НийгмийнСПОРТ

Б.Баттүшиг: Жендэрийн тэгш байдлыг хангах санаачилгыг дэмжиж Монголын багийн тугчаар эмэгтэй тамирчныг сонгосон

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Токиогийн олимпод оролцох Монголын баг тамирчдад төрийн далбаа гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагч, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Манай тамирчид Токио руу хэзээ явах вэ?

-Монголын баг тамирчид ирэх долоо хоногоос Токиог зорьж эхэлнэ. Долдугаар сарын 16-ны өдөр бокс, сагсан бөмбөгийн тамирчид хамгийн түрүүнд Токиод очно. Олимпийн наадмын нээлт 23-нд болно. Үүнээс өмнө буюу 21-нд дахин нэг нислэгээр жүдо, буудлага, байт харваа, усанд сэлэлт, ширээний теннисний тамирчид Токиод очих хуваарьтай. ОУОХ-ноос олимпийн наадмыг үзэгчгүй явуулах шийдвэрийг өчигдөр гаргалаа. Зөвхөн тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс, хүндэт зочдыг л оруулна. Тэр ч утгаараа их өвөрмөц олимп болох байх.

Нислэгийн хуваариа нарийн төлөвлөж, яг тааруулж очих ёстой. Тэмцээн уралдаан болохоос 3-5 хоногийн өмнө очихгүй бол Токиогийн талаас хүлээж авахгүй гэх зэргээр дүрэм журам их бий.

-Энэ удаагийн олимп коронавирусийн цар тахлын үед зохиогдож байгаагаараа онцлогтой. Монголын багийн хувьд зохион байгуулагчдын тавьж буй шаардлагыг хангах, дүрэм журмыг сахиулах тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?

-Мэдээж энэ асуудалд онцгойлон анхаарч байна. Нислэгээс дөрөв болон хоёр хоногийн өмнө коронавирусийн шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан байх ёстой. Токиод буугаад дахин шинжилгээ өгнө. Зарим улсын тамирчид Токиод хэдийн очоод байна. Та бүхэн мэдээгээр харсан байх, зөвхөн эм авах гэж тосгоноос дур мэдэн гарсан тамирчныг шууд нутаг буцаасан.

Ер нь олимпийн наадам маш хатуу дэглэмтэй болж байгаа учир манай тамирчид маш анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Дөрөв, таван жилийн турш энэ олимпод зориулан бэлдэж, олимпоос медаль авах гэж зорьж байгаа хүн дэглэмээ сайн барьж, янз бүрийн асуудалд өртөлгүйгээр олимпдоо оролцоод ирэх нь чухал шүү дээ. Тиймээс бид энэ асуудалд маш их анхаарч байгаа.

-Энэ удаагийн олимпод монголчууд спортын шинэ төрлөөр эрхээ авсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Монголын багийн тугчаар нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин сонгогдсон. Миний бие багийн ахлагчийн хувьд эмэгтэй сагсан бөмбөгийн тамирчин О.Хуланг багийн тугчаар сонгох санал оруулж, дэд ажлын хэсгийн хурлаар дэмжигдсэн.

Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэй тамирчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх санаачилгыг ОУОХ-ноос гаргасан. Энэ санаачилгыг дэмжиж үүднээс эмэгтэй тамирчнаар багийнхаа тугийг бариулах ёстой гэдгийг би хоёр жилийн өмнөөс л ярьж байсан. Багийн ахлагчийн орлогчоор МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал мөн сонгогдсон байгаа

 -Баг тамирчдын сэтгэл зүй болоод бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Сэтгэл зүй болон биеийн бэлтгэл сайн хангагдсан. Төрийн байгууллага болох БТСУХ-ныхондоо их талархаж байгаа. Яагаад гэвэл БТСУХ-ны зүгээс тамирчдын цалингийн асуудлыг шийдэж, бэлтгэл хийх боломж нөхцөлөөр сайн хангасан. Токио хот Улаанбаатараас нэг цагийн зөрүүтэй. Нөгөөтэйгүүр Бээжингийн олимп шиг Ази тивд зохиогдож буй гэдэг утгаараа манай тамирчид сайн оролцож, медаль авах өндөр боломжтой гэж бодож байна.

-Та өнгөрсөн жил ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Олимпийн өвөө Ш.Магван гуай 1977 онд ОУОХ-ны гишүүнээр сонгогдож байсан. Өнгөрсөн жил ОУОХ-ны хоёр дахь гишүүнийг сонгосон нь Монгол Улсад ач холбогдол өгч буйн баталгаа юм. Өнөөдөр МҮОХ-ны төлөөллүүд УИХ-ын даргатай уулзана. Энэ үеэр 2027 оны ОУОХ-ны чуулганыг Монгол Улсад хүлээж авах санал тавих гэж байна. Хэрэв эрх авч чадвал Монголд болсон АСЕМ-ийн хурлын дайтай томоохон арга хэмжээ болох юм.

Энэ чуулганаар ОУОХ-ны 115 гишүүн хуралдаж, өвөл, зуны олимп аль хотод зохиогдох, олимпийн наадмын хөтөлбөрт аль спорт орох, аль спорт гарах вэ гэх зэрэг маш том шийдвэрүүдийг гаргадаг бүрэлдэхүүн. Ийм том ач холбогдолтой хурлыг Монголдоо зохион байгуулья гэсэн санаачилга гараад явж байгаа.

Хэрэв чуулганаа авч чадвал 2030 онд залуучуудын олимпийг Монголд зохиох зорилго тавиад байна. Залуучуудын олимп бол хөгжиж байгаа орнуудыг дэмжих хөтөлбөр гэж би боддог. 2022 онд Сенегал улсад залуучуудын зуны олимп зохиогдох байсан ч дөрвөн жилээр хойшлуулж, 2026 он болгосон. Тиймээс 2030 оны олимпийг хүлээн авахын төлөө санал тавиад үздэг цаг нь ирсэн болов уу гэж бодож байна.

ЭХ СУРВАЛЖ: МҮОХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button