Нийгмийн

Хэргийг нь ТУСГААРЛАХ нэрээр өршөөсөн Д.Ганбат, Г.Золжаргал нарын жимээр C.Баярыг явуулах уу

Өнгөрөгч зун улстөрийн хүрээний нөлөө бүхий эрхмүүд толгой дарааллан ял авч хорих ангиуд руу ачигдсан билээ. Харин тэднээс цөөн хэд нь хэргээ тусгаарлуулах нэрээр уснаас хуурай гараад амжсан. Үндсэндээ Ш.Батхүүгийн хэргээр яллагдсан Ч.Ганзориг, Төмөр замыг төрд авахад голлох үүргийг гүйцэтгэсэн гэх Д.Ганбат, Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хувийн хэвшилд давуу байдал олгосон, тэрчлэн авлигын сүлжээ үүсгэсэн гэх Н.Золжаргал нарын эрхмүүд энэ ангилалд багтана.

ХӨШИГНИЙ АРД ЯРИГДДАГААР: Дээрх эрхмүүдийг Монгол улсын ерөнхийлөгчтэй ойртох замаар тохиролцоо хийж, улмаар хэргээ тусгаарлуулах гол лоббигоо хийсэн гэдэг.

Тэгвэл “Албан тушаалын байдлаа урвуулах” болон “Мөнгө угаах” гэмт хэрэгт буруутгагдан өдгөө хорих 409-р ангид хоригдож буй С.Баяр дээрх эрхмүүдийн адил Ерөнхийлөгчийн ивээлд багтах уу.

С.Баярцогт нарын хэргээс тусгаарласан байсан С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг өнгөрөгч арванхоёрдугаар сарын 1-нд эргэн нэгтгэх шийдвэрийг шүүхээс гаргасан. Улмаар эргэн нэгтгэгдсэн шүүх хурлын товыг түүнээс гурван өдрийн дараа буюу арванхоёрдугаар сарын 3-нд товлосон ч, шүүх бүрэлдэхүүний зүгээс С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг ахин ТУСГААРЛАСАН нь дээрх хардлагыг улам бүр лавшруулав.

Хэргээ тусгаарлуулсан С.Баяр, Ч.Давааням нарын шүүх хурал өчигдөр оройжин үргэлжилж, өнөөдөр /2020.12.04/ үргэлжлэн, шүүх бүрэлдэхүүн магадлалаа танилцуулахыг эх сурвалж хэлсэн юм.

-С.БАЯР ОХИНЫ ХАМТ ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГӨӨ УГААХЫН ТУЛД АНУ-Д ДӨРВӨН ҮЛ ХӨДЛӨХ ХУДАЛДАЖ АВСАН НЬ БАРИМТААР НОТЛОГДСОН-

Анхан шатны шүүхээс С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үеэр олж авсан чухал мэдээллийг өөрийн найз Ч.Даваанямд өгч, түүний “Петровис трейдинг”  компанид “эдийн засгийн давуу байдал” бий болгон, улмаар 418 тэрбум төгрөгийн  “хууль бус орлого” олох боломжийг олгосон гэж үзсэн.

С.Баярыг дээрх гэмт хэргээр олж авсан 418 тэрбум төгрөгийг нуун далдлах зорилгоор АНУ-ыг зорьж, улмаар Ч.Давааням болон өөрийн том охин Б.Нандин нарын хамтран эрхэлдэг бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа гэх нэрийдлээр 2010-2014 онуудад АНУ-ын Нью Йорк, Сиэтл хотуудад дөрвөн үл хөдлөх хөрөнгийг 11.643.000 ам.доллараар худалдан авсан. Улмаар дээрх үл хөдлөхүүдийг борлуулж олсон орлогоо АНУ дахь өөрийн болон эхнэрийн дансаар авч мөнгө угаасан хэмээн шүүхээс үзсэн.

Яллах дүгнэлт болон прокурорын тогтоолд С.Баярыг мэдээлэл олж өгөх, давуу байдал бий болгох, хууль бус орлого олох, мөнгө угаах зэрэг дараалласан уялдаа бүхий гэмт хэргүүдийг үйлдсэн, эдгээр нь баримтаар нотлогдсон гэж үзсэн юм.

-С.БАЯРЫН ХЭРГИЙГ ТУСГААРЛАХ НЭРЭЭР ӨРШӨӨХӨӨР ЗЭХЭЖ БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ-

Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдний хууль бусаар олсон орлогыг хураах, С.Баярт 5 жил, Ч.Даваанямд 2 жилийн ялыг тус тус нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Тэдний давж заалдах шатны хэргийн шийдвэрлэлт удааширч, шүүхээс ахин дахин тусгаарлаж буй нь эрхгүй хардлага төрүүлж байна. Магадгүй дээр дурдсанчлан хөшигний ар дах таамаглал биеллээ олж, С.Баяр, Ч.Давааням нарын хэрэг тусгаарлагдах нэрээр царцаж, өршөөгдөхийг үгүйсгэхгүй юм.


ӨМНӨХ КОНТЕНТ:

ХӨШИГНИЙ АРД: Хэргээ тусгаарлуулах нэрээр ялаас ӨРШӨӨГДСӨН эрхмүүд

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button