Нийгмийн

“Монгол Ураниум Ресурс” ХХК нүүрс нэрээр уран олборлож байж болзошгүй

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Монгол Ураниум Ресурс” ХХК нь уран хайх явцдаа нүүрсний орд илрүүлж, улмаар MV-021459 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулах болсон. Гэвч нүүрс олборлох нэрийн дор цацраг идэвхт ашигт малтмал, уран олборлож байж болзошгүй талаар Сүхбаатар аймгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагаас гомдол, мэдээлэл гаргасаар байгаа билээ.  Тэд мөн тойргийнхоо гишүүнд хандсан байна. УИХ-ын 12 дугаар тойрог буюу Сүхбаатар аймгаас сонгогдсон гишүүдийн нэг Н.Ганибал Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад хандан чиглэл өгчээ.

Тэрээр албан бичигтээ “Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монгол Ураниум Ресурс” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 27, 35 дугаар зүйл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/20 дугаар тушаалаар баталсан “Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журам” болон холбогдох бусад хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж, үйл ажиллагаа явуулж байгаа гэдэгт эргэлзээ төрүүлж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, түүнд тавих хяналтыг сайжруулах, хууль бус үйлдлийг таслан зогсоох талаар авах зарим арга хэмжээний тухай” 17 дугаар тогтоолыг баталж, холбогдох хууль, тогтоомж зөрчсөн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хуулийн хариуцлага хүлээлгэх асуудлыг тусгайлан авч хэрэгжүүлсэн байдаг.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу ашигт малтмал хайх, ашиглах, боловсруулах үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлэх зорилгоор MV-018247 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд цацраг идэвхт ашигт малтмал, шинжээчийн дүгнэлт гаргуулах, хууль тогтоомжид заасан зохих арга хэмжээг авч хэрэгжүүлж, мэдээлэл ирүүлэхийг Танаас хүсье.” Гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button