Нийгмийн

Тодруулга: Хэнтий аймгийн Галшар суманд 102 хонь үлийн цагаан оготно идсэнээс болж үхээд байна

Бэлчээрийн доройтлоос болж хонь хээрийн оготно барьж идсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ тохиолдол хамгийн их бүртгэгдээд байгаа Хэнтий аймгийн Галшар сумын мал эмнэлгийнхэнтэй холбогдож энэ талаар мэдээлэл авсан юм.

Хэнтий аймгийн Галшар сумын мал эмнэлгийн болон хөдөө аж ахуйн ажилтнуудын хэлж буйгаар Хэнтий аймагт бэлчээрийн доройтол 80 хувьтай байгаа учраас хонь уургийн дутагдал орж оготно барьж идэж байна. Ингэснээр оготно идсэн хонь хордлогод орж үхэх болсон хэмээн ярилаа. Оготно нь маш их хор ялгаруулдаг учраас ийнхүү хонь хоронд хордож үхэж байгааг онцолсон юм. Ингээд Галшар сумын мал эмнэлгийн их эмч н.Хэрлэнтунгалагаас авсан тодруулгыг хүргэе.

-ГОВЬ-АЛТАЙ , ТӨВ, ДОРНОД, СҮХБААТАР,  ХЭНТИЙ ГЭСЭН АЙМГУУДАД ХОНЬ ОГОТНО БАРЬЖ ИДСЭН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ-

-Хонь оготно барьж идсэн тохиолдол хэзээ бүртгэгдсэн бэ?

-Гуравдугаар сард хонь үхлээ гэсэн дуудлага аж ахуй нэгжээс ирж дуудлагын дагуу очиж шалгахад үхсэн хонины гэдэснээс оготно гарч ирсэн. Манай суманд мал аж ахуй эрхэлдэг долоон аж ахуй нэгж байдаг бөгөөд тэдгээрийг хариуцсан эрүүл ахуйн ажилтнууд бидэнд дуудлага мэдээлэл өгч, өөрсдийн харьяа малчдын мал сүргийг үзүүлдэг. Энэ маягаар бид дуудлагын дагуу малчдын гэрт очиж үхсэн малд шинжилгээ хийснээр хонь оготно идээд байгааг тогтоосон.

-Өмнө нь ийм тохиолдол гарч байсан уу?

-Өнгөрсөн жил Сүхбаатар аймагт ийм тохиолдол бүртгэгдсэн юм байна лээ. Одоогийн байдлаар албан бус мэдээллээр Говь-Алтай , Төв, Дорнод, Сүхбаатар,  Хэнтий гэсэн аймгуудаар хонь оготно барьж идээд байгаа тохиолдол бүртгэгдсэн гэж сонссон.

-Үлийн цагаан оготно юм уу, хээрийн хулгана юм уу?

-Үлийн цагаан оготно.

-Хонь оготно барьж идээд байгааг юу гэж тайлбарлах вэ?

-Биднээс өгч чадах тайлбар бол бэлчээрийн доройтлоос болж хонь уургийн дутагдалд орж оготно барьж идэж байна. Манай энэ хавиар өвс ногоо муу буюу бэлчээрийн 80 хувь нь маш муу байна. Үүнийг дагаад хээрийн оготно ч олширдог.

-Оготно идэхээр уургийн дутагдал нөхөгддөг гэсэн үг үү?

-Үгүй. Тэгж ойлгож болохгүй. Бэлчээр муу өвсгүй, өлссөн хонь хөдөлгөөн нь муудсан оготно барьж идээд байгаа юм. Үүнийг малчид ч харсан байгаа юм.

-Ихэвчлэн хонь л идээд байгаа юм уу? Ямаа идэхгүй байна уу?

-Иргэдээс ирж байгаа дуудлагаар хонь үхлээ гэж ирж байгаа. Одоогоор ямаа идсэн эсэхийг бид мэдэхгүй. Ямаа идэж хордлоо гэсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.

-Одоогийн байдлаар оготно барьж идэж хордож үхсэн хонь хэр их байна вэ?

-Хамгийн сүүлийн тоо баримтаар буюу одоогоос дөрвөөс тав хоногийн өмнө ирсэн тоогоор есөн өрхийн 102 хонь үхсэн гэж бүртгэгдээд байна.

-Тэгэхээр уг 102 хонь бүгд оготно барьж идсэн гэсэн үг үү?

-Бүх үхсэн хонийг задалж үзэх боломжгүй. Гэхдээ хонь үхлээ гэсэн дуудлага бүрд очиж газар дээр нь хоёроос гурван хонь задалж үзэхэд бүгдийнх нь гэдэс дотроос оготно гарч ирсэн. Бусад үхсэн малыг бүгдийг нь устгалд оруулж байна.

-ОГОТНО НЬ МАШ ИХ ХОР ЯЛГАРУУЛДАГ АМЬТАН УЧРААС ТҮҮНИЙГ БАРЬЖ ИДСЭН МАЛ ҮХЭЖ БАЙГАА-

-Хонь оготно идээд үхээд байгаа гол шалтгаан нь юу вэ? Шинжилгээгээр тогтоогдсон уу?

-Оготно нь маш их хор ялгаруулдаг амьтан. Ийм учраас оготно идсэн хонь түүнээс ялгарч байгаа хоронд хордож үхээд байгаа юм.

-Ихэвчлэн хонь үхсэн гэх дуудлага ямар газраас ирж байна вэ?

-Ер нь бүх нутгаар бэлчээрийн доройтол ихтэй байгаа. Гэхдээ манай сумын Баянбадрал багийн аж ахуй нэгж, айлуудаас маш их дуудлага ирж байгаа.

-Малчдад ямар зөвлөгөө өгч байгаа вэ? Бэлчээрээ сэлгэж нүүх хэрэгтэй юу?

-Манай нутгийн хувьд хаа сайгүй бэлчээр муу учраас бэлчээр сэлгэж нүүгээд ч нэмэр алга. Бэлчээр муу байгаатай зэрэгцээд хээрийн оготно олширдог. Иймд бидэнд авах арга хэмжээ дутмаг муу байна.

-Үлийн цагаан оготныг устгах ямар нэгэн арга хэмжээ авч байгаа юу?

-Яамнаас жил бүр устгал явуулдаг. Үүний дагуу устгал хийгдэж байгаа байх.

-Энэ асуудлаар холбогдох газруудад мэдэгдэж арга хэмжээ авхуулсан уу?

-Яаманд болон холбогдох газруудад энэ талаар албан бичиг хүргүүлсэн. Бидэнд одоогоор хариу мэдээлэл ирээгүй байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button