Нийгмийн

ХЭРГИЙН МӨРӨӨР: 13 давхраас унаж амиа алдсан охинд найз залуу нь гар хүрдэг байжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 13 давхраас залуу эмэгтэй унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэрэг долоо хоногийн өмнө буюу энэ сарын 9-10-нд шилжих шөнө болсон аж. Мэдээллийн дагуу цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн шөнийн 01:25 цагт хэргийн газарт ажиллаж, талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт хүлээлгэн өгчээ.

Хэргийг тодруулбал, Баянзүрх дүүрэгт байрлах Мандала хотхоны 13 давхарт хамтран амьдрах хосууд ширүүн маргалдсан бөгөөд 23 настай Ц гэх эмэгтэй цонхоор унаж амиа алдсан юм. Хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Шалгалтын явцад талийгаачийн найз залуу болох сэжигтэн этгээд Б архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогджээ.

О.БОРГИЛ БАТЛАН ДААЛТАД ГАРЧЭЭ

Албан бус мэдээллээр маргалдаж байхдаа талийгаач Боргилыг сүрдүүлэн цонхоор үсэрлээ шүү гэхэд залуу тэгж л байхгүй юу хэмээн хариулахтай зэрэгцэн цонхоор үсэрсэн гэж мэдүүлсэн гэлээ. Одоо иргэн Б нь батлан даалтад гарсан байгаа ажээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар өчигдөр (04/15)-нд талийгаач Цэлмэгийг нутаглуулсан байна. Түүнийг амиа алдсанаас хойш найз залуу гэх О.Боргил нь талийгаачийн ар гэр болон найз нөхөдтэй огт холбогдоогүй гэв. Харин талийгаачийн ажил явдал дээр О.Боргилын эцэг эх хальт орж ирээд явсан. Аав нь О.Боргилыг батлан даалтаар гарсныг сонсоод энэ хэргийг ингээд орхихгүй үнэнийг олно гэж ярьсан гэлээ.

Талийгаач нь гурван сайн найзтай байсан бөгөөд түүний гадаадад байдаг найз нь О.Боргилын талаар мэдээлэл цахим хуудсандаа бичихэд цагдаагийнхан хэргийн мөрдөн шалгалтад саад болж байна хэмээн устгуулсан гэнэ.Гэвч хэрэгт шалгагдаад буй О.Боргилыг батлан даалтаар гарсан гэдгийг сонссон сайн найз нь дахин цахим хуудсандаа мэдээлэл бичиж бухимдлаа илэрхийлсэн байсан юм.

ТАЛИЙГААЧИЙН НАЙЗ: МИНИЙ НАЙЗЫГ ЗОДОЖ, ХУУРДАГ БАЙСАН

Талийгаач Цэлмэгийн сайн найзын хэлж буйгаар: “Миний найз тэр цонхоор яав ч халтирч унасан байж таарахгүй. Би тэднийхээр олон удаа очиж орж гарч байсан, хүн түлхэх юм уу зориудаар чихэж хүчлэхгүй л бол хүн багтах цонх биш. Гэлээ ч хэргийн газар очиж үзэхэд манай найз явах гээд хамаг юмаа баглаад үүдэндээ бэлдчихсэн байсан. Мөн тухайн орой найзын минь утас луу Боргил 14 удаа залгасан байсан. Үнэхээр байж ядсан гэмээр. Найз маань их сэргэлэн цовоо, сайхан охин. Тэр өдөр их сургуулийнхаа урлагийн үзлэгт бэлдээд 22 цаг өнгөрч байхад тарсан. Үүний дараа 23 цаг өнгөрөөгөөд өөр нэг эмэгтэй найзтай маань уулзаад 00:00 болтол хамт байсан” гэж хэллээ.

Тайлбар: Талийгаачийн газар унасан хэсгийг хусч цэвэрлэжээ

Тэрбээр талийгаачтай өмнөх өдөр нь уулзсан байна. Найз охин нь тэгэхэд “Би Боргилоос салах гэж байгаа намайг гэртээ ирээч гээд гуйгаад байна” гэж ярьжээ. Найзууд нь тэгэхэд нь битгий оч” гэж аж. Талийгаачийн найз цааш нь “Оргилыг анх танилцаж байхдаа сайн залуу гэж бодож байсан ч сүүлдээ найзад минь гарч хүрч, хэд хэдэн удаа араар нь тавьж байгаад баригдсан. Нэг удаа манай нэг найз руу юмыг яаж мэдэх билээ гээд чатаар зодуулсан зурагаа явуулаад, тэр дор нь утас чатаасаа устгасан гэсэн. Азаар тэр зураг нь манай найзад байж таараад бид тэр зургийг цагдаад өгчихсөн байгаа. Энэ мэт хэрүүл маргаантай байхад нь бид сал гэж ятгасан ч даанч найз минь маш их хайртай байсан учир салахгүй байсан.

Үерхээд жил гаруй болж байгаа. Боргил найзын минь ар гэртэй танилцсан. Тэгж байж л тэр хоёр хамтдаа амьдардаг болсон. Харин тэр залуугийн гэр бүлтэй манай найз танилцаагүй, Боргил өмнө нь гэр бүлтэй байсан гэдэг.  Тухайн үед Боргилын согтолтын хэмжээ 0,9 гарсан. Гэхдээ бид түүнийг тухайн үед мансууруулах бодис хэрэглэсэн байж магадгүй гэж бодож байгаа. Түүнийг Цэлмэг хар тамхи хэрэглэж байгаагүй гэж хэлсэн ч, өөр хүмүүсээс хэрэглэдэг гэж сонсож байсан хэмээн ярьсан юм.

О.БОРГИЛЫН НАЙЗ: МИНИЙ НАЙЗ  ХҮН АЛАХ, ЦОНХООР ТҮЛХЭХ МЭДРЭЛ ХҮН БИШ

Харин бид талийгаачийн найз залуу гэх О.Боргилтой холбогдохыг хичээсэн ч түүний утас холбогдох боломжгүй хэвээр байсан юм. Ингээд О.Боргилын сайн найз гэх нэгэн залуутай холбогдож мэдээлэл авлаа.

Түүний сайн найзын хэлж буйгаар, "Хэрэг гарсан өдөр найзуудаараа сууцгаасан. Манай найз маргааш ажилтай гээд 00:00 цагийн үед түрүүлээд явчихсан. Ер нь бол найз охин дуудаад байна гээд эрт харьчихдаг. Байнга уулздаг хүний хувьд тэр хоёрыг бусад хосуудыг бодвол их эвтэй найртай хосууд гэж боддог. Тэр өдөр бидэнтэй уулзахдаа ямар ч муудалцсан шинжгүй их л сайхан ааштай байсан. Харин маргааш нь хэргийн талаар мэдсэн.

Тайлбар: Талийгаачийн үсэрсэн гэгдэж буй цонх

Дараа нь хальт найзтайгаа уулзахад их хүнд байдалтай шокод орчихсон, сайн ч юм ярьж чадахгүй байсан. Надад хэлэхдээ тэр хоёр маргалдаж байгаад сална гэхэд талийгаач үхнэ гэж сүрдүүлж байгаад хөл алдаад уначихлаа гэсэн. Тэгж уулзсанаас хойш уулзаж холбогдоогүй, найз маань одоо цагдан хориход байгаа байх. Харин талийгаачийн ажил явдал дээр Боргилын эцэг эх очиж эмгэнэл илэрхийлсэн гэж сонссон.

О.Боргилтой олон жил найзалсан хүний хувьд миний найз яав ч хүн алах юм уу цонхоор түлхэх, шидэх мэдрэл хүн биш. Тэр байтугай талийгаачид гар хүрч байгааг нь харж байгаагүй. Хүмүүст хандаж хэлэхэд болсон явдлын талаар цагдаагаас очиж мэдээлэл авч, ямархуу зүйл болсныг мэдчихээд юм бичээсэй л гэж хүсэж байна"хэмээн бидэнд ярилаа.


-ТАЛИЙГААЧИЙН УНАСАН ГЭХ ОНГОРХОЙ ЦОНХ ШАЛНААС 70-80 СМ ОРЧИМ ӨНДӨРТ БАЙРЛАЖЭЭ-

Харин хэрэг болсон хотхонд очиж талийгаачийн найз залуутайгаа хамтран амьдардаг гэх хотхоны нөхцөл байдалтай танилцсан юм. Тэд уг хотхоны 13 давхарт амьдардаг байсан бөгөөд талийгаачийг цонхоор унасан, үсэрсэн, түлхсэн гэх мэдээллүүд бий. Иймд бид хэргийн газарт очин, үнэхээр хүн халтирч унах эрсдэлтэй өндөртэй эсэхийг гэрэл зурганд буулган авсан юм. Тагтны өндөр 280 см орчим байсан бөгөөд талийгаачийн унасан гэх онгорхой цонхны өндөр нь шалнаас дээш 70-80 см орчим өндөртэй байлаа.

                          Тайлбар: Хэрэг гарсан хаалга ба, орцны тоот

Ж.ДӨЛГӨӨН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Т.ХҮЧИТБААТАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button