Сурвалжилга, Нийтлэл

ЁЖ ҮГ: Эс тэгвэл бид “Гиннесийн ном”-д бичигдэхгүй ч байж мэдэх нь

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгээрээ байсхийгээд нэг сошиал трэнд үүсгэнэ. Өнгөрөгч зун хэлсэн “Чөлөөт зах зээл гэж байхгүй гэж ойлгож байгаа”, “Хурган дарга нар хэвлэлийнхэнд суудал тавьж өг” гэх мэтээс нь эшлэж болно. Хамгийн сүүлд “Хэрэв бид энэ хэвээр хичээвэл дотооддоо халдвар алдаагүй гэдгээрээ Гиннесийн номд ч бичигдэж магадгүй гэж би бодож байгаа” хэмээсэн нь мөн л сошиалд хүчээ авав.

Энэ бол арваннэгдүгээр сарын 5 буюу өнгөрөгч пүрэв гарагт хэлсэн үг нь юм. Гэтэл маргааш нь буюу баасан гарагт нь Д.Нямхүү эмч, Монгол Улс анх удаа дотооддоо халдвар бүртгэсэн тухай зарлалаа. ХӨСҮТ-д, өвчтнүүдтэй гардан ажиллаж байсан сувилагчаас шинэ төрлийн коронавирус илрэх нь тэр.

Уг асуудлаар бямба гарагт УОК шуурхай хуралдаан зарлаж, “хуучны” түгшүүрийг дахин төрүүлээд авав. Сувилагч эмнэлгээс гараагүй тул халдварыг хүн амын дунд тархаагүй хэмээн үзэж, хааж хориглох ямар нэг арга хэмжээ авахгүй хэмээн УОК-ын дарга Я.Содбаатар хэлсэн. Олон нийт ч тэгсгээд тайвширлаа. Гэтэл өчигдөр буюу ням гарагт ЭМЯ шуурхай мэдээлэл хийж, таван хүнээс тусгаарлалтын 20 дахь хоногт нь халдвар илэрсэн тухай зарлав.

“Халдвар илрээгүй”, “Сөрөг гарлаа” зэрэг үг нэг хэсэг олон нийтийн ярианы хэлэнд эргэлтэд орсон. “Дотооддоо алдаагүй” гэдгээр ч монголчууд гадна, дотроо бага сага бахархаж, гаднын хэвлэлүүд, ДЭМБ-аар ч магтуулаад авсан. Эцэст нь Ерөнхий сайд ч “бараг Гиннесийн номд бичигдэх нь” гэж сайрхсаны дараа асуудал эргээд эвгүйдэж мэдэх хандлага руу гулсчихлаа.

Европын улсуудад халдварын хоёр, гуравдугаар давлагаа эхэлж, өдрийн 10-15 мянган шинэ тохиолдлыг бүртгэсээр буй. Ерөөс цар тахлын аюул, эрсдэл ойрын хоёр жилдээ гүйцэд арилж, балрахгүй гэдгийг судлаачид хэлсээр буй.

Алтанбулагийн боомтоор орж ирэх ачаа тээврийн жолооч нараас зургаан өдөрт зургаан хүн халдвар авч /одоо боомтыг хаачхаад буй/, дотоод дахь анхны халдвараа бүртгэсэн, дохио тэмдэг өгсөн хэд хоног ийн өнгөрлөө. Бүх халдварын тохиолдлууд ХӨСҮТ-ийн тусгаарлалтад, гадагш алдагдах эрсдэлгүй хянагдаж буй ч иргэд анхаарал болгоомжоо сулруулж боломгүй байна. Амны хаалтаа эргээд сайтар зүүх, халдвар хамгааллын дэглэмээ сахих цаг үеийн шаардлага үүсэв. Эс тэгвээс бид Гиннесийн номд бичигдэхгүй ч байж мэдэх нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэд
иргэд
2020-11-09 10:00

Х�##�двар авсан аваагүй нь хамаагүй,тэр хян�##�тын хорин нэг хоног их чух�##� хугацаа юм байна,улс орны хөгжилд чигчий хуруугаач хөдөлгөөгүй нэг тэнэг юм энэ намар юу гэж бурсан гээч,өвчний т�##�аар хэт сүржигнэж олон хоногын хугацаатай тусгаарл�##�т явуулсан нь улс орны хөгжилд их хор хохирол учрууллаа гэж тэнэгтэж байсаныг олон түмэн уншаа биздээ

Иргэн
Иргэн
2020-11-09 17:39

Эмч сувилагч болон голомтон дээр ажиллаж байгаа, шийдвэр гаргах түвшний хүмүүс бүгд сайн ажиллаж байгаа

Холбоотой мэдээ

Back to top button