НийгмийнСПОРТЯрилцлага

О.Хангай: Б.Мөнхбаатар засуул “Улсын аварга” гэж цоллоход нь жинхэнээсээ юм шиг санагдан, их огшлоо

Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага О.Хангайтай тавдугаар сард ярилцсанаа сэргээн нийтлэв.

-Бусдад туслах, сайн үйл хийхийг үргэлж хичээдэг ч тэгснийгээ хүмүүст мэдэгдэхгүй байхыг хүсдэг-

Өнөө цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлолцож яваа хүчтэнүүдийн нэг нь улсын харцага Оргихын Хангай. “Манай Хангай нэг л өдөр улсын наадамд түрүүлнэ, аварга цол хүртэнэ” гээд дээлийнх нь захыг мушгиж суудаг хүн олон. Ховд аймгийн Буянт сумын харьяат түүнтэй ярилцлаа.

О.Хангай харцага МҮБХ, “Грийн шоу” продакшн хамтран хэрэгжүүлж буй “Хийморь” төслийн хүрээнд маргааш зохион байгуулах барилдаанд зодоглохоор бэлтгэлээ базааж байгаа юм.

“ХИЙМОРЬ” ТӨСЛИЙНХНИЙ САНАЛЫГ ДУРТАЙЯА ХҮЛЭЭЖ АВСАН

-Хийморь” реалити шоунд оролцох, улсын харцагуудын тойргийн барилдаанд зодоглох саналыг анх хэрхэн хүлээж авав?

-Ер нь улсын харцага цолтой бүх бөхөд санал тавьсан юм билээ. Оролцох боломжтой эсэхийг нь асуусан гэсэн. Оролцох боломжтой гэсэн найман харцага нь бид хэд. Олондоо улсын харцага цолтой 10 бөх оролцуулах боломж байсан гэнэ лээ. Хэдийгээр цар тахалтай, бэлтгэл муутай байгаа ч “Хийморь”-ийн саналыг дуртайяа хүлээж авсан. Барилдах хүсэл, сонирхол надад их байгаа.

Өнөө жил Цагаан сарын барилдааныг зохион байгуулсан бол барилдъя гэж бодож байлаа. Энэ шоугаар дамжуулан үндэсний бөхийн спортыг сайхан сурталчилъя, бөхчүүдийг өөрөөр хараасай гэсэндээ оролцож байгаа юм.

-Та өмнө нь реалити шоунд оролцож байсан бил үү?

-Ёстой оролцож байгаагүй.

МАРТЫН 8-НААР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БАЯРЛУУЛАХ САНААГ БИД ХЭД ӨӨРСДӨӨ ГАРГАСАН

-Үндэсний бөхийн дэвжээний гаднах амьдралыг “Хийморь” реалити шоу та хэдээр төлөөлүүлэн монгол түмэнд хүргэж байгаа. Барилдаан, бэлтгэлээс гадна хувийн амьдрал тань зурагтаар гарахаар ямар байх юм бэ?

-Үндэсний бөх бол монгол түмний дархлаа, хамгийн том өв соёл. Бөхчүүд бэлтгэл, сургуулилалтаа хэрхэн хийдэг, барилдаан, бэлтгэлээс бусад үеийн амьдрал нь ямар байдаг, үндэсний бөхийн спорт хэчнээн сайхныг харуулахыг хичээж явна.

Бид хэдийгээр нэг үеийн бөхчүүд, нэгнээ сайн мэддэг ч гэлээ өөр, өөр газар бэлтгэлээ хийдэг. Энэ шоунд оролцсоноор нэгнээ илүү сайн мэддэг, дотно найз болж байна. Бид аль болох бусдад зөв үлгэр дууриалал болохыг хичээж байгаа. Өглөөний цайгаа ууж суунгаа ярилцаад, Мартын 8-наар эмэгтэйчүүдээ баярлуулах санааг гаргасан.

-Тэгэхээр шоуг зохион байгуулагчдын бус та бүхний санал, санаачилга юм байна, тийм үү?

-Тийм ээ. Тэр санааг бид өөрсдөө гаргасан. Бид “Нийгэм рүү чиглэсэн юу хийх вэ” гэж ярилцаж байгаад л шийдсэн юм. Бөх бүхэн хувиасаа 500.000 төгрөг гарган, тус бүр хоёр хүн баярлуулсан.

-Б.Бат-Эрдэнэ харцага та хоёр баярлуулсан хоёр хүнээ шууд сонгосон уу, зорьж очоод баярлуулсан уу?

-Бид хоёр “Хоршоолол”-д бэлтгэлээ хийдэг. Эхлээд баярлуулсан эмэгтэйг бид хоёр мэддэг байсан. Туслах юм сан гэж бодож явсан юм. Тэр эгч дээр бүр зорьж очоод, баярлуулсан. 93 настай ээжтэйгээ хамт амьдардаг, 1990-ээд оноос хойш тэнд зогсож байгаа эмэгтэй. “Бөмбөгөр” дээр байсан эмэгтэйг харин шууд сонгосон. Мартын 8-ны баяраар хоёр эмэгтэйг баярлуулсандаа баяртай байна.

Ер нь бид нийгэмд чиглэсэн зүйлс хийхийг аль болох чухалчилж байгаа. Бүгдээрээ цусны төвд очиж, цусаа хандивлалаа.

Өнөө цагт үндэсний бөхийг муухай харагдуулж буй асуудлын нэг нь допинг. Тиймээс бид наймуулаа уриалаад, допингийн шинжилгээ өгөх хүсэлтээ өчигдөр (уржигдар) МҮБХ-нд хүргүүллээ. Үүнээс гадна ярилцаж байгаад хэд хэдэн санал хүргүүллээ.

БИД ХЭД ДОПИНГИЙН АСУУДЛААР ИЙМ САНАЛ ГАРГАЛАА

-Энэ тухайгаа тодруулахгүй юу. Ямар ямар санал хүргүүлэв?

-Зөвхөн допингийн асуудлаар л гэхэд хэд хэдэн санал бий. Жишээлбэл, Явцын шинжилгээ тогтмол авах, улсын наадамд дөрвөөс дээш давсан бөхчүүдээс шинжилгээ авах, аймгийн наадмын үзүүр, түрүүний бөхөөс шинжилгээ авдаг болох, шинжилгээ өгөхөд унасан бөх, цагдаа, шүүх, АТГ-ынхныг байлцуулах, допингийн шинжилгээний хариу олон түмэнд ил байх талаар тусгах, допинг илэрсэн бөхийн барилдах эрхийг 3-4 жилээр хасах гэх мэт олон санал гаргалаа.

Ганц нэгхэн хүний буруу үйлдэл, алдаанаас болж үндэсний бөхийн спортыг, бүх бөхийг тиймээр дүгнэх, харлуулах нь учир дутагдалтай. Жудагтай, элдэв муу зуршлаас хол, үнэн хүчээрээ барилдаж яваа бөх олон.

-Өнөө цагт допинг илэрсэн бөхийг харилцан адилгүй шийтгэдэг. Энэ нь допингийн асуудлыг улам гааруулаад байх шиг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Хоёулаа сайхан гэгээлэг зүйлийн талаар л ярилцъя.

БУСДАД ТУСАЛСНЫГАА АЛЬ БОЛОХ МЭДЭГДЭХГҮЙ БАЙХЫГ ХИЧЭЭДЭГ

-Та сайн үйл идэвхтэй хийдэг бөхчүүдийн нэг. Одоогоор хэдэн хүнд туслаад байгаа вэ?

-Тоолж байгаагүй. Тоолъё, хэдэнд хүнд туслаад байгаа билээ гэж бодохыг хүсдэггүй. “Хэрвээ чи амжилтын оргилд хүрсэн бол хэн нэгэнд хаалгыг нь нээж өг” гэдэг үг бий. Бусдыг баярлуулах хэчнээн сайхан гэж санана. Үнэхээр сайхан кайф авдаг юм.

-Хэзээнээс хойш ингэж халуун сэтгэлийн гараа сунгаж байгаа билээ?

-Бараг барилдаж эхэлсэн цагаасаа хойш. Би бусдад туслахыг, сайн үйлсийн аянд нэгдэхийг үргэлж хичээдэг. Гэхдээ бусдад тусалсныгаа аль болох мэдэгдэхгүй байхыг хүсдэг. Хариу хүсээд, өөрийгөө рекламдаад ч байгаа юм шиг муухай шүү дээ.

Тусласан хүн надтай эргээд холбогдоод “Баярлалаа, ахын дүү. Манай хүүхэд эдгэрлээ. Ах дээрээ ирээрэй” гэж хэлэхэд сайхан санагддаг.

ДҮҮГЭЭ УЛСЫН АВАРГА ГЭЭД ЦОЛЛООД ӨГӨӨЧ ГЭЖ МӨНХБААТАР ЗАСУУЛД ХҮСЭЛТ ТАВЬСАН ЮМ

-Шоуны үеэр гавьяат жүжигчин, улсын засуул Б.Мөнхбаатар таныг “Улсын аварга Оргихын Хангай” гэж цоллосон. Тэгж цоллоход танд ямар санагдаж байв?

-Тухайн үед л би гэнэт “Та дүүгээ аварга гээд дуудаад өгчихөөч” гэж хүсэлт тавьсан юм. Монгол хүн амны бэлгээр гэдэг. Надад их сайхан санагдсан.

Мөнхбаатар ах “Улсын аварга Оргихын Хангай” гэж дуудахад өөрийгөө жинхнээсээ аварга болчихсоноор төсөөлөн, их огшлоо.

-Ховд аймаг олон шилдэг хүчтэнтэй. Гэхдээ улсын наадмын түрүү төрөлгүй олон жил болж байгаа. 81 жил тасраад буй амжилтыг үргэлжлүүлэх давхар зорилго мөн тань байгаа нь мэдээж.

-Тэгэлгүй яах вэ. Өнөө цагт ид барилдаж буй улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Б.Бат-Өлзий бид гурвыг түрүүлээсэй гэх хүсэл ховдчуудад ямар их байгаа нь мэдрэгддэг. Олны хүслийг биелүүлэх, зорилгодоо хүрэх гээд хоёргүйгээр сэтгэлээр, тууштай барилдаж явна.

АЙМГИЙН ЗААН ЦОЛ ХҮРТЭЭД АМЖИЛТАД ХҮРНЭ ГЭХ ИТГЭЛ ТӨРЖ БИЛЭЭ

-Үндэсний бөхөөр барилдвал амжилт гаргах юм байна гэж өөртөө итгэсэн, тууштай зодоглосон үе нь хэзээнээс вэ?

-Би 2010 онд сумын начин болоход барилдах эрмэлзэл төрсөн. Үндэсний бөхтэй салшгүй амьдралаа холбосноо 2012 онд мэдэрсэн. Тэр жил аймгийн заан цол хүртээд, тууштай барилдвал амжилтад хүрнэ гэх итгэл төрж билээ.

-Хамгийн дурсамжтай барилдаан тань аль нь вэ?

-2014 оны Цагаан сарын барилдаан. Тэр жил тус барилдаанд анх удаа үзүүрлэж билээ. Дараа нь 2017 онд дахин үзүүрлэсэн. Улсын наадмын барилдаануудаас хамгийн дурсамжтай нь мэдээж улсын цол хүртсэн барилдаан.

ОЛНЫ ИТГЭЛИЙГ АЛДЧИХ ВИЙ ГЭСЭН БОДОЛ Л НАМАЙГ УЛСЫН НААДАМД УНАГААЧИХДАГ

-Та Цагаан сарын барилдаанд хоёр дахиа үзүүрлэсэн жилээ улсын харцага цол хүртсэн. Түүнээс хойш төдийлөн дээгүүр барилдаагүй. Улсын наадам гэхээр биеэ бариад, барилдаанаа бүрэн гаргаж чаддаггүй тал бий юү?

-Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр тэгээд, ингээд уначихсан гэж ярих дэмий. Олон түмний итгэлийг алдчих вий гэсэн бодол л намайг унагаачихаад байсан юм. Би өмнөө том зорилго тавьсан. Энэ жилээс тайван, чөлөөтэй барилдана аа.

-Та том зорилгын төлөө зүтгэж яваа гэлээ. Одоогоор үүнийхээ хэдэн хувьд нь хүрээд байна вэ?

-Би зорилгоо уул гээд төсөөлбөл талд нь явна. Мэдээж улсын наадамд түрүүлэн, үндэсний бөхийн оргил цолд хүрэхийн төлөө зүтгэж яваа.

-Бөхчүүдээс хэнээс үлгэр, дууриалал авч явдаг вэ?

-Манай нутгийн Ц.Мягмарсүрэн багшаасаа, Мягмар заан, Батзориг заан, Амартүвшин харцага зэрэг олон хүчтэнээс үлгэрлэдэг.

СЭНЖИГНИЙ БАРИЛДААНАА САЙЖРУУЛАХ ТАЛ ДЭЭР АНХААРЧ БАЙНА

-Барилдааныхаа арга барилыг өөрчлөх, шинээр сурахаар төлөвлөсөн мэх бий юү?

-Мэдээж байлгүй яах вэ. Бөх хүн тал талын барилдаантай байх хэрэгтэй. Сэнжигний барилдаанаа сайжруулах тал дээр анхаарч байна. Үндэсний бөхөөр тууштай дасгалжуулж байгаа багш ховор байгаатай би санал нийлнэ.

-Мэдээж бөх бүхэнтэй барилдах эвгүй. Барилдаан хамгийн таардаггүй нь хэн бэ?

-Бөх бүхний барилдааны арга барил ондоо. Бүгдэнтэй нь барилдах амаргүй. Тухайн өдрийн барилдаанаас л шалтгаалдаг.

-Бөхчүүд тэмээ, морь, том чулуу өргөж, хүчээ сорьдог. Та тэгж тэнхээгээ сорьж байв уу?

-Миний хүчний үзүүлэлт тийм айхтар их биш. 200 кг хавьцаа л өргөж байсан.

-Барилдахаас өөр авьяас, хобби бий юү?

-Байхгүй ээ.

ААВЫН МИНЬ ТАРСАН ТАРВАСЫГ ДЭМЖЭЭД АВАХАД НЬ ОЛНЫ ХАЙР, ХҮНДЛЭЛ ЯМАР САЙХНЫГ УЛАМ ИХ МЭДЭРДЭГ

-Морь уядаг цөөнгүй хүчтэн бий. О.Хангай харцага морь уядаг уу?

-Уядаггүй ээ. Үндэсний бөх, амжилтдаа л хамаг анхаарлаа хандуулж, бүхнээ зориулж явна. Монгол түмэн үндэсний бөхдөө, бөхчүүддээ хайртай. Намар аав минь тарьсан тарвасаа ачаад ирэхэд “Хангайгийн аавынх” гээд олон түмэн дэмжээд авчихдаг. Ойрын дэлгүүрээсээ авчихаж болно. Тэгэхэд 22-ын товчоонд зорьж очоод авдаг шүү дээ. Тэгэхэд нь ард түмний хайр, хүндлэл ямар сайхныг улам их мэдэрдэг.

-Танд ямар цол илүү сайхан санагддаг вэ?

-Анх барилдаж эхлэхэд сумын заан цол их сайхан санагддаг байж билээ. Сумын заан болсны дараа аймгийн цол сайхан санагдсан. Аймгийн цол авсны дараа улсын цол илүү гоё санагдсан. Одоо улсын наадамд түрүүлээд аварга, арслан цол хүртвэл сайхан даа гэж бодож сууна.

БИ ГЭР АМЬТАЙ

-Харцагын хувьд хэр сайн аав, хань вэ. Бэлтгэл, барилдаан гэсээр гэр бүлдээ хангалттай цаг гаргаж амждаг уу?

-Би гэр амьтай. Бэлтгэл, барилдаангүй үед гэртээ л байхыг, эхнэр, хоёр хүүхдэдээ цаг гаргаж, хамт байхыг чухалчилдаг. Өнөө жилийн Мартын 8-наар шоунд оролцоод, эхнэрээ баярлуулах боломж гараагүй. Утсаар баяр хүргээд л өнгөрсөн.

-Нөгөөдөр (маргааш) барилдаан болно. Бэлтгэл хэр байгаа вэ?

-Сүүлд хөл хорио тавигдсанаас хойш бэлтгэлээ сайн хийж байгаа. “Хийморь”-т оролцож байгаа бид хэд байрлан хүчний, барилдааны бэлтгэлээ тогтмол хийж байгаа. Бэлтгэл жигдэрч байна.

Т.БААСАНХҮҮ ХАРЦАГАТАЙ ХИЙХ БАРИЛДААН НАДАД Ч СОНИРХОЛТОЙ САНАГДАЖ БАЙНА

-Та эхний тойрогт улсын харцага Т.Баасанхүүтэй сугалаа таарлаа. Түүнтэй хэрхэн барилдах вэ?

-Өнөө цагт бүгд ид барилдаж буй найман харцага зодоглоно. Бүгд түрүүлэх зорилготой байгаа нь мэдээж. Би эхний тойрогт Т.Баасанхүү харцагатай барилдана. Их гоё барилдаан болох байх. Надад ч сонирхолтой санагдаж байна. Бид хоёрын барилдааныг олон түмэн хүлээж байгаа байх. Т.Баасанхүү харцага их уран барилдаантай. Харцагын барилдаан энэ тойргийн барилдааныг их чимэх байх.

-Та хоёрын барилдааны арга барил ондоо. Өмнө нь хэдэн удаа барилдаж байв?

-Харин ээ, хэд билээ. Сайн санахгүй байна.

ХЭДҮҮЛЭЭ “ШУДАРГА, УРАН БАРИЛДААД ЯС ҮЗНЭ ШҮҮ” ГЭЖ ЯРИЛЦСАН

-Та түүнтэй хэрхэн барилдахаар төлөвлөж байна вэ?

-Тухайн барилдааны явцаас л шалтгаална. Эгзэг нь таарвал хэн ч давж болно, уначихаж ч болно. 14-ний барилдаан их сайхан болох байх. Бид хэд “За, ёстой яс үзнэ шүү. Бид олон түмнээ баясгахын тулд энд байгаа. Шударга, уран барилдана шүү” гэж хоорондоо ярилцаж байгаа.

-Харцага нутагтаа ойрд очив уу?

-Намар л очсон. Аав, ээж минь Ховд аймгийн Буянт суманд амьдардаг. Би зуны цагт нутагтаа очиж зусдаг. Цар тахал намжин, цаг сайхан болохоор нутаг руугаа явж, аав, ээждээ золгоно оо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Өвгөн
Өвгөн
3 сар 13, 2021 13:02

Барагтайхан онгирол доо үр минь өвөлжин гайхуулчихаад жилдээ ганц болдог наадмаар хар цагаан хэл амаа дарж чадахгүй яадаг билээ

Зочин
Зочин
3 сар 13, 2021 13:35

Наадмаар сайн барилдахгүй байгаамдаа

Зочин
Зочин
3 сар 13, 2021 20:53

Маш сайхан, даруухан з�##�уу. Улсын наадамд түрүүлнэ. аварга болно гэж олон жил хүлээлээ, яагаад аз нь харьчихаад байдаг юм бол гэж гайхдаг. Энэ жилийн наадамд түрүүлэх байхаа. Мэх сайтай, шийдэмгий, уяад байдаггүй, гэдэс гүзээ нь унжиж цүдийгээгүй, бие гялбар сайтай, хараад хараад ханашгүй сайхан бөх шүү. Мөнхбаатар засуулын цоллосноор авараг болноо болно.

Зочин
Зочин
3 сар 14, 2021 02:21

Онгироо гар л байна, бас дээр нь худ�##�ч юм аа даа янз нь, бу�####�д туслаж, сайн уйлс хийхийг хичээдэг ч гэх шиг сайхан мултарч байна аа

Зочин
Зочин
3 сар 14, 2021 06:09

Бүдүүн гүзээнүүд таануусыг үздэг хүн хөдөөний баачка нар л байгаа байх. Хоорондоо хэрэлдэж зодолдохоос өөр шидгүй нөхдүүд.

мичиган
мичиган
3 сар 14, 2021 08:09

энэ эрлииз нөхөр хэзээ ч улсын наадамд.түрүүлэхгүй х�##�хын бөхиин дэвжээ энэ хужаад хатууднаа

Зочин
Зочин
3 сар 14, 2021 09:53

Яахаараа эрлийз байдгийн чи өөрөө эрлийз

Зочин
Зочин
3 сар 14, 2021 10:19

Амжилт хүсье.Мундаг төлөв даруухан з�##�уу шүү.

Зочин
Зочин
3 сар 14, 2021 16:59

Бөхчүүдийн нэр хүнд найраа допинг онгироо сагсуу зан авир зэрэгээсээ болоод ш�##�ан дээр унасан шүү. Одоо наад допингоо 4 даваанаас шинжилгээ аваад хатуу шийтгэлтэй болгоод зан авираа засаад явахгүй бол цаашдаа спорт гэхэд хэцүү жүжиг хэнч үзэхгүй хэдэн махан бөмбөг болох гээд бна. Энийгээ мэдээд засах гэж байгаа бол сайн л байна.

Уншигч
Уншигч
3 сар 14, 2021 22:44

Хангай, Анар харцагуудыг дээр нь Сээрик начныг их үздэг шүү, сайхан бөхчүүд

bohchin
bohchin
3 сар 15, 2021 02:01

Ed nar hol yvaahgu bohoncruud bailee. Ter Osohoo avargiin hajuud suucgaaj bgaagii ni harsan chin ah zah eos judag hundlel ch bhgu alia garuud bleedee. Negmuu vitaminii kompleksnii shahm#luud l blee Baasanhuugees busad ni.

halh
halh
3 сар 15, 2021 12:29

uvsiin s###suu chi

halh
halh
3 сар 15, 2021 12:30

uvsiin she....e.s uu chi

МОНГОЛ
МОНГОЛ
7 сар 15, 2021 13:58

БИТГИЙ ГОРЬД БӨХЧҮҮД БОЛ ИДЭЖ БААХААС ӨӨР ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ ЯВДАГ ЖОРЛОНГУУД БҮГДИЙГ НЬ БАРИЛГАД АЖИЛЛУУЛЖ ЦЕМЕНТ ЗӨӨЛГӨ

Иргэн
Иргэн
7 сар 15, 2021 17:01

Цол гуншин, энээ тэрээд хамаг юмаа өгчихөөд буцахгүй гарууд энэ бөхчүүд болон урлаг нэр зүүсэн х�##�туурчид ....

бодол минь
бодол минь
7 сар 15, 2021 18:45

Аврагууд бүтэн чихтэй байдагсан.Чихээ хамга�##�ж барилдаарай.Пара олимф биш эрхтэн дутуу байх нь ямар сайн байх билээ.

чимэд
чимэд
1 сар 17, 2022 13:41

Чи их яарч мэх хийдэг, их холоос мордоод сунаж унасанд чинь харам�####�г юм.тэгэхэд давсан бол түрүүлэхэд ч их ойрхон байсандаа.өндөр хүчтэй хүн сэнжиг,элэг бүснээс бариад татаад дотуур хутгах, өөрт авааргүй, урдуураа гүйлгэх бас байж болох мэх, чиний уулзуутаа цохьдог /содномдоржийг суулгачихдаг/,харин хий цохиж б�##�рав. бас мөрөө сайн хийгээд гар ачих бас байж болох мэх,Батсуурийг хав барианаас түрэх,хавсрах,дотуур хутгах байж болмоор харин мордох нь өндөр хүний мэх боловч осолтой.

Back to top button