Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Хүүхдийн тоглоомын талбайтай хаяа дэрлэх эзэнгүй БАЛГАС-ыг хариуцах эзэн алга байна

Баянзүрх дүүргийн 13-р хороололд байрлах “Шинэ зуун” хотхоны хүүхдийн тоглоомын талбайд барилга баригдаж хүүхэд хөгшдөд амрах, агаар салхинд суух боломжгүй нөхцөл байдал үүссэн гэсэн иргэдийн гомдлын дагуу бид сурвалжиллаа.

-БАРИЛГЫН АЖИЛ ЗОГСООД ЖИЛ ГАРАН БОЛСОН БА ЭЗЭН ХАРГАЛЗАГЧ НЬ ОГТ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА-

“Шинэ зуун” хотхоноос арав хүрэхгүй метрийн зайд тус барилгын ажил явагдаж байгаад зогссон байв. Хоёр гурван жилийн өмнөөс барилгын ажил хийгдэж эхэлсэн бөгөөд хамгаалалт бэхэлгээ байхгүй, мөн явган хүний зам хааснаас болж иргэдийн эрүүл мэндэд хор хохирол учирч болох нөхцөл байдал үүсжээ. Барилгын ажил жил гаруйн өмнөөс зогссон бөгөөд биднийг ирэхэд хашаа нурсан, хог шороондоо дарагдсан байдалтай байсан юм.

Мөн барилгын ажилчид болон холбогдох хүнээс тодруулга авах гэсэн боловч үйл ажиллагаа зогсоод удаж байгаа учир, барилгын эзний нэр ус, хариуцагч этгээд тодорхойгүй байлаа. Иргэд тодорхой хэдэн эрхэмийн нэр дурдсан боловч, баттай эх сурвалжид тооцоход хангалтгүй байв.

Ингээд “Шинэ зуун” хотхоны оршин суугч иргэдээс уг барилгын ажлын талаар тодруулга авлаа.

-ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ, МАШИНЫ ЗОГСООЛ БАЙХГҮЙ БОЛСОН -

-Энэ барилгын ажил хэзээнээс эхэлсэн бэ?

-Хоёр гурван жилийн өмнөөс эхэлсэн. Нэг жил барилгын ажил явагдаж байгаад гэнэт зогссон. Одоо барилга дээр ажил хийж байгаа нэг ч хүн үзэгдэхээ байсан.

Ер нь барилга хоорондын зай дор хаяад 30 метр байх ёстой байдаг. Гэтэл манай орцны үүдэнд арав хүрэхгүй метрийн зайд барилгын ажил явагдаж байна. Тийм болохоор хууль дүрмээ зөрчсөн байна гэсэн үг. Өмнө нь хүүхдийн тоглоомын талбай байсан, одоо хүүхдүүдэд тоглох талбай, машины зогсоол байхгүй болсон. Энэ барилгыг буулгачихвал тоглоомын талбай, машины зогсоол гарчихна шүү дээ. Юу ч хийгээгүй таг зогсоод хоёр жил болсон. Орон сууцны зориулалттай барилга юм шиг байгаа юм, гэхдээ бидэнд хаанахын ямар компани барьж байгаа талаар ямар ч мэдээлэл байхгүй.

-Танай байрны оршин суугчдад барилга барихаас өмнө мэдэгдэл хүргүүлсэн үү?

-Ойр орчимд барилга барина гэж оршин суугчдад сануулга өгөөгүй, шууд барилгын ажил эхэлж, суурь нь боссон. Тэгж байтал үйл явц нь таг зогсчихсон. 84-р сургууль баруун зүүн талдаа цэцэрлэгтэй, өчнөөн том талбайтай байх ёстой байсан. Гэвч цэцэрлэг нь ч газраа зарсан юм уу, сургууль нь ч зарсан юм уу мэдэхгүй.

-Оршин суугчдын зүгээс шаардлага тавьж үзсэн үү? Ямар нэг арга хэмжээ авагдсан уу?

-Яг барилгын ажил эхэлж байх үед энэ хашаа орцны хаалганд бүр тулчихсан байсан. Тэр үед хүсэлт гаргаж, одоо байгаа ийм зайтай болгосон. Түүнээс хойш эзэн харгалзагч нь тодорхойгүй учраас бид шаардлага тавьж чадаагүй өдий хүрч байна. Ямартай ч энэ барилгыг болон газрыг мэдэж болох холбогдох хүмүүс нь удаан хугацаанд зогсоод байгаа энэ ажлыг дуусгах эсвэл нурааж хүүхдүүдэд аюулгүй тоглох талбай бий болгож өгөөсэй гэж хүсэж байна. Ер нь одоо ч хүнд байдалд байна. Тухайлбал, байрнаасаа гараад урагшаа гаръя гэхээр замын уулзвартай хэсэгт олон машин явдаг учраас маш хэцүү байдаг. Байрны араар гарах ямар ч боломжгүй битүү байна.

-ХҮҮХДЭЭ ГЭРЭЭСЭЭ ГАРГАХААС Ч АЙДАГ-

-Хамгийн хүндрэлтэй, тулгамдаж буй асуудал нь юу болоод байна вэ?

-Явган хүний зам байхгүй, сургуулийн хүүхдүүд хичээлдээ явахад маш хүндрэлтэй. Тэр бүү хэл насанд хүрсэн хүн ч ганцаараа явахад хэцүү, машинд шүргүүлчих гээд байдаг. Мөн хогны асуудал бий. Түүнчлэн бороо орох бүр байрны бүх хэсгүүдэд үер болж, байрны доод гараашинд ус тогтдог.

Энэ хавьд нэг ч машины зогсоол байхгүй. Хүүхэд хөгшид нарлах газаргүй.  Хүүхдээ гэрээсээ гаргахаас айдаг. Яагаад гэхээр барилга эзэнгүйг мэдсэн хүмүүс аюулгүй байдлын бэхэлгээний трубаг тоносоор хэдхэн үлдсэн. Нэг л өдөр өнөөх труба дээрээс унаад ирэхийг хэн ч мэдэхгүй, аюултай нөхцөл байдал үүсчихсэн.

-Хотын удирдлагуудад хүсэлт гаргаж үзсэн үү?

-Анхнаасаа хотын захиргаа нь ч юу хийж байсан юм мэдэхгүй. Барилга бариулахгүй байх арга хэмжээ авсан бол ийм асуудал үүсэхгүй байж болох байсан. Социализмын үеийн төлөвлөлтөөр хоёр угсармал байрны дунд барилгагүй байхаар төлөвлөж, засмал зам хийсэн байдаг. Түүн дээр ингээд барилга барьчихсан нь ийм нөхцөл байдал үүсгээд байна.

Аюулгүй, амар тайван амьдрах орчин нөхцөлөө сүйтгүүлсэн оршин суугчид ийн хэлж байв. Баригдаж дуусдаггүй барилгаас болж  “Шинэ зуун” хотхоны оршин суугчид болоод тэр хавийн иргэдийн аюулгүй амьдрах эрх ихээр зөрчигджээ. Үүнийг холбогдох хууль хяналтын байгууллага болон барилгын ажлыг гүйцэтгэгч компани түргэн шуурхай шийдэх шаардлага тулгарч байна.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button