Нийгмийн

Гадаад дахь монголчуудын сонгуулийн ирц 62.5 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны тавдугаар сарын 30-ны өдөр эхэлж, өнөөдөр хоёр дахь өдрөө сонгуулийн хууль тогтоомжийн дагуу хэвийн үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гадаад улсад байгаа сонгогчийн саналыг тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагаас 22:00 цаг хүртэлх хугацаанд авахаар заасан тул Салбар комиссуудын санал авч эхлэх болон дуусах хугацаа харилцан адилгүй байдаг онцлогтой. Үүнээс шалтгаалан санал авах ажиллагаа Улаанбаатарын цагаар 2021 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 05 цагт Бүгд Найрамдах Австрали Улсын Канберра хот дахь Салбар комисст хамгийн түрүүнд эхэлсэн бол АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комисст Улаанбаатарын цагаар мөн өдрийн 22 цагт эхэлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргаж бүртгүүлэн, ажиглагчийн гэрчилгээ авсан “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын 4 ажиглагч, МАН-ын 15 ажиглагч, нийт 19 ажиглагч энэ удаагийн сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаанд хөндлөнгийн ажиглалт хийж байна. Харин “Зөв хүн электорат” эвсэлээс 12 ажиглагч бүртгүүлэх тухай хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т заасан хугацаанаас хоцроож, 2021.05.27-ны өдөр ирүүлсэн тул материалыг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн болно. Өнөөдөр буюу 2021 оны тавдугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатарын 17:00 цагийн байдлаар гадаадад саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 7394 сонгогчийн 62.5 хувь буюу 4623 сонгогч саналаа өгөөд байна.

Одоогийн байдлаар орон нутгийн цагийн бүсээс шалтгаалан 16 Салбар комисс санал авах хоёр дахь дахь өдрийн ажиллагаагаа эхлүүлсэн, 28 Салбар комиссын хоёр дахь дахь өдрийн ажиллагаа хараахан эхлээгүй байна.

Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны тавдугаар сарын 31-ний өдөр тухайн Салбар комисс байрлаж байгаа гадаад улсын орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжлэх тул санал авах ажиллагаа хамгийн сүүлд АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комисст Улаанбаатарын цагаар 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн 13:00 цагт өндөрлөх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button