НийгмийнНИЙГЭМ

ТОЙМ-2020: Коронавирус Монголд тархан, Хүннү гүрний нийслэлийг илрүүлж, Амаратай “танилцав”

“Eguur.mn” сайт 2020 онд Монголын нийгэм, урлаг, спортын салбарт өрнөсөн онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна.

Бид өмнө нь Монголын УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ, ГЭМТ ХЭРГИЙН ертөнцөд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэсэн билээ.

НЭГ: КОРОНАВИРУС МОНГОЛД ТАРХАН, БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ АНХ УДАА ШИЛЖИВ

БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс дэгдсэн коронавирусийн халдвар гуравдугаар сарын 2-нд манай улсын хаалгыг “тогшилгүйгээр” ороод ирчихсэн байсныг бид найман хоногийн дараа мэдсэн. Халдвартай болох нь батлагдсан Франц иргэний ойрын хавьтлуудаас халдвар илрээгүй ч гуравдугаар сарын 16-наас хойш манай улсад бүртгэгдсэн бүх халдвар гадаадаас зөөрлөгдөж ирсэн. Харин дотооддоо халдвар алдчихлаа гэсэн мэдээ арваннэгдүгээр сарын 11-ний өглөө чих дэлдэж, маргааш нь манай улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт анх удаа шилжсэн. 

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 1006 тохиолдол батлагдсанаас 509 нь эдгэрч, 454 хүн эмчлүүлж байна. Цар тахал УОК, ЗГ-ын жинхэнэ “нүүрийг” иргэд бидэнд хэд, хэдэн удаа бодитоор нь харуулж байгаа. Тэд Чех улсаас эх орондоо ирэхийн тулд ачааны машинд 25 хоног дайгдсан оюутныг хилийн дээсэн дээр хоёр хонуулсан. Мөн 22-ын товчоон дээр шинжилгээнийхээ хариуг 11 цаг хүлээсэн иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барахад зүгээр л уучлал хүсээд өнгөрсөн. Хэтэрхий хариуцлагагүй хүмүүсийн хэлбэр, төрхийг таниулсан 2020 оныг цааш нь тоймлон бичье.

ХОЁР: ЦАГААН САР ТЭМДЭГЛЭЛГҮЙ ӨНЖЛӨӨ

Монголчуудын уламжлалт баярын нэг болох цагаан сар өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд болох байсан ч монголчууд төр засгийнхаа уриалгыг дэмжин золгуут хийж, айл хэсэлгүй өнжсөн. Энэ нь түүхэндээ анх удаа цагаан сарын баярыг тэмдэглээгүй өнгөрч буй явдал биш юм. Түүх сөхвөл, 1952 оны Цагаан сараар маршал Х.Чойбалсан нас барсан тул 2200 гаруй жилийн тэртээгээс уламжлагдаж ирсэн уг баярыг 1990 хүн хүртэл тэмдэглээгүй байна. Гэвч өтгөс буурлууд нууцаар битүүлж, үүд хаалгаа түгжин бууз, баншаа жигнэдэг байжээ. Энэ түүх давхардсан гэхэд хилсдэхгүй. Учир нь 2020 оны цагаан сарыг зарим хүмүүс гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэж, хөөрөг сэмхэн зөрүүлцгээсэн. Хөдөөх суурингийн айлууд нэгнийдээ “нууцаар” айлчилж, цайлцгаасан сураг бий. Бид дотоодоо халдвар алдаагүй байсан ч цагаан сарыг тэмдэглэлгүй өнгөрсөн. Харин дотооддоо халдвар алдсан тул ирэх жилийн цагаан сарын дахиад өнжих магадлал өндөр.

ГУРАВ: АНХ УДАА ҮЗЭГЧГҮЙ ХИЙН, ЦАХИМААР ДАМЖУУЛСАН МОНГОЛ НААДАМ

ФОТО: Улсын наадмын цахим нээлтийн ТОРГОН АГШНУУД - Eguur.MN

Цар тахлын улмаас өнөө жилийн төрийн наадмыг “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д бус Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших “XIII зуун” цогцолборт анх удаа үзэгчгүйгээр зохион байгуулж, цахимаар дамжуулав. “Херо”-гийн Б.Баатар найруулсан эл наадмыг хийхэд гурван тэрбум төгрөг зарцуулсан.

Төрийн наадмын нээлтийг цахимаар хийн, “Монгол наадам” контент болгон, үүгээр дамжуулж Монголын үүх түүх, уламжлал, ёс заншлыг дэлхийд сурталчлахыг зорьсноо Б.Баатар найруулагч онцолсон.

Ерөөс “XIII зуун” цогцолборт монгол ахуйг бүрдүүлж, Монголын түүх, дурсгалын бүхий л зүйлийг цогцлоосон нь олны талархлыг хүлээсэн. Улсын наадмын хамгаалалтад ажилласан цагдаагийн алба хаагчид, хэвлэл мэдээллийн ажилчид, зурагчдад дээл, гутал өмсгөсөн нь хэр их ач холбогдол өгсний нэгээхэн илрэл.

ДӨРВИЙН ДАВААНЫ ОНООЛТ: Улсын начин Б.Орхонбаяр Б.Цэдэнсодномтой барилдана  - Eguur.MN

Үнэндээ улсын наадмыг цэнхэр дэлгэцээр л үзсэн нь зарим хүнд давсгүй хоол идэж буй мэт санагдсан гэнэ лээ. Үндэсний бөхөд үнэнхүү хорхойтой, зарим нэг сэргэлэн нь улсын наадмыг үзэхийн тулд барилдсан ч тохиолдол бий. Бөхөд хорхойтой Ц.Галсансанжаа гэдэг залуу улсын наадамд барилдангаа үзэхийн сацуу хайртай, дэмждэг бөх П.Бүрэнтөгсийгөө улсын наадамд түрүүлж, аварга цол хүртэхийг нь харж, хамтдаа баярласан юм. 

Улсын наадам үзэгчгүй болсон нь бөхчүүдийн барилдаанд янз бүр нөлөөлсөн байх талтай. Олон үзэгч шуугихаар сандраад барилдаанаа гаргаж чаддаггүй бөх бий. Эсрэгээрээ улам хурцлагдаад сайн барилддаг нь ч бий. Энэ мэт олон зүйлээр өнөө жилийн наадам ихээхэн онцлог болов.

ДӨРӨВ: П.БҮРЭНТӨГС УЛСЫН АВАРГА БОЛЖ, ГУРВАН БӨХӨӨС ДОПИНГ ИЛРЭВ

ФОТО: П.Бүрэнтөгс төрийн наадамд хоёр дахиа түрүүлж, 25 дахь аварга болов -  Eguur.MN

Улсын наадамд дахин түрүүлээсэй, аварга цол хүртээсэй гэж монгол түмэн үнэнхүү хүсэж, дээлийнх нь захыг мушгиж суусан хүчтэн бол Пүрэвийн Бүрэнтөгс. Өмнө нь улсын наадамд түрүүлж (2012), үзүүрлээд (2015) байсан тэрбээр өнөө жил төрийн наадамд хоёр дахиа босоо үлдэв. Увс аймгийн Давст сумын харьяат П.Бүрэнтөгс ийнхүү найман жилийн дараа амжилтаа баталж, 32 насандаа Монгол Улсын 25 дахь аварга болов. П.Бүрэнтөгс шиг 32 насандаа улсын аварга цол хүртсэн нэг хүчтэн байдаг нь Д.Сумъяабазар.

Өнөө жил төрийн наадмын түрүүг түүнтэй улсын аварга Н.Батсуурь булаалдсан. Тэрбээр улсын наадмын үзүүр, түрүүнд дөрөв дэхээ үлдсэн нь энэ. Тэгэхдээ сүүлийн гурван жил дараалан түрүү булаалдан, нэг түрүүлж, хоёр үзүүрлэнэ гэдэг яах аргагүй том амжилт, хөдөлмөрч, хүчит аваргынх нь илрэл.

Үүний сацуу Увс нутгийн хоёр хүчтэн улсын наадмыг түрүүг булаалдсан нь давтахад бэрх амжилт.

Өөрөөс нь допинг илэрсэнд Н.Батуурь, Р.Пүрэвдагва нар  монгол түмнээс уучлалт гуйв

Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын ЧИМГИЙГ, Б.Бат-Оршихын ЦОЛЫГ хураахаар  болжээ - Eguur.MN

Өнөө жил улсын наадамд шөвгөрсөн бөхчүүдээс гурав нь допингийн шинжилгээнд бүдэрсэн. Тэд бол улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, шинээр улсын харцага болсон Б.Бат-Орших нар. Өөрөөс нь допинг илрэхэд ихэнх тамирчин үгүйсгэж, “Хэн нэгэн хорлочихлоо” гэх мэт байдлаар хариуцлагаас бултдаг. Харин энэ удаа Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар шууд хүлээн зөвшөөрч, монгол түмнээсээ албан ёсоор уучлалт гуйв. Хаин Б.Бат-Орших энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй ч B сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргаагүй. Тэгэхээр шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

Улмаар М.Бадарчид улсын гарьд, Ц.Одбаярт улсын заан, Ц.Мөнхбаяр, Б.Орхонбаяр, Ш.Пүрэвгарьд нарт улсын харцага, Б.Суманчулуун, Ц.Сандагдорж нарт улсын начин цол нөхөж олгох нь тодорхой болов.

ТАВ: ХҮННҮ ГҮРНИЙ НИЙСЛЭЛ ЛУУТ ХОТЫН ТУУРИЙГ ИЛРҮҮЛЭВ

This image has an empty alt attribute; its file name is 115991968_287763282432526_305935834257872335_n.jpg

Монголын анхны төрт улс Хүннү гүрний нийслэл Луут хот буюу Лун-Чен хотын туурийг илрүүлэх нь Монголын төдийгүй дэлхийн үе үеийн эрдэмтэн, судлаачдын гол зорилгуудын нэг байсан цаг саяхан. Төрийн өмчит “Улаанбаатарын их сургууль”-ийн Археологийн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Төмөр-Очирын Идэрхангайгаар ахлуулсан багийнхан Луут хотын туурийг Архангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс илрүүлсэн нь Монголын төдийгүй дэлхийн шинжлэх ухааны салбарт томоохон нээлт болов.

Тулгар төрийг байгуулсны 2229 жилийн ойгоор, улсын наадмын үеэр Монголын анхны төрт улсын нийслэлийг илрүүлсэнд монголчууд их бэлгэшээж байгаа нь мэдээж. Малтлагын явцад “Тэнгэрийн хүү Шаньюй” гэсэн бичиг олдсон нь Монголд төдийгүй дэлхийд анхных болохыг, Луут хотыг судлахад багадаа 10 жил шаардлагатайг Т.Идэрхангай онцолсон.

 Лун-Чен хотын туурийг нээн илрүүлж, ид малтлага хийн, судалж байхад нь Т.Идэрхангайтай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

ЗУРГАА: МОНГОЛЫН АНХНЫ ВИРТУАЛ МОДЕЛЬ АМАРА 

Амара: Монголын анхны виртуал модель

Техник технологи хөгжихийн хирээр загварын ертөнцөд ч олон шинэчлэлтүүд хийгдэж байна. Үүний нэг бол виртуал буюу компьютер графикийн аргаар бүтсэн загвар өмсөгчид. Энэ оны тавдугаар сард л гэхэд Монголын анхны виртуал модель “АМАРА”-г монгол залуус бүтээж, олны анхаарлыг татаад амжсан. “АМАРА”-г анх олон хүмүүс жинхэнэ хүн хэмээн итгэж байсан ч монголд nude буюу нүцгэн зураг авахад модель олддоггүй, олдсон ч дараа нь зургаа голох тохиолдлууд гардаг тул Н.Бэлгүүнтэй хэмээх залуу уг моделийг бүтээсэн байна. 

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 2 хүн, тэнгэр, үүл, уул, гадаа болон байгаль

Техник технологийн шинэчлэлтээс хоцрохгүй байгаа нь сайн хэдий ч виртуал модель олширвол өөртэй итгэлгүй хүмүүс ч тэр хэрээр олшрохыг, өөртэй итгэлгүй байдлаас болж олон олон сөрөг үр дагавар гарахыг тооцоолж буй биз ээ.

ДОЛОО: ДЭЛХИЙН СОНГОДОГ БҮТЭЭЛ МОНГОЛЫН ТАЙЗНАА АНХ УДАА

Анна Каренина” жүжиг ирэх сарын 1 хүртэл тоглогдоно - Eguur.MN

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс тайз, дэлгэцийн олон арван бүтээлүүд нээлтээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Харин кино театрууд нээгдсэнээс хойш театрын тайзнаа хоёр бүтээл тавигджээ. Тэдгээрийг нэг нь болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн “Анна Каренина" монголд анх удаа тавигдаж буй гэдгээрээ оцлог. Уг бүтээл аравдугаар сарын 03-наас УДЭТ-ийн тайзнаа тавигдсан бөгөөд найруулагчаар Н.Наранбаатар ажилласан бол гол дүр Анна Каренинад жүжигчин Н.Баярмаа, Вронскийд Т.Сэргэлэн, О.Гэрэлсүх, Каренинд Б.Жаргалсайхан, Д.Баттөмөр нар тоглосон юм.

Харин дараагийн онцлох жүжиг бол И.В.Гётегийн “Фауст” юм. Дэлхийн сонгодог жүжгүүдийн нэг болох эл жүжиг 2018 онд Монголд анх удаа тавигдаж байсан бөгөөд 2019, 2020 онд дахин тавигдлаа.

НАЙМ: Н.ТӨГСЦОГТ WBC ХОЛБООНЫ АВАРГЫН БҮСЭЭС АТГААД АЛДЛАА

Gary Russell Jr. vs. Tugstsogt Nyambayar Fight Results | Round By Round  Boxing

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын дэвжээнд гялалзаж яваа Н.Төгсцогт гавьяат IBO холбооны аварга болж, монгол түмнээ баярлуулсан. “King Tug” хочит түүний дараагийн зорилго нь WBC холбооны аварга болох. Үүндээ хүрэх эхний дайралтаа энэ онд хийн, WBC холбооны аварга Гэри Расселтай тулалдав. Тухайн үед Н.Төгсцогт мэргэжлийн дэвжээнд 11 тулаан хийхдээ бүгдэд нь ялж, босоо байв.

Түүний өрсөлдөгч Г.Рассел мэргэжлийн дэвжээнд 32 тулаан хийхдээ ганцхан ялагдсан. 31 настай, 164 см өндөр тэрбээр 2014 онд олимп, дэлхийн хошой аварга, Украины В.Ломаченкод дийлдсэн юм. Түүнээс хойш ялагдал гээчийг амсаагүй байлаа.

Gary Russell Jr. Vs. Nyambayar & Rigondeaux Vs. Solia - Final Weigh-in  Results — Boxing News

Тулааны эхэнд улсын арслан Р.Пүрэвдагва монгол дээлээ өмсөн, төрийн их хар сүлдээ залж, Н.Төгсцогт дэвжээнд гарч ирсэн юм. “King Tug” WBC холбооны аваргын бүсийг 2015 оноос хойш хамгаалж буй Г.Расселтай 12 үе тулалдаад дийлдсэн. Ингэснээр мэргэжлийн дэвжээнд анхны ялагдлаа амсав.  Монгол хүн WBC холбооны аваргын төлөө өрсөлдөнө гэдэг өөрөө том амжилт.

Н.Төгсцогт тулааныхаа дараа fighthype.com сайтад өгсөн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

ЕС: Б.ЧИНЗОРИГ ОЛИМПЫН ЭРХ АВЧ, Ц.БЯМБАЖАВ БОЛЗЛЫГ НЬ ХАНГАВ

Цар тахлын улмаас “Токио-2020” олимпын наадам хойшилсон ч монгол тамирчид олимпын эрх авахын төлөө зүтгэсээр. Үүнийх нь үр дүнд боксчин Б.Чинзориог олимпын эрх авч, марафонч Ц.Бямбажав болзлыг нь хангав.

Өнөөдөр Б.Чинзориг, Х.Энхмандах нар тулаанаа хийнэ | News.MN

Энэ оны гуравдугаар сард Йордан улсын Амман хотод олимпын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын тэмцээнээс Б.Чинзориг хүрэл медаль хүртэн, олимпын эрх авсан. Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, армийн дэлхийн аварга, Азийн наадам, Азийн АШТ-ий мөнгөн медальт тэрбээр эрэгтэйчүүдийн 63 кг-д хүрэл медаль хүртэн, олимпын дэвжээнд хоёр дахь удаагаа өрсөлдөх болзол хангасан юм.

Б.Чинзориг хүрэл медалийн төлөөх тоглолтод Энэтхэгийн Каушик Манишийг ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Узбекистаны Е.Абдураймовт 3:2-оор дийлдсэн. Ингэснээр Монголын боксчдоос Токиогийн олимпын анхны эрхийг аваад байгаа юм.

Марафонч Ц.Бямбажав «ТОКИО-2020» олимпод оролцох болзлоо хангалаа

Одоогоор Монголын хоёр марафонч Токиогийн олимпод хурд сорих болзол хангаад буйн нэг нь Б.Мөнхзаяа, нөгөө нь Ц.Бямбажав. ОУХМ Ц.Мөнхзаяа 2019 онд болзлыг нь хангасан бол Ц.Бямбажав энэ оны хоёрдугаар сард эхний даваагаа давсан. Монголын үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин тэрбээр Япон улсад болсон хөнгөн атлетикийн “Беппу-Оита” тэмцээнд V байрт шалгарсан. Улмаар Хоёр цаг, есөн минут, гурван секунд гүйснээр хувийн амжилт (2.12:56)-аа ахиулахын сацуу “Токио-2020” олимпын наадамд оролцох болзол хангасан юм.

Ц.Бямбажав марафон гүйлтийн ААШТ-д хүрэл медаль хүртэв

Гавьяат тамирчин Б.Сэр-Одын хань, дасгалжуулагч О.Оюунтуяагийн удирдлагад бэлтгэл хийн, тэмцээнд оролцож байгаа Ц.Бямбажав “Рио-2016” олимпод уралдсан туршлагатай. Тэрбээр Риогийн олимпод өрсөлдөхдөө 2:36:14 секунд гүйсэн амжилтаар 130 дугаар байрт шалгарсан юм.

Уншигч та бүхэн олимпын эрх авлаа бус болзлыг нь хангалаа гэж тодотгосныг анзаарсан биз ээ. Учир нь Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF) олимпод оролцуулах тамирчдыг албан ёсоор зарлан, тэдгээрт багтсан тохиолдолд тэдний эрх албан ёсоор баталгаажна.

Олимпийн эрх авсан тамирчид Archives - Eguur.MN

Сонирхуулахад, одоогийн байдлаар Монголын тамирчид “Токио-2020” олимпын 11 (Чөлөөт бөх С.Батцэцэг, Т.Тулга, бокс Б.Чинзориг, хөнгөн атлетик Б.Мөнхзаяа, Ц.Бямбажав, буудлага О.Гүндэгмаа, Э.Даваахүү, Ц.Анударь, О.Есүгэн, байт харваа Б.Отгонболд, сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй баг), паралимпийн таван (пара пауэрлифтинг Э.Содномпилжээ, пара таеквондо Г.Болор-Эрдэнэ, Э.Энхтуяа, пара буудлага З.Ганбаатар, пара байт харваа Н.Мөнхбаатар) эрх аваад байна.

АРАВ: БОСОО БИЧГЭЭР БИЧСЭНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХАВЧИГДАЖ БУЙ ӨВӨР МОНГОЛЧУУД

Фото:Өвөр Монголчууд монгол хэл дээр хичээл орохыг хориглосон шийдвэрийг  эсэргүүцэн жагсаж байна

БНХАУ-аас гаргасан ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг хятад хэл, бичгээр явуулах шийдвэрийг өвөрмонголчууд эсэргүүцэн эх хэлээ хамгаалж үлдэхийн төлөө хоёр ч иргэн амиа хорлосон. Монголчууд болон Монголд суугаа Өвөрмонголчууд БНХАУ-ын уг шийдвэрийг эсэргүүцэн жагсаал хийсэн ч хэсэг хугацааны дараа нам жим болцгоож, тоохоо больсон. Харин өвөрмонголчуудын тэмцэл өнөөг хүртэл үргэлжилсээр. Хэрэгжиж буй дээрх шийдвэрийг эсэргүүцэж, маш олон хүн хэлмэгдэж байна. Одоо босоо бичгээр бичиж, хамгаалах үүрэг монголчуудын өмнө үлдлээ. Бид хэрэглэхгүй бол өөр хэн ч хэрэглэхгүй, байсан гэдэг нэр төдий үлдэж мэдэх нь, монгол бичиг маань.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Коронавирус. Хөл хорио. Улиран одож буй 2020 оныг ерөнхийд нь энэ хоёр үгээр тодорхойлж болмоор санагдав. Дэлхий даяар аюулын харанга дэлдэж буй коронавирусийн халдвар Монгол Улсад тархсан нь нийгмийг тэр аяар нь айдаст автуулаад байна. Цар тахлын улмаас Монголын эдийн засаг өдрөөс өдөрт хямран, иргэд бүсээ улам чангалсаар. “Халдвар авчих вий” гэсэн айдаст автсан өдрүүд үргэлжлэн, хаана хаанаа улам туйлдсаар. Үүнд харьяа байгууллагуудын уялдаагүй бодлого, эргэж буцсан шийдвэрүүд ихээхэн нөлөөлж буй. Хэдийгээр коронавирусийн халдвараар Монгол Улсад хүн нас бараагүй ч хөл хорио тогтоож байна гэж хөгөө чирж байгаагийнх нь гороор цөөнгүй иргэн амиа алдсан нь даанч харамсалтай.

Халдвар авах эрсдэл цаг ямагт отож буй өнөө цагт эмнэлэгт хэвтсэн иргэнээс шинжилгээ авалгүй гаргасны улмаас коронавирус туссанаа мэдэлгүй гэртээ харин, гэр бүлийнхээ таван хүнд халдаасан нь ЭМЯ, ХӨСҮТ-ийн хариуцлагагүйнх. “Энх саран” сувилалд, Монголын төмөр замд халдвар алдсаны хариуцлагыг хэн ч хүлээлгүй өнгөрсөн. Одоо энэ талаар ганц үг ганхийж байгаа хүн алга. Асуудлаас бултаж, арьсаа хамгаалж үлдэхдээ дарга нар ийм гарамгай.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сэлэм мохоод удаж буй. Ямар сайндаа “Сүр данзан” гэдэг тодотголтой болох вэ дээ. Ийм цаг үед л сэлмээ хуйнаасаа сугалсан шиг сугалаад, хариуцлага тооцсон шиг тооцох хэрэгтэй сэн, уг нь. Даанч индрийн цаанаас ихээхэн уурсаж, хажуу хавиргандаа яваа хүмүүсийг сав л хийвэл зандардаг ч хэлсэн, ярьсан нь үйлдэл болж хэрэгжихгүй мөлийсөөр.

Төмөр замд халдвар тархаад, сүйд болж байхад дарга Д.Жигжиднямаа нь тоосон шинжгүй, гадаад руу явчихсан гээд бод доо. Тэр тэнд жаргаж суухад, жирийн ажилчид нь энд махийж зогсоно. Тэглээ гээд Д.Жигжиднямаад хариуцлага тооцно гэж бувтнахаас өөр хийсэн зүйл У.Хүрэлсүх, Я.Содбаатар нарт алга. Одоо Баянзүрх дүүрэгт халдварын томоохон голомт үүслээ. Хэний буруу, юунаас болж ийм асуудал үүссэн нь одоо ч тодорхойгүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд сорьцын нэр солигдсон зэрэг 14 зөрчил илэрсэн. Халдвар тархаж буйн, хяналтаас гарах шахаж буйн нэгээхэн шалтгаан энэ. Шуудхан хэлэхэд, шат шатны байгууллагынхан хариуцлагагүй, хэнэггүй, уялдаа холбоогүй ажиллаж буйн горыг ингэж амсаж байна.

No description available.

Нөхцөл байдал ийм хүнд байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга Д.Сумъяабазар хоёрын таарамжгүй харилцаа, үл ойлголцол, боломж л олдвол биенээ “дэгээ”-дэж унагаах хүсэл нь улам ил болсоор. Тэднийг яаж эвлэрүүлье гэж аргаа барж суухад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү нар мөн хоёр тийшээ хараад гэдийчихсэн нь байдлыг улам дордуулав. Үнэндээ тэдний хэрүүл, үл ойлголцлыг хэрхэн арилгах нь төр, засгийн “шүдний өвчин” болчихлоо. Жирийн иргэдийн амьдралд санаа тавих сөхөө Монголын төрд үнэндээ алга. Ийм байхад иргэд бид төр, засгаас нэг их юм хүсээд, хүлээгээд хэрэггүй бололтой. Цар тахлыг эрсдэл багатай давахын тулд яалт ч үгүй дээрх хүмүүс хувийн амбийцаа дарж, учраа ололцох хэрэгтэй. Эрх мэдэл, хувийн ашиг сонирхлынх золиос иргэд болох учиргүй.

Бараан, бүүдгэр зүйлсийн хажуугаар гэрэл гэгээ татуулсан сайхан үйл явдлууд ч мөн энэ онд тохиолоо. Монголын анхны төрт улс Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг илрүүлж, Манай улсын төдийгүй Азийн анхны виртуал модель Амараг бүтээсэн нь Монголын нэрийг дэлхийд гаргасан чухал үйл явдал байв.

Б.БУЯНДАЛАЙ, Э.БУЛГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button