28 жил дэлхийг тойрон алхсан британи эрэгтэй гэртээ ирлээ
28 жилийн турш дэлхийг тойрон 50 мянган км алхсан Карл Бушби нэртэй британи эрэгтэй даваа гарагт /2026.11.02/ аяллаа дуусгасан байна. Тэрбээр Чили улсаас алхалтаа эхлүүлж, Төв Америкийн ширэнгэн ой, Аляска болон ОХУ-ын хооронд орших Берингийн хоолой, дайн мөргөлдөөнтэй орнуудыг туулан алхсан. Бушби өнгөрсөн сард Английн хоолойг сэлж гарснаар аяллынхаа сүүлийн хэсэгт орсон юм.
57 настай түүнийг төрсөн хот нь болох Халлд олон зуун хүн угтан авчээ. Тэрбээр аяллаа дуусгасныхаа дараа “28 жил туулсны дараа үүнээс илүү сайхан угтан авалт гэж байхгүй байх. Та бүхэнтэй дараа нь уулзъя даа” гэж хэлээд 36 настай хүү болон 12 настай ач охин руугаа явсан байна. Бушби залуу байхдаа Их Британийн зэвсэгт хүчний шүхэрчний ангид алба хааж байсан юм. Гэр бүл салалтын дараа тэр дэлхийн газрын зураг гаргаж ирээд шугам татан аяллаа эхлүүлсэн байна. Түүний аав Лондоноос Нью-Йорк хүртэл алхаж болох болов уу гэж бодож ирсэн нь Бушбиг дэлхийг тойрон алхах сонголт хийхэд нөлөөлжээ.
Майхан, хэдэн зуун доллар, хямд камертай Чили улсаас аяллаа эхлүүлсэн тэр Монгол Улсаар ч дамжин алхсан байна. Эхэндээ тэрбээр дэлхийг арван жилийн дотор тойрон алхана гэж төлөвлөжээ. Гэвч түүнд хэд хэдэн ноцтой сорилт тулгарсан байна. Тодруулбал Бушби Панамд хэсэг хугацаанд хоригдож, Мексикт буутай этгээдүүдэд эд зүйлсээ дээрэмдүүлж, ОХУ-ын хилийг хууль бусаар давсныхаа төлөө баривчлагджээ. Мөн 2008 оны санхүүгийн хямрал, ковидийн цар тахал түүний аяллын хугацааг уртасгасан байна.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.