НийгмийнНИЙГЭМ

Б.Баярмандах: Сексийн хэсгийг кино багийн 50 орчим хүн харж байхад авсан

Хэвлэлд тэр бүр ам нээж, хувийн амьдралаа олонд дэлгээд байдаггүй уран бүтээлч бол Б.Баярмандах. СУИС-аас дуучин болох гараагаа эхлүүлж, гурван найзын хамт “Soul mate crew” хамтлагаа байгуулсан. Түүнчлэн “Камертон 2” шоунд амжилттай оролцож, “Бид 4” хамтлагийн гишүүн болсныг бид сайн мэднэ. Өдгөө шинэ залуу уран бүтээлчдийг дэмжиж, студи ажиллуулан хөдөлмөрлөж буй авьяаслаг, нуруулаг уран бүтээлч Б.Баярмандахтай ярилцлаа.

Тэрбээр зөвхөн дуулах бус хэд хэдэн уран бүтээлд гол болон туслах дүрийг бүтээгээд амжжээ. Тодруулбал, 2016 онд “Big line film”, “Nomads films and entertainment” “Red point media” студийн хамтын бүтээл, найруулагч З.Батболдын “Сайн уу амьдрал минь 2”, 2019 онд Төрийн шагналт зохиолч Д.Норовын “Хөх тавилан” туужаас сэдэвлэн бүтээсэн “Хөх тавилан” уран сайхны кинонуудад туслах дүрийг бүтээсэн. Хамгийн сүүлд Т.Алтантуяа найруулагчийн “30 өдөр 30 секс” богино хэмжээний олон ангит цувралд гол дүрийн Оргил хэмээх залуугийн дүрд ажилласан байна.

-“BACKSTREET BOYS” ХАМТЛАГИЙН ТОГЛОЛТЫГ ҮЗЭЭД ДУУЧИН БОЛОХООР ШИЙДСЭН-

-Юуны өмнө ярилцлагын санал хүлээж авсан танд баярлалаа.Таныг наймдугаар анги хүртлээ Унгар улсад амьдарсан гэж сонссон. Хэзээнээс дуучин больё гэж шийдсэн бэ?

-1992 онд манай ээж мэргэжил дээшлүүлэхээр гэр бүлээрээ Унгар улсыг зорьж байсан. Наймдугаар анги хүртлээ Унгарт сурч байгаад Монголд ирж 9,10-р ангиа төгссөн. Тэнд байхдаа 1997 онд “Backstreet boys” хамтлагийн тоглолтыг Будапешт хотод үзэж байсан юм. Тэр цагаас хойш “Яг л ийм гоё хамтлагтай болно доо” гэж мөрөөдөөд 2005 онд СУИС-д орсон. Тухайн мөрөөдөлдөө хөтлөгдсөөр дуучин болох гараагаа эхэлсэн гэхэд болно.

-Таны хүүхэд нас Унгарт өнгөрчээ. Багадаа ямар хүүхэд байсан бэ?

-Багадаа дуулах дуртай, нэг тийм бүрэг, их л ичимхий хүүхэд байлаа даа. Тэр зан маань одоо ч хэвээр үлдсэн юм шиг санагддаг.

-Таны гэр бүлд дуулах авьяастай, урлагийн хүн байдаг уу?

-Байхгүй ээ. Би л ганцаараа урлагтай холбогдсон хүн нь.

-Таныг “Soul mate crew” гээд хамтлагтай байсныг санаж байна. Хамтлаг байгуулагдсан түүхээсээ бидэнд хуваалцаач?

-2005 онд СУИС-д ороод Б.Замбалгарав найзтайгаа танилцаж байсан. Ижил зорилго, мөрөөдөлтэй байсан учир “Хамтлаг байгуулъя” гэж шийдээд байгуулсан. Анхны бүрэлдэхүүнд Э.Балжинням, н.Төгсөө, Б.Замбалгарав бид дөрөв байсан. Ингээд 2011 он хүртэл хугацаанд хамтлагт Б.Замбалгарав бид хоёр үлдэж, үлдсэн хоёр гишүүн маань солигдоод яваад байсан л даа.

Миний хоолой бэйс баритон, Б.Замбалгарав хоёрдугаар тенор, нэгдүгээр тенор, баритон хоолойнууд цаг хугацааны эрхээр солигдоод явж байсан.

Ингээд 2012 онд “Камертон 2” төсөл болох гэж байгааг сонсоод оролцохоор шийдсэн. 2009 онд манай страдын хамгийн дүү Б.Оргил гээд залуу манай хамтлагт орж байсан. Нэг ёсондоо “Камертон 2” шоунд орохдоо миний бие, Б.Замбалгарав, Б.Оргил, Э.Балжинням гэсэн бүрэлдэхүүнтэй “дөрвүүлээ орьё” гэхэд тухайн төсөл хамтлагаар бус, дуучдыг тус тусад нь шалгаж авна гэсэн.

Тиймээс тухайн төсөлд орохоо болиод, нэг хэсэг хамтдаа бэлтгэл хийхээ больчихсон байсан л даа. Ингээд дахин ярилцсаны эцэст эргээд орохоор болоход Э.Балжинням маань мэргэжил өөр байсан учир орохоо болиод, Б.Оргил, Б.Замбалгарав гурвуулаа хамтлагаа тараагаад тусдаа орсон. Тэгэхэд азаар гурвуул финалд шалгараад эргэн нэгдэж байлаа.

-ХАМТЛАГ ТАРСАН УЧИР ДАХИН УРАН БҮТЭЭЛ ГАРГАХГҮЙ-

-Тэгэхээр хамтлагийн гишүүд бүр эртний найзууд юм байна шүү дээ?

-Тийм шүү. Ижил зорилго, мөрөөдөлтэй учраас холбогдсон гэж боддог. Гэвч хамтлаг маань тараад багагүй хугацаа өнгөрлөө. Одоо тус тусын амьдралаа хөөсөн.

-Таны хувьд дуулах ямар мэдрэмж төрүүлдэг вэ?

-Дуу дуулах нь миний хамгийн их хүсэж, мөрөөддөг зүйлсийн нэг. Дуулахаараа аз жаргалыг авдаг. Мэдэрч болох бүхий л сайхан зүйлсийг дуулж авдаг гэх үү дээ.

-“Камертон 2”, “Voice of Mongolia” шоунуудад оролцсон. Тэдгээр шоунд оролцох болсон шалтгаан нь юу байв?

-Тэмцээн уралдаанд орох болсон шалтгаан гэвэл олон талтай. Нэгэнт орж байгаа учир Гранприг авна гэж бодож орсон. “Камертон 2” төслийн хувьд зорилгодоо хүрсэн ч, “Voice of Mongolia” шоунд амжилт гаргаж чадаагүй.
Гол зорилго гэвэл Гранпри авах, чанартай уран бүтээлч болъё гэсэн зорилгыг өвөртөлсөн. Түүнчлэн тухайн шоунуудын шагналын сан өндөр байсан.

-Тэгэхээр тухайн шоу нэвтрүүлгүүдийн шагналын сан нь чухал байсан гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ. Ерөөсөө шагналын сан л байсан. “Камертон 2” төслийн хувьд Монголын номер нэг бойбанд хамтлагийн ахлагч Д.Болдтой таван жилийн гэрээ байгуулан ажиллах, мөн 150 сая төгрөг өгөх байсан. Манай хамтлагийн хувьд бүгд ижил зорилго, тэмүүлэлтэй байсан учир нэг шалтгаанаар тэмцээнд оролцсон.

Харин “Voice of Mongolia” шоуны хувьд “Universal” студитай гэрээ байгуулах эрх өгнө гэсэн учир оролцсон. Гэвч сүүлд гэрээ байгуулах студи нь “Universal” биш “Монгол контент” байсныг мэдсэн. Тэмцээний дунд шагналын сан тодорхойгүй явж байснаа, сүүлд машин тэрэг болоод явчихсан.

Хоёр тэмцээнд оролцож үзсэний хувьд хэлэхэд, Монголд зохион байгуулагдаж буй иймэрхүү тэмцээн уралдаан, шоу нэвтрүүлгүүдийн шагналын сан нь ихэнхдээ худал байдаг юм билээ. “Камертон 2” төслийн хувьд ч мөн сүүлдээ шагналын сан нь худал болоод хувирчихсан. Хэдийгээр Гранприг аваад дуучин Д.Болдтой хамтарч ажиллана гээд баярлаж байсан ч, өнөө л дөрвөн залуу оюутан байхдаа ямар байсан тэр л хэвэндээ очсон. Бүх зүйлээ өөрсдөө хийдэг хуучин үе рүүгээ эргээд оччихсон гэх үү дээ.

Мөн 150 сая төгрөгийн шагнал ч байгаагүй. “Voice of Mongolia” шоу ч мөн адил “Universal” студитэй гэрээ байгуулна гэж бодоод ортол, тэмцээний дундуур “Mongol HD” телевизээс “Тухайн тв болон “Монгол контент”-той хатуу гэрээ байгуул. Үгүй бол тэмцээн уралдаанд орсон дугааруудыг телевизээрээ гаргахгүй” гэж хэлсэн.

Тиймээс ч би тухайн гэрээг нь байгуулаагүй. Хамгийн хүнд нөхцөл нь юу байсан бэ гэхээр 98/2 хувийн харьцаатай ажиллах гэрээ байсан. Өмнө нь уран бүтээл хийж байсан үгүй нь хамаагүй, хэрэв хийж байсан бол тухайн уран бүтээлчийн өмнөх уран бүтээлүүд ч мөн “Монгол контент”-ийн өмч болно гэх заалттай байсан. Тиймээс гэрээнд гарын үсгээ зураагүй.

-98/2 ХУВИЙН БООЛЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУР ГЭСЭН УЧИР ЗӨВШӨӨРӨӨГҮЙ-

-Та болон хамтлагийн хувьд тухайн гэрээг хүлээн зөвшөөрөөгүй учир санасандаа хүртэл амжилт гаргаагүй гэж ойлгож болох уу?

-Тийм. Тухайн гэрээнд гарын үсэг зураагүй цөөн хүмүүсийн нэг нь би. “Камертон 2” төсөл өөрөө бүтэлгүйтсэн учир “Voice of Mongolia” шоунд оръё гэх бодол төрсөн.

-98/2 харьцаатай гэрээ нь миний бодож байгаачлан нийт ашгийн 2 хувийг тухайн уран бүтээлч, 98 хувийг гэрээ байгуулсан компани авна гэсэн үг үү?

-Тийм. Нийт ашгийн хоёр хувийг л уран бүтээлч авах гэрээ. Одоо анзаарч байгаа бол нэг болон хоёрт орсон уран бүтээлчид финалын шатанд эсвэл гранпри авахгүй байгаа. Яагаад гэвэл мэргэжлийн уран бүтээлчид таван жилийн энэ хатуу гэрээнд гарын үсгээ зурахгүй.
Өөрсдөө энд тэнд дууллаа гэж бодоход 98 хувийг нь “Монгол контент”, хоёр хувийг нь уран бүтээлч авна.

Хоёр хувиа аваад амьдрахад одоогийн нийгэмд хөрсөнд буугаагүй гэрээ байхгүй юу. Нэг ёсондоо боолын гэрээ гэсэн үг. Мэргэжлийн уран бүтээлчид энэ гэрээг хийхгүй. Тиймээс ч “Voice of Mongolia” шоуны Гранприд үлдэхгүй. Энэ гэрээг ямар хүмүүс зөвшөөрөх вэ гэвэл нас залуу, санхүүгийн хувьд эцэг эхээс хараат хүүхдүүд л байна.

-Гэрээ байгуулсан оролцогчид Гранпри авна гэхээр шүүлт шударга бус байх боломжтой гэсэн үг үү?

-Шоунд оролцсоны хувьд шүүлтэд эргэлзэхгүй байгаа. Дасгалжуулагч болгоны шалгарсан 16,17 залуучууд бол үнэхээр л мундаг дуулдаг хүүхдүүд байсан. Гранпри авсан Ц.Энгүүн хүртэл анхнаасаа л авах нь тодорхой мундаг хүүхэд байсан. Мессеж саналыг чухам яаж өгдгийг мэдэхгүй юм. Олон улсын аудитын байгууллага давхар хянадаг гэсэн. Үзэгчдийн нүдэнд ил байдаггүй учир шүүлтийн тухайд хардлага байхыг үгүйсгэхгүй.

-Мэргэжлийн уран бүтээлчид тийм хатуу гэрээ байгуулахгүй гэлээ. Ямар хүнийг мэргэжлийн уран бүтээлч гэв ээ?

-СУИС-ийг дуучны мэргэжлээр төгссөн хүмүүсийг л хэлээд байгаа юм. Дөнгөж сургуульдаа орж байгаа залуусын хувьд энэ гэрээг байгуулах боломжтой. Бодоод үз л дээ. 98/2 хувийн харьцаатай цалинжина. Ингээд ар гэр, амьдралаа авч явдаг хүнд энэ гэрээг байгуулах боломжгүй байгаа биз дээ.

“Монгол HD”, “Монгол контент” энэ гэрээгээ дэлхийн стандартаас давсан, илүү гэрээ гээд байдаг. Харьцуулалт нь өөрөө Майкл Жексонтой харьцуулаад байгаа юм. Майкл Жексон студитэйгээ 1.6 хувийн гэрээтэй байсан юм билээ. Дэлхийтэй Монголын зах зээлийг харьцуулаад байгаа юм л даа.

-ЯГ Л ӨӨРИЙН ХИЙХ ДУРТАЙ АЖЛЫГ, ХҮССЭНЭЭРЭЭ ХИЙЖ БАЙНА-

-Таны хувьд дахин дууны тэмцээн уралдаанд оролцох уу?

Үгүй. Дахиж оролцохгүй ээ. Тийм шоу, тэмцээнд дахиад орохгүй байх.

-Залуу уран бүтээлч тухайн гэрээг байгууллаа гэж бодоход карьер нь өсөж, амжилтад хүрэх боломжтой болох нь ээ?

-Тэр талаасаа бол тийм ээ тийм. Залуу уран бүтээлчдэд карьер хэрэгтэй учир цалингүй байсан ч хамаагүй байх л даа.

-Хатуу гэрээг нь байгуулсан бол “Бид 4” хамтлаг амжилтад хүрсэн, магадгүй тарахгүй байхсан гэж бодож байв уу?

-Гэрээ байгуулаагүй дээ харамсаж байгаагүй ээ. Юунд нь ч харамсах вэ дээ. Хамтлагийн тарсан асуудал “Voice of Mongolia”-той бол хамаагүй. Зөвхөн “Камертон 2”-той л холбоотой асуудал юм. Миний хувьд уран бүтээл туурвихгүй ч, студидээ дуртай ажлаа хийж байна.

-Дуучин хүн уран бүтээл туурвихгүй, студид ажиллах хэр ялгаатай байна вэ?

-Онцын ялгаа байхгүй ээ. Яг л өөрийн хийх дуртай ажлыг хүссэнээрээ хийж байна.

-Студиэ байгуулаад удаж байна уу. Ямар уран бүтээлчидтэй ажилладаг вэ?

-Удаагүй ээ. Хоёр жил орчим л болж байна. Шинэ залуу уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг.

-Тэгвэл жүжигчин болох, кинонд дүр бүтээх хүндрэлтэй байв уу. Цаашид ч мөн уран бүтээлд ажиллах уу?

-Жүжигчний мэргэжил ямар хүнд болохыг ажилласан уран бүтээлүүдээсээ ойлгоод л явж байна. Өмнөх ажилласан гурван кинонд найруулагчийн хүсэлтээр, мөн тухайн дүрд таараад, таалагдаад орсон л доо. Хамаг чадлаараа л хичээж ажилласан. Сайн муу болсон эсэхийг хэлж мэдэхгүй ч өөртөө бол сэтгэл хангалуун биш байгаа.

-Таны хувьд өмнө нь жүжигчин болох, кинонд тоглох юмсан гэж хүсдэг байв уу?

-Миний хувьд жүжигчин биш учраас тийм хүсэл бол байгаагүй. Гэнэтийн л зүйл болсон.

-ЭРОТИК КИНОНЫ САНАЛ ДАХИАД ИРВЭЛ ТАТГАЛЗАХГҮЙ-

-Хамгийн сүүлд “30 өдөр 30 секс” уран бүтээлд Оргилын дүрийг бүтээсэн. Эротик киноны саналыг хүлээж авсан тань сонирхол татаж байна?

-Киноны санал ирэхэд ийм уран бүтээл гэж мэдээгүй л дээ. Харин кино зохиолоо уншаад дүрээ ойлгосон. Ажил гэдэг утгаар нь хүлээж аваад, ажиллаад үзье л гэж бодсон.

-Оргилын дүр таны бодит амьдрал дээрх хувь хүнтэй хэр төстэй байв?

-Ер нь л их ойролцоо шүү. Студид ажилладаг, хувь уран бүтээлч гээд төстэй зүйл олон.

-Киноны саналыг анх Т.Алтантуяа найруулагч тавьсан гэж ойлгосон. Кино зохиолоо анх уншихад төрсөн сэтгэгдлээс хуваалцаач?

-Тийм ээ. Т.Алтантуяа найруулагч санал тавиад тоглож байсан. “Хөх тавилан” киноны хувьд ч мөн Т.Алтантуяа найруулагч ажилласан. Тиймээс энэ уран бүтээлд тохирно гэж үзсэнээс санал тавьсан болов уу. Зохиолоо уншаад нэлээн л хэцүү дүрд ажиллах юм байна даа гэж бодож байлаа.

-Киногоо анх үзэхэд эвгүй байв уу?

-Киноныхоо 1-3 ангийг үзэгчидтэйгээ л хамт үзсэн. Өөрийгөө тийм дүрээр, сексийн хэсгүүдээр харах бас л их эвгүй байдаг юм билээ шүү /инээв/.

-Гэр бүлийнхэн тань таны тоглосон уран бүтээлийг үзсэн үү. Хэрхэн хүлээж авсан бэ?

-Үзээгүй ээ. Кинонд тоглосон гэдгээ ч хэлээгүй. Хэлэхгүй байх аа. Өөрсдөө олж үзвэл үзэх л байх. Би ийм кинонд тоглосон гэж лав хэлж чадахгүй байх.

-“30 өдөр 30 секс” кинонд Удвал хоёр төрлийн эр хүнтэй учирч буйг харуулдаг. Таны хувьд жинхэнэ эр хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

-Хэлсэн, ярьсандаа байдаг. Ямарваа зүйлд тууштай, эмэгтэй хүнийг хайрлаж чаддаг, буурь суурьтай, үнэнч байх ёстой гэж боддог доо.

-Хосууд 30 өдөр 30 секс хийх боломжтой гэж боддог уу?

-Болно. Хэрвээ хүсвэл болох л зүйл. Түүнээс боломжгүй байна гэж байхгүй ээ.

-СЕКСИЙН ХЭСЭГТ Э.ПҮРЭВЖАРГАЛ БИД ХОЁРЫГ ТОЙРООД КИНО БАГИЙН 40-50 ХҮН БАЙСАН-

-Танд эротик төрлийн уран бүтээлийн санал ирвэл зөвшөөрөх үү?

-Ер нь энэ уран бүтээл гэхээсээ илүү өмнө ажилласан хоёр уран бүтээлээс жүжигчний мэргэжил ямар хэцүү болохыг зах зухаас нь мэдрээд, хичээгээд явж байна. Дахиад ийм төрлийн киноны санал ирвэл ажил гэдэг утгаар нь хүлээж аваад зөвшөөрнө л гэж боддог. Хамгийн гол нь би найруулагчид таалагдаад, дүрдээ тохирч байвал асуудалгүй.

-Сексийн хэсгүүдэд тоглох, эмэгтэй хүний нандин хэсгүүдэд хүрэх хүндрэлтэй байв уу?

-Яг секс хэсгүүд үнэхээр хүндрэлтэй байсан. Э.Пүрэвжаргал бид хоёрыг тойроод кино багийн 40-50 хүн байсан. Бүгд яг хараад суучихдаг юм билээ. Нэлээн л хэцүү байсан. Аль болох нэг л явъя гээд хоёулаа хичээгээд “Бодит, яг л жинхэнэ мэт явах хэрэгтэй” гээд хичээгээд ажилласан даа.

-Киноны үеийн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцах болов уу?

-Киноны үеэр болсон хөгжилтэй үйл явдал гэхээс илүү кино маань өөрөө бүхлээрээ гоё дурсамжтай байсан.

-Таны уран бүтээлүүд, зургийг харахад ихэвчлэн урт үстэй байдаг. Яагаад ургуулдаг вэ?

-Үсний тухай яривал нэлээн урт түүх болно. 2011 оноос хойш 9 жил ургуулаад үсээ тайрсан. Дахин ургуулаад саяхан кинонд тоглох үеэр тайруулсан. Ямар нэг онцгой шалтгаан бол байхгүй. Олон жил урт үстэй байсан учраас миний имиж болчихсон гэхэд болно. Одоо ч гэсэн киноноос хойш дахиад л ургуулж байна.

-Нууц биш бол та гэр бүл зохиож амжсан уу?

-Зохиож амжаагүй ээ. Эхнэр хүүхэдгүй. Ганц бие.

-ЭМЭГТЭЙ ХҮНИЙ БҮХИЙ Л САЙХАН ШИНЖ ЧАНАРУУДЫГ АГУУЛСАН, ЭМЭГТЭЙЛЭГ, ХАЛАМЖТАЙ ЭМЭГТЭЙД ТАТАГДДАГ-

-Ямар эмэгтэйд сэтгэл татагддаг вэ?

-Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн онцлогтой гэж боддог. Миний хувьд эмэгтэй хүний бүхий л сайхан шинж чанаруудыг агуулсан, эмэгтэйлэг, халамжтай бүсгүйд татагддаг.

-2012 онд өгсөн ярилцлагадаа ч мөн “ганц бие” гэж хэлсэн байсан. Карьер чухал учир гэр бүл төлөвлөлт хойшлуулж байгаа юу, эсвэл сэтгэлд нийцсэн эмэгтэйтэй учраагүй явна уу?

-Төлөвлөсөн зүйл бол байхгүй ээ. Болох зүйл болох цагтаа л болно байх. Сэтгэлд нийцсэн эмэгтэйтэйгээ учраагүй гэж ойлгож болно оо.

-Үзэгчдээс ирж буй сөрөг мэдээлэл, хандлагад эмзэглэдэг үү?

-Би таагүй сэтгэгдэлд ямар ч ач холбогдол өгдөггүй. Тоодоггүй юм.

-Яагаад асуув гэхээр цахим сүлжээнд таны тухай таагүй мэдээллүүд олон байдаг юм билээ?

-Нэг сайтад гарсан миний тухай нийтлэлийг л яриад байх шиг байна тийм үү? Тухайн нийтлэл миний тухай эсвэл хамтлагийн гишүүний тухай гэдэг нь тодорхойгүй, баахан утга авцалдаагүй зүйлс бичсэн байсан. Тухайн сайтын ерөнхий захиралтай нь холбогдоод “Яагаад ийм худал мэдээлэл бичээд байгаа юм бэ” гэхэд “Энэ чинь өөрөө сайтын хандалт авах арга шүү дээ. Хэрвээ мэдээллээ устгуулбал тэдэн төгрөг төлөөд устгуулж болно” гэхээр нь би ч нэг их тоогоогүй орхисон.

-Таны цаашдын зорилго, зорилтыг асуумаар байна?

-Ажлаа хийгээд л, чадвал студиэ томруулж өргөжүүлэхийг л хүсэж байна даа.

-Хөл хориог хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Боломжтой хугацаанд ажлаа амжуулахыг л хичээж байна. Мөн байгальд, агаарт байхыг зорьж байна. Би гоё орчин, байгальтай газруудаар явахыг хүсдэг. Аялах маш их дуртай. “Хөдөө явья” гэвэл ногоон гэрлээр зөвшөөрөөд л явдаг даа. Түүнээс энд тэнд ууя, уулзъя гэвэл нэг их хүлээж авдаггүй.

-Бидэнтэй цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button