НийгмийнУРЛАГЯрилцлага

Б.Оюу: “Буцааж нэхэхгүй хайр” дууг сарын турш бэлдэх бүрдээ уйлсан

“The Voice of Mongolia” шоуны энэ улирлын дугаарт дэд байрт шалгарсан Батсайханы Оюугийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүнд төрсөн өдрийн мэнд хүргэхийн ялдамд өнгөрсөн зургадугаар сард манай сайтад өгсөн ярилцлагыг нь сэргээн нийтлэв.

Үзэгчдийн шимтэн үзэх дуртай “The Voice of Mongolia” шоуны энэ улирлын дугаарт дэд байрт шалгарсан Батсайханы Оюутай ярилцлаа. Гавьяат жүжигчин Д.Отгонбаярын “Monsters” багийн гишүүн түүний хоёр ч үзүүлбэр дэлхийн шилдэгт багтсан нь Монголдоо төдийгүй дэлхийд цахиур хагалсных нь илрэл. Б.Оюу монгол дууны шатанд “Хурд” хамтлагийн “Буцааж нэхэхгүй хайр” дууг дуулсан нь олны талархлыг ихэд хүлээсэн юм. “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсоноосоо тэс өөр, хамаагүй өөртөө итгэлтэй, туршлагатайгаар эргэн ирсэн Б.Оюугийн дотоод ертөнцөөр аялна уу.

БУСАД ОРОЛЦОГЧДОО, БАГИЙНХНЫГАА, “МОНГОЛ ТВ”-ийн ХАМТ ОЛНЫГ ИХ САНАДАГ

-Юуны өмнө “The Voice of Mongolia” шоуны дэд аварга болсонд танд баяр хүргэе. Шоу дуусаад нэлээд хэд хонож байна. Хангалттай амарч амжив уу?

-Маш их баярлалаа. Хэд хоног ёстой сайхан амарлаа. Олон хүний нөр их хүч, хөдөлмөрөөр бүтсэн шоуны ард бөөндөө амжилттай гарлаа. Оролцогчид, дасгалжуулагчид төдийгүй энэ шоуг зохион байгуулсан “Moнгол НD”-ийн хамт олон сайхан амарсан байх. Энэ шоу бараг жилийн хугацаанд үргэлжилсэн. Үнэхээр их ядарлаа. Хэдхэн хоноод оролцогчдоо, багийнхныгаа, “Монгол НD”-ийн хамт олноо их санаж, үгүйлсэн. Бүр дасаад, ажилтан нь юм шиг санагддаг болчихож. Шоуны турш өдөр бүр ирээд, бэлтгэлээ хийсэн, үзүүлбэрээ давтсан. Тэр хэмнэлдээ бүр дасчихаж. Буцаад өмнөх хэмнэлдээ ороход амаргүй байгаа. “Монгол НD”-ийн байранд орж ирэхэд их сайхан, дотно санагддаг. Ерөөсөө ажилдаа ирж байгаа юм шиг л байдаг. Биднийг өмнөө тавьсан зорилготой, завгүй байлгаж чадаж байгаа, “Монгол НD”-ийнхэн.

-Бусад оролцогчидтой хэр холбоотой байгаа вэ?

-Үргэлж холбоотой байгаа. Байнга чат бичин, зав л гарвал уулзахыг хичээдэг. Бүх оролцогчтой ойр дотно байдаг. Ялангуяа, “Monsters” багийнхантайгаа бүр ч илүү дотно.

-“Voice” шоу жил шахам үргэлжилсэн. Энэ хугацаанд ажлаа, хувийн амьдралаа, гэр бүлээ хэрхэн зохицуулав?

-Нэг талд гэр бүлдээ, хүүхдэдээ, нөгөө талд шоунд анхаарлаа зэрэг хандуулах амаргүй. Хоёр ээж, ханийнхаа дэмжлэгээр л энэ бүхний ард гарлаа. Тэд минь намайг бүх талаар ойлгож, дэмжин, арыг маань найдвартай даасан.

“БУЦААЖ НЭХЭХГҮЙ ХАЙР” НАДАД ИХ ТОМ СОРИЛТ БОЛЛОО

-Нээрэн би “Буцааж нэхэхгүй хайр”-ын таны дуулсан хувилбарыг гар утсандаа татсан, үргэлж сонсдог. Монгол түмний хайртай энэ уран бүтээлийг тайзан дээр амилуулахад танд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Үнэнийг хэлэхэд бэлтгэл дээр би их шантарсан, дуулж чадахгүй нь бодсон ч удаа бий. “Буцааж нэхэгүй хайр”-ыг нэг сар бэлдсэн. Бэлдэх бүртээ уйлсан. Үүнийг гэрчлэх хүн олон бий. Тайзны бэлтгэл дээр хүртэл би уйлаад, “Монгол НD”-ийн хамт олон уйлаад л. Тийм хэцүү байсан. Сарын хугацаанд бэлдэх бүртээ уйлж, сэтгэл зүй хямарсан. Охиноо харж нэг уйлна, ээж рүүгээ залгаж нэг уйлаад л. Дууны үг, утганд нь хэтэрхий их автаад байсан байхгүй юу.

-Та өөрөө ээж болохоор энэ дууг бүр ч илүү мэдэрч дуулсан байх. Тэр хэрээр сэтгэлийг тань хөдөлгөсөн үү?

-Тэгсэн. Тэгж дуулсан болохоор хүмүүсийн сэтгэлд илүү хүрсэн байх. Хүчээр өөрийгөө бариад, уйлахгүйг хичээгээд дуулсан бол одоогийнхоос дутуу ч болох байсан юм бил үү. Аль болох тунг нь тааруулахыг хичээлээ. “Буцааж нэхэхгүй хайр” дууны үг, ая, утга нь үнэхээр агуу, сүнслэг уран бүтээл. Бэлтгэлийн явцад “Би дуулж, амилуулж чадахгүй нь” гээд өөрийгөө голсон, зөндөө уйлсан. Отгоо (Д.Отгонбаяр) дасгалжуулагч “Чи ээж хүн. Энэ дууг амилуулах амилуулахдаа супер амилуулж чадна. Тийм боломж, нөөц чамд байгаа.

Энэ дууг эмэгтэй, эх хүн дуулсан хувилбар олны сонирхлыг их татна. Хэрхэн дуулахаас шалтгаалж нэг бол хоёулаа бүдэрнэ, эсвэл олон хүний сэтгэлд хүргэнэ. Яах нь чамаас л шалтгаална” гэсэн. Тийм болохоор өөрийгөө, сэтгэл зүйгээ аль болох тайвшруулан, уйлаад л бэлдээд байлаа. Энэ нь надад их том сорилт боллоо. Тийм болохоор үзүүлбэрээ үзүүлэхдээ зориуд ээжийгээ үзэгчдийн суудалд, өмнөөсөө харуулаад суулгасан юм. Айдастайгаа, өмнөө тулгарсан сорилтоос зугтах бус шууд нүүр тулахыг хүссэндээ тэр. Тэгэхдээ “Битгий уйлаарай” гэж ээжээсээ гуйсан л даа.

ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ЯЛАХЫН ТУЛД ЭЭЖИЙГЭЭ ӨМНӨӨ СУУЛГАЖ БАЙГААД ДУУЛСАН

-Нэг талаараа их эрсдэлтэй алхам хийж.

-Харин тийм ээ. Ээж уйлвал би дагаад л мэлмэрүүлчих эрсдэлтэй байсан л даа. Тэгэхгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс би өөрөө өөрийгөө ялахын тулд ээжийгээ өмнөө суулгаж байгаад дуулсан юм. “За Оюу, одоо л энэ шатыг, сорилтыг давж гарвал гар. Тэгэхгүй бол бүдэр” гэж өөрийгөө хатуужуулсан.

Тайзан дээр гараад миний хоолой зангирсныг хүмүүс анзаарсан байх. Үзүүлбэрийн эхэнд яг уйлах дөхсөн. “Багийнхныхаа, гэр бүлийнхнийхээ, “Монгол НD”-ийн хамт олны итгэлийг хөсөрдүүлж болохгүй гээд сэтгэлээ чангалсан. Тэгээд “Өдий хүртэл явчихаад ийм амархан бууж өгөхгүй. Нулимсаа унагахгүй шүү, Оюу” гэж гүрийгээд л үзүүлбэрээ дуусгасан.

-Сая та үзүүлбэрийн эхэнд яг уйлах дөхсөн гэлээ. Ээж тань охиныхоо өөдөөс хараад, та ээждээ зориулж дуулсан болохоор бүр ч их догдолсон байх. Хэрвээ уйлсан бол үзүүлбэрээ дуусгаж чадахгүй, шоунаас хасагдах байсан. Тийм эгзэгтэй мөчид яаж өөрийгөө тайвшруулав?

-“Нүүдлийн шувуудын хойноос гуних хүн олон ч

Нүднээс далд ганцхан ижий минь намайг бодно

Энэ орчлонгоор дүүрэн ээжээ гэж хашхирвал

Ижий минь л ганцаар миний дууг танина байх даа” гэж дуулаад ээж рүүгээ харахад өөрийн эрхгүй сэтгэл хөдлөн, хоолой зангирсан. Яг алдаа гаргах дөхсөн шүү дээ. Тэгээд “Хүслээс гажууд тавиланд төөрч, будилж явахад минь” гээд дараагийн бадгийг эхлүүлэнгүүтээ ээжээсээ харцаа шилжүүлсэн.

Эл бадаг “Хүүгээ яаж явааг зөнгөөрөө тааж мэднэ

Нүгэлд санаагүй алдаанд минь харамсаад

Нүдэндээ багтахгүй нулимс нь урсаж мэлмэрнэ” гээд үргэлжилдэг. Нээрэн л ижий бүхэн хүүхдээ алдаа, оноотой нь хамт хайрладаг шүү дээ. Үүнийг ийм гоё илэрхийлсэн үгтэй дуу байхгүй юу. “Сүүлчийн ганц амьсгалаа цэцгэнд шингээж та орхиод” гээд дахилтыг нь эхлүүлэнгүүтээ өөрийгөө барьсан, тайвширсан. Гүнзгий амьсгаа авч тайвшраад л дуусгасан.

ҮЗҮҮЛБЭРИЙН ТӨГСӨЛД БҮҮВЭЙН ДУУ АЯЛАХААР ТӨЛӨВЛӨСӨН БАЙСАН ЮМ, УГ НЬ

-Төгсгөлийн мөчид таны хоолой зангирсан, мэгшсэн. Үнэхээр тэсгэл тань алдарсан уу?

-Тэглээ. Би тэгснээсээ болоод үзүүлбэрээ дуусгаж чадаагүй.

-Тэгэхээр дууны төгсгөлд өөр зүйл үзүүлэхээр бэлтгэсэн байсан юм уу?

-Тийм ээ. Бүүвэйн дуу аялахаар төлөвлөсөн байсан юм. Дуугаа дуусгангуутаа үргэлжлүүлээд “Ээ бүүвэй, бүүвэй” гээд л дуулах гэтэл хоолой зангирчихсан. Үнэндээ аялж чадаагүй, нулимс асгарчихсан. Одоо хүртэл энэ тухай ярихаар уйлчих гээд л байна.

-Төлөвлөснийхөө дагуу үзүүлбэрээ дуусгаж чадаагүйдээ хэр харамсаж, эмээв?

-Үзүүлбэрийн гүйцэтгэлийн тухайд одоо ч өөрийнхөө бичлэгийг “Youtube”-ээс үзэж чадахгүй байгаа. Үзэхээр л уйлчих гээд байгаа юм л даа. “Буцааж нэхэгүй хайр”-ыг дуулж дууссаныхаа дараа “Эд, эсээрээ мэдэрч, чин сэтгэлээсээ дуулсан болохоор олны сэтгэлд хүрэх байх. Үзэгчид намайг алдаа, оноотой минь хайрлаж, хүлээж авах байх” гэж бодсон. Одоо хүртэл бичлэгээ өөрөө үзээгүй байгаа.

-Ээж тань их баярлан, охиноороо бахархсан нь мэдээж. Охиндоо юу гэж хэлсэн бэ?

-Миний үзүүлбэрийг хадам ээж, манай ээж хоёр үзэгчдийн суудлаас үзсэн юм. Ээж минь “Ээж нь эмээг нь аймар их санаж байна. Хэзээ ч ингэж ээжийнхээ араас гашуудаж байгаагүй. Яасан үнэн үгтэй дуу вэ. Миний охин их сайхан дууллаа. Баяр хүргэе” гээд уйлсан. Их сайхан мөч байлаа.

Энэ үеэр түүний нулимс бөмбөрөн урсав. Тэрбээр нулимсаа арчин, инээмсэглэснээ “Ээж минь зургийн цомгоо үзээд ээжийнхээ, эмээгийн маань тухай дурсамж яриад суухыг нь харах сайхан байлаа” гэв.

ТҮРҮҮЛЭХ ТАЛААР ЕР БОДООГҮЙ, ТЭГЭХ СЭН ГЭСЭН ЗОРИЛГО ТАВИАГҮЙ

-Та өмнө нь “Авьяаслаг монголчууд”-д оролцон, өөрийгөө тодорхой түвшинд таниулаад, нээсэн байсан. Энэ удаа “The Voice of Mongolia” шоунд өрсөлдсөн таны гол зорилго юу байв?

-Би “Voice” шоуг том боломж гэж харсан. Үүнийг алдахыг хүсээгүй. “Voice”-д оролцолгүйгээр уран бүтээлээ цацахад намайг хэдэн хүн таних вэ, сонсох вэ. Би энэ шоунд алдаа, оноогоо цэнэн, өөрийгөө ялахыг хүссэн. Шоуны үеэр маш их зүйл сурсан, туршлага хуримтлуулсан. Энэ бүхнийг мэдээд уран бүтээлээ гаргах, тэгэлгүйгээр олны хүртээл болгохын хооронд асар их ялгаа бий. “Voice”-д илүү өөр өнцгөөс өөрийгөө харуулж, өөрийгөө ялан дийлж, ур чадвараа ахиулах, туршлага хуримтлуулах нь миний хувьд чухал байлаа.

-Тэгэхээр түрүүлэх таны хувьд тийм ч чухал биш байсан гэсэн үг үү?

-Тэгнэ, ингэнэ зорилго өмнөө ер тавиагүй. Зүгээр л шат бүхэнд чанартай үзүүлбэр үзүүлэн, дэлхийд үнэлэгдэх чухал байсан. Финалын шатнаас эргээд харахад аймар олон зүйлийн ард гарсан байна лээ. “Battle” шатнаас авхуулаад үзүүлбэрийнхээ чанарт л гол анхаарлаа хандуулсан.

“ХЭН НЬ Ч ТҮРҮҮЛСЭН ЯАХ ВЭ” Л ГЭЖ БОДСОН

-Таны хоёр үзүүлбэр дэлхийн шилдэгт багтсан. Үүгээр нь дүгнэхэд та хүссэндээ хүрчээ.

-Тийм ээ. Монголдоо төдийгүй дэлхийд үнэлэгдэх хэмжээний үзүүлбэр үзүүлэх л миний хувьд чухал байлаа.

-Шигшээд Х.Ядам та хоёр үлдсэн. Түрүүлэх хэмжээний үзүүлбэр үзүүллээ гэж бодсон уу. Эсвэл бид хоёрын хэн нь түрүүлсэн яах вэ гээд тайван байсан уу?

-Хоёр дахь нь. Би ерөөсөө “Хэн нь ч түрүүлсэн яах вэ” л гэж бодсон. Хэрвээ түрүүлбэл ингэж, дэд байрт шалгарвал тэгж хэлнэ гээд үгээ бэлдчихсэн байсан. Тэмцээн дуусдгаараа дуусна, амьдрал үргэлжилнэ. Уран бүтээлээ гаргаад явах нь миний үүрэг. Дэд байрт шалгарсан нь миний хувьд ялалт. Энэ асар том шатуудыг давж гарлаа. Намайг дэмжиж, миний уран бүтээлийг хүлээж байгаа хүн олон болсон. “Уран бүтээлээ хурдан гаргаач” гээд загнуулаад, шүүмжлүүлээд явах хүмүүстэй болсон нь сайхан. Эцсийн шат хүртэл явлаа, Х.Ядамтай хамт ялагчийг тодруулах мөчийг сэтгэл догдлон хүлээлээ. Энэ л миний хувьд ялалт. Би шат бүхэнд өөр, өөр Оюу байхыг хичээсэн. Өөрийгөө өөр, өөрөөр харуулахыг, нээхийг чухалчилсан. Тиймээс шат бүхэнд өөр, өөр хэмнэлтэй, жанртай уран бүтээлийг амилуулсан юм шүү.

-Д.Отгонбаяр гавьяатын багт орсон нь танд ямар боломж, давуу талыг бий болгосон бэ?

-Би хөгжим зохиох дуртай. Дуу хөгжмийн төлөө амиа өгөхөөс ч буцахгүй. Тийм үзэл бодолтой хүн. Дуучин болохын төлөө бүх зүйлээ хойш нь тавьсан. Надаас хүмүүс “Ямар мэргэжилтэй вэ” гэж асуухад би юу гэж хариулахаа мэддэггүй. Надад мэргэжлийн дуучны үнэмлэх байхгүй. Б.Отгонбаяр ах маш мундаг дасгалжуулагч. Отгоо ах үнэхээр хүн чанартай. Зөв хүн, уран бүтээлч хүн ямар байх учиртайг ахаасаа үлгэрлэдэг.

Би багаасаа ганцаараа үлдэн, нөгөө багийн гурван оролцогчтой өрсөлдөх илүү хариуцлагатай байлаа. Манай “Monsters” багийнхан намайг үнэхээр тултал нь дэмжсэн. Хасагдах вий гэхээс илүүтэй тэднийхээ итгэлийг амжилтаар хариулан, хайрыг нь даах юм сан гэж хичээлээ. Үүнийг давах нь урлагийн хүний үүрэг.

ДУУЧИН БОЛОХЫГ БАГААСАА МӨРӨӨДСӨН, ТӨГӨЛДӨР ХУУР, ЯТГА ТОГЛОДОГ

-Та дуучин болохыг багаасаа мөрөөдсөн үү. Эсвэл хэн нэгний зөвлөгөө байв уу?

-Багадаа ёстой хаана л бол хаана дуулж явдаг байлаа. Нусаа гоожуулчихаад гэрийнхээ мухарт дуулаад сууна. Цэцэрлэгт байхдаа ч ийм байсан. Тавдугаар ангид Хөгжим бүжгийн коллежид хөгжимчин болсон. Ятга, төгөлдөр хуур тоглож чадна.

Ерөнхий боловсролын сургууль төгссөнийхөө дараа нэг хэсэг шантарсан, урлагийн хүн болохоо больё гэж бодсон. Тэгээд нэг хэсэг TV5 телевизэд ажилласан. Тэгж яваад нэг өдөр дуучин Чойжоотой таарав. Чойжоо надад дуулуулах санал тавьж, урлагийн салбарт тууштай явахыг зөвлөсөн юм. Хэсэгхэн мэт боловч урлагийн салбараас хөндийрсөн тэр цаг хугацаа их хайран. Тэр цаг хугацаандаа их харамсдаг.

-Өөрийн гэсэн хэчнээн уран бүтээлтэй вэ?

-Нэг их олон байхгүй ээ. Түүхий, дутуу гээд нийтэд цацаагүй 2-3 уран бүтээл бий. Зарим нь миний үг, ая. Заримыг нь нөхөртэйгөө хамт бичсэн.

“АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД”-д ОРОЛЦСОН ОЮУ ОДООГИЙНХООС ТЭС ӨӨР

-Одоо анзаараад байхад “Авьяаслаг монголчууд”-д оролцсон Оюу өөртөө их итгэлгүй байсан юм шиг санагддаг. Одоо бол тэс өөр, өөртөө итгэлтэй, гал цогтой, чадна гэдэгтээ итгэл дүүрэн Оюу миний өмнө сууж байна.

-Ер нь үнээн, зөв анзаарч. “Авьяаслаг монголчууд”-д олон төрлийн авьяастай хүмүүс өрсөлддөг. Тэгэхээр тэр үеийн Б.Оюу “Дуулахаас өөр төрлийн үзүүлбэр үзүүлсэн хүнд дарагдчих вий” гэсэн айдастай дуулсан. “Voice” бол зөвхөн нэг төрлийнх, дуугаар л өрсөлдөнө. Нөгөө талаар “Чи хамгийн сайн чаддаг зүйлээ л хийж байна. Чи чадна” гээд өөртөө итгэлтэй оролцлоо. Ялгаа нь энэ.

-Үүнээс өөр юу танд итгэл өгөв. Магадгүй ээж болсон тань нөлөөлсөн байх.

-Тэгсэн. Эмэгтэй хүн ээж болохоор өөртөө их итгэлтэй, юмыг илүү олон талаас нь боддог, анзаардаг болдог юм билээ. “Авьяаслаг монголчууд”-д оролцсон Оюу ээж болоогүй байсан. Харин “Voice”-д тэс өөр Оюу оролцсон нь үүнтэй ч мөн холбоотой.

ХЭЗЭЭ Ч ХУУЧИРДАГГҮЙ, УРТ НАСТАЙ УРАН БҮТЭЭЛ ХИЙХИЙГ ХҮСДЭГ

-Одоо ер нь ямар нэгэн продакшн, студид харьяалагдаж байгаа юу?

-Байхгүй. Цаашдаа ч харьяалагдахгүй. Бие даасан уран бүтээлээ гаргаад явна.

-Хэрвээ санал тавьбал зөвшөөрөх үү?

-Мэдээж ярилцана. “Би” гээд эго өндөртэй явахгүй. Урлагийн салбарыг хөгжүүлэхийн төлөө бүхнээ зориулна.

-Таны ойрын болон хэтийн хамгийн том мөрөөдөл юу вэ?

-Уран бүтээлээ тасралтгүй туурьвихыг хүсэж байна. Би хэзээ ч хуучирдаггүй, урт настай уран бүтээл гаргахыг хүсдэг. Тийм уран бүтээл гаргахын тулд цаг хугацаа, туршлага хэрэгтэй.

-Оюугийн шинэ уран бүтээл хэзээ мэндлэх бол?

-Одоогоор багаа сайтар бүрдүүлэн, төлөвлөгөөгөө гаргаж байна. Уран бүтээл хамтарч хийх саналууд надад ирж байгаа. Хариуг нь хараахан өгөөгүй байна.

-Төлөвлөгөөгөө хэр урт хугацаагаар гаргах вэ?

-Нэг жилээр.

-Жилийн дараах Оюуг хэрхэн төсөөлж байна вэ?

-Магадгүй одоо байгаагаасаа илүү олонд танигдаад, хэд хэдэн хит уран бүтээл гаргачихсан, цомог гаргах гээд явж байх болов уу.

Энэ ташрамд үзэгчдэд зориулж ийм сайхан шоу зохион байгуулсан “Монгол НD”-ийн хамт олон, арын албаныхан, тайз заслынхан, зураглаач, хөгжмийн багийнхандаа маш их баярлалаа. Д.Отгонбаяр дасгалжуулагчдаа, Оюунгэрэл эгчдээ, “Voice” шоунд оролцсон бүх оролцогчдод, “Monsters” багийнхандаа, стилист Солодоо, хувцсыг минь урлаж өгсөн Оюукадаа их баярлалаа, бүгдэд нь маш их хайртай. Мөн Ука эгч, Болд ах, Ононбат ах нартаа, гэр бүлийхэн, ханьдаа, хоёр ээждээ, найз нөхөддөө, хамаатнуудаа, намайг дэмжсэн монгол түмэндээ их баярлалаа. Хайрыг түгээж амьдарцгаая.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bayrbat
Bayrbat
2020-06-23 10:10

Mongol tumen olon chamd hairtai shu oyu min hicheegerei amjilt husiyee ✌????

Зочин
Зочин
2020-06-23 10:46

Зөв хүн, сайн охин, сайн ээж, сайн хань, авъяаслаг мундаг дуучин байна.

UnshigchUnshigch
UnshigchUnshigch
2020-06-23 14:34

Shan duulsan ohin shuu, egch n hurtel duug sonsoh toolondoo nulmasaa unagaj duudag shuu. Tengert halisan eej min boddogddog. Duu dee amjilt husen yerooy

монголын ятгын холбоо
монголын ятгын холбоо
2020-06-23 15:06

оюу маань ялсаан, гайх�##�тай дуулсан, түүнээс гадна оюу маань маш авьаслаг ятгачин гэдгийг олон түмэнд дуулгая,цаашид ятгаа өөрөө тоглоод ятгатайгаа дуулаасай, монголын бүх ятгачид дэмжсэншүү,уран бүтээлийн өндөр амжилт хүсье

Guzee
Guzee
2020-06-23 19:15

Shaadag g####i

Зочин
Зочин
2020-06-24 05:59
Reply to  Guzee

Хог минь хорвоогоос холдсон нь дээр шүү юун атаархуу золиг вэ чи

D.. OTGONBAYAR ..
D.. OTGONBAYAR ..
2020-06-23 23:56

HI SAiXAN URAN BUTEEL BOLSN BNA SAIXAN DUUG XVMVViIN SETGELD XURGSEND CHAMD TALARXAJ BNA .URAGSHA TEMVVL AMJILT XVSEY

Зочин
Зочин
2020-06-24 05:55

Би жар гарсан настай хүн . Чиний дуулсан дууг сонсоод хайртай ээжийгээ маш ихээр санаж уйлсан шүү. Одоо ч гэсэн дахин дахин сонсож уяран баясаж байна. Чамайг урлагын бурхад ивээх болтугай. Гэр бүлд нь аз жарг�##� сайн сайхныг хүсэн ерөөе

Зочинпен
Зочинпен
2020-06-24 09:30

Одоогын з�##�уус нэг ийм �##�дарших донтой Тэнэг ОРК

Guzee
Guzee
2020-06-26 18:49

Pag umhii a l t a i huuhen bj bilee

No
No
2020-12-02 15:14

Үгүй дээ чи арай өөр Орчин үелэг дуу дуулсан бол илүү юм билээ. R and B.

Jhn daruu bai
Jhn daruu bai
2020-12-02 19:19

Huuhed gargachaad bannend shaldan zurgaa avhuulahaa bolioroi, hol yavj chadsan, uchnuun aviyastai huuhduud hasagdsan, 10t orohod l hangalttai hooloi. Anujin bol super bsn

Холбоотой мэдээ

Back to top button