НИЙГЭМ

Ерөнхийлөгчийн сонгуулиар 2087 хэсгийн хороонд 18,647 албан хаагч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэнтэй  ярилцлаа.

-“Ковид-19”-ийн цар тахлын үед 3 дахь сонгуулийг зохион байгуулах гэж байна. Сонгуулийн бэлтгэл ажил орон даяар хэр хангагдсан бэ? Халдвар хамгааллын дэглэмийг сонгуулийн үеэр хэрхэн зохицуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд оролцох иргэдийн тэгш оролцоо, сонгох, сонгогдох эрхийг хангах зорилгоор иргэдийн санал авах ажиллагаанд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, сонгуулийн үеийн бүхий л үйл явцад халдвар хамгааллын дэглэм баримтлахтай холбоотой харилцааг зохицуулах журмын төслийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсруулсан. Уг саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2021 оны 5 дугаар сарын 19-ний 152 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмыг батлаад байна. Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах үед коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх ажлыг зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сонгуулийн ерөнхий хорооноос гадна Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, ЗӨСҮТ зэрэг төрийн байгууллагууд, нийслэлийн сонгуулийн хорооны төлөөлөл орж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байна. Мөн дээрх тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл ажиллагааны үед цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмыг хэрэгжүүлж ажиллах албан даалгаврыг хүргүүлж байна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахдаа коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй болон тусгаарлагдсан сонгогчдын судалгаа, тусгаарлах байр, эмнэлгийн тоог нарийвчлан гаргаж, харьяалах хэсгийн хороод эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм. 

-Нэр дэвшигчдийг эцсийн байдлаар СЕХ бүртгэчихсэн гэж ойлгож болох уу?

 Сонгуулийг зохион байгуулах бүхий л үйл явц хуулиар тогтоосон хугацаатай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д  “Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгоно”, мөн хуулийн  28 дугаар зүйлийн 28.7-д  “Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигчдэд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр үнэмлэхийг нь гардуулсан.

-Улсын хэмжээнд цар тахлын халдварын тохиолдол гарсаар байна. Нас баралт буурахгүй байна. Сонгуулийг хуулийн хугацаанд нь зохион байгуулахад  нөлөөлөхүйц давагдашгүй хүчин зүйлийн эрсдэл байгаа юу? Үүнийг хэрхэн тооцож байгаа вэ?

-Цар тахлын халдвараас сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм сахих явдал чухал гэдэг нь хэнд ч тодорхой. Нөгөө талаас иргэдийн сонгох, сонгох эрх чөлөөг эдлүүлэх буюу Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Монгол Улсын иргэн нь шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй...” гэснийг хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Сонгох, сонгогдох эрх нь хязгаарлаж үл болох язгуур эрхүүдийн нэг тул Сонгуулийн төв байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тиймээс ярианы эхэнд дурдсан коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг хатуу чанд мөрдөж явуулахаар чиглэл өгч ажиллаж байна. Энэ удаагийн сонгуульд  эрүүл мэндийн байгууллагыг татан оролцуулж, ажлын хэсэгт оруулж байгаагаараа онцлогтой. Халдвар хамгааллын дэглэмээр далимдуулан иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн тохиолдол мэр сэр гарч байсан удаатай тул тэр алдааг давтахгүй, хүн бүрт хүрч ажиллах, бэлтгэл ажлыг төлөвлөж байна. Ялангуяа зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах үед халдвараас сэргийлэх, эмнэлэг, тусгаарлах байруудын тоо бүртгэлийг нягт тооцож, эмчлүүлж байгаа болон тусгаарлагдсан хүмүүсийн судалгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хугацаатай уялдуулан тооцоолж, санал авах хуваарь, чиглэлийг батлах, нөхцөл байдлыг урьдчилан тооцох, томилогдсон ажилтнуудад нэгдсэн чиглэл өгөх зэрэг зохион байгуулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам, Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 56 дугаар тогтоолын дагуу хийж байна.

-2020 онд явагдсан хоёр сонгуулийн үед ажилласан тойрог, хэсгийн хороодын бүтэц бүрэлдэхүүнд хэр өөрчлөлт гарсан бэ? Энэ сонгуулиар тэдгээрт хичнээн хүн ажиллах вэ? 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т заасны дагуу санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө буюу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө сонгуулийн хэсгийн хороод бүрэн байгуулагдлаа. Ингэснээр иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар сонгуулийн бүх шатны хороод байгуулагдаж сонгуулийн бэлтгэл ажилдаа орлоо.

-Аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, 330 сум, 9 дүүргийн сонгуулийн хороо, 2087 хэсгийн хороодод нийт 18,647 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажиллана. Сонгуулийн автоматжуулсан системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах мэдээллийн технологийн 31 багт 148 гишүүн, санал авах байруудад нийт 2481 даамал ажиллах юм.

-Сонгогчдын нэрийн жагсаалт бэлэн болсон уу? Энэ асуудал дээр хүндрэлтэй, маргаантай зүйл байгаа юу?

-Сонгогчийн сонгуульд оролцох үндсэн эрх нь сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээр баталгааждаг. Сонгогчдын оролцоог идэвхжүүлэх, сонгууль бүх нийтийн байх зарчмыг хангахын тулд иргэд сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой зохицуулалт, үйл явцыг мэддэг байх хэрэгтэй. Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлдэх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх, тэдгээртэй холбоотой гомдлыг шийдвэрлэх ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар холбогдох хууль тогтоомж, журмын дагуу зохион байгуулдаг. www.election.burtgel.gov.mn цахим хаягаар нэвтэрч, өөрийн бүртгэлийг шалгах боломжтой. 

-Сонгогчдын ирцийг  хангах чиглэлд ямар ажлууд хийгдэж байгаа вэ? Ирц хүрээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авагдах вэ?

-Сонгогчдын хувьд хамгийн хариуцлагатай мөч бол сонгуулийн санал авах өдөр сонгуульд оролцож саналаа өгөх явдал юм. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн дагуу “сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, энэ талаар сургалт, судалгаа явуулах болон сонгуулийн үйл явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах үүрэг”-ийг Сонгуулийн Ерөнхий хороо хүлээдэг. Тиймээс бид энэ удаагийн сонгуулийг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон талт хамтын ажиллагаатайгаар сонгогчдод чиглэсэн сурталчилгаа, нөлөөллийн кампанит ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Сонгуулийн ерөнхий хороо нь Сонгогчийн боловсрол, сургалтын төвтэй. Сонгуулийн үед сонгогчид эрхээ хэрэгжүүлэх, түүнийг хангах, хамгаалахад чиглэсэн мэдээллээр хангах 1800-2800 лавлах утсыг ажиллуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд зориулан “Сонгогчийн ном”-ыг цахим болон цаасан хэлбэрээр гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо санал хураалтын дүнг үндэслэн нэр дэвшигчдийн авсан нийт саналыг нэр дэвшигч тус бүрээр гаргана. Сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргаж, нийтэд мэдээлнэ. Сонгуулийн дүн болон Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Сонгогчдын боловсрол харьцангуй дээшилж, сонгуульд оролцож, саналаа өгч байгаа хүний тоо нэмэгдэж байгаа.

-Сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой санал, гомдол, хүсэлт, шийдвэрлэх асуудлын талаар сонгуулийн хороонд иргэд, сонгогчдоос ирүүлсэн мэдээлэл хэр байгаа вэ? Ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? Энэ тал дээр СЕХ нэлээд нээлттэй биш байгаа гэдэгтэй та санал нийлэх үү? 

-Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонгуулийн төв байгууллага буюу Сонгуулийн ерөнхий хороо нь хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулдаг онцлогтой байгууллага. Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн үйл явцыг нийтэд ил тод, нээлттэй явуулж ирсэн бөгөөд сонгуулийн дүн мэдээг гаргах үйл явц, санал тоолох төхөөрөмжийг шалган турших, сонгуулийн хороодод хүргүүлэх, сонгуульд ашиглах, хэсгийн хороодоос дүн дамжуулах, ажиглагчдад дүнг танилцуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулдаг. Сонгогчдоос ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариуг нь тухай бүрт өгч байгаа.

-Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гомдол, маргааны хувьд сонгогч зайлшгүй мэдэж байх ёстой дараах зүйлс бий. Юуны өмнө сонгуулийн аливаа хэрэг маргааныг тухайн сонгуулийн жилд багтаан шийдвэрлэнэ. Сонгуулийн хорооны шийдвэрт холбогдуулан дээд шатны сонгуулийн хороонд гомдлоо гаргана. Ингэхдээ тухайн шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэлээ гаргана. Сонгуулийн санал хураалтын дүнг өргөн мэдүүлсэн Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрт гомдол гаргах бол Үндсэн хуулийн цэцэд хандах бөгөөд бусад тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд гаргана гэдгийг сонгуулийн насны хүн бүр мэдүүштэй. Зөрчлийн тухай хуульд “Улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчил” гэсэн бүлэгт “Сонгуулийн хуулийг зөрчих” гэсэн хэсэгт 36 төрлийн зөрчлийг хүлээлгэх хариуцлагын хамт тусгасан байдаг. Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.

Гэрийн тусгаарлалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд 2021 оны 6 дугаар сарын 05-ныг дуустал харьяа хэсгийн хороондоо хүсэлт гаргана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаанд эрх зүйн шинэ зохицуулалтыг бий болгож, коронавируст халдвар /КОВИД-19/-ын улмаас эмчлүүлэгчид болон тусгаарлагдсан иргэд, дайчлагдан ажиллаж буй алба хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнууд, бусад этгээдийг зөөврийг битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах зохион байгуулалтыг хийж байна. Зөөврийн битүүмжилсэн саналын  хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 09:00-20:00 цагт орон даяар зохион байгуулна. Гэрийн ажиглалтын түр журмын дагуу тусгаарлагдсан сонгогч нь 2021 оны 6 дугаар сарын 05-ны дотор өөрийн харьяа хэсгийн хороонд хүсэлтээ гаргах боломжтой.  

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ҮЕД КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТҮР ЖУРМААС хэсэгчлэн толилуулж байна

Зургаа. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаа

6.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан сонгогчоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авна.   

6.2. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаанд сонгуулийн хэсгийн хорооны ажилтан, ажиглагч, цагдаагийн алба хаагч оролцоно.

6.3. Санал авах ажиллагаанд оролцож байгаа хүмүүс хооронд 1.5 метрийн зай барина.

6.4. Сонгуулийн хэсгийн хорооны ажилтан гар халдваргүйжүүлэгчийг хариуцан авч явах бөгөөд санал авахын өмнө болон дараа оролцогчдын гарыг халдваргүйжүүлнэ.

6.5. Сонгогч болон санал авах ажиллагаанд оролцогч бүр амны хаалт зүүж, нэг удаагийн бээлий өмсөнө. Санал авах ажиллагааг зохион байгуулагчид нэг удаагийн улавч өмсөнө.

6.6. Санал тэмдэглэх үзэг, зөөврийн бүхээг, зөөврийн битүүмжилсэн хайрцгийг санал хураалт бүрийн дараа спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч уусмалаар арчиж цэвэрлэнэ.

6.7. Хэрэглэсэн амны хаалт, бээлий болон бусад хог хаягдлыг хогийн уутанд цуглуулж, уутны амыг боож, зөвшөөрсөн хогийн цэгт хаяна.

6.8. Өөрийн байнга оршин суугаа аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа дараах сонгогчийн саналыг санал авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авна:

6.8.1. Короновируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа сонгогч;

6.8.2. Улсын онцгой комиссын даргын 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 31 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын дагуу тусгаарлагдсан сонгогч;

6.8.3. Энэ журмын 6.8.1, 6.8.2-т заасан үйл ажиллагаатай холбоотойгоор тухайн тусгаарлах байр, эмнэлэгт тусгай чиг үүргийн дагуу ажиллаж байгаа эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын зэрэг албан хаагч;

6.8.4. Улсын онцгой комиссын даргын 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 31 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Гэр /амрах байр/-ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын дагуу тусгаарлагдсан сонгогч.

6.9. Энэ журмын 6.8.1, 6.8.2, 6.8.3-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58.4-т заасны дагуу санал авах өдрөөс 7-оос доошгүй хоногийн өмнө батлагдсан маягтын дагуу тухайн тусгаарлах байр, эмнэлгийн захиргаанд гаргана.

6.10. Энэ журмын 6.8.4-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58.2-т заасны дагуу санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө өөрийн харьяа хэсгийн хороонд гаргана.

6.11. Энэ журмын 6.8.4-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргахад тухайн сонгогчийн харьяалагдах баг, хорооны Засаг дарга түүний хүсэлт, мэдээллийг холбогдох хэсгийн хороонд хүргүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.

6.12. Тусгаарлах байр, эмнэлгийн захиргаа энэ журмын 6.8.1, 6.8.2, 6.8.3-т заасан сонгогчийн хүсэлтийг хүлээн авч нэгтгэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58.4-т заасны дагуу санал авах өдрөөс 7-оос доошгүй хоногийн өмнө тухайн тусгаарлах байр, эмнэлгийг нутаг дэвсгэрийн хувьд харьяалах сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.

6.13. Энэ журмын 6.12-т заасны дагуу ирүүлсэн хүсэлтийг сум, дүүргийн сонгуулийн хороо санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө тухайн сонгогчийн харьяалагдах хэсгийн хороонд хүргүүлнэ.

6.14. Энэ журмын 6.13-т заасны дагуу ирүүлсэн хүсэлтийг хүлээн авсан хэсгийн хороо болон түүний дэргэд ажиллах итгэмжлэгдсэн ажилтан дараахь ажиллагааг хийнэ:

6.14.1. тухайн хэсгийн сонгогч мөн эсэхийг итгэмжлэгдсэн ажилтны оролцоотойгоор нягтлан шалгах;

6.14.2. зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн нэрсийг гаргаж, хэсгийн хорооны дарга зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах хуваарь, чиглэлийг батлах;

6.14.3. аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах хуваарь, чиглэлийг батлахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58.1-т заасан хугацаатай уялдуулан тооцох бөгөөд ирэх, буцах цаг хугацаа, туулах замын зайнаас шалтгаалан хуульд заасан хугацаанд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг зохион байгуулах боломжгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэх.

6.15. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн хэсгийн хорооны даргын баталсан хуваарь, чиглэлийн дагуу тухайн сонгогчийн оршин байгаа газар буюу тусгаарлах байр, эмнэлэгт очиж авна.

6.16. Энэ журмын 6.8.1, 6.8.2, 6.8.3-т заасан сонгогч бүхий эмнэлэг, тусгаарлах байрыг нутаг дэвсгэрийн хувьд харьяалах хэсгийн хорооны дарга тухайн эмнэлэг, тусгаарлах байранд сонгогчоос санал авах ажиллагааг зохион байгуулах хоёр гишүүнийг томилон ажиллуулна.

6.17. Энэ журмын 6.9-д заасны дагуу хүсэлт гаргасан сонгогчийн харьяалах хэсгийн хорооны гишүүн энэ журмын 6.16-д заасны дагуу томилогдсон сонгуулийн байгууллагын ажилтанд дараахь зүйлсийг хүлээлгэн өгнө:

6.17.1. зөөврийн хайрцаг, санал тэмдэглэх зориулалт бүхий үзэг, нэг удаагийн бээлий, саналын хуудасны тусгай зориулалт бүхий хавтас;

6.17.2. хүсэлт гаргасан сонгогчийн тоонд үндэслэн дахин нэг удаа саналын хуудас өгөх нөөцтэй байхаар тооцсон саналын хуудас;

6.17.3. энэ журмын 6.14.2-т заасны дагуу үйлдсэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалт.

6.18. Энэ журмын 6.16-д заасны дагуу томилогдсон сонгуулийн байгууллагын ажилтан сонгогчоос санал авах ажлыг дараахь байдлаар зохион байгуулна:

6.18.1. энэ журмын 6.17.3-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг үндэслэн тухайн сонгогчийн байрлаж буй тусгаарлах өрөөнд нэвтрэхгүйгээр санал тэмдэглэх зориулалт бүхий үзэг, нэг удаагийн бээлий, саналын хуудасны тусгай зориулалт бүхий хавтсыг сонгогчид өгнө.

6.18.2. сонгогч саналын хуудсыг тусгай зориулалтын хавтаснаас гаргаж, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагт хийнэ.

6.18.3. санал өгсөн сонгогчоор энэ журмын 6.14.2-т заасны дагуу хүлээн авсан сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зуруулна.

6.18.4. сонгогч биеийн эрүүл мэндийн байдлын улмаас тусгаарлах өрөөнөөс гарч саналаа өгөх боломжгүй тохиолдолд тусгаарлах өрөөнд нэвтэрч санал авах ажиллагааг зохион байгуулна.

6.19. Энэ журмын 6.14.2-т заасны дагуу хүлээн авсан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдоос санал авах ажиллагааг зохион байгуулж дууссан тухай бүрт зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, саналын хуудас болон сонгогчдын нэрийн жагсаалтыг нийслэлд Зооноз өвчин судлалын үндэсний төв, аймагт Зоонозын өвчин судлалын төв, Зоонозын өвчин судлалын төвгүй аймгийн Эрүүл мэндийн газар холбогдох тусгайлсан журмын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт дор халдваргүйжүүлж, энэ журмын 6.17-д заасны дагуу хүлээлгэн өгсөн хэсгийн хорооны гишүүнд буцааж хүлээлгэн өгнө.

6.20. Хэсгийн хороо энэ журмын 6.19-д заасны дагуу халдваргүйжүүлсэн саналын хуудсыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 60.4-т заасны дагуу санал тоолох төхөөрөмжид уншуулна.

6.21. Энэ журмын 6.8.4-т заасан сонгогчоос санал авах ажиллагааг зохион байгуулах хэсгийн хорооны бүрэлдэхүүн хүсэлт гаргасан сонгогчийн оршин байгаа газарт нэвтрэхгүй бөгөөд саналын хуудсыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай 60.4-т заасны дагуу санал тоолох төхөөрөмжид уншуулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button