Ярилцлага

ТОДРУУЛГА: Зуслангийн замд ЗЭРЛЭГШСЭН нохдод бариулсан янзага олджээ

Сошиал сүлжээнд зуслангийн бүс дэх зэрлэгшсэн ноход гөрөөс барьсан талаар мэдээлэгдсэн. Уг байршил нь Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт хамаардаг юм байна. Тодруулбал, Сэлбэ зуслангийн "Гүнжийн ам ” -д зэрлэгшсэн нохдод бариулсан гөрөөсний янзага олдсон аж. Энэ талаар тус хэсгийн байгаль хамгаалагч н.Төмөрбаатараас тодруулга авлаа. 

-Сэлбийн “Гүнжийн ам”-д байрлах зуслангийн замаас зэрлэгшсэн нохдод бариулсан гөрөөсний янзага олдсон байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ хавиар тав зургаан зэрлэгшсэн нохой үзэгдэх болсон. Уулын аманд байдаг хэдэн гөрөөсийг андахгүй болчхоод янзагыг нь хөөж барьсан байна лээ. Зэрлэг нохдод бариулж үхсэн янзага өнөөдөр /2019.06.17/ өглөө айлын хажуу талын замаас олдсон. Зэрлэг нохойд хөөгдөөд аргагүйн эрхэнд айлын хашаа руу гүйсэн боловч орж амжилгүй бариулсан бололтой байсан.

-Үүнээс өмнө зэрлэг нохойд гөрөөс бариулсан тохиолдол гарч байсан уу?

-Нэг тохиолдол гарч байсан. Тавдугаар сард нэг гөрөөсийг хөлөөс нь хазаж бэртээсэн байсныг бид олсон юм. Одоогоор шархных нь эдгэрэлтийг ажиглаж байгаа. Манай байгаль орчны хамгаалагчид амьтан асрах газартай. Гэвч хөлийн бэртэл нь хүнд биш байсан учраас байгальд нь буцаан тавьсан. Хааяа очиж ажигладаг бөгөөд бэртсэнийхээ маргааш бага зэрэг доголж явж байсан. Одоо бараг эдгэсэн байгаа.

-Зэрлэг нохдод гөрөөс бариулсан тохиолдол жил бүр гардаг уу?

-Өмнөх жилүүдэд ийм тохиолдол гарч байгаагүй. Харин энэ жил зэрлэгшсэн ноход тарвага, гөрөөснөөс гадна туулайг ихээр барьж байна. Өчигдөрхөн нэг бариулсан тарвага олсон. Туулай бол уул модтой газар, зуслангийн зам гээд энд тэнд их тааралддаг учраас нохдод бариулах нь элбэг байдаг.

-Зэрлэгшсэн ноходыг устгуулах  дуудлага өгсөн үү?

-Зэрлэгшсэн ноходыг устгуулахаар устгалын газарт дуудлага өгсөн. Гэхдээ одоо болтол сураг чимээгүй байна.

Иймд иргэд зусландаа гарахдаа зэрлэгшсэн нохойноос сэрэмжлэн, хүүхдүүддээ хараа хяналт тавьж байхыг сэрэмжлүүлж байна. 

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button