ДЭЛХИЙ

Их Британи улсын хоёр иргэн хуурамч шинжилгээний хариу ашиглан гадаад явжээ

Коронавирусийн улмаас дэлхийн олон улс орон сөрөг гарсан шинжилгээний хариу шаарддаг болсон билээ. Иймд сөрөг гарсан “КОВИД-19”-ийн шинжилгээний хуудсыг хуурамчаар үйлдэж зарах тохиолдол дэлхийн орнуудад хэд хэдэн удаа гарсан байна. Тухайлбал Их Британийн хоёр иргэн хуурамч шинжилгээний хариу ашиглан гадаадын улс руу явсан ажээ.

24 настай Луис (хуурамч нэр) өнгөрсөн аравдугаар сард Гана улс руу ажлын зорилгоор явахдаа хуурамч шинжилгээний хуудас ашигласан байна. Тэрбээр хуурамч шинжилгээний хуудас ашигласан тохиолдлоо “Би юу болохыг мэдэхгүй байсан тул их сандарсан. Паспорт шалгадаг хэсэгт очиход миний шинжилгээний хуудсыг асуусан. Тэр залуу хуурамч хуудсыг арав хорин секунд гүйлгэж хараад намайг хаашаа явах гэж байгааг асуун “сайн яваарай” гэж хэлсэн” хэмээн тайлбарласан юм. Луис таньдаг хүмүүсээсээ фотошоп ашиглаж чаддаг эсэхийг асуугаад хуурамч шинжилгээний хуудас хийлгэсэн аж.

Харин 24 настай Жессика (хуурамч нэр) шинжилгээний хуудас хуурамчаар үйлдэж байсан бөгөөд тэрбээр нийтдээ найман ширхэг хуудас зарсан гэнэ. Жессика “Бага зэргийн эрсдэл үүрээд хүүхдээ хооллох 300 фунт олох боломжтой гэвэл би хийх л болно” хэмээсэн юм.

Их Британи улсад хуурамч шинжилгээний хуудас худалдан авах эсвэл худалдан авахыг завдах нь гэмт хэрэгт тооцогддог. Мөн хуурамч шинжилгээний хуудас ашиглах нь луйврын хэрэг болдог аж. Хуурамч хуудас зарж байгаад баригдсан хүн шоронд суух ял сонсож магадгүй юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button