Гурван машинтай мөргөлдөж долоон хүн гэмтсэн осол гарчээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр /2019.07.15/ нийт 168 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 95 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд найман хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Өнөр хорооллын гудамж, 1-р хорооллын 23 дугаар байрын хойд замд Nissan X-Trail маркийн автомашины жолооч Б нь, Тоёота приус, Honda Insight , Honda Civic зэрэг гурван автамашины жолоочтой мөргөлджээ. Ослын улмаас зорчигч 28 настай, эмэгтэй О, 13 настай, эрэгтэй Х, 11 настай, эмэгтэй А, дөрвөн настай, эрэгтэй Т, нэг сартай жирэмсэн эмэгтэй А, 58 настай, эмэгтэй У нарын зургаан хүн гэмтжээ.
Сүхбаатар аймаг Сүхбаатар сумын тавдугаар багийн нутаг “Хөтөл нуур” гэх газар шороон замд Тоёота Prius автомашин онхолдож, 36 настай, эрэгтэй Т нас барж, зорчигч 34 настай, эмэгтэй Б, дөрвөн настай, эрэгтэй Б нарын хоёр хүн гэмтсэн хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Мөн долоодугаар сарын 14-ны өдөр 14.00 цагт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн “Зөрлөг” гэдэг газар жонш баяжуулах үйлдвэрийн цэвэр ус хадгалах усан санд гэрээт хамгаалагч Хөвсгөл аймгийн харьяат иргэн 45 настай эрэгтэй Д живжээ. Талийгаач жонш баяжуулах үйлдвэрийн цэвэр ус хадгалах усан санд живсэн нь тус компанийн дотоод камерт бичигдсэн байна. Аймгийн Онцгой байдлын газар болон Цагдаагийн газрын алба хаагчид өчигдөр /2019.07.15/ 18:55 цагт дөрвөн метрийн гүнтэй усан сангаас цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.