НИЙГЭМ

70 насандаа Англи хэл сурч, таван жилийн төлөвлөгөөгөө гаргасан Л.Нямсүрэнтэй ярилцлаа

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн Л.Нямсүрэнтэй хөөрөлдлөө. Тэрбээр 70 насыг өндөр нас биш гэж үзэн, 2023 он хүртэлх төлөвлөгөөндөө техник технологийн мэдлэгээ дээшлүүлж, Англи хэл сурах, Япон улс руу аялах, Морин хуураар хөгжимдөж сурах зэргийг тусгажээ. Мөн түүх соёлоо мэддэг, гадаад дотоодоор аялдаг байх хэрэгтэй хэмээн ярих энэ сонирхолтой эрхэм хашаандаа мод тарьж, үхэр тэжээн эгэл даруу бөгөөд эрүүл, ухаалгаар амьдарч байна.

СУМ ДУНДЫН ЭМНЭЛЭГТ 38 ЖИЛ БАГА ЭМЧЭЭР АЖИЛЛАСАН

-Сайн байна уу? Та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн, сайн байна уу. Намайг Лхасранжавын Нямсүрэн гэдэг. Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд амьдардаг.

-Та одоо хэнтэйгээ амьдарч байна вэ?

-Хөгшинтэйгөө хоёулаа аж төрдөг. Хүүхдүүд зуны амралтаараа ирээд буцдаг. Хоёр хүүхэдтэй, миний хүүхдүүд Улаанбаатар хотод амьдардаг. Нэг охин минь хувиараа бизнес эрхэлдэг бол нөгөө охин маань нийгмийн ажилтан хийж байгаа.

-Та залуу насандаа ямар ажил хийдэг байв?

-Эх баригч бага эмч, дүн бүртгэгч бага эмчээр Ханх сум болон Хатгал тосгоны сум дундын эмнэлэгт 38 жил ажилласан.

-Таныг ирэх жилүүдийнхээ зорилго, мөрөөдлийн төлөвлөгөөг самбар дээр бичиж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөдөг гэж сонслоо. Энэ санаагаа анх хаанаа олж, хэнээс суралцаж байсан бэ?

-Миний зээ охин н.Энхжин “Номт наран” сургуулийн наймдугаар ангид сурдаг. Тэр хүүхэд минь “Эрдэнэсийн газрын зураг” гэдэг ном уншаад, түүн дээрээс төлөвлөгөө гаргах ёстой юм байна гэдгийг суралцаж, надад хэлсэн. Би хүүхдийнхээ төлөвлөгөөг харж байгаад “Миний хүү хийж байгаа юм бол эмээ нь бас хийе” гээд өөрийнхөө хэмжээнд таван жилийн төлөвлөгөө гаргаж, сурах зүйлсээ боловсруулсан.

-Гэр бүлийн хүмүүс төлөвлөгөөг тань хэр дэмждэг вэ?

-Маш сайн дэмждэг. Төлөвлөгөө хийхэд тусалж, юу хийх сонирхолтойг минь асууж, боловсруулж өгсөн. Япон улсаар аялах нь миний зээ охины мөрөөдөл. Япон хэлний сургуульд сурч байгаа учраас аялахад хэлний хувьд асуудалгүй, бэрхшээл тулгарахгүй.

-Өмнө нь төлөвлөгөө гаргаж байсан уу? Гаргаж байсан бол төлөвлөж байсан зүйлдээ хүрч байв уу?

-Төлөвлөгөө гэж юу байдаг талаар мэддэггүй явлаа. Толгой дотроо хийх ажлаа бодоод л бодит болгох тал дээр маруухан, мартаж санаад л явдаг байсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-нд Улаанбаатарт 1000 хүн оролцсон  “Дэлхийн уран бүтээлчдийн өдөрлөг” болсон. Энэ үйл ажиллагааг үзэж байхдаа төлөвлөгөө хийж, зорилготой байх ёстой гэдгийг ухаарсан. Төгс гэгээрсэн их багш Чанхайн уран бүтээлийн үзэсгэлэн гарсан. Тэгээд л төлөвлөгөөгөө хийсэн. Миний хүүхдүүд намайг урьж, сайхан чуулганд оролцуулсанд баяртай байгаа. Мөн урлагийн тоглолт болж сайхан, сайхан дуучид ая дуугаа өргөсөн. Үүнээс өмнө айхтар том зорилготой амьдарч явсангүй.

ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ТАЛААРХ МЭДЛЭГ МИНЬ ИХ ХОЦРОГДОЛТОЙ БАЙГАА

-Та таван жилийнхээ төлөвлөгөөнд юу юуг багтаав?

-2019-2023 онд өөрийнхөө хэрээр хийх сурах зүйлсээ гаргаж түүнийгээ биелүүлэхийн тулд хичээж байна. 2019 онд компьютерын мэдлэгтэй болох, ухаалаг утас сайн хэрэглэдэг болох, 2020 онд Морин хуур сурах, 2021 он гэхэд Англи хэлээ сайжруулах, хэнтэй ч ярих чадвартай болох, 2022 онд Япон улсаар аялах гэсэн төлөвлөгөөтэй байна. Төлөвлөгөөгөө энэ оны дөрвөн сараас хэрэгжүүлж эхэлсэн. Намайг таньдаг, мэддэг нутгийг хүмүүс, хүүхдүүд энэ төлөвлөгөөг минь сонсоод сайхан дэмжиж байгаа их урам авч байгаа.

-Та хамгийн эхний зорилгодоо компьютерийн мэдлэгтэй болохоор зорьжээ,  хэзээнээс биелүүлж эхэлсэн бэ? Ахиц хэр гарч байна?

-Орчин үед техник технологийн дэвшил маш хурдацтай хөгжиж байна. Гар утас, компьютерийг ашиглах, хэрэглэж сурах нь мэдээ мэдээллийг түргэн шуурхай авахаас гадна, хүүхдүүдтэйгээ хажууд байгаа мэтээр царайг нь хараад ярих боломжтой. Би компьютер байтугай гар утас ч сайн ашиглаж чаддаггүй хүн. Технологийн минь мэдлэг их хоцрогдолтой байгаа. Тийм учраас ядаж гар утсаа төвөггүй ажиллуулаад суръя гэсэн зорилгоор төлөвлөгөө хийсэн. Хүүхдүүд, нутгийнхан минь маш их туслаад компьютер дээр гайгүй бичиж сурч байгаа. Нас нэлээн өндөр болсон болохоор мартаж, санах зүйл гарах юм. Гэхдээ санасныг бодоход сайн байгаа шүү. Фейсбүүк дээрээс ганц хоёр зураг гаргаж харж чаддаг болсон. Одоогийн хүүхдүүд хэчнээн айхтар гээч, хоёр гуравхан настай хэр нь ээж, аавынхаа утсаар бичлэг үзнэ, тоглоом тоглоно шүү бүр адтай гэж. Эрэн үед нь төрчихсөн болохоор аргагүй юм уу.

-Морин хуураа багшаар заалгаж байгаа юу?

-Морин хуур тоглож сурахыг хэдэн жилийн өмнөөс бодож явсан. Тийм ч амар сурчихдаг зүйл биш бололтой. Телевизээр заадаг юм байна. Түүнийг нь хараад ганц хоёр татлага сурч болох талаас нь үзэж байгаа. Ямарваа нэгэн хөгжим тоглож сурахад сонсголоо сайжруулах ёстой юм байна. Багшаар заалгавал үр дүнтэй гэж бодоод арван жилд хүүхдүүдэд зааж байгаа оюутан багш дээр очиж ганц дуу заалгасан. Би ямар ч хөгжим тоглож чаддаггүй. Үндэсний өв соёл гэж Монгол хүн бүрийн хайрлаж, дээдэлж, сурч, судалж  явах ёстой зүйл мөн. Эрт дээр үеэс хоёр чавхдасаар хорвоог уярааж явсан ард түмэн шүү дээ. Хий дэмий цэцэрхэх, судалж мэдээд, тоглож сурна гэдэг асар их ялгаатай. Гадаадын жуулчдад өөрийн өв соёлоо танилцуулах хэрэг гарахад нэг ч ая тоглож чадахгүй, морин хуур гэж юу болохыг ч мэддэггүй байж болохгүй гэж боддог доо.  Ая нь аргадаж үг нь зэмлэдэг ардын дуугаа тоглож сурахыг хичээж байна.

АНГЛИАР СОНСОХДОО МУУ, УНШИЖ БИЧИХДЭЭ САЙН

-Англи хэлээ хэрхэн сайжруулж байна вэ? Хатгал тосгонд маш олон жуулчид очдог эдгээр хүмүүсээс суралцдаг уу?

-Англиар сайн уншдаг. Хамгийн түрүүнд сонсож суръя гэж бодсон боловч сонсгол их муу байна. Ярина ч гэж яаж байхав. Ганц хоёр зүйлийг бичиж бол чадна. Үсгээ нүдэлсэн. Тийм л хэмжээнд л байна. Англи хэлний цагаан толгой гэсэн ном хардаг. Тийм болохоор гадаадуудтай хэл ам ойлголцдоггүй, биеийн хэлэмж, дохио зангаагаар ганц хоёр үг солихоос хэтэрдэггүй. Манай тосгонд дөрөв хоногийн Англи хэлний сургалт болсон гурван өдөр суусан. Энхтайвны шугамаар Англи багш нар заасан. Хамрагдсан хүүхдүүдээ анхан, дунд, ахисан гэж гурав ангилаад түвшинд нь тохирсон хичээлүүд орсон. Хамгийн анхан шатны сургалтад хамрагдсан. Дөрөв хоногийн нэг өдөрт зар дуулалгүй хоцроод үлдсэн хоногуудад нь суусан. Англи хэл сурах арга барилаа уг сургалтаас л олсон.

-Таны төлөвлөгөөнд өдөрт таван үг арван үг цээжилнэ гэсэн зүйл бий юу?

-Өдөрт ганц хоёр үг л цээжилж байна. Цээжилсэн үгээ буцааж мартаад байх юм. Хөгшин хүний ёр гэж бас хэцүү. Хүмүүс надад өдөрт 4-10 үг цээжил гэж хэлж байгаа ч чадахгүй юм.

ГАЗАР ҮЗЭЖ НҮД ТАЙЛНА ГЭДЭГ ИХ ЧУХАЛ БӨГӨӨД ХҮНИЙ АМЬДРАЛ ИХ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ

-Япон улс руу аялах төлөвлөгөө гаргасан байсан. Яагаад заавал энэ орныг сонгосон бэ?

-Зээ охины төлөвлөгөөнд Япон улс руу аялах багтсан байсан. Тухайн үед эдийн засгийн боломжтой байвал зээгээ дагаад явчихна гэсэн бодолтой байна. 2023 он гэж хожуу оруулсны учир миний охин тэр үед сургуулиа төгсөөд эмээгээ аваад явж чадахаар том болсон байх болно. Мөн “Номт наран” сургуульд сурдаг учраас хэлний бэрхшээлгүй, дэлхийн өндөр хөгжилтэй орныг үзэх боломжтой.

-Аялахыг та яагаад чухалжилж төлөвлөгөөнд оруулсан юм бэ?

-Газар үзэж нүд тайлна гэдэг их чухал бөгөөд хүний амьдралд их хэрэгтэй зүйл. Энэ орон ийм байдаг юм байна. Харин бид чухам яаж амьдарч байна гэдгээ харж чаддаг. Хөгжил дэвшил соёлоос нь суралцах зүйл байвал сурч мэдэж чадна. Бид насаа дуусаж байгаа юм чинь сурсан сураагүй яадаг юм гэж бодож болохгүй. Өөрийн хэмжээнд сурах зүйлээ сурч байвал тун зөв.

-Гаргасан төлөвлөгөөнийхөө төлөө хөдөлмөрлөж, хичээгээд эхэлчихсэн тул төлөвлөгөө гаргахын давуу талыг та ойлгож эхэлсэн байх. Та уншигчдад маань төлөвлөгөө гаргахын давуу талаас хэлж өгөхгүй юу?

-Бид дахиад амьдрахгүй учраас төлөвлөгөөтэй амьдрах нь зөв хэмээн санаж, үлдсэн амьдралаа үр бүтээлтэй, үзэж харах зүйлтэй өнгөрөөе гэж төлөвлөгөө гаргасан. Амьдралд хайртай, өөдрөг үзэлтэй байх их чухал. Төлөвлөгөө гаргаад түүндээ хүрэхийн тулд хичээх нь өдөр хоногийг урсгалаар өнгөрүүлэхгүй, үр бүтээлтэй, зөв өнгөрүүлэх боломжийг өгдөг. Амьдарч буй багахан хугацаандаа үзээгүй зүйлээ үзэж, өөрөөрөө байх хамгийн сайхан зүйл.

Төлөвлөгөөгүй амьдрах юм бол төлөвлөгөөтэй амьдралаас ялгаатай нь цаг хугацааг үр ашиг багатай өнгөрөөх сул талтай юм. Үрэн таран, үрэлгэн амьдрахгүйг хичээх хэрэгтэй. Мөнгө төгрөг чухал биш, цаг хугацаа чухал. Цаг хугацааг хайрлаж үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээх хэрэгтэй гэж залуустаа захиж хэлмээр байна. Эрүүл хооллох, дасгал хөдөлгөөнтэй зөв амьдрах хэвшлийг залуудаа хэрэгжүүлбэл, урт удаан аз жаргалтай амьдарна.

-Таны яриаг сонсоод байхад байгальтайгаа их ойрхон хүн шиг санагдлаа. Хатгалдаа хэдэн жил суурьшсан бэ?

-Тиймээ. Би Далай ээжийн эхэнд нь төрөөд, хөлд нь амьдарч байгаа хүн. Ханх суманд төрсөн боловч ажил амьдрал бүхий л зүйлээ Хатгал тосгонд өнгөрүүлж байна. Хүүхдүүддээ алтан дэлхийгээ хайрлаж яваарай, амьтны амь таслахгүй, шударга, зөв хүн байгаарай л гэж захидаг. Урлаг, уран зохиолыг сэрж мэдэрдэг, өв соёлоо мэддэг, түгээн дэлгэрүүлдэг байгаасай гэж хүсдэг. Та бүхэнд өөрийн хамгийн дуртай шүлэг болох яруу найрагч Б.Мягмаржавын “Тэнгэрийн татах хүч” шүлгийг уншъя:

“Дэнхэл донхолтой амьдралд бүдэрч унахын цаг дор

Дээлийн минь захнаас татаж, тэнгэр намайг босгосон юм

Уйлсан нулимсыг минь тосож аваагүй тэнгэр

Дуулсан дууг минь түрж цуурайлсан юм

Уулга алдахдаа дууддаг хөх тэнгэртээ

Ухаант тархи минь хамгийн ойрхон явдаг

Чоно улихад толгойн үс босч, тэнгэрт улам ойртон

Чонос удмаа тэнгэрийнх гэдэгт итгэдэг би” гэдэг шүлгийг унших дуртай.

-Ярилцсанд баярлалаа.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-07-24 20:31

Бишээ овгийг нь

StevSlarie
StevSlarie
2019-10-19 01:19

Le Cialis Est Il Dangereux Prix Cialis 5mg Cpr 28 Cialis Libero generic cialis Levitra Generico Milano

Зочин
Зочин
2019-12-22 09:49

Амьд хүний зургийг битгий ингэж ч бай

Холбоотой мэдээ

Back to top button