Нийгмийн

Хууль бус гэрээг цуцлуулахыг хүсчээ

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэр дээр “Терра Сийд” ХХК эрэл-үнэлгээний ажил хийж байгааг нутгийн иргэд эсэргүүцэж байна. Учир нь УУХҮЯ болон АМГТГ-аас тус компанитай байгуулсан “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх, зөвлөх үйлчилгээний гэрээ”-нд тусгагдсан  245.01км2 хэмжээ бүхий гурван хэсэг талбай нь Тусгай хамгаалалттай газрын солбицолтой давхцаж байгаа аж.

Тодруулбал, Мөнххаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хуалдаанаар тус сумын нутаг дэвсгэр дэх Амсарын тахилгат уулын 9802,188 га газрыг Байгалийн нөөц газар, Баянтэрэм уулын 7737,369 га газрыг Дурсгалт газрын ангиллаар тус тус бүртгэх 01 тоот тогтоол гаргасныг БОАЖЯ мөн өдөр бүртгэж авсан байдаг.

Хуулиар хамгаалагдсан газар нутаг дээр эрэл-үнэлгээний ажил нэрээр газар ухаж, хөрс сэндийлж байгааг буруушааж, Мөнххаан сумын ИТХ-аас УУХҮ-ийн сайд Г.Ендонд хандан, “Терра Сийд” ХХК-тай байгуулсан гэрээг цуцлуулах хүсэлтээ хүргүүлсэн байна. Харин Г.Ёндон сайд  орон нутгийнхны хүсэлтийн дагуу арга хэмжээ авахын оронд Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбатад Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу ажиллахыг үүрэгджээ.

Иймд нутгийн иргэд тойргийнхоо гишүүнд хандсан байна. Сүхбаатар аймгаас сонгогдсон  Н.Ганибал гишүүн нөхцөл байдалтай танилцаад, Засгийн газрын тэргүүнд хандан хууль бус гэрээг цуцлуулах хүсэлт гаргажээ. Тэрээр албан бичигтээ “Терра Сийд” ХХК-ийн ажил гүйцэтгэж байгаа талбай нь Байгалийн нөөц болон Дурсгалт газрын солбицолтой давхцаж байгааг дурдаад, “Энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг /Байгалийн нөөц газарт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно./ болон 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг /Дурсгалт газар дахь байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлээс О,1-З,О км-ийн орчимд сүр бараа, үзэмжийг нь дарах барилга байгууламж барих, газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлийг хөндөх, эвдэх, буулгах, тэдгээрт хохирол учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно./-т заасныг тус тус зөрчсөн  гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд  Мөнххаан сумын 1 дүгээр багийн 156 өрхийн хүсэлтийг харгалзан үзэж,  дээрх хууль бус гэрээг цуцлах асуудлыг холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж  өгнө үү гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. УИХ ын гишүүн байж төрийн бодлогын дагуу нэгдсэг төлөвлөгөөгөөр хийж байгаа суд####гаа гэдгийг мэддэггүй попрогч байх шив дээ
    Бодлогын баримт бичгүүдээ уншиж танилцаад УИХ ын гишүүний ажлаа зөв хийгээчээ
    Худлаа нэр төр олох гэдгээ болимоор юм

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button