НИЙГЭМ

Цагдааг ЦАГДЪЯ

Цагдаагийн алба хаагчид иргэдийг зодож танхайрсан бичлэг цацагдаж, нийгмийг сэртхийлгэв. Бичлэгт хоёр цагдаа хоёр иргэнийг шанаадаж, элэгдэж, газарт унасных нь дараа нүүр, толгой руу нь өшиглөх зэрэг дүрс туссан байгаа юм. Харахаас нүд хальтрам. Иргэнийхээ эрх болоод биед хэрцгийгээр халдсан эл явдал Ардчилсан гэх тодотголтой Монгол Улсад хэрхэв ч байж боломгүй асуудал.

Бичлэг хийгдэж олон нийтэд ил болсон нь л энэ болохоос камергүй буланд хичнээн аавын хүү ингэж яргалуулж, зодуулсан бол гэж бодохоос жихүүдэс хүрмээр. Цагдаа гэмт хэрэг хийсэн иргэнийг зодох ёстой, зодуулах ёстой юм шиг ойлголттой болчихсон нь өөрөө хүний эрхийн асуудал ямар түвшинд байгааг илтгэнэ.

Цагдаа иргэн хоорондын харилцаа тун эмзэг. Найман настай балчир хүртэл “Цагдаа намайг хамгаална. Цагдаа гэмт хэрэгтнийг илрүүлнэ” гэх хоёрхон тодорхой ойлголттой. Харамсалтай нь мөрдэс зүүсэн төрийн цагдаа нь дарамтлагч, заналхийлэгч, хүчирхийлэгч, авлигач гэгдэх нь олонтаа болов. Ялангуяа “Нийгмээ хамгаална, хүн ардаа өмгөөлнө” гэж итгэтэл нийгэмдээ аюул занал учруулдаг, хүн ардаа айлган сүрдүүлдэг үзэгдэл хэрээс хэтэрсэн. Ёс зүйн хувьд асар том доройтолд орчихсон. Цагдаа, цагдаагийн байгууллагатай холбоотой шүүмжлэл, гомдол сүүлийн жилүүдэд улам ихэссэн.  

Цагдаа нарын авлига, хүчин, хулгай дээрэм, албан тушаалын хэрэгт нэр холбогдсоныг нь энд тоочихоо болъё. Хамгийн наад зах нь төв талбайд үзэл бодлоо илэрхийлж зогссон иргэнийг хөөж туух, мэдээлэл дамжуулах гэсэн сэтгүүлчийн биед халдаж, түлхэж унагахаас эхлээд ёс зүйгүй, дүрэмгүй аашлах болсон. Эцэст нь хуулиар далайлгаж өөрийн эрхээ хамгаалаад өнгөрөхдөө ч гаргууд болчихсон.

Хамгийн сүүлд гэхэд л цагдаагийн алба хаагчийг үүрч, тонгорсон иргэнд ГУРВАН жилийн хорих ял оноосон. Иргэнийг толгой тархигүй өшиглөж, амьд явах эрхэнд нь халдсан хоёр цагдаад хариуцлага үүрүүлж байна гээд АЖЛААС ХАЛААД Л өнгөрч ч мэдэхээр.

Хэрэг төвөгт орооцолдсон, иргэний эрхэнд халдсан цагдааг ч адилхан цагддаг байя. Бид ард иргэдээ хохироодог, албан тушаалтны заавраар хөдөлдөг цагдаатай баймааргүй байна. Хууль сахиулах үүрэгтэй цагдаа нараар түлхүүлж, зодуулж, нүүр лүүгээ чичлүүлээд өнгөрдөг болмооргүй байна. Хулгайч, дээрэмчин, алуурчинд ч эрх бий гэдгийг санаарай, төрийн нэрийн өмнөх мөрдэстэнгүүд ээ.

Энэхүү бичвэрээрээ нийт цагдаагийн алба хаагчийг хамаатуулж, нэр төрийг нь сэвтээх гэсэнгүй. Ард түмнийхээ аюулгүй байдлын манаанд цаг наргүй ажилладаг цагдаа нар өчнөөн олон. Гагцхүү цагдааг дарамтлагч, заналхийлэгч, хүчирхийлэгч, авлигач болгож буй хөрс суурь, шороо нь болж байгаа тогтолцооных нь тухай ярих цаг болж буй нь дохио.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Заригаа шаа л да тэр үүрч шидсэн з####уугийн буруу зүй ёсны шаардлагыг илтэд эсэргүүцсэн гэхдээ цагдаа прокурор шүүх гэсэн бүх дамжлагаар ороод 3 жил авсан гэвэл шаа л гэе дэ харин шууд шүүхээр ороод баривчлах ял авсан бол журмаараа болж Харин тэр бичлэгэн дээр байгаа илтэд эсэргүүцээгүй байгаа з####уусыг дураар зодож байгаа цагдаа нар бол ш####гагдах нь зүйн хэрэг Гэхдээ танай сайт нийгмийн мууг илчилдэг ууд####даг мундаг гэдгийг бүгд л хүлээн зөвшөөрдөг шүү сэтгэлийн хөөрлөө дар мундагуудаа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button