СПОРТ

Ялсан З.Ойдов мөнгө, ялагдсан Яанг алт

Монгол зон олон “Монреаль-1976” наадмаас олимпийн анхны аварга төрнө хэмээн бат итгэж, 1974, 1975 оны дэлхийн хошой аварга Зэвэгийн Ойдовын алтан медаль зүүхийг л тэсэн ядан хүлээж байсан цаг. Гэтэл З.Ойдов нь эхний тойрогт АНУ-ын бөх Жин Дэвист 8:15 ялагдаж, бөөн сенсаац дэгдэх нь тэр ээ.

Яг дөрвөн жилийн өмнө “Мюнхен-1972” олимпийн наадмын нэгдүгээр тойрогт 23 настайдаа энэ америкт цэвэр ялагдаж байсан гунигт түүх давтагдсан нь харамсалтай. Эхний даваанд бүдэрсэн З.Ойдов гуай финалын замд таарсан М.Фодор (Унгар), Т.Туло (Франц), Х.Штрумпф (БНАГУ), И.Янков (Болгар), М.Фарахфаши (Иран) нарын дэлхийн томчуудыг цувруулан цэвэр яллаа.

Харин түүнтэй шигшээд барилдах Өмнөд Солонгосын бөх Ян Жан-Мо нь өнөөх америкийг далаар нь нам дарсан тул манай бөх түүнийг цэвэр ялах эсвэл онооны давуугаар хожиж байж гэмээ нь 62 кг-ийн жинд шагналын тавцангийн хамгийн дээр нь хөл тавих хүнд даалгавартай тулгарсан юм . “Хүсэхэд хясна” гэгчээр дэлхийн хошой аварга З.Ойдов нь Гуулин улсын бөхийг 10:8 ялсан ч Ян Жан-Мо нь БНСУ-ын түүхэн дэх хамгийн анхны олимпийн аварга цол хүртлээ.

Өдгөө 67 настай Бусан хотын оршин суугч, олимпийн анхны домогт аварга, даруу төлөв Ян овогт нь өөрийн клубээ ажиллуулж, БНСУ-ын засгийн газраас түүний түүхэн гавъяаг өндрөөр үнэлэн үүрд бэлэглэсэн түүний нэрэмжит спортын тансаг ордондоо тамирчидтайгаа шуугилдан буй сурагтай. Үүнээс хойш солонгосчууд хаана л бол хаана тааралдах үедээ хоёрхон сэдвээр ярьдаг байж билээ. Эхлээд Чингис хаан, дараа нь Ойдопп (Oйдовын cолонгос дуудлага).

З.Ойдов: Тамирчдын гавьяа зүтгэлийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч бусдаас илүү  соргог үнэлсэн

Далаад оны дүрмээр финалд өрсөлдөгчөө ялсан атлаа мөнгөн медаль дээр буусан З.Ойдов гуай дараа жил нь гандан буурахгүйгээр “Лозанн-1977” дэлхийн аваргаас хүрэл медалийг хөнгөхөн зулгаасан хүн дээ. Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, олимп, дэлхийн 4 медальт Зэвэгийн Ойдов өдгөө нас сүүдэр 71 (1949.05.25, Өвөрхангай) хүрсэн ч ануухан гялалзсаар явна.

Эх сурвалж: МҮОХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button