УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн: Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхэд бэлэн болсон

Хуралдааны шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бүлгийн хурлаар Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн асуусан асуултад хариулж, саналыг нь сонслоо. Шүүхийн хууль олны анхаарлыг маш их татаж байгаа, чухал асуудал юм. Бид өнгөрсөн онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Үүний дагуу хууль эрхзүйн орчинг шинэчлэх ажлуудыг хийж байна. Үүний нэг нь Шүүхийн тухай хууль юм. Хуулийг өнгөрсөн парламентын үед Засгийн газраас өргөн барьж, хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Намрын чуулган эхэлснээс хойш УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллаж байна. Ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргаж бэлэн болсон. Маргаашнаас байнгын хороогоор хэлэлцүүлнэ. Иймд МАН-ын бүлэг хуулийн төслийг хэлэлцэж эхлэхээс өмнө гол гол зарчмуудыг ярилцаж, зарим нэг шийдвэрүүдийг гаргалаа.

Нийгэмд шударга ёсыг тогтооход чухал үүрэг гүйцэтгэгч нь шүүх юм. Тиймээс Шүүхийн тухай хуульд нухацтай хандаж байна. Уг хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэж дуусах ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн.

Хоёрдугаарт, бүлэг Засгийн газар, салбаруудаас хийх томоохон бүтээн байгуулалтын танилцуулга, түүний санхүүжилт, арга хэмжээний дэс дараалалтай танилцаж байгаа. Өнгөрсөн хурлаар Уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, Эрчим хүч, Зам тээвэр гэх салбаруудын бүтээн байгуулалтын мэдээллийг сонссон. Харин өнөөдөр Байгал орчин, аялал жуулчлалын салбарын 2020-2024 онд хийх томоохон төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button