НИЙГЭМ

Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн засаглал руу түлхэж байна гэсэн ойлголтыг бид эсэргүүцнэ

Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал зөвшилцөж дуустал АН-ын  гишүүд тойрогтоо хэлэлцүүлэг хийхгүй

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ерөнхийлөгчийн саналаар УИХ дахь АН-ын зөвлөл байр сууриа илэрхийллээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн Ардчисан намын  Бүлгийн Дарга Д.Эрдэнэбат:

“Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад ардчилсан нам хоёрдугаар хэлэлцүүлэг хүртэл огт оролцоогүй байсан. Үүний учир шалтгаан нь хуульд нийцүүлэх зайлшгүй шаардлага байгаа гэж үзсэн учраас оролцоогүй. Өнгөрсөн чуулганаар Ерөнхийлөгч өөрийн саналаа танилцуулан УИХ-д өргөн барьсан учраас энэхүү хэлэлцүүлэгт ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, ардчилсан намаас боловсруулсан өөрсдийн саналыг илэрхийлж оролцох нь зүйтэй гэж үзсэн. Үүнтэй холбогдуулан гол хуралдаануудад гишүүд оролцож байр сууриа илэрхийлэх болно. Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн явцаас үзэхэд үндсэн хуулийн суурь зарчимд нийцээгүй, үйл ажиллагааг доголдуулах, ойлгомжгүй байдал үүсгэх зэрэг нөхцөл байдлууд үүсэж байгаа учир бид зайлшгүй байр сууриа илэрхийлэх шаардлагатай гэж үзсэн. Түүнчлэн Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуульд хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзэж, ажлын хэсэг зохион байгуулсан. Үндсэн хуулийн өөрийн мөн чанар болоод цаашдын үйл ажиллагааг доголдуулахгүй байх үүднээс өнгөрсөн 30-аад жилийн гажуудлыг үүсгэсэн гол үр дагаваруудыг засахгүйгээр чанарын өөрчлөлт орохгүй гэж үзсэн. Үүнд,

1 .Сонгуулийн хэлбэрийн тухай асуудал чухал байна. Парламентын гол суурь зарчим нь сонголтын асуудал байдаг. 76 жижиг тойргоос хувь хүнийг сонгосон нь парламетын тогтвортой нэгдмэл байдалд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйл. Иймээс үндсэн хуулийн шинэчлэлийн суурь зарчимд сонгодог парламентаас сонгогдож буй системийг холимог хэлбэрээр явуулах Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж ажиллах нь зүйтэй гэдэгт бид нэгдмэл байр суурьтай байна.

2. Үндсэн хуулийн нэг гажуудал бол тунхгийн шинжтэй байсан асуудлыг өөрчлөх хандлага үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд байхгүй. Төрийн эдийн засгийн хуваарилалтын тухай асуудал зөвхөн төрийн төсөвтэй холбоотой УИХ-ын гишүүдийн төсвийг нэмж хасаж болохгүй гэсэн заалт шинэ үндсэн хуульд тусгагдсан байгаа нь улс орны эдийн засаг болоод орон нутгийн хөгжийн эсрэг байна. Бид зах зээлийн эдийн засагт социалист аргаар хандаж болохгүй. Орон нутгийн эдийн засгийг дэмжих асуудал гэдэг нь эдийн засгийн асуудлыг нь өөрт бие даалган өгөх асуудал юм. Татвараа өөрөө хурааж, бие даасан төсвөө өөрсдөө баталдаг байхыг үндсэн хуульд тодорхой тусгах ёстой.

3. Нутгийн өөрөө удирдах ёс, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай асуудал нэгдэж байж нутгийн өөрөө удирдах асуудлыг хөндөж байна. Хуучин хуульд хотын статусыг зөвхөн засаг захиргааны нэгж хэмээн томьёолсон нь хотыг албажуулж чадаагүйн шалтгаан. Хот гэдэг нь статусаараа нутаг дэвсгэртэй, засаг захиргаатай, нутгийн өөрөө удирдах ёсны төлөөллийн байгууллагатай байж нийгэм эдийн засгийн зогсвор болж чадна гэдэг байр суурийг илэрхийлэх нь зүйтэй.

4. Төрийн албанаас халж болохгүй, төрийн албыг улс төржүүлж болохгүй гэх зарчим нь төрийн албанд нэгэнт орвол гарах хаалгыг хаасантай адил байдалд орж байна. Үүнээс илүү чухал нь төрийн албаны босгыг шалгууртай болгосны дараа төрийн албан хаагчийн ёс зүй зарчмыг ярих ёстой.

5. Байгалийн баялаг хэмээн ерөнхий нэр томьёоноос салах нь зүйтэй. Ерөнхийлөгчийн баялгийн сан байгуулах тухай саналд бид ижил байр суурьтай байна.

6. Ард нийтийн санал хэлэлцүүлгийг зайлшгүй сонсох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн тавьсан энэхүү саналууд ерөнхий олноороо хүч түрэн шийдэхгүй бол үндсэн хуульд өөрчлөлт оруулахад ач холбогдолгүй хэмээн үзэж ардчилсан нам хэлэлцүүгээс гарахад татгалзах зүйлгүй гэж үзэж байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг саналын түвшинд зөвшилцөх нь зөв гэж бид үзсэн. Гэвч зөвшилцөж дуусаагүй асуудлаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналыг ард нийтээр хэлэлцүүлэн хоёр үндсэн хуультай мэт бужигнахыг бид эсэргүүцэж байна. Иймд бүх санаануудаа нэгдмэл болгон шигтгэсний дараа ард иргэдтэй хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг Ерөнхийлөгчийн засаглал руу түлхэж байна гэсэн ойлголтыг бид эсэргүүцэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай асуудлаар зөвшилцөөгүй байх үед Ардчилсан намын гишүүд өөрсдийн тойрогт хэлэлцүүлэг хийхгүй. Аравдугаар сард ард нийтийн санал асуулга явагдана. Үүнээс өмнө есдүгээр сар гэхэд хоёрдугаар хэлэлцүүлэг дуусна гэсэн төлөвлөгөөтэй байна. Цаг хугацааны тухай тодорхой мэдээлэл алга” хэмээлээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button