НийгмийнСПОРТ

Өнөөдрийн ОНЦЛОХ ТАМИРЧИН: Олимпод өрсөлдөх Монголын анхны эмэгтэй боксчин М.Мягмаржаргал

“Eguur.mn” сайт өдөр бүр Монголынхоо нэг тамирчныг онцолж байгаа билээ. зарим хүн “Тэмцээнд оролцохынх нь өмнө битгий магт. Цагаан хэл ам хүрчихнэ” гэж шүүмжилж магадгүй. Энэ тамирчин ийм амжилт гаргаж, ингэж хөдөлмөрлөж яваа гэдэг тодорхой мэдээлэлтэй тэмцээнийг нь үзвэл уншигчдад илүү өгөөжтэй байх болов уу гээд онцолж буйг тодотгоё.

Бид өмнө өдрүүдэд Гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Л.Сосорбарам, Монголын тамирчин болсон Саид Моллаи нарыг онцолсон. Токиогийн дэвжээнээс ДАШТ-ний алт, хүрэл медальт Саид Моллаи мөнгө, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт М.Уранцэцэг, Азийн аварга Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулаад байгаа билээ.

Өнөөдөр бидний онцлох тамирчин бол боксын ОУХМ Мөнхбатын Мягмаржаргал.

ОЛИМПОД ОРОЛЦОЖ БУЙ МОНГОЛЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ БОКСЧИН

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат, “Ширэн бээлий” клубийн боксчин, ОУХМ цолтой тэрбээр олимпын дэвжээнд өрсөлдөх Монголын анхны эмэгтэй боксчин. Монгол Улсын боксын спортын түүхэнд олимпын эрх авсан түүнээс өөр боксчин үгүй.

Боксын спортоор есөн жил хичээллэж буй, “Ширэн бээлий”-гийн Д.Төрбат багшийн шавь М.Мягмаржаргал хүнд жинд олимпийн эрх авснаараа мөн онцлог.

Жингийнхээ цөөнгүй шилдгийг ялаад байгаа, ДАШТ-д хүрэл медалийн үзүүрээс атган, V байрт ороод амжсан түүнтэй ярилцлаа.

21 насандаа боксын спорттой амьдралаа холбосон, улсын дөрвөн удаагийн аварга тэрбээр олимпийн эрх авч, түүхэн амжилтын болсондоо итгэн ядан, бөөн баяр явна гэсээр яриагаа эхлүүлсэн юм.

М.МЯГМАРЖАРГАЛ ОЛИМПЫН ЭРХ ИНГЭЖ АВЧЭЭ

Улсын дөрвөн удаагийн аварга тэрбээр энэ жилийн гуравдугаар сарын 18-нд олимпын эрх авснаа мэджээ. Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Бадрах 23.26 минутийн утсаар холбогдон, түүнд баярт мэдээг нь дуулгасан байна. М.Мягмаржаргалын жинд чансаагаараа эхний 16-д шалгарсан боксчид олимпын эрх авсан. Тэрбээр чансаагаараа дэлхийд наймдугаарт эрэмбэлэгдэн, Токиогийн олимпод оролцох болзол хангасан юм.

М.Мягмаржаргал баярт мэдээгээ хамгийн түрүүндээ ээждээ дуулгаж, баярт мөчөө хуваалцээ. Түүний ээж цэргийн хүн. Олимпын эрхээ гуравдугаар сарын 18-нд авч, ээждээ давхар бэлэг барьсан юм. Ингэснээр “Төрийн минь сүлд ивээ” гэж үргэлж залбирч  суудаг ээжийнх нь, олимпын дэвжээнд өрсөлдөх сөн, медаль авах сан гэж зорьсоор өдий хүрсэн М.Мягмаржаргалын том зорилго биелсэн юм. Олимпын эрх авсан баярт мэдээг нь сонсоод түүний ээжийн нойр ер хүрээгүй гэнэ лээ. Ялж, ялагдах бүхий л цаг үед дэргэд нь байсан ээж нь хэчнээн их баярлаж, охиноороо бахархаж суусныг төсөөлөхөд ч сэтгэл хөдөлж байна.

ГЯРХАЙ ГЕНСЕКИЙН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ

М.Мягмаржаргал Токиогийн олимпын эрх авахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Батнасан ах. М.Мягмаржаргал ДАШТ-д нэг ялсны оноо чансаан дээр нь нэмэгдээгүйг мэдээгүй явж байж. Харин үүнийг Ц.Батнасан ах анзаарч, AIBA руу хүсэлт илгээн, хөөцөлдсөөр 20 оноо нөхөж өгүүлжээ. Дээрх 20 оноо М.Мягмаржаргалыг олимпын эрх авахад, чансаагаараа дэлхийд наймдугаарт эрэмбэлэгдэхэд чухал нөлөө үзүүлсэн юм.

21 НАСАНДАА БОКСООР ХИЧЭЭЛЛЭЖЭЭ

Эмэгтэй байтугай эрэгтэй хүн боксын спортоор хичээллэх ямар хэцүүг спортын хүрээнийхэн бүр ч илүү сайн мэднэ. Бэлтгэл ачаалал ихтэй, шантрах үе их гарна. Ийм хүнд спортод тэрбээр 21 насандаа хөл тавьж, амьдралаа холбожээ. Тухайн үед М.Мягмаржаргал есөн настай байж. Түүнийг боксоор анх хичээллэхэд гэр бүлийнхэн нь их эсэргүүцжээ. Ээж нь “Ганц охиноо өдий хүртэл өсгөчихөөд мэдрэл муутай болгочихмооргүй байна” гээд эсэргүүцсэн гэнэ.

Шантрах, больё гэмээр, биеийн тамирын багш хийгээд явъя гэж хүртэл бодогдсон он жилүүдэд Д.Төрбат багш түүнийг түшиж тулан, урам өгч, зөвлөсөөр өдий хүрчээ.

Тамирчны амжилт, амьдрал дардан бус. Бэлтгэлээ хийвэл ажил хийж чадахгүй, ажил хийвэл бэлтгэлээ базааж боломж хомс. Бэлтгэл, спортдоо бүх цаг зав, сэтгэлээ зориулж байж л амжилтад хүрнэ. Амжилт гаргахын тулд ажил хийх боломжгүй байсаар өдий хүрчээ. Мэдээж өнөөг хүртэлх хугацаанд тэмцээнд оролцох, бэлтгэл хийхэд санхүүгийн хүндрэл гарна. Тэр бүхэнд Д.Төрбат багш нь, ээж, гэр бүлийнхэн, хань нь тусалж, дэмжсээр өдий хүрчээ.

ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН АНГИЛАЛД ӨРСӨЛДӨЖ ҮЗЭЭГҮЙ ТАМИРЧИН

М.Мягмаржаргал энэ сарын 28-нд эхний тулаанаа хийнэ

М.Мягмаржаргал боксын спортоор 21 настайдаа хичээллэж эхэлсэн тул өсвөр үе, залуучуудын тэмцээнд оролцож үзээгүй. “Аварга” дээд сургуулийг төгссөн тэрбээр анхандаа боксоор тууштай бэлтгэл хийдэггүй, сарын өмнө базааж байгаад л улсын аваргад оролцдог байж. Улмаар амжилт нь ахихын хэрээр урамшин, бэлтгэлээ тууштай, тогтмол хийх болжээ.

М.Мягмаржаргал насанд хүрэгчдийн УАШТ-ий дөрвөн алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтай. 2016 оны “Улаанбаатар цом”-ын аварга, “Шилдэг найм”-ын иж бүрэн медальтай. Би 2018 оны ДАШТ-ээс хойш оролцсон олон улсын бүх тэмцээнээсээ ганзага хоосон ирээгүй яваа боксчин.

Нэг сонин зүйл бий. Олон улсын тэмцээнд оролцохоор эхний тойргуудад дандаа олимп, дэлхийн медальтнуудтай, аваргуудтай таарчихдаг юм. Би ялаад л яваад байгаа.

ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛИАС АТГААД АЛДСАН НЬ

Монголын боксын түүхэнд олимпын эрх авсан анхны эмэгтэй тамирчин М. Мягмаржаргал боллоо

М.Мягмаржаргал дэлхийн аваргын медалийн тоглоод үзчихсэн туршлагатай боксчин. Тэрбээр 2018 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөө олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, Нидерландын боксчин Ношкатай өрсөлдөөд дийлдсэн юм.

Ингэж медалийн оосроос атгаад алдан, V байрт  орсон тухайгаа “Өмнөх тойрогтоо би Аргентины тамирчныг ялсан. Манайхан “Ношка Аргентины боксчинд дийлдсэн. Тэгэхээр чи ялна аа, өөртөө итгэлтэй бай” гэж намайг дэмжиж билээ. Ношка тухайн үед надаас хамаагүй туршлагатай, илүү байсан. Тэр үед “Ийм мундаг тамирчинтай ингэж тоглож байгаа юм чинь надад боломж байна” гэсэн итгэл нөдөд төрсөн юм. Хэдийгээр тэгж бодогдсон ч ялагдсаныхаа дараа өөрийгөө чамлаад цаг гаруй уйлж билээ” гэж дурссан юм. Хэр барагтаа ядарч, цуцдаггүй, урагшаа довтолж, дайчин тоглодог нь түүний тоглолтын онцлог.

Ийм нэгэн тамирчин Монголын боксын спортын түүхэнд олимпын дэвжээнд анх удаа өнөөдөр өрсөлдөнө. Амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button