Завхан аймагт олимпын удирдах ажилтны сургалт-Семинар эхэллээ

Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ) Завхан аймгийн "Берлин" Олимпын зөвлөлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш, олимпын танхимын арга зүйчид, тамирчдад зориулсан удирдах ажилтны сургалт-семинарыг Завхан аймгийн Улиастай хотод зохион байгуулж байна.

Сургалт-семинарыг нээж МҮОХ-ны гишүүн, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр үг хэлэв. Тэрээр орон нутагт спортын салбарт хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөлтөө танилцуулах үеэрээ амжилт гаргасан тамирчдыг урамшуулах, тэмцээн уралдаанд оролцоход үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, сумдад спорт заал шинээр ашиглалтад оруулах болон олимпын танхимууд байгуулахад онцгойлон анхаарч буйгаа илэрхийллээ.
Мөн сүүлийн жилүүдэд Завхан аймгийн хүүхэд, багачуудын спортоор хичээллэх сонирхол нэмэгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэсэн юм.Тус сургалт-семинар нь олимпын боловсролоор дамжуулан хүүхэд, залууст эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, олимпын гол үнэт зүйлс болох шилдэг чанар, хүндлэл, нөхөрлөлийг түгээн дэлгэрүүлэх, улмаар боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш нарын мэдлэг, арга зүйг дээшлүүлэх үндсэн зорилготой.
Хөтөлбөрийн хүрээнд оролцогчдод:
• МҮОХ-ны үйл ажиллагааны чиглэл,
• Олимпын хөдөлгөөний өнгөрсөн, одоо ба ирээдүй,
• Олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөр,
• "Бие бялдрын ерөнхий хөгжлийн 12 чанар”-ын онол, практикийн хосолсон сургалтуудыг тус тус орохоор төлөвлөөд байна.
Сургалтын үеэр хөдөө орон нутагт спорт олимпизмыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж Их-Уул сумын биеийн тамирын багш Л. Мөнхбатыг Олимпын алдар одонгоор шагнав.Олимпын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хойч үеэ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж буй нийт багш, арга зүйчид болон зохион байгуулагчдад сургалтын үйл ажиллагаанд нь амжилт хүсье.



















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.