ.

Ийнхүү иргэдийн зүгээс гэртээ харихад их хүнд байдаг тухайгаа ам уралдан хэлж байлаа. Хэдийгээр уг зам ашиглалтад орвол ард иргэдийн амьдралд тустай ч 11-р сар хүртэл хэцүү нөхцөлд явна гэдэг тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс иргэд автобус хоорондын хугацааг багасгаад 30-40 минут болгох эсвэл автобусны тоог ихэсгэх хэрэгтэй байгаа тухай саналаа хэлж байлаа.

С.ХОНГОРЗУЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button