НИЙГЭМНийгэм мэдээ

МҮОХ Завхан аймгийн Цагдаагийн газартай "Спортын алдартан-Бидний бахархал" уулзалт хийлээ

Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, цагдаагийн хурандаа, Монгол Улсын Гавьяат хуульч Д.Энхтөрөөр ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд Завхан аймагт томилолтоор ажиллаж байна. Ажлын хэсэг 100 гаруй жилийн түүхтэй "Алтан гадас" одонт Завхан аймгийн Цагдаагийн газрын өдөр тутмын үйл ажиллагаа, шинээр ашиглалтад орсон орчин үеийн стандарт бүхий гурван давхар конторын барилга болон жижүүрийн шуурхай удирдлагын төвийн ажиллах орчин нөхцөлтэй танилцжээ.

Тус газрын дарга, цагдаагийн хурандаа Б. Гүнчин-Иш зочдыг хүлээн авч, алба хаагчдын ажиллах орчныг сайжруулах, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулга хийлээ.

Үүний дараа цагдаагийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, спортын амжилтыг дэмжих, эх оронч үзэл бахархлыг төлөвшүүлэх зорилготой “Спортын алдартан-Бидний бахархал” уулзалтыг тус газрын нийт бие бүрэлдэхүүнд зориулан зохион байгуулав. Уулзалтад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа, Монгол Улсын Гавьяат тамирчин, Олимпын хүрэл медальт Д.Отгондалай нар оролцож, тивийн болон дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгасан спортын замнал, тэсвэр хатуужил, хувийн сахилга батын талаар алба хаагчидтай чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Мөн цагдаагийн хурандаа Д.Энхтөр алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилт болон албаны сахилга батын уялдаа холбооны талаар мэргэжлийн зөвлөгөө өгөв.Арга хэмжээний төгсгөлд биеийн тамир, спорт, олимпизмын хөдөлгөөнийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах алба хаагчдыг МҮОХ-ны шагналаар шагнаж урамшууллаа. Үүнд:

  • • МҮОХ-ны дээд шагнал “Алтан-Очир” одонгоор: Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Сандагдоржийн Будхүү;
  • “Олимпын алдар” одонгоор: Гомбосэдийн Ганзориг;
  • МҮОХ-ны “Алтан медаль”-иар: Дамдинсүрэнгийн Рэнчинванжил нар тус тус шагнагджээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button