Нийгмийн

“Говийн ус-Ногоон хөгжил” эрдэм шинжилгээ, инновацийн чуулган Өмнөговьт болно

Говьд хамгийн тулгамдаад байгаа усны асуудлыг иргэд, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид хамтран хэлэлцэж, гарц шийдэл олох зорилгоор “Говийн ус-Ногоон хөгжил” эрдэм шинжилгээ, инновацийн чуулган есдүгээр сарын 10-нд Өмнөговь аймагт болох гэж байна.

Тус чуулганыг Өмнөговь аймгийн ИТХ-ын АН-ын бүлгээс санаачлан “Говийн ус-Ногоон хөгжил”, “Нүхэн жорлонгүй ногоон хот” зэрэг НҮТББ-тай хамтран зохион байгуулахаар болжээ. Чуулганаар говийн усны өнөөгийн байдал, уул уурхайн бүс нутаг дахь усны хэрэгцээ, аялал жуулчлалын бүс нутаг дахь усны хангамж, говийн ХАА, МАА-н усан хангамжийн өнөөгийн байдал, хот суурин газрын усны хангамж, эрүүл ахуй зэрэг тулгамдсан асуудлуудыг ИТХ-ын АН-ын бүлгийн гишүүд хөндөж тавих юм байна. 

Мөн эрдэмтэн докторууд хүрэлцэн ирж, говийн усны тулгамдсан асуудлууд, Улаан нуурыг тэтгэх төсөл, говийн усны чанар, усны нөөц, гидрогеологийн зураглал, саарал усны технологи, инновацийн технологи, устөрөгчийн эрчим хүч, говийн эрчим хүчний ирээдүй, хот төлөвлөлт ба дэд бүтцийн хөгжил зэрэг олон чухал сэдвээр илтгэл тавина.

Чуулганы үеэр саарал ус, эко жорлон, усыг эрдэсжүүлэх, бордоо бэлтгэх зэрэг орчин үеийн технологийн шийдлийг харуулсан үзэсгэлэн гаргахаар болжээ.

“Говийн ус-Ногоон хөгжил” эрдэм шинжилгээ, инновацийн чуулган нь Өмнөговь аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд нэг удаа чуулаад өнгөрөх биш цаашид бодитой ажил хэрэг болгохоор зорьж байгаагаа зохион байгуулагчид нь хэлж байв. Чуулганыг Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах юм байна. Зохион байгуулагчид чуулганы үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийж, ард иргэдэд нээлттэй мэдээлэхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button