“Tom and Jerry” анимэйшн 2021 онд нээлтээ хийнэ

“Том ба Жерри” хүүхэлдэйн кино анх 1940 онд хийгдэж эхэлсэн ба энэ онд тус хүүхэлдэйн киноны 80 жилийн ой тохиож байна. “Метро Голдвин Майер”-ийн 161 ангит богино хэмжээний энэхүү цуврал нь Том нэртэй муур, Жерри нэртэй хулганы дүрүүдийн хоорондох өрсөлдөөнийг голчлон харуулдаг.
1940-1958 онд Америкийн найруулагч, хүүхэлдэйн киноны зураач Уильям Ханна, Жозеф Барбера нар MGM-д зориулж “Том ба Жерри” киноны 114 анги бүтээсэн ба энэ хугацаанд тэд Академийн шагналд шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино төрөлд 13 удаа нэр дэвшиж, Оскарын шагналыг долоон удаа хүртэж байжээ. Улмаар энэ төрөлд хамгийн олон шагнал хүртсэн “Уолт Дисней” компанийн “Тэнэг симфониуд”-тай тэргүүн байрыг хуваалцах болсон юм.
1957 онд MGM хүүхэлдэйн киноны студийг хаасны дараа 1961-1962 онд MGM нь Gene Deitch-тэй хамтран Рембрандт кинонд зориулж “Том ба Жерри”-г нэмж 13 анги найруулснаар цувралаа сэргээсэн ба тэр үеийн хамгийн их ашиг олсон богино хэмжээний хүүхэлдэйн киноны цуврал болж, Луни Тюнесийг гүйцэж түрүүлэв.
Үүний дараа 1963-1967 оны хооронд Чак Жонс, Sib Tower 12 Productions-тэй хамтран 34 анги, 2001 онд “Харшийн муур”, 2005 онд “Каратагийн хамгаалагч”, 2014 онд “Хандив босгох адал явдал” гэсэн гурван ангийг нэмж 164 ангит бүтээл болгожээ.
Тус цуврал киноноос сэдэвлэн бүтээсэн анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болох “Tom and Jerry: The Movie” кино нь 84 минут үргэлжлэх ба 3.5 сая долларын төсвөөр бүтсэн байна. Уг кино 1992 оны 10-р сарын 1-нд Герман улсад дэлхийн анхны нээлтээ хийсэн юм. Үүний дараа 1993 оны 7-р сарын 30-нд АНУ-д Miramax Films, LIVE Entertainment хамтран театрт гаргасан бөгөөд кино шүүмжлэгчдээс сөрөг үнэлгээ авч, бокс оффисоос 3.6 сая доллар олжээ.
Уильям Ханна, Жозеф Барбера нарын бүтээсэн хүүхэлдэйн киноны баатрууд болон богино хэмжээний цуврал хүүхэлдэйн киноноос сэдэвлэн, найруулагч Tim Story-н найруулгаар “Warner Animation Group”-ийн “Том ба Жерри” амьд хөдөлгөөнт анимэйшн кино /амьд боевик кино урлалыг анимэйшнтай хослуулсан кино юм/ 2021 оны гуравдугаар сарын 05-нд АНУ-д нээлтээ хийхээр төлөвлөсөн байна.
Энэ нь 1992 онд “Tom and Jerry: The Movie” гарснаас хойш театрын дэлгэцнээ Том Жерригийн дүрүүдийг харуулсан анхны кино болох бөгөөд 3D, IMAX хэлбэрээр гарна гэдгээрээ онцлог юм.
Г.Одгараг
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.