НИЙГЭМЯрилцлага

“Ямарваа бизнес төрөөс хамаарахгүй ч, цар тахлын үед ААН-үүдээ харж хандах нь ТӨРИЙН ҮҮРЭГ”

Өчигдөр /2020.11.29/-ийн хөл хориог 10 хоног сунгах, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх Засгийн газрын шийдвэрийг ААН болон хувиараа бизнес эрхлэгчид хэрхэн хүлээж авах вэ? Бид уг асуудлаар “Exclusive” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэгээс байр суурийг нь авсан юм.

-МИНИЙ ХУВЬД СҮҮЛИЙН 30 ГАРУЙ ЖИЛ АЖИЛ, АЖИЛ ГЭСЭЭР ХҮҮХДҮҮДЭЭ АНХААРЧ БАЙГААГҮЙ ЮМ БИЛЭЭ-

-Хөл хорионы өнгөрөгч 19 хоног таны хувьд хэрхэн өнгөрөв?

-Ямар ч зүйл сайн, муу хоёр талтай байдаг. Сайн тал гэвэл хөл хорио тогтоосноор автомашинууд явахгүй болж, агаарт хүхрийн хий байхгүй болж бид цэнгэг агаараар амьсгалж байна. Урьд нь агаарын бохирдлын шалтгааныг өнөө л гэр хорооллын түлш рүүгээ л чихээд байсан бол, замаар явж байгаа автомашин ч гэсэн агаарыг дутахгүй их бохирдуулж байгааг харлаа.

Бид яагаад хордоод байсан шалтгаанаа мэдэж авч байна. Ингээд цаашид хийгдэх ажлууд ч тодорхой болох болов уу. Мөн гэр бүлийнхэндээ цаг зав гаргаж байна. Миний хувьд сүүлийн 30 гаруй жил ажил, ажил гэсээр хүүхдүүдээ анхаарч байгаагүй юм билээ. Энэ хугацаанд гэртээ өдрийн хоол хийснээ санахгүй байна шүү дээ. Ингээд гэртээ байгаад ирэхээр хоол сайн хийдэг гэдгээ мэдэж авлаа.

-АМЬДРАЛ ХАЙРААС ИЛҮҮ МӨНГӨН ДЭЭР ТОГТОЖ БАЙГАА ЦАГ ҮЕД БИД АМЬДАРЧ БАЙНА-

-Саар зүйл нь юу байв?

-За саар зүйл нь эдийн засгийн асуудал гэж харж байна. Тэг зогсолт хийсэн үед төрөөс авах арга хэмжээ, бодлого маш тодорхой байх нь чухал. Өнөөдөр иргэд маань эрүүл мэнд аль эсвэл мөнгийг сонгох уу гэдэг сонголттой нүүр тулгараад байна. Мөнгө бол хүний зайлшгүй хэрэгцээ мөн. Мөнгөгүй бол амьдрал байхгүй. Амьдрал хайраас илүү мөнгөн дээр тогтож байгаа цаг үед бид амьдарч байна. Тиймээс үнэхээр л тэг зогсолт хийгээд, иргэдээ гэрээс нь гаргахгүй байлгая гэвэл төр нь иргэдээ сэтгэл амар гэртээ суух боломжийг нь олгох хэрэгтэй.

Иргэд сайндаа гарах гээд байгаа юм биш шүү дээ. Гэрт орлогогүй суувал өлсөх учраас, сард төлөх зээл нь нэхэгдээд байгаа учраас л аргагүй эрхэнд хөдөлмөрлөх шаардлага гараад байгаа юм. Биднийг гэртээ байхад зогсдоггүй, тоологдсоор байдаг зүйл банкны хүү, зээл, түрээс. Тухайн зохицуулалтыг хийгээд өгвөл иргэд гэртээ байхаас нэг их татгалзахгүй болов уу. Ерөнхийлөгчийн яриад байгаа сая төгрөгийг нь өглөө гэвэл, хүмүүс нэг хэсэг нь тайван сууна.

-ХӨЛ ХОРИОГ ЯАРАН ТАВИХ ХЭРЭГГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА-

-Засгийн газрын хуралдаанаас хөл хориог үргэлжлүүлэн 10 хоног сунгахаар боллоо. Та уг шийдвэртэй санал нийлэх үү?

-Хүн эрүүл байж, цааш амьдарна. Эрүүл байгаа цагт мөнгө олдоно. Тиймээс яаран хөл хориог тавих хэрэггүй гэж бодож байна. Тиймээс санал нийлнэ. Гол нь тухайн хугацааны зохицуулалт, гарц гаргалгааг л сайн тооцоолж, хийх хэрэгтэй. Эс бөгөөс нийт масст таалагдах шийдвэрийг гаргана гэдэг утгагүй. Мэдээж хүн бүр өөрт аль болох ашигтай байх талаас дуугарна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн яамны эмч мэргэжилтнүүд хөл хориог сунгах саналыг зүгээр ч нэг гаргаагүй нь лавтай. Хөгжилтэй орнууд өвчинд сөхрөөд байхад бид бас хянуур байх нь зөв. Тиймээс дор бүрнээ боломж боломжоороо бүсээ чангалж, хичээцгээе л гэж хэлмээр байна.

-ЯМАРВАА БИЗНЕС ТӨРӨӨС ХАМААРАХГҮЙ Ч, ЦАР ТАХЛЫН ҮЕД ААН-ҮҮДЭЭ ХАРЖ ХАНДАХ НЬ ТӨРИЙН ҮҮРЭГ-

-“Exclusive” брэнд өнгөрөгч хөл хориогоор хэрхэн ажилласан бэ?

“Exclusive” брэндийн хувьд шинэчилсэн аравтын системээр ажиллаад гурван жил болж байна. Салбарууд бүгд биеэ даасан, тусдаа үйлдвэрүүдтэй. Нэг брэндийн дор зангидагдаж байдаг аж ахуй нэгжүүд гэж хэлж болно. Өдөр тутмын дээл хувцас үйлдвэрлэдэг үйлдвэрүүд амарсан. “Exclusive”-ийн охин брэнд гэгддэг “Exmed” буюу хамгаалалтын хувцас үйлдвэрлэж буй компани ажиллаж байна. Манай туслан гүйцэтгэгч компаниуд эхнээсээ хамгаалалтын хувцас руу хөрвөж байна. Хэрэгцээ шаардлагаа дагаад л зах зээлд худалдаа явагдаж байна л даа.

-Ажилчдынхаа цалинг тавьж чадсан уу?

Ажилчид ажилладгаараа ажиллаад, авдаг цалингаа аваад явж байгаа. Нэгэнт зах дээр юу чухал байгааг үйлдвэрлэх нь өөрөө бизнес юм. Тиймээс даван туулахын тулд хүмүүсийн хэрэгцээг дагаад хөвөрч чаддаг байх гэж бодож байна. Ямарваа бизнес төрөөс нэг их хамаардаггүй ч, яг энэ цар тахлын үед аж ахуй нэгжүүдээ харж хандах үүрэг нь төрд бий. Бүгдэд шинэ зүйл болж байгаа учир бид эвийн хүчээр л энэ вирусийг даван туулж чадна”


ӨМНӨХ КОНТЕНТ:

БАЙР СУУРЬ: Тэг зогсолттой тэмцэж буй ААН-үүд түрүүчээсээ элгээрээ мөлхөөд эхэлжээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button