УРЛАГЯРИЛЦЛАГА

Ц.Сарнай: Үнэн сэтгэлийн хайр юуг ч бүтээх хүчтэйг ухаарсан

 Хөгжмийн зохиолч Б.Чинбат БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, гэргий Ц.Сарнай донор нь болсныг дуулаагүй монгол хүн үгүй биз ээ. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард эх орондоо ирсэн. Дөрвөн хоногийн дараа ард түмэнтэйгээ тайзан дээрээс мэндчилэх гэж байгаа юм.

Б.Чинбат, Ц.Сарнай нарын мэс заслын дараах эмчилгээ дуусчээ | News.MN

Бид “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнайтай амьдралд нь тохиолдсон сорилт болон тоглолтынх нь талаар ярилцлаа.

Тэрээр “Хүмүүс намайг зоригтой, тэвчээртэй л гэж байсан. Гэхдээ үр хүүхэдтэй эмэгтэй хүн бүхэн хэрэв минийх шиг сонголттой нүүр тулсан бол надтай адилхан л шийдвэр гаргана. Бид хоёрыг урлагийн төлөө зүрх нь цохилж буй уран бүтээлчид, ард түмний маань итгэл босгосон” хэмээн ярьж байлаа.

ХАНИЙН МИНЬ МЭС ЗАСАЛ АМЖИЛТТАЙ БОЛСОН ТУЛ ИРЭХ ӨДРҮҮД ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ

-Жаахан л хугацаа алдвал ханиа алдах эрсдэлтэй хүнд өдрүүдэд хайртынхаа гараас тавиагүй, элгээ хувааж амьдралаа бүтэн болгосон хүчирхэг  бүсгүй өмнө минь сууж байна. Тиймээс хайрын тухай ойлголт, таньсан өнцгийг тань сонирхмоор санагдлаа?

Үнэн сэтгэлийн хайр юуг ч бүтээж чадах хүчтэйг л ухаарлаа. Гэхдээ хайр гэж яг тийм “юм” гэж хэдхэн үгээр онцлоход хэцүү. Үгэнд төдийгүй юунд ч хайрцаглагдашгүй зүйл юм байна.  

-Та хоёр ханилаад 25 жил болж байна. Амьдралд тань зөндөө олон аз жаргалтай мөч тохиолдсон нь мэдээж. Магад Чинбатын мэс засал амжилттай болсон, энэ бүхнийг хамтдаа даван туулсан нь та хоёрын амьдралыг улам утга учиртай болгосон байх. Амьдралд тань тохиолдсон хамгийн аз жаргалтай өдрүүдийн нэг нь энэ байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Хүний амьдралд жаргал, зовлон сүлэлддэг юм байна. Өмнө нь үр хүүхдээ өлгийдөн, тэвэрсэн өдрүүд хамгийн жаргалтай байсан. Харин одоо бол ханийн минь мэс засал амжилттай болж, өдрөөс өдрөөс өдөрт тэнхэрч байгаа тул ирэх өдрүүд хамгийн жаргалтай санагдаж байна. АНУ-д дэлхийн хэмжээний хөгжимчидтэй нэг тайзан дээр түүнийгээ харсан мөч ч бас надад сайхан санагддаг. Ханиа тайзан дээр байхыг харах бүрд л сэтгэл догдолж, амьсгаадах үед нь хамт амьсгаадаж, суудлаасаа босох үед нь хамт босдог.

Монголын хөгжмийн урлагт таны ханийн орон зай их. Хөгжмөө чин сэтгэлээсээ, дотортой тоглож байгаа нь анзаарагддаг. Амьдрал дээр ч мөн бүх зүйлд ингэж ханддаг уу?

-Тиймээ. Яг тэгж ханддаг. Хэзээ ч, хэнд ч, юунд чин сэтгэлээсээ ханддаг.

МЭС ЗАСЛЫН ДАРАА ЭМЧИЛГЭЭНИЙ МӨНГӨ ДУТСАН Ч ХАНИЙНХАА СЭТГЭЛИЙГ ЗОВООХГҮЙН ТУЛД ХЭЛЭЭГҮЙ

-Хэдий хандивын мөнгө цугларсан ч донор байгаагүй бол хүнд хэцүүхэн өдөртэй танай гэр бүл хийгээд урлагийнхан нүүр тулах байсан. Хагалгаа амжилттай болсны дараа хэр олон хүмүүсээс талархлын зурвас ирэв.

-Чинбаа маань элэгний хатууралтайгаа эрт мэдсэн. Тухайн үедээ эм уудаг байсан юм. Гэхдээ бүр яг элэг солиулах хэмжээнд оччихсон гэж бодоогүй л дээ. Хүн тэгээд ч яг цагаа тулахаар итгэж өгдөггүй л юм байна лээ. Тэгээд амьдралын сорилт, маргаж боломгүй үнэнтэй нүүр тулснаа хүлээн зөвшөөрч, БНСУ-ыг зорьсон. Солонгост очоод шууд л эмнэлэгт хэвтсэн. Чинбаагийн маань газар дээрх ганц эгч Б.Гэрэлчимэг ханийн минь донор болохоор Монголдоо бүх шинжилгээг нь өгөөд очсон юм. Гэвч  Солонгосын эмч нар элэг нь хэтэрхий жижиг байна гэсэн. Аз болж цусан төрлийн хүнээс гадна эхнэр нь донор болж болдгийг онгоц хөөрөхөөс хэд хоногийн өмнө судалж, юмыг яаж мэдэхэв гээд би өөрийнхөө шинжилгээнүүдийг нь өгчихсөн байсан юм. Тиймээс түүнийгээ хайртай хүмүүсийнх нь дэргэд авч үлдээх, ханиа аврахын тулд донор болохоор шийдэж, дахин шинжилгээ өгсөн дөө.

Бид хоёр хагалгаанаас хойш зургаа хоногийн дараа уулзахад, үг уруул даваагүй ч харцаараа ярилцаж, тэврэлдээд сайхан уйлсан даа. Эхний хэдэн өдөр утас руугаа ч харж чадахгүй, хүмүүсийн бичсэн сэтгэгдэл, зурвас бүрийг ээжээрээ уншуулдаг байлаа. Харин бие тэнхэрсний дараа Монголоос бичиж буй халуун дулаан үгсийг уншаад ийм сайхан хүмүүсийн итгэл, сэтгэл байхад яаж ч хэцүү байсан тэвчинэ шүү гэж бодсон. Яахав хагалгаанаас хойш бие нь хэсэг муудаад, эмнэлгээс төлбөр тооцоо нэхэгдээд хэцүү байсан ч өөрт нь энэ тухай ер дуулгаагүй. Мэдчихвэл санаа нь зовно гэсэндээ. Өрөөнөөсөө гарч уйлчхаад юу ч болоогүй юм шиг л буцаад ордог байсан. Азаар монголчууд маань сэтгэл дэлгэн тусалж, дотор байсан хүнд бодлуудаас чөлөөлсөн. Би ч бүх юм сайхан болно, босож ирээд тийм сайхан уран бүтээл хийнэ гэж итгэсэн.

 -Тухайн үед танай хамтлагийн гишүүн Г.Сүндэрмаа донор больё гэсэн юм билээ. Хэр баргийн хүнээс гарахгүй зориг шүү.

-Чинбаа бид гурвын цусны бүлэгтэй гэдгийг мэдээд хоёулаа донор болох юм байна шүү гэж ярьж байсан. Гэвч заавал цусан төрлийн хүн байх учиртай юм билээ. Гэхдээ л Сүндэрээгээс минь тийм сайхан сэтгэл гарч байгаа байхгүй юу. Одоо би Сүндэрээ минь донор болсноос ялгаагүй л гэж бодож баярладаг. Би шинжилгээ өгье гэж хэлнэ гэдэг том зориг, сайхан сэтгэл. Зүгээр ч нэг хүний амнаас гарахааргүй үг. Бас “one music” пропакшны залуу дуучин Ж.Мишээл донор болно гээд шинжилгээ хүртэл өгчихсөн байсан. Гэхдээ 21 хүрээгүй, цусан төрөл биш учир бас л болохгүй гэсэн хариу сонссон. Урлагийн төлөөх, хүний төлөөх сэтгэл, зүрх бас хэчнээн сайхан, хэргүй тунгалагаараа юм бэ гэж бодсон.

ТОМ СОРИЛТЫН ДАРАА ЭХ ОРОНДОО ИРНЭ ГЭДЭГ БИДНИЙ ХУВЬД МАШ ТОМ БЭЛЭГ

-Эх орондоо ирээд зургаан сар болох гэж байна. Ирээд 21 хоног тусгаарлагдсан байх аа?

-Тэгсээн. Намайг мэс засалд орохоор болсон тул ээж араас хүүхдүүдтэй маань хамт БНСУ-д очсон юм. Тиймээс Монголд ирээд олуулаа ирсэн. Солонгосын онгоцны буудал дээр ирж байгаа, дамжин өнгөрч байгаа бүх хүн шинжилгээ өгсөн. Бид шинжилгээгээ өгч, хариугаа авч явсаар эх орондоо 14 цаг явж ирсэн.

Онгоцноос буугаад л аюулгүй, амар тайван санагдсан. Биднийг Жаргалантын сувилал руу тусгаарласан. Өглөө босоод уул тал, бэлчиж буй хонь мал хараад өөрийн эрхгүй нулимс унагасан даа. Тухайн үед нэгэнт л эх орондоо ирчихснээс хойш тэнд хэд хоног тусгаарлагдсан ч яахав гэж л бодсон. Тэр том сорилтын дараа эх орондоо ирнэ гэдэг бидний хувьд маш том бэлэг юм шүү дээ.

-Тухайн үед та хоёр ямар, ямар эмчилгээ хийлгэж байв. Ямар нэгэн хүндрэл гарсан уу?

-Чинбаа өдөр бүр эмээ уугаад, сард хоёр удаа элэгний шинжилгээ өгөх шаардлагатай байсан. Тусгаарлагдаж байсан болохоор  шинжилгээгээ өгч чадаагүй. Гараад гэртээ сувилагч дуудаж байгаад шинжилгээ өгсөн. Харин миний хувьд эхний хэдэн сар эм уусан. Одоо бол гайгүй ээ.

СОЛО УРАН БҮТЭЭЛ ДЭЭРЭЭ ТӨВЛӨРЧ АЖИЛЛАНА

-Ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчилье. Одоо танай хамтлаг ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Одоохондоо хамтарч уран бүтээл хийж амжаагүй л байна. Хамтлагийн гишүүн Э.Ганболор маань гадаадад амьдарч байгаа. Хоёр жилийн дараа ирэх байх. Тэр хүртэл соло уран бүтээл дээр төвлөрч ажиллана. Яахав хүмүүс юм хийхээ болиод, нэг нь байхгүй болчхоор тарчихсан гэж ойлгоод байдаг. Бидний хувьд чадахгүй болтлоо л дуулна,  дуртай үедээ уран бүтээлээ хийнэ.

 Л.ЭНХМАНДАХ ЭГЧИД ТОГЛОЛТЫН ОРЛОГООС 10 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАСАН

Дөрвөн хоногийн дараа буюу ирэх ням гарагт болох “Chinbaa friend” талархлын тогтолт дээр шинэ уран бүтээлээр ард түмэндээ бэлэг барих уу? 

-Өнгөрсөн оны хоёрдугаар сард бид хоёрт урлагийнхан маань “Аравт”, “Niciton & Friends” нэртэй хандивын тоглолт хийх гэж байсан ч коронавирусийн халдварын улмаас хойшлуулаад байсан юм. Одоо олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохыг зөвшөөрсөн учир хоёр хоногийн тоглолтоо нэг өдөрт шахаж хийхээр боллоо. Тэгэхээр их олон цаг үргэлжлэх байх. Уур амьсгал нь ч их өөр байх болов уу гэж бодож байна. Учир нь ханийн минь дахин төрсний баярыг тэмдэглэх утга учиртай тоглолт шүү дээ.

Бид хоёрыг урлагийн төлөө зүрх нь цохилж буй уран бүтээлчид, ард түмний маань итгэл босгосон гэж боддог. Тиймдээ ч бид ням гарагийн тоглолтод шинэ уран бүтээлтэй уулзана аа. Энэ тоглолт бидний ард түмэндээ талархлаа илэрхийлж буй эхний уулзалт юм.

-Тэгэхээр дараагийн тоглолтын тов гарчихсан байх нь ээ?  

-Чинбаа маань дараа жилийн өдийд тоглолт хийхээр төлөвлөж байгаа. Энэ тоглолтод би ч гэсэн оролцоно. Гэхдээ цаашид  хийх бидний тоглолт бүхэн л талархлын тоглолт байх болно.  

-Өмнө нь болох гэж байсан тоглолт учир ихэнх тасалбар нь зарагдчихсан байх нь. Одоо борлуулагдах тасалбарын орлогыг юунд зарцуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Одоо Чинбаа маань сар болгон шинжилгээ өгч, өдөр бүхэн эм ууж байгаа. Тэгэхээр үлдсэн цөөн тасалбарын орлого тоглолтын урсгал зардал, эмчилгээнд л зарцуулагдах байх. Өмнө нь борлуулагдсан тасалбарын орлого эмчилгээнд зарцуулагдсан.

-Та хоёрыг хандивын мөнгөнөөсөө хүнд өвчнөөр шаналаад хэвтэж байгаа эмэгтэйд хандивласан гэж сонсон юм байна. Үнэн үү?

-Тийм ээ. Тухайн үед Рок попын төлөө зүрх нь цохилж явдаг “New star” студийн захирал Л.Энхмандах эгч маань хүнд өвчний улмаас шаналаад хэвтэж байгааг сонсоод зүгээр өнгөрч чадаагүй. Тэгээд тоглолтын тасалбарын орлого буюу ард түмнийхээ өгсөн хандиваас 10 сая төгрөг хандивласан. 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

11 Сэтгэгдэл

  1. УОК, ЭМЯ 2 ийм хүнд хаг####гааны дараа ирж байгаа хүний шинжилгээг өгүүлдэггүй тэнэгийн цаад тэнэг юм ! Ганц сувилагч оруулаад цус авхуулна. Юу нь хэцүү байна ?

  2. Үзэсгэлэнтэй үнэхээр сайхан эмэгтэй шүү Чинбаа үнэхээр азтай з####уу юмаа Хүн хань үр хүүхдийнхээ сайханд ЖАРГАДАГ гэж үнэн юм аа Та хоёр минь гам сайн бариарай биеэ бодоорой

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button