Нийгмийн

Автобус хүлээ гэдэг шийдэл санал болгож байгаа бол ялагдалдаа бэлд, АН-ынхаан

РЕДАКЦЫН БУС КОНТЕНТ

Улаанбаатар хотод шийдэх асуудал олон байна.  Аль нам нь байна уу хамаагүй, шийдээд, зөв бодлого гаргаж хэрэгжүүлээд, олигтойхон ажиллах хэрэгтэй. Гэхдээ асуудлаа эрэмбэлээд, хамгийн их тулгамдсаныг нь түрүүлж шийдэх хэрэгтэй биз дээ. Автобус хүлээх дулаан газар хэрэгтэй нь үнэн. Бид дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд амьдардаг. Өглөө, орой автобус хүлээгээд нусаа хацартаа наадаг. Бага насны хүүхдээ тэврээд автобус хүлээж байгаа эцэг, эхчүүд ч олон байгаа. Хүүхдүүд даарна, зутарна, ханиад хүрнэ.  -30 градусын хүйтэнд автобусны буудал дээр зогсоод, хэзээ ирэх нь мэдэгдэхгүй нийтийн тээврийн унаа хүлээхийн хэцүүг олон хүн мэдэж байгаа. 

Гэхдээ иргэд автобус удаан хүлээхийг хүсэхгүй байна. Хурдхан гэртээ хариад, амрах нэг нь амарч, гэр бүлдээ цаг гаргах хүсэлтэй. Өглөө автобусанд чихэлдэж, багтахгүй үлдсэн нь дараагийн унаа ирэхийг 30, 40 минут хүлээж, ажлаасаа хоцрохыг хүсэхгүй байна.  Дулаахан газар сууж автобус хүлээгээд ажлаасаа хоцорвол дарга нь цалин хасахгүй, бандахгүй гэсэн журам гаргахгүй биз дээ.  Тиймээс эхлээд автобус хүлээдэггүй, нийтийн тээвэртээ багтдаг болгох шийдэл хай.  20 дугаарт эрэмбэлэх ёстой шийдлийг гаргаж тавиад байх хэрэггүй.  

Үүний оронд ирэх дөрвөн жилд нийтийн тээврийн парк шинэчлэл хийнэ. Цахилгаан автобуснууд ихээр оруулж ирнэ.  Түлшинд зарцуулдгаас 2-3 дахин бага зардалтай автобустай болбол үнийг нь 200 төгрөг болгох боломжтой.  Нийтийн тээвэрт явж буй автобусны тоог нэмнэ.  900 орчим автобус нийслэлийн иргэдэд хаанаа ч хүрэлцэхгүй байгаа, 1200 болговол хүрэлцээ нь нэмэгдэнэ гэх мэтээр арай өөр дорвитой амлалт өгөөч ээ. Нэн тэргүүний асуудлыг шийднэ гэж хэлээч, тэгвэл иргэд арай өөрөөр хандана.  Улаанбаатарт "Би автобусыг хэчнээн л бол хэчнээн минут хүлээж чадна. Бидэнд автобусны буудал дээр шилэн бүхээг бариад өгөөч гэж хэлэх нэг ширхэг ч хүн олдохгүй.  "Автобусны тоог нэмэгдүүлээч. Дулаан, тохитой нийтийн тээвэр хэрэгтэй байна. Түгжрэлгүй, хурдан явдаг бол амар гэж бүгд хэлнэ. 

Дахиад хэлье, автобусны буудалд ийм сайхан шилэн бүхээг байхад барьчихсан байхад дургүйцэх хүн байхгүй. Гэвч дахин дахин хэлэхэд, энэ 20 дугаар асуудал шүү.  Нэгдүгээр асуудлаа шийдээгүй байж энэ мэт ажилд зарцуулах мөнгө манай улсад бий бил үү. Нэг шилэн бүхээг барихаар 100, 100 сая төгрөг "цацаж таарна.  Солонгос зэрэг оронд барьсан стандартыг нэвтрүүлсэн энэ тэр гээд зардал нь талийж өгнө. Манайх шиг иргэд нь ухамсаргүй, жолооч нар нь "галзуу" улсад хэд хоног тэсэх нь ч эргэлзээтэй. Нэг уур нь хүрсэн нөхөр санаатайгаар төмөр, чулуугаар балбаад хагалчихаж өлхөн чадна. Эсвэл нэг дүрэм мэддэггүй жолооч давхиж ирээд л мөргөчихнө.  За сайнаар бодоод хагаралчихалгүй тэсээд байя гэж сэтгэе. Гудамжны хэдэн архичид нь хир даг болсон хөнжил, гудсаа оруулж шалан дээр нь дэвсээд, өвлийн хүйтэнд хоргодож болох дулаан газартай болсондоо бурханд залбираад унтаж байх байлгүй.  Гэх мэтээр муугаар бодох зүйл их байна. Тиймээс энэ шийдлээ түр хойш нь тавь. 

Түүний оронд түгжрэлийг яаж бууруулах вэ гэдэг шийдлээ л ярих хэрэгтэй байна.  Э.Бат-Үүл нийслэлийн Засаг дарга байхдаа хэд хэдэн хэрэгтэй шийдэл гаргасан. Гэхдээ тэр нь түр зуур л түгжрэлийг багасгасан.  Хэдийгээр түр зуурынх байсан ч хэрэг болж л байгаа. Цаашид түгжрэл улам л нэмэгдэнэ. Хэн ч цэцэрлэг, сургуулийн хүүхдээ өвлийн хахир хүйтэнд дааруулахыг, харгис хүмүүс олширсон энэ нийгэмд ганцааранг нь харанхуй гудамжаар явуулахыг хүсэхгүй. Тиймээс өр зээл тавиад ч болов сайн, муу хамаагүй машин авч байна. Хүүхдээ зөөхийн тулд шүү. Цаашид ч машины тоо өснө. Хүн амын өсөлттэй зэрэгцээд машин тоо нэмэгдэнэ. Хэдхэн жилийн дараа Улаанбаатарт явж байгаа машины тоо 1 сая хүрнэ. Юу ойлгомжтой, энэ л ойлгомжтой. 

Тэгвэл нийтийн тээврээ хамгийн сайн чадах чинээгээр хөгжүүлээч ээ. Автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах шийдэл одоохондоо л манайд байгаа хамгийн зөв бодлого. Гэтэл тэр шийдвэрээ яг утгаар нь хэрэгжүүлж чадахгүй байна. Жолооч нэгдүгээр эгнээгээр зорчих нь зүгээр л хэвийн үзэгдэл. Үүнээс болоод цөөхөн хэдэн автобус нь түгжрэлд ороод л, нийтийн тээвэр хурдан явдаг гэх давуу талаа алдчихсан. Хувийн машинтайгаа гараад ч 3 цаг түгжирдэг, автобусанд суугаад ч адилхан.  Ийм байхад яаж хүмүүс машинаа орхиод, хараал идсэн хүйтэн, заваан, хөгшин настай хүн бүтээд үхчихмээр чихэлддэг автобусанд чинь суух юм бэ.  Адилхан түгжирч байгаа юм чинь ядаж л дулаан машиндаа, чихэлдэлгүй явахыг бодно биз дээ. 

Хэрвээ автобусанд суугаад, 5-10 км замыг 20-40 минутад л туулдаг болбол машин унаж гараад, 3-4 цаг түгжрэх сонирхолтой хүн хэд байх бол. Бодоод үзээч.  Шийдэх гээд байгаа асуудлын чинь гол нь энэ хавьд байгаа юм биш үү.  Нэгдүгээр эгнээгээр явсан жолоочийг торгох торгуулийн хэмжээг нэм л дээ. Яагаад нийтийн тээврээ давуу талтай байлгах ганц шийдлээ аварч үлдэхгүй байгаа юм.  Одоо байгаа хотын удирдлагууд энэ мэт шийдвэртэй алхам хийж чадахгүй байна. Үүн дээр нь тоглоод, "Биднийг сонгоодох, өмнө нь АН-ынхан нийслэлийг нэг удаа удирдахдаа ямар бодлого хэрэгжүүллээ. Түүнтэй адилхан шийдээд өгье. Нийтийн тээврээ хөгжүүлнэ, хүмүүст тав тухтай, түгжрэлгүй үйлчилгээг хүргэнэ. Парк шинэчлэл хийнэ. Тэр бүхнийг шийднэ гээд амлаад, яриад, хэлээд өгөөч. Юуны чинь дулаахан газар автобус хүлээлгэх вэ. Автобус хүлээ гэдэг шийдэл санал болгож байгаа бол юун ялах, дахиад л далаараа цэвэр савуулах барьц алдчихаад байна, та нар.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-04 23:18

Автобус чөлөөтэй явах боломжтой болвол хүлээх шаардлагагүй болно Ингэхгүй бол бүгдээрээ машиндаа хонож дээ. Өөр гарц байхгүй газрыг нь түрүүлээд зарсан зам барих аргагүй Тэгэхээр такси үйлчилгээ болон бусад бүх хөнгөн тэрэгийг хориглохоос өөр аргагүй

Холбоотой мэдээ

Back to top button